КИЕВИЙН РУСЬ БА МОСКОВИТЫН ОРОС

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

Их Литвийн хаант улсад киев русьчууд нэгдсэн. Литви Польштой эвсэл болсон ч задарсны дараа киев русьчууд Польшийн мэдэлд очжээ. Энэ үеэс “Украина” гэх нэр үүссэн гэдэг. Польшийн засаг захиргааны нэгжид Киевийн, Брацлавын мужийг нийлүүлэн Украин буюу хязгаар нутаг гэж нэрлэх болжээ.1648 онд Богдан Хмельницкийгээр удирдуулсан украинчуудын бослого гарч Польшоос тусгаарлав. Гэвч тусгаар тогтносон Украин улсыг байгуулах бололцоо түүнд олдсонгүй. Украиныг тойроод Польш, Оспаны султанат, Крымын Татар, Орос улс оршиж хэн нь ч хүлээн зөвшөөрөх шинжгүй. 1652 оноос Украинд тахал дэгдэн хүн ам нь эрс хорогдсон төдийгүй өлсгөлөн нөмөрлөө. Ингээд тэд Орост нэгдсэн нь шашины ижилшил нөлөөлсөн байх. Киевийн Русь “төрөөд” мянга гаруй жил насалсан, харин 1954 онд Украиныг Оросын бүрэлдэхүүнд багтсаны 300 жилийн ойг нийт СССР-ийн хэмжээнд ёслол төгөлдөр тэмдэглэсэн билээ.

КИЕВИЙН РУСЬ БА МОСКОВИТЫН ОРОС

Өнөөгийн Оросын нутагт малчин, анчин зэрэг бүдүүлэг хүмүүс амьдарч байжээ. Энэ нутгаас арьс, ангийн олз, ялангуяа Балтийн тэнгис хавиар элбэг олддог хув олж авчрахын тулд Хар тэнгис орчмоор нутагладаг хүмүүсийг боол болгон тийш зардаг байж. IV-IX зууны хооронд өнөөгийн Орос нутгаар хүн, гот, аваар, мажаар гэх мэтийн нүүдэлчин дайчдын түйвээн дайран өнгөрч, бэлчээр нутагт нь мал хариулдаг байлаа.[1]

Дорнод славянчууд Русь гүрнийг 988 онд байгуулжээ. Үнэндээ тэд бол өнөөгийн оросууд гэхээсээ украинчууд юм. Славянчуудаас өмнө скандинав гарлын варангианууд Дорнод Европт нэлээд хугацаагаар хяналтаа тогтоосон байв. Русь хэмээх нэр ч тэднээс гаралтай. Киевийн Оросын анхны династи Рурикийнхан (1157-1598) Данийн Ютландаас гаралтай тайж угсааныхан байлаа. Х зууны дундаас славянчууд ноёлон, тэдний хаан Володимир[2] (I Владимир) загалмайн шашинд орж Киев хотыг усан баталгаажуулжээ (baptism).

IX-XIII зууны хооронд Киевийн Русь хаант улс нь Киев хотод нийслэлдсэн бие даасан гүрэн байв. Энэ бол өнөөгийн Московитийн орос үндэстэн үүсэхээс хамаагүй өмнөх явдал билээ.[3] XII зуунд Киевийн Русь задран бие даасан Новгород, Баруун хойд, Зүүн хойд, Баруун өмнөд гэсэн хэд хэдэн хэсэг болон салсан аж. Чухам энэ үед нь Бат хааны цэрэг ирж бүх Оросыг нэгтгээд, үнсэн товрог болсон Киевийн оронд Ижил мөрний хөвөөнөө Сарай хотоор нийслэл хийсэн Алтан Орд хэмээх гүрэн байгуулжээ.

Бутарсан Киевийн Русь дотроос Новгородын Александрыг монголчууд дэмжжээ. Чухам ийм л учраас Александр[4] 1242 онд Нева мөрний хавьцаа Загалмайтны герман цэргийг хиар цохиж чадсан аж. Үүгээр олон зуун жил үргэлжилсэн загалмайтны аян дайны хэнээрхэл үүрд зогссон. Александр ван монголчуудын холбоотон болон хүчирхэгжсэн тул түүний туган доор Зүүн славянчууд нэгдэж чадлаа. Невийн Александр нь Оросын хамгийн эхний түүхэн баатар билээ. Чухам түүний гавьяагаар Зүүн славянчууд буюу Новгородынхон ирээдүйн дэлхийн түүхийн хамгийн хүчирхэг нэгэн үндэстний суурийг тавьжээ.

