Кембрижийн гүнгийн ахайтан Кэтрин нэгдүгээр сарын 9-нд 40 насны төрсөн өдрөө тэмдэглэжээ. Кэйт Миддлтоны төрсөн өдрийг тохиолдуулан Кенсингтоны ордон гүнгийн авхайн гурван шинэ хөрөг зургийг олон нийтэд үзүүллээ. Энэ зурагт тэрбээр 2011 онд хунтайж Уильямтай хурим хийхдээ өмсөж байсан, загвар зохион бүтээгч Александр Маккуины даашинзтай байх аж.
Түүний эхний зургийн харагдах байдал нь хагас ханцуйтай, гоёмсог улаан даашинзтай байв. Нэг мөртэй даашинзыг унжсан алмаазан ээмэгтэй хослуулжээ. Хааны гэр бүлийн гишүүдийн онцлох гоёл чимэглэлийг олон жилийн турш анхааран ажиллаж буй “The Court Jeweler” брэндээс өөрийн сошиал хаягт бичсэнээр алмаазан ээмэг нь 95 настай хатан хааных бөгөөд зураг авалтад зориулж түр хэрэглэсэн талаар бичжээ.
Хоёр дахь хөрөг зурагт гүнгийн авхай Викторийн эрин үеийг санагдуулам урт цагаан даашинзтай байх аж. Хажуу талаас нь авсан дүр төрх нь түүний дуслан хэлбэртэй ээмгийг илүү тодотгож өгчээ. Үнэт эдлэлийн мэргэжилтний хэлж буйгаар Коллингвудын сувд болон алмаазан ээмэг нь үнэндээ түүний хадам ээж, Уэльсийн гүнж Дианагийнх байсан гэжээ.
Зураг дээрх түүний бөгж нь мөн танил харагдах аж. Учир нь энэ бол Диана гүнжийн алдарт индранил чулуун сүйн бөгж бөгөөд Кембрижийн гүнгийн авхай өмнө нь 2010 онд хунтайж Уильямтай сүй тавихдаа энэхүү бөгжийг зүүж байжээ. Тэрээр зурагт хатан хаан болон хадам ээжийнхээ зүүсгэлийг багтаасан нь тэдэнд хүндэтгэл үзүүлж буйн илрэл гэнэ.
Гэрэл зурагчин Паоло Роверсигийн авсан дээрх гурван зураг Лондон дахь Үндэсний хөрөг галерей дахь байнгын цуглуулгын нэг хэсэг болох юм. Кэйт Миддлтоны өнгөрсөн арваннэгдүгээр сард Лондонгийн Кью цэцэрлэгт хүрээлэнд зургаа даруулсан гэж ордны хэвлэлийн мэдээнд дурджээ.
Төрсөн өдрөөрөө гүнгийн авхай Кембрижийн гүнтэй хуваалцдаг твиттер хуудсаараа дамжуулан өөрт нь мэндчилгээ дэвшүүлсэн бүх хүмүүст талархлаа илэрхийлжээ.
Discussion about this post