Улаанбаатар хотноо цөөхөн үлдсэн Монголын түүх, шашин, соёлын гайхамшигт өвийн нэг нь Чойжин ламын сүм музей юм. Тус сүмийг ард олноо Чойжин лам хэмээн алдаршсан Монгол төрийн сахиусны лагшин, Эрдэнэ билигт тунгалаг бишрэлт хутагт Лувсанхайдавын номыг тэтгэгч сахиус оршоон буулгах үйлд зориулан 1904-1908 онд Омбо тэргүүтэй урчууд барьж байгуулжээ. Эрдэнэ билигт тунгалаг бишрэлт хутагт Лувсанхайдав 1872 онд Цаст Төвөдийн Шолао хэмээх газар, түшмэл Гончигцэрэнгийн гэр бүлд мэндэлж, 1874 оны намар Халх Монголын бурхны шашны тэргүүн Жавзандамба хутагтын хувилгаанаар тодорсон ахыгаа дагалдан гэр бүлийнхний хамт Монгол оронд ирсэн байна.
1880-аад оны үед Хүрээний шашин ном, хуврагийн хэрэгт тэргүүлэгч Хамба номун хан Балданчоймбил VIII Богд Жавзандамба хутагттай зөвлөлдөн, Монголын төр, шашныг хамгаалуулах үүднээс Чойжин буюу Номыг тэтгэгч сахиус оршоон буулгах гүдэнба лам болгохоор шийдэж, Төвөд орноос Сэтэв сахиусны өмнөөс буудаг гүдэнба ламтаныг урин сахиус оршоон буулгах эрдэм ухаанд сургажээ. Лувсанхайдавт тухайн үед номыг тэтгэгч сахиус буулгах билиг тэмдэг нэгэнт бүрдчихээд байв. Чингэж хэдэн жил хичээнгүйлэн суралцсанаар Найчүн, Зэмар хэмээх их сахиусуудыг оршоон буулгадаг болжээ.
Ийнхүү номыг тэтгэгч сахиус оршоон буулгах болсон тул анхны орд өргөө Занхан сүмийг 1899-1901 онд байгуулсан боловч 1903 оны өвлийн сүүл сарын нэгэн шөнө гэнэтийн гал түймэр гарч бүрмөсөн шатсан гэдэг. Тиймээс тухайн үеийн тэргүүн зэргийн газар шинжээч хуврагууд “Далхын дэнж” буюу одоогийн Чойжин ламын сүм музей буй газрыг сахиус оршоох зан үйлд нэн тохиромжтой хэмээн шинжсэнээр, 1904 оноос Омбо тэргүүтэй монгол, хятад 300 гаруй урчуудын ур ухаан, хүч хөдөлмөр шингэсэн үзэмж төгөлдөр сүм цогцолборыг байгуулах ажил эхэлж, 1908 оны үед бүрэн дуусгажээ. Сүм цогцолборыг бурхан тахил, эдлэл хэрэглэлийн хамт бүтээхэд 69230 лан, 7 цэн, 8 пун мөнгө буюу өнөөгийн хэмжүүрт шилжүүлвэл ойролцоогоор 2 тонн 600 килограмм орчим мөнгө зарцуулсан байна.
Манж Чин улсын үед тавин таваас дээш тасалгаатай сүмд хаан нэр шагнадаг байсан тул Чойжин лам Лувсанхайдав шинээр байгуулсан сүмдээ нэр шагнуулахаар айлтгахад 1906 онд Бадаргуулт төр хаан “Өршөөлийг хөгжүүлэгч” хэмээх нэрийг залсан боловч уг сүм ард олны дунд “Чойжин ламын сүм” хэмээн Чойжин лам буюу Монгол төрийн сахиусны их гүдэнба ламтан Лувсанхайдавынхаа нэрээр алдаршсан юм. Сүм цогцолбор анх байгуулагдах үедээ олон тооны сүм, гэр тугдам, байгууламжаас бүрдэж байсан нь 1910-1930-аад оны гэрэл зургуудад хадгалагдаж үлджээ. Гэвч хэлмэгдүүлэлтийн он жилүүд болон он цагийн урсгалд тэрхүү олон барилга байгууламж устаж үгүй болсон аж. Өдгөө зөвхөн Ямпай буюу Халх хаалга, Махранз, Гол, Зуу, Ядам, Хотол чуулган тус Энх-Амгалан хэмээсэн 5 сүм, 2 гэр тугдам, хэрэм хашаа бүтэн үлдэж бидний үед хүрч ирсэн байна.