Өнөөгийн оросууд өөрсдийгөө Киевийн Русь хүмүүс гэж тооцдогийг олон судлаачид үнэнтэй нийцэхгүй гэж үздэг. Киевийн русьчууд буюу өнөөгийн украинчууд дөнгөж XVI зуунаас л московитийн Орост эзлэгдсэн болохоос өмнө нь хавьгүй олон жил Их Литвийн хаант улсад хамаарч байжээ. Монголчууд Киевийн Русийн зүүн ба өмнөд хэсгийн эзлэхэд орос язгууртнууд Литвийн хаанд дагаар орж байв.[5] Алтан Ордын эзэгнэлд бараг гурван зуун жил болсон московитийн оросууд бие даасан улс гүрнээ тунхагласны дараа монгол татарын өнгөрсөн түүхээсээ зугтан өөрсдийгөө византчууд, ромчууд, бас Киевийн русьчууд гэж янз бүрээр зарлан будилах болсон юм.[6] Догшин Иваны эцэг московитийн ван III Василий[7] улсаа “Гуравдугаар Ром” гэж нэрлэж байв.[8] Тэрээр “Бүх Оросын их ван” гэж цоллогдсон анхны хаан. Тийм учраас догшин Иван 1547 оноос царь (герегээр кайзар, латинаар цэзар) гэсэн эртний герег ромын титэм цолтой болсон.

Их Литвийн хаант улсад нэгдсэн киев русьчууд олон үндэстнээс бүрдсэн энэ улсын хүн амд балтчуудын зэрэгцээ голлох үндэстний нэг байсан юм. Литвийн хаант улс Польшийн хаант улстай холбоо тогтоон эвсэл болсон ба энэ холбоо задарсны дараа киев русьчууд Польшийн мэдэлд очжээ. Энэ үеэс буюу 1590 оноос Украина гэх албан нэр үүссэн гэдэг. Тэр үеийн Польшийн засаг захиргааны нэгжид Киевийн, Брацлавын хоёр мужийг нийлүүлэн Украин буюу хязгаар нутаг гэж нэрлэх болжээ.[9]

1648 онд Богдан Хмельницкийгээр удирдуулсан украинчуудын бослого гарч Польшоос тусгаарлах хөдөлгөөн өрнөв. Олон удаагийн тулалдааны үр дүнд тэд Польшийн мэдлээс гарч чадсан. Гэвч тусгаар тогтносон Украин улсыг байгуулах бололцоо түүнд олдсонгүй. Украины нутгийг тойроод Польш, Оспаны султанат, Крымын Татарын хаант улс, Оросын царьт улс оршиж, хэн нь ч хүлээн зөвшөөрөх шинжгүй. Богдан бүгдэн рүү нь захидал бичин хэлэлцээ хийх санал илгээсэн. Дээр нь 1652 оноос Украинд тахал дэгдэн хүн ам нь эрс хорогдсон төдийгүй өлсгөлөн нөмөрлөө. Дөрвөн хөршөөсөө тэрээр Оросыг сонгосон бололтой. Шашины ижилшил ийм шийдвэрт хүргэсэн байж болох. Тэрээр Оросын царьтай огт уулзаагүй ч Украин Оросын мэдэлд орлоо.[10]

Оросууд Днепр мөрнөөс барууншихыг Украин гэж нэрлэх болсон ба 1651 оны газрын зурагтаа Днепрээс Буг гол хуртлэх нутгийг Укриан гэж бичжээ. Киевийн Русь “төрөөд” мянга гаруй жил насалсан, харин 1954 онд Украиныг Оросын бүрэлдэхүүнд багтсаны 300 жилийн ойг нийт СССР-ийн хэмжээнд ёслол төгөлдөр тэмдэглэсэн билээ.

