ОХУ-ын Аюулгүй Байдлын Зөвлөлийн орлогч дарга Дмитрий Медведевийн бичсэн гүн гүнзгий агуулгатай өгүүллийг толилуулж байна. Энд цар тахлаас үүдсэн дэлхийн бүх улс, нийгэмд тулгарсан сайн муу бүх асуудлыг багтааж, бүрэн зураглал гаргаж чаджээ. Иймээс монголчууд бүгдээрээ, ялангуяа манай дарга нар уншиж, явцуу ахар бодлоо орхиж, маш хэрэгтэй санаа оноо олж авна гэдэгт итгэж чадан ядан орчуулав.
“Хүссэн атлаа үйлдэхгүй хүн цар тахлыг төрүүлдэг.” У.Блейк.
COVID-19 гэх шинэ коронавирусын цар тахал сүүлийн арваад жилийн түүхэн дэх томоохон донсолгоо болж байна. Түүнийг үхлийн аюултай өвчин тараадаг сүйрэлт үр дагавраас нь улбаалан “дэлхийн гуравдугаар дайн”-тай зүйрлэж байгаа нь тохиолдлын хэрэг биш. Энэ нь бүх тивийн олонхи улсын нийгмийн хүрээ, эдийн засаг, соёлд асар их хор хохирол учруулж байна. Туссан өвчнөөсөө болж зөвхөн шууд нас барсан хүний тоо бараг таван миллиардыг даваад байна.
Вирусын эхний, хамгийн улайрсан дайралтыг бид аядуу болгож амжив. Түүнээс гадна дийлэнхи хүмүүс цар тахлын үед зүгээр л амьдарч сурчээ. Мөн тулгамдсан асуудлууд хийгээд хязгаарлалтад дасчээ, харамсалтай нь өвчин хийгээд түүний эмгэнэлт үр дагаварт ч мөн адил дассан байна. Түүнийг төгс ялах хүртэл их хол байна. Аюул занал асар их, дайсан онцгой аюултай байна. Мэргэжилтнүүд өнөөгийн асуудлуудын “хойшлогдож хуримтлагдсан (кумулятив) үр нөлөөний” тухай ярьж эхлэв. Энэхүү үзэгдэж харагдаагүй тулалдааны төгсгөл нь хэдийгээр хачирхалтай санагдах боловч шинэ халдвартай хийх тэмцэлд дэлхийн бүх улс орнууд хэр зэрэг гар нийлэн ажиллахаас шалтгаална. Бид амссан эмгэнэлт үйл явдлаасаа сургамж авч чадах болов уу ? Бид дэлхий нийтийн тулгамдсан асуудалд хандах стратегийн хандлагаа өөрчилж, хурдан бөгөөд яг таг ажиллах ёстой болоод буй хүнд бөгөөд урьдчилан хэлшгүй нөхцөл байдалд ажиллах тактикаа өөрчилж чадах уу ? Энэ хамгийн чухал асуултыг эдүгээ дэлхийн эрүүлээр сэтгэгч бүх хүн тавих болов. Гэхдээ хамгийн эхний ээлжинд даяар түвшинд хамгийн чухал бөгөөд хойшлуулшгүй шийдвэр гаргахаас нь бүх зүйл хамаардаг бүх улс гүрний засаг төр, олон улсын холбоо нэгдэл, янз бүрийн “нөлөөллийн бүлгийн” гишүүд хариулах ёстой.
Жил гаруйн өмнө би “Даяар бодлого дахь Орос орон” сэтгүүлд энэ сэдвээр тодорхой бичсэн. Бүр тэр үед коронавирусын бий болгосон эрсдэл маш өндөр гэдэг нь тов тодорхой байсан. Түүнд өгөх хариулт ч гэсэн бүх талын (универсал) байх ёстой. Энэ нь төр улсууд, засгийн газрууд, компаниуд байнга бөгөөд бүрэн дүүрэн ажиллахыг шаардана. Харамсалтай нь маш олон үр бүтээлтэй санаа сайхан хүслээс хэтэрч чадаагүй, тэдгээрийг ашиглаж чадаагүй буюу ашиглахыг хүсээгүй. Ийм хэмжээний сүйрлээс сэргийлэхийн тулд амьдрах хүслээ бусад бүх зүйлээс дээгүүр тавих чадвар шаардлагатай.
Ийм учраас хадгалагдаж үлдсэн боломжийг урьдын адил алдахгүй байх нь чухал. Өмнө нь мэдэгдэж байгаагүй вирусын дэлхийн хэмжээний цар тахал, асар их цар хүрээтэй сүйрлээс сэргийлэх явдал нь тэргүүний технологи, вакцин гэхээсээ илүүтэй улс төрийн эр зориг, дипломат хүчин чармайлт, сая сая хүний амьдрал, эрүүл мэнд, аюулгүй байдалд санаа зовж, түүнийг үлдэх бүх зүйлээс дээгүүр тавих чадварыг шаардаж байна. Энэ нь хүмүүсийн боловсрол, эд хөрөнгийн зиндаа, үндэсний хамаарал, нас, хүйс, мэргэжлээс үл хамаарна. Энэ бүхэнгүйгээр вирусыг төгс ялах боломжгүй.
