УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар чуулганы хуралдааны үеэр Хаан банкны хувьчлалын асуудлыг хөндсөн. Саяхан болтол Сангийн сайд байсан хүн нарийн тодорхой мэдээлэлтэй биз ээ. Сангийн сайд асан “Монголын банкны хувьцааг авч байгаа мөнгө цэвэр мөнгө үү, бохир мөнгө үү гэдгийг зайлшгүй нягталж үзэх ёстой. Энэ ажил эцсийн эзэмшигч тодроогүй байхад түрүүлж тодрохгүй л байх. Хэрвээ энэ арилжаа наймаанд Монголын улстөрчид, түүний дотор шийдвэр гаргагч нар оролцсон бол дэлхий даяараа шившиг болно. Нэг улстөрч ч юм уу, Хотын дарга гүйлээ гээд энэ бүгдийг зөвшөөрч болохгүй. Эцсийн эзэмшигч тийм амар гарч ирэхгүй” гэсэн юм. Гэтэл “юун гуя” гэдэг шиг юм болж, тэр шөнөдөө шахуу Асашёорюү олон нийтийн сүлжээнд хуурай агсарч, сүүлдээ хадууран “Дөрвөдийг яасан ч яах вэ” гэсэн утгатай пост оруулсан юм.
Харин Асашёрюү Д.Дагвадоржийн учир бүтүүлэг постуудыг Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар өөр дээрээ татан авч, Хаан банкны хувьчлалын асуудалтай холбоотой постууд гэж үзжээ. Тэрбээр, “Өчигдөр шөнө Долгорсүрэнгийн Дагвадорж Увсын п.., дөрвөд, ална, тална гэж баахан дүвчигнэж. Би ХААН банкны 60%-г хэн авав? Цэвэр мөнгө үү? гэж асуусан. Нөгөө “юун гуя” гэдэг шиг ХААН-ы луйварт оролцогсод эхнээсээ үсрээд гараад ирэв үү. Тун удахгүй ХААН банкны луйварт оролцсон бусад нь ч гараад ирнэ. Нүүрс, төмөр замын хулгайгаар хөлжигсөд, ард түмний өмч, хөрөнгийг шамшигдуулагчид, эрүүл мэндийн, тэтгэврийн сангуудын тонуулчдаар гүтгүүлж, доромжлуулна гэж байхгүй шүү. Бага сагаарай. Зүгээр суухгүй шүү” хэмээсэн юм.
Юутай ч ХААН банкны талаар Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар, Догоо зааны хүү хоёр эрс тэс, эсрэг байр суурьтай нь тодорхой болсон юм. “Тунгалаг Тамир” кинонд Цахиур Төмөр Түгжилийг “Хэдэн адсаганаас болж хүний амь хөнөөх нь ээ” гэдэг шиг ХААН банкны хувьцаа, арилжаа наймаа, хувьчлалаас үүдэн, халх дөрвөдөөр талцах байтугай хүний амь хохирооход ч бэлэн бололтой.
Энэ талаар ХҮН-аас сонгогдсон УИХ-ын гишүүн Т.Доржханд үзэл бодлоо илэрхийлж, дэлгэрэнгүй “ам нээлээ”.
Т.Доржханд (УИХ-ын гишүүн): ” Хаан банкны 60 хувийг яасан бэ? гэдэг асуудал олны анхаарлыг татангуут УИХ дээр ажлын хэсэг гарсан. Гэхдээ япон хөрөнгө оруулагч нь нөгөө япон хүндээ худалдсан гэж нотлохын тулд “Seiko” гэж компани хувьцаагаа зараад Хаан банкны хувийг худалдаж авсан” гэсэн баримт бүрдүүлсэн байсан. Яагаад цагны үйлдвэр банкны хувьцааг авсан нь сонин байна. Би Япончуудтай 15 жил хамт ажилласан хүний хувьд тэднийг долоо хэмжиж, нэг огтолдог гэдгийг мэднэ. Тухайн үeд Хаан банкны хувьцааг Питeр Морроугаас Савада авч байх үeд эдийн засаг тогтвортой байсан. Гэтэл одоо хил хаагдсан, эдийн засаг, санхүүгийн салбар нь хүндэрсэн, цар тахлын үeд ямар ч тэнэг япон хүн Монголын банкны хувьцааг авахгүй. Тэгэхээр тэр “Seiko”-гийн ард монгол хүмүүс, тэр дундаа өөр нэгэн банкны хувьцаа эзэмшигчид байна гэж би хардаж байгаа. Энэ нь 49 %-ийн схeмээр явж байна. Монголчуудын 90 % нь харилцдаг, 570 гаруй салбартай Хаан банк бол актив нь цэвэр сайн банк. Гэхдээ Монголбанк нь нэг даргын үгээр бонд санхүүжүүлээд Хаан банкин дахь ахмадуудын зээлийн активыг цэвэрлэсэн. Өөрөөр хэлбэл 2 жилийн өмнөөс Хаан банкны зураг нь зурагдчихсан. Тус банкны сайн активаар өөр банкны чанар муутай активыг сольж цэвэрлэх гэж байх ч магадлалтай” гэв.
Discussion about this post