Богдан Хиельницкийгийн эзэмшиж байсан хэтманчуудын нутгийг[11] XVI зуунаас Оросын албан нэршилд “малая Русь” гэж тэмдэглэх боллоо. Энэ нь Оросын эзэмшил нутгийн баруун хэсгийг хэлж буй юм. Эндээс “Бело Русь” гэсэн нэршил салаалж гарсан. Ийнхүү Орос үндэстэн нь Малая Русь, Бело Русь, Великоруссы гэсэн гурван бүрэлдэхүүнтэй гэх ухагдахууныг московитууд төлөвшүүлэх болов. Энэ албан нэршил ХХ зуун хүртэл хүчин төгөлдөр байсан.[12] Нэршил яваандаа “Малая Россия”, “Великая Россия” болж хувирлаа. Русь ч герег форматаар “Рос(с)ия” болж хувирсан хэрэг. III Василий вангаас эхэлсэн цол ч “Бүх Оросын их ван” гэх болсон нь олон русь нарыг нэгтгэж хэлж буй санаа. “Великая Россия” гэсэн нэр Алтан Орд төгсгөл болон, монголчуудын дарлал үгүй болсны дараагаас сүм хийдийн бичлэгт дурдагдах болсон гэх. Зөвхөн 1917 онд Оросын Эзэнт гүрэн задран унаснаас эхлээд л “Бага Орос” гэх басамжилсан нэр, ”Их Орос” гэсэн дээрэнгүй нэрийг цаашид хэрэглэхийг хоригложээ.[13] Харин украин ярианы хэлэнд орос хүнийг, ялангуяа орос цэргийг одоо ч “москаль” гэдэг, энэ нь московит хүн гэсэн утгаас гаралтай аж.

ХХ зуунаас, ялангуяа Дэлхийн II дайнаас хойш Зөвлөлтийн түүх судлалд өнөөгийн зөвлөлт оросууд бол харийн татар монголчуудын дарлалд зовж зүдэрч байсан эртний киевийн русьчуудын шууд удам, Зөвлөлт Орос бол Киевийн Русийн шууд залгамжлагч гэж хүчтэй сурталчилах болжээ. Энэ тухайд нэртэй түүхч Норман Дэвис[14] (Norman Davies) “Аль Дундад зуунд болоод өнгөрсөн үйл явдлыг шууд өнөөгийн байдалтай хүчээр холбон жишиг тогтоож болохгүй. Киевийн Русь нь московитуудгүйгээр оршин тогтнож байсан төр, нийгэм, улс үндэстэн атал хожмийн московит оросууд ийм онол бодож олон зохиожээ.”[15]

Түүхэнд олон үндэстнээс бүрдсэн Эзэнт гүрэн зөндөө байсан. Жишээ нь Ромын эзэнт гүрэн задарсны дараа итали, испани, франц зэрэг олон үндэстэн салбарлан гарсан. Түүнтэй ижил Византаас нүүж ирсэн славчууд ч польш, чех, русь гэх мэт олон үндэстэн болон задарсан. Русь ч цааш орос, украин, беларусь гэх мэтээр салаалан тусдаа үндэстнүүд болсон. Ялангуяа Европын олон үндэстнээс бүрдсэн Эзэнт гүрнүүд задарснаар XVIII-XIX зуун гэхэд тусгаар үндэстнүүдийг хүлээн зөвшөөрч, тэд тус болгондоо  nation-state болсноор эмзэг асуудал нэгэнт шийдэгджээ. “Тусдаа үндэстэн ба эзэнт гүрэн гэсэн хоёр өөр ухагдахууныг оросууд одоо болтол салгаж ойлгохыг хүсдэггүй” гэсэн шүүмжлэл ч гарч байна.[16]

Зарим мэдээгээр Невийн Александрыг Бат хаан хуурай хүүгээ болгон үрчилж авсан гэдэг. Харин эцэг Ярославыг[17] Монгол руу явуулж тэнд нь хөнөөлгөжээ. Цагтаа Киев, Новгород, Владимирийн их ван асан Ярослав нь Батын захирамжаар 1246 онд Хархорумд ирж Гүегийн хаан ширээнд суух ёслолд оролцжээ. Хааны эх Турхан хатан Оросын ванг хүндэтгэн өөрийн гараар архи хундгалан өгчээ. Хэд хоногийн дараа Ярослав ван гэнэт хүндээр өвдөн үхэхэд бүх бие нь хөв хөх болсон гэдэг.[18] Яг тэр өдөр Оросын хамгийн нөлөө бүхий гурван вангийн хоёр дахь нь болох Михаил Всеволодович[19] Алтан Ордод алагджээ.[20] Бүх эрх мэдлийг дан ганц Александрт шилжүүлэхийн тулд ингэсэн байх. Эцгийгээ үхсэний дараа 1247 онд Александр Бат хаантай очиж уулзаад тэндээсээ Монгол явж хоёр жилийн дараа Хархорумаас нутагтаа буцаж иржээ. Монголчуудын дэмжлэг авсан түүнд Киев ноогдсон боловч тэрээр татгалзсан гэдэг. Учир нь үнсэн товрог болсон Киевийн ач холбогдол нэгэнт үгүй болсон тул тэрээр Новгородын Их ван болжээ. Ингэж Орос улс үүссэн гэдэг.