Цар тахалтай бараг хоёр жил биднийг юунд сургасан бэ гэдэг дээр тогтож яръя. Бид ямар сургамж авсан, цаашид юу хийх хэрэгтэй вэ ?
Цар тахлын нэгдүгээр сургамж: аюул заналыг их нухацтай авч үзэх ёстой. Хоцорсон хойно нь биш, өрсөж үйлдэх ёстой.
Цар тахал тархсан эхний үе буюу 2019 оны 3-р сараас 2020 оны 3-р сар хүртэл олонхи орон энэ асуудалд дэндүү хайнга хандав. Шинэ өвчлөлийн тухай анхны мэдээллийг хэтэрхий тайван хүлээж авав. Яагаад гэвэл хүмүүст аймшигт вирус “хаа хамаагүй хол” байгаа, хөгжингүй орнуудад хүрч ирэхгүй мэт санагдаж байлаа. Манай гаригийн янз бүрийн хэсэгт болдог сүйрлийн тухай өдөр тутмын мэдээнд дассан байдал ч бас нөлөөлсөн. Вирус шинэ мэдээнд тэргүүн байранд байх нь байсан, гэхдээ ийм явдал хэтэрхий их учраас бид аль хэдийн дасчихсан байлаа. Гэхдээ бэртэгчингүүдээс ялгаатай нь улс орны удирдагчид тэр үед л “түгшүүрийн кноп” дарах ёстой байлаа.
Энэ удаашрал их үнэтэй тусав. 2020 оны 2-р сарын дундаас гай зовлон улам бүр ноцтой цар хэмжээнд хүрэв. Тунгалаг хил хязгаартай, даяар эдийн засагтай орчин үеийн ертөнцөд цар тахалд бас л саад тотгор гэж үгүй аж. Шинэ өвчний халдвар авсан, үхсэн хүний тоо эрчимтэй өсч эхлэв. Олонхи орны засгийн газар эрүүл мэндийн системээ дахин хэлбэржүүлэх, больницуудад шинэ ор нэмэх, эмнэлгийн байгууллагуудаа тоног төхөөрөмжөөр, хүмүүсээ хувийн хамгаалах хэрэгслээр хангах зэрэг яаралтай нөхцөлтэй тулгарав. Орост тэр үед өвчин нийтийг хамарсан тохиолдолд ажиллах хувилбаруудыг боловсруулах ажилд орсон юм. Чиглэлийн бүх бүтэц, албадыг өндөржүүлсэн бэлэн байдлыг горимд оруулав.
Гэтэл 3-р сарын дунд болон сүүлчээс эхлэн 2020 оны 6-р сарын дунд хавьцаагаас цар тахал дараагийн “хурц” үедээ орох нь тэр. Аюул занал бодитой болж, Хятадаас эхэлсэн өвчлөл бусад орнууд руу довтлов. Халдварыг цар тахал гэсэн ангилалд оруулав. Хилээ хааж, шуурхай штабууд байгуулж, урт гэгчийн ажлын бус үе зарлаж, хүмүүсийн хөдөлгөөнийг хязгаарлаж байсан энэ үеийг бид сайн санаж байгаа.
Бүх улс орны удирдлага хэнийг нь эхэлж аврах вэ буюу эдийн засгаа юу, хүмүүсээ юу гэсэн хуурамч ацан асуудалтай (дилемма) тулгарав. Нарийндаа бол мөнгөө хаашаа хийх вэ буюу нийгмийн тусламж үзүүлэх үү, бизнесээ дэмжих үү гэсэн сонголт юм. Ихэнхи орон, түүний дотор Орос холимог замыг сонгосон. Тусгаарлах хатуу чанд горимын дараа ухаалаг тэнцвэр олж, төр нь иргэдээ ч, хамгийн их нэрвэгдсэн салбараа ч дэмжсэн ба нөхцөл байдалд уян хатан зохицож, сүйрэлт үзэгдэл рүү ороогүй юм. Өнгөрсөн зуны эхээр Орост өвчтөнийг эмчлэх үр ашигтай арга боловсруулж, хувийн хамгаалах хэрэгсэл, эмнэлгийн зайлшгүй тоног төхөөрөмж үйлдвэрлэл, худалдан авалтыг зохицуулж амжив. Хорио цээрийн дэглэмд баярласан хүн ганц ч байгаагүй нь мэдээж. Гэхдээ л энэ нь хангалттай үр дүнтэй гэдгээ нотолсон. Локдауны дэглэм хэчнээн хатуу байх тусмаа тахалтай хийх тэмцэл төчнөөн үр дүнтэй гэдгийг шууд хүлээн зөвшөөрөх ёстой. Бэлэн жишээ нь Хятад байна. Улс орон тус бүр өөрийн онцлогтой, хүн амын дадал заншил, зан үйлийн хэв маяг нь янз бүр байдаг нь өөр асуудал юм. Дорно Дахинд боломжтой олон бүдүүвч Европт тохирохгүй гэдэг нь тодорхой. Гэхдээ л үр дүн хаа сайгүй гарсан юм. Цар тахлын давалгаа намсаж ирэв. Тусгайлан авсан нэг оронд тусгай дархлаа гэж байхгүй. Зөвхөн даяар цар хэмжээтэй хамтын дархлаа байдаг ба үүнд хамтдаа хүрэх ёстой.