Тус сүмийн лам хуврагууд 1916 оноос Нийслэл Хүрээний Буян-Ерөөлт сүмийн дэгээр дэглэсэн цамыг сүсэгтэн олонд толилуулж байлаа. Өөрөөр хэлбэл, Чойжин ламын сүмд гардаг байсан “цам” дэглэлтийн хувьд бусад сүм хийдүүдийнхээс өөр байсан нь тус сүмийн эзэн Лувсанхайдавын шашин номын үйл хэрэгтэй салшгүй холбоотой байв.
Чойжин лам Лувсанхайдав анхны сүм өргөө байгуулагдсан үеэс Гүжир хамбын тушаалыг хашсан бололтой бөгөөд эзэн хаан VIII Жавзандамба хутагт 1908 онд “Тунгалаг бишрэлт” цол, 1911 онд улбар шар жолоо, 1912 онд гүдэнбын өргөмжлөлийн тамга, хойч өдөр үе дараалан тодрох хувилгаан, 1914 онд хутагт цол, хутагтын тамга, 1915 онд улбар шар тор, Найчүн сахиусны шашны тамга, шүхэр, барсын сүүл, Өршөөлийг хөгжүүлэгч сүмийн лам хуврагуудыг захирах тамга зэргийг тус тус шагнан хүртээсэн байна.
Эрдэнэ билигт, тунгалаг бишрэлт хутагт Лувсанхайдавын сахиус оршоон залсан үедээ буулгасан зарлиг айлдварт голчлон эзэн хаан VIII Жавзандамба хутагт, Улсын Эх дагина нарын өлмий бат орших, төрийн хэрэгт харшлах шалтгаан, гадаад, дотоод барцад зэтгэр, хорлолоос хамгаалах арга ухааныг заасан байдаг нь Монгол төрийн сахиусны гүдэнба ламтан байсныг илтгэдэг. Монгол төрийн сахиусны их гүдэнба Лувсанхайдавт Олноо өргөгдсөний 8-р оны хоёрдугаар сарын 16 буюу аргын тооллын 1918 оны гуравдугаар сарын 28-ны өглөө ухаан балартах өвчин тохиолдож, эм гүрмээр засуулсан боловч эс илааршин луу цагт жанч халжээ.
Чойжин ламтаны бүтээлийн хамтрагч, эх дагина Санжинжавын Сүрэнхорлоо эрдэм боловсролтой, ажилч хичээнгүй, үзэсгэлэн гоо бүсгүй байсан агаад VIII Жавзандамба хутагт хаан 1911 онд гурван давхацлага димбэн дэвсгэр, 1914 онд хүрэн жинс, Хурц билигт цол, 1916 онд Дара цол тус тус шагнан хүртээсэн нь түүний Монголын төр шашныг хамгаалах сахиусны ламтаны шашин номын үйл дэх тус оролцоо ямархан байсныг харуулдаг. Сүрэнхорлоог хэлмэгдүүлэлтийн хар сүүдэр тойрсонгүй сонгуулийн эрх, хөрөнгөө гурвантаа хураалгаж, амьдралын сүүлийн жилүүдийг тухайн үеийн Амгаланбаатар хот дахь гэрээсээ ч гаралгүй өнгөрөөсөн гэдэг.
Хутагт Лувсанхайдавыг жанч халсаны дараа ч тус сүмийн лам хуврагууд хурал номоо таслалгүй үргэлжлүүлж, 1930-аад оны сүүл үед хүрсэн байна. 1930-аад онд төр, засгаас шашин, сүм хийд, лам нарын талаар хатуу бодлого баримтлан, ард олны шүтэж бишрэх эрх чөлөөг хязгаарлаж, сүм хийдийн үйл ажиллагааг хаажээ. Иймээс 1930-аад оны эцэст шашин номын үйл ажиллагаагаа бүрмөсөн зогсоосны олон сүм хийдийн нэг нь Чойжин ламын сүм байв.