Алтан Ордын хаад Оросын түүхэнд анх удаа хүн амын тооллого явуулжээ. Тэд Алтан Ордын хааны төлөөний хүнийг нутаг болгонд суулган татвар, өртөө, цэрэг татлагын асуудлыг хариуцуулсан. Ингэсний хүчинд өргөн уудам нутагтай Орос орон анх удаа нэгэн бүхэл нэгдмэл нутаг болж чадсан юм.[21] Рюрикийн удмын язгууртнууд Чингисийн удмаас хатан авах явдал элбэгшив, учир нь тэд хүргэний хувьд бусдаас илүү эрх мэдэл эдлэх бололцоотой болжээ. Оросууд европчуудаас улам тасран монгол, татаар, түрэг нартай цус холилдох нь ийнхүү улам түгээмэл үзэгдэл болжээ.

Алтан Ордыг Донын Дмитрий[22] 1380 онд түлхэн унагасан мэтээр бичсэн түүхэн сурвалж бий. Куликовын байлдааны тухай оросоос өөр эх сурвалж олддоггүйг бодоход энэ нь орон нутгийн шинжтэй жижиг тулалдаан байсан бололтой.[23] Үнэндээ өөрийгөө өргөмжилсөн, Чингисийн шууд удмын биш Мамайг нэг удаа ялсан ба хойтон жил нь Тохтамиш ирж Мамайг үлдэн зайлуулаад улсаа дахин нэгтгээд Москваг уулгалан довтолоход Дмитрий зугтан одсон байдаг. Энэ үед ид хүчээ авч байсан доголон Төмөр хаан Сарайг байн байн довтолж Алтан Ордыг ихэд сулруулжээ.

Хожим Сарайг хяналтандаа авсан ҮзБэк хаан Новгород болон Псковтой тэмцэлдэж энэ ажиллагаандаа москвагийнхныг татан оруулсан юм. ҮзБэк хаан Москвагийн эрхэнд гарсан гарсан I Иван Калитаг[24] зүйл бүрээр дэмжжээ. Ялангуяа өөрийн хяналтанд байсан Крымээр дамжуулан Константинополь, Москва хоёрыг холбож өгсөн нь Дорнод славянчууд дундаас шинээр бүрэлдэн тогтож байсан москвагийн оросууд (moscvits) давамгайлан гарч ирж төв цэг нь болох гол шалтгаан болсон юм. 1237 онд монголчуудын довтолгоонд өртсөн Москва нь жижигхэн цайз байжээ. Хожим нь Алтан Ордын хааны гувчуур эрхлэх газар болж өргөжин цэцэглэсэн юм.

УзБэк хааны үеэл Чолхан[25] Тверьт очиход тэнд бослого гарч Чолханыг дагалдагсадын хамтаар хөнөөжээ. Ингэж Алтан Ордын эсрэг анхны бослого дэгдсэн байна. Орост ноёлох эрхийн төлөө Москва, Тверь хоёр өрсөлдөн Алтан Ордоос дэмжлэг авах гэж аль алин нь чармайдаг байж. Москвагийн гүн Иван Калита Тверийн алдааг соргогоор хараад яаралтай Сарайд очин Тверийн бослогыг дарахад хүчин зүтгэхээ илэрхийлэв.[26] Ингэж 1328 онд Москвагийн гүн Калита нь Алтан Ордоос “их ван” цол хүртсэнээр бусдаасаа зэрэглэл дээгүүр болох нь тэр.[27] Хожим нь Москва, Новогородын хоронд зөрчил үүсэхэд Калита мөн л Алтан Ордын УзБэк хаанаас дэмжлэг авсан.