Цар тахлын 3-р үед өнгөрсөн зун болон намрын эхээр оров. Энэ үед ихэнхи компани, хамгийн олзуурхууштай нь боловсролын бүх систем ажлын зайны хэлбэрт зохицов. Орост удирдлагын хэрэгслүүдийг зохистой болгож, төр, иргэний харилцах илүү үр ашигтай сувгуудтай болов. Хүмүүс төрийн нэн чухал үйлчилгээг зайнаас авдаг болж, нийгмийн төлбөрүүдийг идэвхигүй горимоор хэрэгжүүлж эхлэв. Гэхдээ л цар тахал шинэ хүчээр эргэж ирнэ гэдэг нь тодорхой байсан ба түүнээс сэргийлэхийн тулд төр ихээхэн хүч нөөцөө дайчилсан юм. Коронавирусын вакцины туршилт дуусч, түүнийгээ анх удаа бүртгэв.
Энэ ажил бусад олон орнуудад нэгэн зэрэг явагдсан. Үүний зэрэгцээ нийгэмд түгшүүр, дургүйцэл өсөв: хүмүүс урт удаан хориг, эрүүл мэнддээ байнга санаа зовохоос ядарч эхлэв. Янз бүрийн тивд болсон маргааны гол зүйл нь хорио цээрийн үеэр хүний эрхийн зөрчил улам бүх нэмэгдэж байгаа тухай байлаа.
Цар тахлын 4-р үе 2020 оны намар өвөл болж, өвчлөлийн шинэ өсөлтөөр гарч ирэв. Вирусын шинэ штамм бий болж, коронавирус өмнөх шигээ тусгай тусгай голомтуудад биш, хаа сайгүй дэлгэрэв. Өвчнийг үтэр түргэн даван туулах, хэвийн амьдралдаа эргэж орно гэсэн итгэл найдвар бүхий хүмүүс хоосон мөрөөдлөөсөө салах ёстой болов. Хязгаарлах шинэ арга хэмжээ, хорио цээр тогтоохыг олон хүн эсэргүүцэн угтав. Ийм эсэргүүцлийн идэвхийн тэсрэлтийг бид Нидерданд, АНУ, Итали, Герман болон бусад олон оронд ажиглаж байна. Үүнээс арай бага хэмжээтэй боловч Орост ч гэсэн гарав.
Цар тахлын 5-р үед бид энэ оны хавраас эхлэн орж, энэ нь одоо болтол үргэлжилж байна. Одоо бид асар их хэмжээний тест хийснийг харгалзвал түүхэн дээд түвшиндөө (максимум) хүрсэн өвчлөлийн түвшингийн ээлжит өсөлтийг ажиглаж байна. Өвчлөлийн түвшин нэн өндөр, эгзэгтэй (критический) түвшинд бараг хүрч, бүх нийтийн вакцинжуулалт явагдаж байна. Ингээд амьдралын шинэ нөхцөл байдал биднээс цар тахалтай хийх удаан хугацааны “окопын” дайн, сайтар бодож тунгаасан шийдвэр гаргахыг шаардаж байна. Энэ тэмцлийг бүх улс орны нийтийн хүчээр хийх ёстой. Бүхий л бодит бэрхшээл, тэр тусмаа хэн нэгний улс төрийн амбицийг үл харгалзах хийх ёстой.
Цар тахлын хоёрдугаар сургамж: Түүнтэй олон улсын хамтын нийгэмлэг бүх нийтийн хүч чармайлтаар л тэмцэж болно. Харин ганц ганцаараа бол бүгдээрээ ялагдана
Одоо дэлхийн эдийн засагт юу болж байгаа вэ ? Уналт гэж нэг үгээр хариулж болно. Энэ нь 2008-2009 оны санхүүгийн хямралын үеийнхээс ч хавьгүй илүү ноцтой. Олон улсын байгууллагууд уналтын цар хэмжээг 3,3%-иас (ОУВС өгөгдөл) 3,6% (ДБ-ны өгөгдөл) гэж үнэлж байна. Тухайлсан орнуудад энэ нь бүр ч илүү мэдрэгдэв. Их Британийн эдийн засаг 2020 онд 9,8%, Франц 8,1%, Герман 4,9%, Канад 5,4%, Өмнөд Африкийн БНУ 7%, Энэтхэг 8% (ДБ-ны өгөгдөл) агшжээ. Бүхэлдээ бол хямрал даяарчлалын илүү өндөр түвшин бүхий хөгжингүй улс орнуудыг цохижээ. ОУВС 2020 онд хөгжингүй орнуудын эдийн засгийн уналт 4,7% байхад хөгжиж буй орнуудын уналт 2,2% гэж үнэлжээ. Гэхдээ хөгжингүй орнуудын эдийн засаг хурдан сэргэх чадвартайгаа харуулав. Эдийн засгийн Хамтын ажиллагаа, Хөгжлийн байгууллагын прогнозоор хөгжингүй ихэнхи орон 2022 оны эцэс гэхэд хямралын өмнөх түвшиндөө (нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээгээр) бүрэн буцаж хүрнэ. Харин хөгжиж буй зарим орон хямралын өмнөх түвшиндөө 2024 оноос нааш хүрч чадахгүй аж. Дэлхий дахинаа хүнсний хямрал болж байгаа нь илт байна. Хүнсний бүтээгдэхүүний үнэ газар сайгүй өсч, хүнсний инфляци хурдасч байна.
