Монгол Улсын гаалийн байгууллага жил бүр өнгөрсөн оны ажлын үр дүнгээ дүгнэж, энэ онд хийх ажлуудаа зөвлөлдөн удирдах ажилтны “Зөвлөлдөх уулзалт” хийдэг уламжлалтай.
Гаалийн байгууллага 2021 онд улсын төсөвт 3 их наяд 560 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээс 3 их наяд 509 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж, 98.6 хувийн биелэлттэй ажиллажээ.
Өдөр тутмын хэрэглээний КАИС, СЭПС системүүдээ үе шаттайгаар шинэчилж, системийн ачааллыг бууруулсны зэрэгцээ анх удаа гаалийн харилцаанд оролцогч иргэн, аж ахуйн нэгжид хандсан цахим систем gaali.mn-ийг шинээр нэвтрүүлж олон нийтэд танилцуулсан юм. Энэхүү системийг нэвтрүүлснээр гаалийн байгууллагаас аж ахуйн нэгжид үзүүлдэг 33 үйлчилгээ, иргэнд үзүүлдэг 14 үйлчилгээ цахим хэлбэрт бүрэн шилжсэн байна.
Гаалийн байгууллагаас олгож байгаа нийт 9 зөвшөөрлийг “Тусгай зөвшөөрлийн цахим систем” /www.license.mof.gov.mn/-д оруулснаар төрийн үйлчилгээг хурдан шуурхай үзүүлэх, нүүр тулсан харилцаа, шат дамжлагыг багасгах, зардал хэмнэх боломжийг бүрдүүлжээ.
2022 онд 4.2 их наяд төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэх, Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу хилийн мэргэжлийн хяналтын албаны чиг үүргийг гаалийн байгууллага хэрэгжүүлэхтэй холбогдуулан улсын хилээр нэвтрүүлж байгаа бараа, тээврийн хэрэгсэлд тавих хилийн хяналтын үйл ажиллагааг сайжруулах, зөв зохион байгуулж хэрэгжүүлэх зэрэг олон асуудлын хүрээнд зөвлөгөөн үргэлжилж байна.
Discussion about this post