Ийнхүү монголчуудын довтолгоон хийгээд олон жилийн ноёрхол нь нэгд, Киевийн соёлыг устгасан, хоёрт, дорнод славянчуудыг Өрнөөс тасалсан, гуравт, Московитийн орос үндэстнийг буй болгосноор үл барам дорнод славянчууд дундаа үнэмлэхүй ноёлох хүч нь болгон хувиргасан ажээ.

Догшин Иван[28] (Ivan the Terrible) хаан дотоодын хямрал болуут хэсэг хугацаанд алга болдог байв. 1575 оны хавар Симён Бекбулатович[29] гэгчийг урьж авчран хаан ширээгээ өгч, дараа жил нь титмээ эргүүлж авсан байдаг. Энэ Симён гэгч нь үнэндээ Алтан Ордын сүүлчийн хаан Ахматын жич хөвүүн Сайнболд ажгуу. Ийнхүү шинээр бүрэлдэн бие даасан Оросын царь өөрийгөө Алтан Ордын залгамжлагч гэдгийгээ нотлон харуулсан гэдэг. Ер нь ч догшин Иван нь эцгийн талаас Донын Дмитрийн ач, эхийн талаас түүний дайсан Мамайн удам байлаа. Иванаас хавьгүй өмнөөс Рюрикийн удмын олон язгууртан хоорондоо өрсөлдөн Чингис хааны язгуурын гүнж нартай гэрлэн гүр, тавнан болсноор онцгой эрх эдлэх гэж тэмүүлдэг байсан. Язгууртнууд хоорондоо зарга зальхай үүсгэхээрээ хэргээ шийдүүлэхээр өргөл барьц барин Алтан Ордын хаанд уралдан очино, аль илүү хэргэм зэрэгтэй нь заргаа авах илүү магадлалтай.

Иванд ширээ залгамжлагч үгүй тул татаар монгол хүн гэгддэгээрээ ихэд бахархдаг Борис Годунов[30] хаан болсон. Яваандаа Алтан Орд хумигдахын хэрээр эрх мэдэл орос удмынхны гарт аажмаар шилжиж эхлэв. Энэ шилжилт бараг дөрвөн зуун жил үргэлжилсэн ба II Екатерина хатан хаан (Catharin II) Алтан Ордын хамгийн сүүлчийн үлдэгдэл Крымын татаарыг буулгаж авснаар өндөрлөсөн билээ. Энэ урт хугацаанд оросууд түрэг монгол угсааныхныг өөртөө уусгаж авах аргаар эзэлсэн юм. Юм хоёр талтай байдаг тул энэ хооронд оросууд өөрснөө угсаатны хувьд маш их түрэгжжээ. “Орос хүнийг сайтар маажвал цаанаас нь татаар гарч ирнэ” гэсэн хэллэг дэмий нэг үг биш болов уу.

Балти болон Византийн орнуудын улс төр, худалдааны хоригт хавчигдаж байсан дорнод славянчууд ийнхүү монголчуудын хүчээр хорионоос чөлөөлөгдсөн төдийгүй Энэтхэг, Перс, Хятад, Египет хүрсэн дэлхийн улс төр, худалдааны сүлжээнд нэвтэрчээ.

Орост үлдээсэн монголчуудын их өв бол Оросын хүчирхэг төрийн систем юм. Энэ төр хар аяндаа түүхэн тохироогоор буй болоогүй, үүнийг дээрээс нь доош хүртэл, гаднаас нь болон дотроос нь монголчууд буй болгон хөгжүүлсэн билээ. Төр, шашны хүчирхэг Москва төвтэй Оросын төр буй болсон цагаасаа хэнд ч ялагдаж байсангүй. Хүчирхэг төрийн үндэс нь Үнэн алдарт шашинд байлаа. Монголчууд Үнэн алдарт шашныг онцгойлон халамжилж, зүйл бүрээр дэмжиж байв. 1328 онд Метрополитоны Петрийн сүмийг Москвад шилжүүлсэн нь нэгд, дайснаас хол аюулгүй газарт, хоёрт, монголчуудын хамгаалалтанд ойр байлгах зорилготой байв.[31] Үнэн алдартны сүмийг хамгаалах онцгой зарлиг гаргаж, сүм хийдэд халдсан явдлыг хүнд гэмт хэрэгт тооцдог болсон ба сүм хийдийг бүх төрлийн татвараас чөлөөлсөн төдийгүй өөрснөө татвар цуглуулах эрх олгож байжээ.