Даяар уналтын үр дагаврыг даван туулахад эдийн засгийг цаашид сэргээх, үнийг тогтвортой барихад чиглэсэн үр ашигтай бодлого шаардлагатай байна. Одоо ч гэсэн зарим орнуудын өрийн өндөр түвшин, инфляцийн үзэгдээгүй хурдац энэ зорилгод хүрэх замд шинэ дуудлага өгч байна. Маш олон зүйл гадаад худалдааны эргэлтийг сэргээх, ялангуяа экспорт-импортын үйлчилгээнээс хамаарч байна.
Одоо бол яг таг прогнозыг хэн ч өгч чадахгүй. Дэлхийн эдийн засгийн нөхцөл байдалд хүн амыг вакцинжуулах хурдац, коронавирусын шинэ, илүү аюултай штамм бий болох аюул зэрэг эдийн засгийн бус маш олон хүчин зүйл нөлөөлж байна. Нэн ялангуяа улс төрийн шинж чанартай хүчин зүйлүүд хүчтэй нөлөөлж байна. Түүний дотор, коронавирустэй хийх тэмцэлд олон улсын хамтын ажиллагаанд оролцох улс төрийн хүсэл зоригийн асуудал байна. Өнөөдөр энэ нь хамгийн ноцтой асуудлуудын нэг болж байна.
Дурын хямрал дэлхийн маш олон зүйлийг гарцаагүй өөрчилдөг. Олон улсын тавцан дээрх хүчний харьцааг ч гэсэн өөрчилнө.”Корона хямрал” гэсэн адилхан. Харин онцлог нь гэвэл түүний өмнө бүх орнууд, эдийн засгийн талаар хүчирхэг нь ч, бүх сул дорой нь ч мөн чанартаа адилхан болсонд оршино. Ямар нэг байдлаар бүгдээрээ нэрвэгдэв. Бүгдээрээ нөөц боломжоо дайчлах ёстой болов. Хамгийн ноцтой, заримдаа хүч хүрэхгүй ачаалал эрүүл мэндийн систем, нийгмийн албадад ногдов. Улс орон бүр тахалтай хийх тэмцэлд хоёр муугийн аль нэгийг биш, харин асар олон муугаас сонголт хийх ёстой болов. Чингэхдээ энэ ажилд үр ашгийн гайхамшиг гаргасан улсууд ч гэсэн тахлын шинэ дэгдэлтээс сэргийлж чадсангүй. Даяаршлын үйл явц, технологийн орчин үеийн хөгжил, тээврийн солилцооны хурд зэрэг нь манай гаригийг вирус тархах төгс орчин болгон хувиргажээ. Нэг ч улс орон “төмөр хөшгөө” бүрэн буулгаж чадахгүй. Эрт орой хэзээ боловч бүх улс орон худалдааны эргэлтээ сэргээж, жуулчид болон ажил хэргийн хүмүүст орох виз олгож, өөрийн иргэдийг хилийн чанадад гаргаж л таараа. Энэ нь тухайлан авсан оронд тусдаа дархлаа байж болохгүй гэсэн хэрэг юм. (Энэ нь намайг эхний өгүүллээ бичиж байхад тодорхой байсан.) Зөвхөн даяар цар хэмжээтэй хамтын дархлаа гэж л байх бөгөөд үүнд бүгдээрээ хамтран хүрэх ёстой.
Энэ жирийн үнэнийг эмч болон эрдэмтэд, хүмүүнлэгийн чиглэлийн олон улсын нөлөө бүхий байгууллагын төлөөлөгчид сайтар ойлгож байна. Гэтэл коронавирусын туршлагаас үзэхэд цөөнгүй улс орны засгийн газар үүнийг зөвшөөрөхөд бэлэн бус байна. Цар тахлын ид үеэр өвчинтэй тэмцэхэд бүх нийтээр эв нэгдэлтэй байх, харилцан туслалцах, эрүүл мэндийн системийн ажилд саад болж буй хоригуудыг цуцлах, тэр байтугай “халуун цэгүүдэд гал зогсоох дуудлагууд бүгдээрээ нуран унав. Хүйтэн дайны үеийн үндэсний аминч үзэл, “агуйн логик”, солиотой хийрхсэн айдас, хувийн, явцуу геополитикийн ашиг сонирхлоо хамгаалах оролдлогууд газар сайгүй нийт хүн төрөлхтний үнэт зүйлсээс хавьгүй хүчтэй аж.
