“Титаник” кинонд хөлөг онгоц сүйрлийн ирмэгт ирэхэд үхэлтэйгээ эвлэрэн тайван гэгч нь тэврэлдэн орон дээр хэвтэх ахмад хос олны сэтгэлийг хөдөлгөдөг. Найруулагч Жеймс Камероны бүтээл “Титаник” кинонд усан онгоц живж байх үед тэврэлдэж байсан өндөр настай хос бол амьдрал дээр Исидор, Айда Страус нар байсан аж. Энэ тухай тэдний ач ярьж, хүү өвөө, эмээгийнхээ гайхалтай талаар олон нийттэй хуваалцжээ.
Тэд 1912 онд Титаник мөсөн уулыг мөргөсөн тэр аймшигт шөнө хөлөг онгоц дээр байсан аж. Баян чинээлэг хосын нөхөр нь 67 настай Исидор Страус Macy’s их дэлгүүрийн хувьцаа эзэмшигч, АНУ-ын Конгрессын гишүүн асан нэр хүндтэй эрхэм байжээ. Бусад хүмүүс амьд үлдэхийн тулд тэмцэж байхад тэд сүйрч буй хөлөг онгоцон дээр үлдэхийг сонгосон юм.
Тэдний нэг ач хүү Пол А.Курцман Нью-Сити хотын их сургуулийн профессор юм байна. Титаник онгоц далайд живж эхлэх үед бичигдээгүй хуулийн дагуу эмэгтэйчүүд, хүүхдүүдийг аврах завинд суулгажээ. Гэвч түүний эмээ 63 настай Айда бусдад боломж олгохын тулд 40 жил ханилсан ханьтайгаа үлдэхээр шийдсэн гэдэг.
Курцман “Манай элэнц эмээ Айда нөхрөө өөртэй нь хамт суух байх гэж найдаж аврах завинд суусан. Гэтэл тэр хамт суухгүй байхад нь маш их санаа зовсон бөгөөд тэрхүү аврах завийг буулгах үүрэгтэй хөлөг онгоцны офицер “За, ноён Страус, таныг хэн болохыг бид бүгд мэднэ. Мэдээж та эхнэртэйгээ аврах завинд сууж болно” гэхэд нь миний элэнц өвөө “Үгүй ээ. Энэ хөлөг онгоцонд байгаа бүх хүүхэд, эмэгтэйг аврах завинд суухыг харах хүртэл би суухгүй” гэж хэлсэн гэсэн” гэжээ. Үүнийг сонсоод Айда аврах завинаас бууж Исидортой хамт үлдсэн үйл явдал киноны хэсэгт багтаагүй байна.
Энэ түүх Курцманыг бага байхаас л сонирхлыг нь татан, өсөж томрох тусам элэнц өвөөгийнх нь эр зориг, үнэнч байдал нь түүнд маш их хайр хүндэтгэл, бахархалтай мэдрэмжийг төрүүлсэн гэжээ. “Титаник” киног гайхалтай онцгой бүтээл гэж боддог Курцманыг саяхан найруулагч Кэмерон National Geographic сувгийн бэлтгэж буй “Титаник: 20 жил” тусгай нэвтрүүлэгт оролцохыг урьсан байна.
Discussion about this post