1930 онд Оросын уран барилгач Васильев, 1937 онд Шинжлэх Ухааны Хүрээлэн буюу өдгөөгийн Шинжлэх Ухааны Академийн эрдэмтэд Чойжин ламын сүмийг уран барилгын хийцийн хувьд дахин давтагдашгүй, хосгүй үнэт өв болохыг тодорхойлсон нь төр, засгийн тэргүүдийн сонорт хүрч, 1938 онд Ерөнхий сайд А.Амар, Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч, өрлөг жанжин Х.Чойбалсан нарын тушаалаар Чойжин ламын сүмийг эрдэм шинжилгээ, үзэсгэлэнгийн зориулалтаар Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн мэдэлд үнэ төлбөргүйгээр шилжүүлжээ. Ингэснээр тус сүмийг Монголчуудын бүтээсэн шашин, соёлын гайхамшигт өвийг хадгалан хамгаалах, судлах, сурталчлах үүрэг бүхий музей болох үндэс тавигдсан юм.
Улмаар 1941 оны 10 дугаар сарын 20-нд Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн хэсэг эрдэмтэн судлаачид БНМАУ-ын нутаг дэвсгэр дэх түүх, соёлын зарим дурсгалыг Улсын хамгаалалтад авах санал, “Хуучин зүйлийг сахин хамгаалах тухай дүрэм”-ийн төсөл боловсруулан Улсын Бага Хуралд өргөснийг тус хурлын Тэргүүлэгчид 1941 оны арван нэгдүгээр сарын 13-ны өдрийн 79-р тогтоолоороо баталж, Чойжин ламын сүмийн Ямпай буюу Халх хаалгыг Улсын хамгаалалтад авчээ. 1960 оны дөрөвдүгээр сарын 11-нд МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооноос Чойжин ламын сүм, Богдын ногоон ордон буюу өдгөөгийн Богд хааны ордон музей, Гандантэгчинлэн хийд, Жанрайсэгийн дацан, Гэсэр сүм, Чин ван Ханддоржийн өргөө зэрэг түүх соёлын дурсгалт газрыг улсын хамгаалалтад авч музей үзмэрийн газар байгуулах, сэргээн засварлах тухай 109 тоот тогтоол гаргасан юм. Удалгүй 1961 оны аравдугаар сарын 09-ний өдөр БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 524 тоот тогтоол гаргаж, Чойжин ламын сүм, Богдын ногоон ордон зэргийг Улсын нэгдүгээр зэргийн хамгаалалтад байх түүх, соёлын дурсгалт зүйлийн жагсаалтад оруулсан байна.
Тус музей 1938 оноос 1961 он хүртэл зөвхөн гадаадын томоохон зочдод төлөөлөгчдөд үйлчилдэг “Хаалттай музей” гэгдэж байсан бөгөөд 1961 онд 902000 төгрөгийн сэргээн засварлалтыг хийсний дараахнаас олон нийтэд нээлттэй үйлчлэх музей болжээ. 1991 оны долдугаар сарын 23-нд Богд хааны ордон, Чойжин ламын сүм, Эрдэнэ зуу, Амарбаясгалант музейдийг бие даасан музей болгон ажиллуулах шийдвэр гарсан боловч 1991 оны наймдугаар сарын 7-нд эдгээрийг нэгтгэн “Шашны түүхийн музей” болгон өөрчлөн зохион байгуулав. Гэвч 1992 оны дөрөвдүгээр сарын 03-ны Соёл, урлагийн хөгжлийн хорооны даргын 96 тоот тушаалаар “Шашны түүхийн музей”-г татан буулгаж Дүрслэх урлагийн музейн харьяа Шашны урлагийн салбар музей болгосон ч уг оныхоо намар Дүрслэх урлагийн музейг тусгаарлан дээрх музейнүүдийг дахин “Шашны түүхийн музей” болгон зохион байгуулсан байна. Улмаар 2000 оны нэгдүгээр сарын 5-ны Гэгээрлийн сайдын 07 тоот тушаалаар Чойжин ламын сүм музейг бие даасан музей болгожээ.
Ийнхүү өдгөөгөөс 110 жилийн тэртээ байгуулагдсан Монгол төрийн их сахиусны лагшин, Эрдэнэ билигт тунгалаг бишрэлт хутагт Лувсанхайдавын шашин номын үйлийн их өргөө “Өршөөлийг хөгжүүлэгч сүм” буюу “Чойжин ламын сүм” музей болон 6 сүмд Монголын түүх, шашин, соёлын дахин давтагдашгүй 6000 гаруй үнэт өвийг хадгалан хамгаалж, судлан сурталчилж, үзэгч олны нүд, сэтгэлийг баясган цэнгүүлсээр байна.
Discussion about this post