Улс орнууд хөршүүддээ урьдчилан сануулахгүй буюу огт мэдэгдэлгүйгээр хилээ хаах болов. Мэдээлэл хуваалцах (түүний дотор эрдэмтэд, эмч нарт амин чухал хэрэгцээт) буюу бие биедээ эмийн зүйл, тоног төхөөрөмжөөр туслахыг яарахаа болив. Зарим нь асуудлыг бие даан шийдэх, зарим нь бусдыг хонжихийг илүүд үзэх болов.
“Тарилгын үндэсний үзэл”, худалдааны дайнууд нь юугаар ч цагаатгаж болохгүй олон тооны үхлийн шалтгаан болсон юм. Тэр ч байтугай тахлын үеэр хориг арга хэмжээний бодлогод өөрчлөлт гарсангүй. Харин ч эсрэгээр, жишээлбэл “Северный поток-2” арилжааны төслийн эсрэг тэмцэл хүчтэй болов.
Дайн үргэлжилсээр, заримдаа улам шинэ хүчээр: Уулын Карабахын зөрчил, Сири, Ливи, Афганистаны намждаггүй мөргөлдөөн, Хятад-Энэтхэгийн хилийн зааг дээр байн байн гарах зөрөлдөөн, Африк дахь хэд хэдэн газрын тулалдаан болж дүрэлзэж байна. АНУ, Хятадын хоорондын худалдааны дайн үзэл суртлын сөргөлдөөн болон гүнзгийрч, хүйтэн дайнтай төстэй зүйл болж хувирав. Одоо илт өдөөн хатгалга тухайлбал Европт болж байна. Өнгөрсөн жилээс эхлэн НАТО-гийн хөлөг онгоцууд Балтийн болон Хар тэнгисээр дамжин оросын хил рүү ойртон, заримдаа хил зөрчих нь хэвийн явдал болов.
Тахал ойртон нягтрах (интеграци) үйл явцад ч цохилт өгөв. Энэ хандлагыг өмнөх үеүдэд хамгийн бат бөх нэгдлийн нэг болж байсан Европын Холбооны жишээн дээр тодорхой ажиглаж болно.
Нийтийн гай гамшигтай нүүр тулаад ирэхээр Европ огтхон ч нэгдмэл биш гэдгийг COVID-19 харуулав. Тахлын ид үеэр Европын орнууд бие биенээ дэмжихээ болив. Өвчлөлийн нөхцөл байдал эгзэгтэй байдалд хүрээд байсан Италид үзүүлэх тусламж италийн өвчтөнг эмнэлэгтээ авахаас татгалзсан Европын Холбооны гишүүн улсуудаас биш, харин Орос, Хятадаас ирэв. Түүгээр ч үл барам италичуудад зориулсан маска, шүүгчийг Чехийн гааль замаас нь хураан авав. Италид маш их хоцорч байж Польш, Румын, Герман тусламж үзүүлэв. Эцсийн эцэст Австри, Герман, Люксембург улсууд хөрш Бельги, Голланд, Франц, Италиас өвчтөн авахыг арай ядан зөвшөөрөв.
Тахлын анхны оргил үе өнгөрсний дараа европын институтууд ажлынхаа алдааг засаж эхэлсэн ба нөхцөл байдалд дасан зохицох, ирээдүйд урьдчилан сэргийлэх арга хэмжээ боловсруулах болжээ. 2020 онд ЕХ коронавирусын сөрөг үр дагаврыг багасгах, хүмүүсийн амьдрал төдийгүй, хүмүүсийн орлогыг хамгаалахын тулд мянга гаруй шийдвэр гаргажээ. Өргөтгөсөн төсөв болон NextGenerationEU сан байгуулж, нийт дүнгээрээ 1,8 триллион еврогийн бараг хамгийн том урамшуулагч багц олгох боломжтой болов. (Европын комисс. ЕХ-ны 2020 оны үйл ажиллагааны тухай чөлөөт илтгэл)
Цар тахлын гуравдугаар сургамж: Улс орнуудын харилцан итгэлцэл бол худалдаа арилжаа, үзэл суртал, өрсөлдөөнөөс илүү чухал.
Коронавирусын тархалт итгэлцлийн даяар хямрал гэх бас нэг шинэ асуудлыг ил болгов. Энэ нь олон улсын байгууллагуудыг үгүйсгэх, “вакциныг сөрөн зогсох”, байнга харилцан хардаж сэрдэх, вирус тараасан буруутныг хайх зэргээр илэрч байна. ДЭМБ-ын нэр хүнд навс ганхав. Анхандаа олон улс орон ДЭМБ-тай хамтран ажиллахаас зайлсхийж, АНУ энэ байгууллагыг санхүүжүүлэхээ бараг зогсоов. Дараа нь ДЭМБ-ын шугамаар хамтран ажиллахаа сэргээв. Гэхдээ өнөөдөр болтол энэ асуудал хэвээрээ үлдэж байна. Гол зүйл нь юу вэ гэвэл энэ байгууллагад улс орнуудыг нэгдсэн, бүх түвшинд зохицуулсан улс төрийн бодлого явуулахад албадах хөшүүрэг байхгүйд оршино. Үндэсний засгийн газрууд ДЭМБ-ын санал зөвлөмжид захирагдахгүй байх, заримдаа дэлхийн бодлоготой зөрчилдсөн шийдвэр гаргах эрхтэй байгаа юм. Үүнтэй холбогдуулан ДЭМБ-д онцгой нөхцөлд (жишээлбэл, цар тахлын нөхцөлд) дэлхийн нийт хамтын нийгэмлэгийн ашиг сонирхлын үүднээс ач холбогдол бүхий дайчлах (мобилизаци) шийдвэр гаргах бүрэн эрх олгох талаар бодох ёстой болоод байна. ДЭМБ-д ийм бүрэн эрх олгохын тулд тухайн салбарт хамтран ажиллах тухай олон улсын конвенцийг НҮБ-ын гишүүн орнууд гаргах шаардлагатай болно байх.
