Моголистан Цагадайн хаант улсын зүүн хэсэгт нүүдэлчид төвлөрөн амьдарч байсан газрын нэр.
Монголын эзэнт гүрэн байгуулдан хүчирхэгжиж улмаар 4 бүрэлдэхүүн улсад хуваагдсаны нэг нь Дундад Азийн бүс нутагт Цагадайн хаант улс билээ. Энэхүү Цагадайн хаант улс нь Их хааны улс буюу Юань улс, Алтан Ордны улс, Ил хаант улстай идэвхитэй улс төрийн харилцаатай явж ирсэн. Цагадайн угсааныхан тус бүс нутгийг захиран суухдаа дээрх төрөл улсуудтайгаа найрамдах, дайтах зэргээр харилцаж байлаа. Цагадайн хаант улс нь соёлын хувьд суурин ба нүүдлийн гэсэн хоёр хэсэгт хуваагддаг байв.
1321 оны үе гэхэд Цагадайн хаант улсад дотоодын тэмцэлд автаж түрэгжсэн, исламийн шашинтнууд буюу уламжлалыг даган хуучин хэвээр амьдардаг хоёр хэсэгт хуваагдах болов. Баруун тал нь Амударьяа, Сырдарьяа хоёр мөрний хооронд газраар гол болгосон ислам шашинт, түрэгжсэн, суурин соёл бүхий Мавераннахр; зүүн хэсэг нь Цагадайн улсын зүүн хэсгийг хамарсан Дорнод Туркестаны өмнөд хэсэг, нутгийн зүүн хэсгийг нь хамарсан нүүдлийн соёлт Могулистан (Моголистан) гэсэн үндсэн хэсэгт хуваагдаж Энэхүү Моголистанд голлон нүүдлийн мал аж ахуй эрхлэн суух нүүдэлчид амьдарч байлаа. Моголистан гэдэгт өнөөгийн Исык-кул нуурын орчим нутаг хамруулан үздэг.
Моголистаны ноёрхолын хүрээнд уйгур, хасагаас гадна монголын талаас баарин аймаг, жалайр аймаг болон дуглат аймгууд багтаж улсын гол тулгуур хүчин болж байлаа. Улсын ноёрхогч нь бүр Цагаадайн угсааныхнаас бүрдэж байв. Эсэнбуха, Тоглугтөмөр, Есөнбуха, Вэйс хан, Юнус хан, Мансур хан зэрэг олон хаад ноёрхож байв. Тоглугтөмөр анх тэргүүнд исламийн шашныг Моголистанд дэлгэрүүлэх болсон юм. Хожим Юнус ханы үед тус бүс нутгийн нүүдэлчид улс төрийн хувьд хүчирхэгжин мандаж байлаа.
Л.Ганбат
Discussion about this post