Наян хоёр дахь удаагийн цус бэлэглэх өдөр саяхан болж, “Сэтгэлийн 1000 үйлс” ТББ 6 дахь жилдээ хамтран зохион байгуулж байна.
Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн санаачилгаар сайн дурын, авлагагүй, цусны донорын эгнээг өргөжүүлэх, цусны донорын үйлсийг сурталчлах, алдаршуулах, урамшуулах зорилгоор энэ өдрийг тэмдэглэдэг. Мөн 70 буюу түүнээс дээш удаа цус, цусан бүтээгдэхүүн бэлэглэсэн “Хүндэт донор” Н.Лхажий, Д.Ганбаатар, Т.Мөнхжаргал нарт “Хүрэл донор” цол тэмдэг, Э.Дашгаравт “Бахархал 50”, Г.Энхчимэг, Д.Бадрах нарт “Бахархал 40” тэмдэг, цусны донор Т.Баатарсүх, Я.Өлзийтогтох нарт “Бахархал 20”, “Бахархал 10” тэмдэг гардуулж баяр хүргэлээ. Болзол хангасан доноруудыг “Сэтгэлийн 1000 үйлс” ТББ-ын гарын бэлэг, “Сүү” ХК бүтээгдэхүүнийхээ дээжээр урамшуулсан юм.
Энэ оны нэгдүгээр сарын статистик мэдээллээр, цус цуглуулалт 2020 оны мөн үеийнхээс 696 нэгж буюу 32 хувь, өнгөрсөн оны мөн үеийнхээс 1485 нэгж буюу 109 хувиар нэмэгджээ. Хөдөлгөөнт хэлбэрээр цус цуглуулалт 2020 оны мөн үеийнхээс 311 нэгж буюу 40 хувиар, өнгөрсөн оны мөн үеийнхээс 973 нэгжээр нэмэгджээ. Суурин хэлбэрээр цус цуглуулалт 2020 оны мөн үеийнхээс 268 нэгж буюу 21, өнгөрсөн оны мөн үеийнхээс 361 нэгж буюу 31 хувиар нэмэгджээ.
Түүнчлэн цус, цусан бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2020 оны мөн үеийнхээс 1161 нэгж буюу 16, өнгөрсөн оны мөн үеийнхээс 3088 нэгж буюу 60 хувиар нэмэгджээ. Эмнэлэгт олгосон цус цусан бүтээгдэхүүний хэмжээ 2020 оны мөн үеийнхээс 252 нэгж буюу 5 хувиар багассан бол өнгөрсөн оны мөн үеийнхээс 546 нэгж буюу 13 хувиар нэмэгдсэн нь цар тахлын нөхцөл байдалтай холбоотой аж.
Бусдын амь аврах, эрүүл мэндийг дэмжих энэрэнгүй хүмүүнлэг үйлсийн эзэд донорууддаа талархал илэрхийлж, ард иргэд байгууллага хамт олныг цусны донорын эгнээнд нэгдэхийг Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн тасгийн эрхлэгч Ч.Тунгалаг уриалав.
Цус, цусан бүтээгдэхүүнийг төрөхийн хүндрэл, автын осол, гэмтлийн үед, зүрх судас, хавдрын өвчлөл, эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаа зэрэгт түлхүү хэрэглэдэг байна.
Discussion about this post