Харамсалтай нь одоохондоо шинэ цар тахал үүссэн үед үйл явдлын аюултай өрнөлөөс урьдчилан хамгаалах баталгааны систем бүрдээгүй байна. Чухамдаа олон улсын хамтын ажиллагаа, үзэл суртлын догмаас татгалзсанаар янз бүрийн улс орны эмч, эрдэмтэд полиомиелит, улаан цагаан бурхан мэтийн хүнд өвчний тархалтын эсрэг тэмцэлд үр ашигтай арга хэрэгсэл боловсруулж чадсан жишээ түүхэнд олон бий. Эдүгээ улс орнуудын геополитикийн ашиг сонирхол вакцинжуулалтын асуудал дээр ч гэсэн зөрчилдөж байна. Одоо дэлхийд арав орчим вакцин байна. Гэхдээ тэдгээрээс бүх улс орнууд хүлээн зөвшөөрсөн нь ганц ч байхгүй.
Яагаад ингээд байгаа юм ? Хариулт ойлгомжтой. Бүх улс орнууд тэргүүн ээлжинд өөрийн үйлдвэрлэгчдийг дэмжиж байна. Түүнээс гадна вакцинжуулалтын асуудал үзэл суртлын өнгө аястай болж, ямар ч баталгаа байхгүй атлаа “өөрийнх бол илүү” гэж үзэх болов. Арилжааны ашиг сонирхол үйлчилж, улс орнууд олон улсын зах зээл дээр өөрийнхөө вакциныг ашигтай зарж, өрсөлдөгчдөө ялахыг эрмэлзэх болов. Гэхдээ тэд тарилгын ампул бүр нь аварсан буюу алдсан хүний амь нас гэсэн ганцхан “НО”-г мартаж байна.
“Тарилгын үндэсний үзэл”, худалдаа арилжааны дайн нь аль хэдийн юугаар ч цагаатгаж болохгүй үй олон золиосны шалтгаан болж хувирчээ. ДЭМБ-ын сул дорой байдал, янз бүрийн орнуудын халдварын арга хэмжээнд нөлөөлж чадахуйц үндэстнээс дээгүүр байгууллага байхгүй байгаа нь шууд утгаараа үхэлтэй төстэй болоод байна.
Одоо бол бүх улс орнууд хүмүүсийг аврахын тулд өөрийн геополитикийн ашиг сонирхлыг зохицуулах төдийгүй, яг одоо эхлэх ёстой. Бусад орнуудад үйлдвэрлэсэн вакцинийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Гэхдээ хамгийн гол нь НҮБ болон ДЭМБ-ыг хангалттай хэмжээний вакцинаар хангаж, түүнийг бие даан худалдан авч чадахгүй байгаа улс орнуудад өгөх хэрэгтэй.
Вакцинийг харилцан зөвшөөрөх асуудалтай гадаад бодлогын ковидын паспорт нэртэй (зарим оронд үүнийг арай өөрөөр “боломжийн паспорт” гэж нэрлэж байгаа) бас нэг асуудал нягт холбоотой гарч ирэв. Энэ бол иргэдийн суурь эрхийн нэг болох хил нээхэд тустай шилжин явах эрх чөлөө, чингэхдээ хүмүүсийн аюулгүй байдлыг хангах энгийн бөгөөд зохистой арга мөн. Гэхдээ энэ систем нь янз бүрийн вакциныг аль болох олон орон хүлээн зөвшөөрсөн тохиолдолд л үр ашигтай байж чадна. Өвдсөн, тариулсан тухай мэдээллийн нэгдсэн системийг жишээлбэл ДЭМБ буюу НҮБ-ын аль нэг бүрэн эрхт байгууллагын ивээл дор бий болгох нь онцгой чухал.
Жилийн өмнө ярьснаа ахиад л давтая: энэ хоёр байгууллага манай гаригийн бүх тивд аюулт халдварыг дийлэхэд тус нэмэр болох санал санаачлага боловсруулах шаардлагатай талбайг олгодог байх ёстой. Энэ бол олон улсын нөлөө бүхий, нэр хүндтэй бүтцэд ногдсон жирийн роль, үүрэг биш юм. Чухам эдгээр нь эдүгээ даяар хэмжээнд хамтран ажиллахад саад болж буй атгаг бодол, улс төрийн ашиг сонирхлоос дээгүүр байх чадвартай юм.