Монголчуудын эзэрхийллийн буянаар хамгийн их хожсон нь Москва юм. 1237 оны монголчуудын довтолгооны үед Москва нь жижигхэн бэхлэлт байсан учир түүхийн сурвалжуудад нэр нь байдаггүй. Харин татвар хураах бөөгнөрүүлэх эрх Алтан ордоос авснаар хөгжлийн гараагаа эхэлсэн. 1328 онд Москвагийн гүн Рюрикийн удмын Нэгдүгээр Иван нь ҮзБэк хаанаас Их ван хэргэм хүртсэнээр Оростоо тэргүүлэх язгууртан болжээ. 1399 он гэхэд 17 түмт цэрэгтэй хүчирхэг гүнлэг болсон байлаа.[32]Балти орчмын литовчууд хүчирхэгжсэн тул тэдэнтэй сөргөлдүүлэхийн тулд Алтан орд Москваг байнга дэмжиж байсан нь хөгжилд нь нөлөөлж улмаар московитийн Оросын гол төв болох замыг засчээ.

Невийн Александр ван шинэ Орос улс буюу московитийг буй болгосон цагаас эхлэн Орос нь Европоос соёл, шашин, амьдралын хэв маяг, нийгмийн ухамсар, хүй хамтлагийн хувьд тасран Дорнын гүрэн болж хувирсан билээ. Олон эх сурвалж болон үе үеийн судалгаа харьцуулалт үүний бурууг монголчуудад тохдог. Оросуудын Византигаас өвлөн авсан хууль зүйн уламжлалыг монголчууд доройтуулснаар улс төрийн амьдрал нь илүү зэрлэг харгис болж хувирсан гэх.

Монголчууд газар тариалангийн нийгмийн ноёдоос ялгаатай нь цаг бага учир аль болох богино хугацаанд их эд баялаг гаргуулж авах зорилготой аж. Тэд татвар цуглуулагчаа болгон янз бүрийн орос ноёдыг өөртөө татсан нь хожим бие даасан Орос улсыг шинээр байгуулагчид юм. Ийнхүү монголчууд хэдэн үеийн орос удирдагчдыг өөрийн арга барилаар хүмүүжүүлэн дадлагажуулжээ.

III Иван[33] Их ван нь Новгород, Тверь хоёрыг өөртөө нэгтгэснээр бие даасан хүчирхэг Орос орны суурь тавигдлаа. Бие даангуутаа л монголчуудын уламжлалыг үргэлжлүүлж эгшин зуур нутаг орноо тэлэх, булаан эзлэх дайнд мордов. Зуухан жилийн дотор газар нутгаа зуу дахин тэлжээ. Московитийн төрийн гол хүч чадавх нь цалин хөлсөндөө биш харин поместье гэж нэрлэдэг эдлэн газар авдаг морьтон дайчдаас бүрдсэн үйлчилгээний дундаж давхаргынхан. Эд байнгын арми бүрдүүлдэггүй, ноёдыг дуудахаар очиж үйлчилгээ үзүүлээд дууссаныхаа дараа газраар шагнуулна. Газар маш уужим тул тэлэн тэлсээр хэдэн зуун жилийн дараа Номхон далай хүрсэн билээ. Дорнын орон болсон Орос нь Европыг иргэншүүлж соёлжуулсан Дахин сэргэлт, Реформаци, Соён гэгээрүүлэлт, Үйлдвэржилтийн их хувьсгалын үеийг алгасан өөрийгөө огт хөндөгдөлгүйгээр шинэ үетэй золгосон юм.[34]

Монголчуудын Орост үлдээсэн аугаа их өв бол oрос үндэстэн өөрөө юм. Өнөөгийн Орос улс нь Киевийн Русь-ийн залгамж уу, эсвэл Алтан Ордынх уу?

