Монголд нийт 731 хүн хөшөө бий. Тэдгээрээс дундад зууны Монголд хамаарах хүн хөшөө 8 аймагт 74 байдаг. Түүний 59 нь дангаараа Сүхбаатар аймагт байдаг учраас тус аймгийг ХҮН ХӨШӨӨНИЙ ГАЛЕРЕЙ гэж хэлж болно.
Баруун-Урт хотод орж ирэнгүүт том том боржин чулуугаар “12 жил”-ийг зам дагуу бүтээж тавьсан байсан. Тэр 12 жилийн хөшөөний оронд хамгийн шилдэг гэсэн 12 хүн хөшөөг дуурайлган бүтээгээд “мэдээлжүүлсэн” бол илүү оновчтой бүтээн байгуулалт болох байж дээ. Үзэсгэлэнгийн танхим байгуулж дотор нь хүн хөшөөдөө дуурайлган хийж байрлуулаад дотоод, гадаадын жуулчдад үзүүлэх боломжтой. Сүхбаатар аймаг, цаашлаад аялал жуулчлалын танин мэдэхүйн бүтээгдэхүүн болох юм.
1. Буян-Өндөрийн хөрөг.
2. #Гөхөлийн ширээний хүн хөрөг: Толгой нүцгэн, хувцасгүй, эдлэл хэрэглэлгүй, эр бэлэг эрхтэнг тод дүрсэлсэн.
3. #Дугнагарын хүн хөрөг: Гэр бүл мэт гурван хөшөө бий. Бие давхар мэт дүрслэгдсэн хөрөг, бага насны хүүхэд мэт хөшөөдтэй.
4. #Жаргалантын ширээний хөрөг: Хавтгайлж зассан чулууны дээд хэсэгт хүний нүүрийг хонхойлгон сийлсэн. Нумарсан нийлсэн хөмсөг, хоорондоо ойрхон гонзгой нүд гэх мэт сонин дүрслэлтэй. Дээлийн энгэртэй боловч гар дүрслэгдээгүй, цул хөрөг.
5. Зэгстэйн хүн хөрөг: Хоёр хөргийн нэг нь сандалд суусан бүтэн, нөгөө нь зөвхөн цээжин биеийн дүрслэлтэй, хоёулаа хундага барьсан, нэгнийх нь толгой байхгүй, нөгөө нь хагарч унасан байдалтай.
6. Ламтын хүн хөрөг: Уран гоёмсог хийцтэй. Малгайтай, дээл хувцастай, гартаа хундага барьсан, шибэргэл гэзэгтэй, ээмэгтэй, исэр сандалд суулгасан. Өргөн махлаг дугуй царайнаас нь язгуур угсаат хөвгүүд гэж ойлгогддог.
7. Ловхын хүн хөрөг: Толгойд нь байх шовгор малгайг “язгууртан эмэгтэйн богтаг малгай мөн” хэмээн үзсэн.
8. Мандалын хүн хөрөг: Сампинтай бөмбөгөр оройтой, урт залаа унжсан малгайтай, өргөн нүүртэй. Түшлэгтэй сандалд суусан, нарийн ханцуйтай дээл өмссөн, нарийхан бүстэй, хундага барьсан, зүүн гараа өвдөг дээрээ тавьсан.
9. Нүхтийн хүн хөрөг: Хоёр хөшөө байх ба хавтгай урт чулуун дээр нүүр, гар, хундага зэргийг дүрсэлсэн, нэгэнд нь эр эрхтэн дүрслэгдсэн. Түрэгийн үед хамаарна.
10. Сэрхийн далангийн хүн хөрөг: Хоёр хүн чулуу байх агаад нэгэнд нь зөвхөн нүүр дүрслэгдсэн бол нөгөөгийн толгой нь мэдэгдэхээр, баруун гартаа хундага барьсан, суугаа байдлаар дүрслэгдсэн.
11. #Таван толгойн хүн чулуу: “Төв Азийн хүн чулуу бүтээх урлалын оргил” нь гэж үнэлэгддэг. Түшлэгтэй исэр сандалд суулгасан, монгол язгууртан хүний төрх байдалтай, гартаа эрхи барьсан, дээлийн хуниас, бүсний арал хүртэл тод сийлэгдсэн. /Тус хөшөөг Чингис хааны музейд тавина хэмээн нутаг оронд нь мэдэгдэлгүйгээр авч явсан байсан/
12. Хаалгатын хүн хөрөг: 4 хөрөг байх ба нэгийг нь сандалд суулгасан, бусад 3 нь зөвхөн цээжин биеийн дүрслэлтэй, бүгд дээл хувцастай, хундага бариастай.
13. #Хаан, хатан, хүү, бэрийн хөрөг: Нутгийнхан хадаг яндар, идээ будаа тавьж сүсэглэдэг. Гантиг, галт уулын чулуулгаар өөр хоорондоо ялгаатай бүтээгдсэн.
14. Хангай хоолойн хөрөг.
15. Хар булангийн хөрөг.
16. Хонгорын голын хүн хөрөг: Хийц болхи боловч дүрслэл онцгой. Нарийхан бүсэнд цагирагтай, түүнээс хавтага унжуулсан, духандаа хөхөл үстэй, эр эрхтэнг ил дүрсэлсэн. Хоёр хөрөг байх ба нэг нь биен дундуураа хугарч гэмтсэн.
17. Хонхор шүүтийн хөрөг.
18. #Хөрөгийн хөндийн хүн чулуу: Малгайтай, гуталтай, бие нь нүцгэн, эм хүн шиг мөөмтэй боловч эр хүйсийн тэмдэг болох эрхтэнг хамт дүрсэлсэн онцлогтой.
19. Хүнт ухаагийн хөрөг: Хоёр хүн чулууг өөд өөдөөс нь харуулаад, хоорондоо 80м зайтай байрлуулсан. Бөх барилддаг хүний шинжийг агуулсан махлаг, булчинлаг байдалтай, бөхийн өмсгөл болох зодогтой хэрнээ эр эрхтэнг ил дүрсэлсэн байдаг.
20. Цагаан суварганы хүн хөрөг: Гонзгой чулууны нэг талыг хавтгайлж хүний нүүр царайны дүрс сийлсэн ба чихэндээ том бөөрөнхий ээмэгтэй. Хамт байх чулуун байгууламж, зэл чулуунууд нь Түрэгийн дурсгал болохыг гэрчилдэг.
21. Шартад хадны хүн хөрөг: Босоо, хэвтээ 3 хүн чулуу бий. Хоёрыг цагаан гантигаар урлаж сандалд суулгасан хэрнээ нэг нь дээл хувцастай, нөгөө нь дээл хувцасгүй нүцгэн, эрхтэнг ил гаргасан, хоёуланд нь хундага бариулсан. Гурвуулангийнх нь толгой нь алга болсон байдалтай.
22. #Шивээтийн хүн хөрөг: Исэр сандалд суулгасан, баруун гартаа ямар нэгэн сав барьсан, зүүн гартаа эрхи барьсан байдаг. Хамт байх чулуун байгууламжийг малтан судлаад эмэгтэй хүний оршуулга хэмээн үзсэн бөгөөд Юань гүрний гүйлгээний зоос гарч ирсэн юм.
Discussion about this post