Вакцины “үндэсний үзэл” нь янз бүрийн орнууд бие биенээ үхлийн вирус зохиомол шинж чанартай гэж ноцтой хардаж сэжиглэх явдлыг өдөөж байна. Ингэж хардах үндэслэл нь үхлийн вирусын судалгаа явуулдаг лабораториуд АНУ-д байгаа хийгээд Орост нэн түгшүүртэй нь манай хамтрагч ТУХН-ийн орнуудын нутаг дэвсгэр дээр эдгээр лабораториуд оршин байгаа баримтууд юм. Ийм төвүүдийн үйл ажиллагаа тас харанхуй. Ийм судалгааг хянах олон улсын хяналт огт байхгүй. Дэлхий дахинаараа яагаад ч тэсэн гарч чадахгүй халдвар “алдах” аюул бүрэн хангалттай. Харилцан нээлттэй байх зарчимд суурилж ийм лабораториудыг хянах систем хэрэгтэй байна. Гэхдээ бүр ч илүү чухал зүйл бол аюултай бодис, бэлдмэл тархах боломжит үр дагаварт харилцан баталгаа, бүрэн хариуцлага хүлээх улс хоорондын систем бүтээх явдал юм. Даяар ертөнцийн нөхцөлд халдвар алдах нь хэдхэн цагийн дотор аюулт сүйрэлд хүргэж болзошгүй. Түүнээс гадна дэлхийн хамтын нийгэмлэг биологийн болон дурын өөр аюул занал үүссэн онцгой нөхцөл байдалд энэ тухай бие биедээ нэн даруй мэдээлэх талаар хэлэлцэн тохиролцох ёстой.
Би өмнөх өгүүлэлдээ аюулгүй байдлын салбар дахь олон улсын суурь баримт бичгийн нэг-биологийн зэвсгийг хориглох тухай Конвенцийг бүрэн хэмжээгээр сахин биелүүлэх нь залйшгүй тухай бичсэн билээ. Цар тахал дууссаны дараа биологийн судалгааны салбар дахь олон улсын хамтын ажиллагааны зарчмуудыг уг сууриар нь дахин авч үзэх нь чухал. Харамсалтай нь манай зарим хамтрагчид энэ чиглэлээр ажиллахад бэлэн бус байгаа нь хүчдэл, харилцан үл итгэхийн шалтгаан болсоор байна.
Хямрал өөр нэг асуудал нь нэмсэн ба энэ нь виртуаль орон зайд зохион байгуулалттай гэмт хэрэг, алан хядагч болон хэт туйлшрагч бүтцүүд улам бүр идэвхтэйгээр түрэн орж ирж буй явдал юм. Энэ нь олонхи улсын аюулгүй байдалд ноцтой аюул занал учруулж байна. Кибер гэмт хэрэгтэй хамтран тэмцэх, янз бүрийн улсуудын хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагаа, цифрийн ертөнц дэх даяар аюулгүй байдлыг хангах систем хөгжүүлэх зэрэг тулгамдсан сэдвүүд байгааг сануулж байна. Харамсалтай нь энэ чиглэлийн ажил хэтэрхий удаан байгааг хүлээн зөвшөөрөх ёстой. Өнгөрсөн жилд онцгой дэвшил гараагүй, гаргаж чадаагүй.
Цар тахлын дөрөвдүгээр сургамж: вакцинд албадах нь үр ашиг муутай, соён гэгээрүүлэх ёстой.
Коронавирусын тарьсан аюул занал хэр ноцтой вэ ? Одоо бүх нийтийн вакцинжуулалт цар тахлын шинэ дэгдэлтээс урьдчилан сэргийлэх баталгаа болж чадах уу ? Харсаар байтал манай нийгэмд энэ талаар хариулт алга, янз бүрийн санал бодол л байна. Эрдэмтэд, эмч нарын зөвлөмжийг үгүйсгэж, уриалан дууддаг “ковидын үймүүлэгчид” гэж нэрлэгдсэн бүлгүүд хүртэл байна.
Үүнтэй холбогдон төрийн өмнө ёс суртахууны талаасаа туйлын олон янзийн үзэл бодол асуудал босгож байна. Иргэдийн хувийн ашиг сонирхол нийгмийн ашиг сонирхлоос тэс хөндлөн явж, бусад хүмүүсийн аюулгүй байдлын хэм хэмжээтэй хэр зэрэг зөрчилдөх ёстой вэ ? Төрөөс иргэдийг заавал вакцин хийлгэ гэж албадах эрхтэй юу ?