[1] Boyd, Douglas The Kremlin Conspiracy (Ian Allan Publishing London 2014) pp-45

[2] Волдимир Святославич (958-1015) Киевийн их ноён (978-1015)

[3] Delwade Jacobus. Identity and Geopolitics: Ukraine`s Grappling with Imperial Legacies (Harvard Ukrainian Studies-32-33. 2011-2014) p-179-207

[4] Александр, Невийн (1221-1263) Бүх Оросын Их ван (1252-1263) Новогородын ханхүү, Нэгдсэн Оросын анхны Их ван

[5] Serhii Plokhy. The Origins of the Slavic Nations: Premodern Identities in Russia, Ukraine and Belarus (Cambridge: Cambridge University Press. 2006) p – 138-140

[6] Delwade Jacobus. Identity and Geopolitics: Ukraine`s Grappling with Imperial Legacies (Harvard Ukrainian Studies-32-33. 2011-2014) p-179-207

[7] Василий, Иванович (1479-1533) Бүх Оросын их ван (1505-1533)

[8] Бауэр,Елена Александровна Идея «Москва – третий Рим» в русской общественной мысли конца XV – начала XVII вв.: отечественная историография XX столетия (Автореферат диссертации.Челябинск – 2008)

[9] Wolff J. Senatorowie i dygnitarze Wielkiego Księstwa Litewskiego 1386—1795. — Kraków, 1885

[10] Kaczmarczyk Janusz, Bohdan Chmielnicki, Wrocław-Warszawa-Kraków, Zakład Narodowy imienie Ossolińskich Wydawnictwo, 2007

[11] Хэтман – Өнөөгийн Украины нутаг, Богдан Хмельницкийн үед үүссэн нэршил.

[12] Большая советская энциклопедия. – Малороссия –

[13] Шабаев Ю. П., Жеребцов И. Л., Журавлев П. С.«Русский Север»: культурные границы и культурные смыслы // Мир России: социология, этнология, культурология. — 2012.

[14] Дэвис, Норман (1939-) Британий түүхч, Европ судлалаар алдартай.

[15] Davies, Norman Vanished Kingdoms: The History of Half-Forgetten Europe (London: Allen Lane 2001) p-244, 252-253

[16] Tolz, Vera Rethinking Russian-Ukrainin Relations: The New Trend in Nation Building in Post- Communist Russia? (Nations and Nationalism 8 no 2, 2002): 236

[17] Ярослав Всеволодович (1191-1246) Киев, Новгородын Их ван.

[18] Егоров В. Л. Александр Невский и Чингизиды (Отечественная история. 1997. № 2) Стр 48-49

[19] Михаил, Всеволодович (1179-1246) Түгээмэл нэр нь Михаил Черноговский. Оросын нөлөө бүхий ван.

[20] Сказание об убиении в Орде князя Михаила Черниговского и его боярина Феодора (Повести и сказания Древней Руси Диля, 2001) стр 243-247.

[21] Мияаваки Жүнко Монголын түүх: Өнө эртний нүүдэлчдээс өнөө үеийн Монгол улс хүртэл (Улаанбаатар 2017) х- 178[Miyawaki Junko History of Mongolia]

[22] Дмитрий, Иванович (1350-1389) Доны Дмитрий гэдэг. Куликовын тулалдаанд ялалт байгуулснаараа алдартай.

[23] Хидэхиро, Окада Чингис хаан, түүний үр сад (Улаанбаатар 2019) [Hidehiro, Okada Chinggis Khan and his destendants Ulaanbaatar 2019]

[24] I Иван Калита (1284-1340) Москвагийн их ван (1325-1340)

[25] Чолхан (?-1320) Алтан Ордын УзБэк хааны үеэл

[26] Борисов, Николай. Иван Калита (Москва, Молодая Гвардия 1996)

[27] Мияваки, Жунко Хамгийн сүүлчийн нүүдэлчний эзэнт гүрэн (УБ 2014) [Miyawaki Junko Last Empire of nomads]

[28] IV Иван (1530-1584) Догшин Иван гэдэг. Оросын хаан (1547-1576)

[29] Симеóн Бекбулáтович (?-1616) Сайнбулат хаан нэртэй. Касимовын хаан (1567-1573), Оросын хаан (1575-1576)

[30] Годунов, Борис (1552-1605) Оросын хаан (1598-1605)

[31] Weatherford, Jack. Genghis Khan and Making the Modern Word (Crown Publisher New York 2004)

[32] Мияаваки Жүнко Монголын түүх: Өнө эртний нүүдэлчдээс өнөө үеийн Монгол улс хүртэл (Улаанбаатар 2017) х- 163[Miyawaki Junko History of Mongolia]

[33] III Иван (1440-1505)Бүх Оросын их ван (1470-1505)

[34] Fukuyama, Francis The Origins of Political Order. (New York, NY: Farrar, Straus and Giroux. 2011) [p-484-487

Next Post

Discussion about this post