Цар тахлын эхэн үед бүх улсууд соён гэгээрүүлэх ажил хийсэн. Иргэдэд нийтийн сайн сайхны тулд заримдаа хувийн ашиг сонирхол, тав тухыг буюу тэр ч байтугай, жишээлбэл, чөлөөтэй шилжин явах эрхийг хойш тавих явдал гардгийг тайлбарлаж, ойлгуулж байлаа. Чи үүнийг хүссэн, эс хүссэнээс үл хамааран эмчлүүлэх хэрэгтэй, яагаад гэвэл орчин тойрондоо халдвар түгээх өндөр эрсдэлтэй. Засгаас авч буй хорио цээрийн заалтыг заавал биелүүлэх ёстой. Хэрэв вирус цаашид тархах өндөр эрсдэлтэй бүлэгт орох юм бол вакцинжуулсантай адил. Үүний хариуд “тарилгын дарангуйлал”, “хүний эрх зөрчсөн” гэх ял зэмлэл зүй ёсоор гарав.
Ийм албадлага үргэлж зөв байх уу ? Маргаантай бөгөөд хүнд асуулт. Нэг талаасаа хүний эрх бол хөдөлшгүй үнэт зүйл. Нөгөө талаасаа вирустай байнга ажилладаг буюу үргэлж олон хүнтэй байдаг эмнэлэг, боловсролын салбар, нийтийн хоолны газар, төрийн байгууллага зэрэгт ажилладаг иргэд гэж байгаа. Тэдний халдвар үлдсэн хүмүүсийн эрүүл мэнд, амь насанд аюул учруулж, бусдын эрхийг зөрчинө.
Сая хүнийг аврахын тулд хэдэн арав, тэр ч байтугай мянган хүний эрх чөлөөг хязгаарлаж болно. Ийм явдал дайны явцад, алан хядах заналхийллийн нөхцөлд, тахлын үеэр нэг бус удаа болдог л байсан. Гэхдээ “болно” гэдэг нь “заавал” гэсэн хэрэг биш. Хэдийгээр зарим улс иргэдээ хүчээр вакцинжуулж байгаа боловч Орос тэр замаар яваагүй, манай орны вакцинжуулалт бүхэлдээ сайн дурын байгаа. Гэхдээ тодорхой бүлгийн (категор) иргэдийг 10 дугаар сарын эцэс гэхэд заавал вакцинжуулах тогтоол гаргасан. Чингэхдээ бүх нийтийг заавал вакцинжуулах сэдвээр хийх маргаан гэрийн нөхцөл гэж нэрлэдэг экспертүүдийн түвшинд үргэлжилж байна.
Тодорхой нөхцөлд нийт хүн амын нийгмийн аюулгүй байдал тухайлсан иргэний эрх, эрх чөлөөнөөс илүү чухал юм. Олонхийг хамгаалах нь ардчиллын суурь зарчим мөн.
Энэ сэдвийг арай илүү тодорхой авч үзье. Заавал вакцинжуулалтын талаар бүх улс орнууд гурван бүлэгт хуваагдаад байна: а/ заавал вакцинжуулалт хийж буй, б/ иргэдийн тодорхой бүлэгт вакцинжуулалт хийж буй, в/ вакцинжуулалт бүрэн сайн дурын. Манай Орос б/ ангилалд орж байна.
Гэхдээ манайд вакцин хийлгээгүй хүмүүсийн хувьд: бусад орон руу гарахыг хориглох, боловсролын болон эрүүл мэндийн байгууллагуудад хүлээн авахаас татгалзах, ажлаас халах буюу ажилд авахаас татгалзах зэрэг эрхийг нь хязгаарлах арга хэмжээ авч байгаа. Коронавирусын вакцинжуулалтыг одоохондоо нийтийн тарилгын үндэсний хуанлид оруулаагүй байна. Мөн иргэдийг вакцинд хамрагдах үүргээ биелүүлээгүйн төлөө эрүүгийн болон захиргааны хариуцлага оноохгүй байгаа. (Харин Оросын хэрэглэгчдийн эрхийг хамгаалах Хяналтын газрын зааврыг биелүүлээгүй хуулийн этгээдэд хариуцлага хүлээлгэж буй.) Өөрөөр хэлбэл, одоохондоо энэ салбар дахь хууль тогтоомж манай оронд маш их либерал байгаа.
Маш олон улс үүний эсрэгээр заавал вакцинжуулалт хийж байна. (Тажикистан, Туркменистан, Индонез, Фижи, Саудын Арав, зарим нөхцөлтэйгөөр Итали болон бусад улсууд). АНУ-д заавал вакцинжуулалт, эсвэл 100-аас дээш орон тоотой байгууллагад заавал тест хийх болжээ. Европын хэд хэдэн улс вакцинаас татгалзвал маш өндөр торгууль тогтоожээ. Италид торгуулиас гадна захиргааны албадлага, Францад эрүүгийн хариуцлага хүртэл хүлээлгэх болжээ. Заавал вакцинжуулах загварыг хэрэглэх нь хууль ёсных гэдгийг 2021.08.04-нд Европын хүний Эрхийн Шүүх “Вавржичка болон бусад хүмүүс Чех улсын эсрэг” хэргийг шийдэхдээ гаргажээ. Энэ шийдвэрээр заавал вакцинжуулахад албадах нь хууль ёсны арга хэмжээ бөгөөд захиргааны торгууль тавих, тариулаагүй хүүхдийг цэцэрлэгт авахыг хориглох зэргийг хууль ёсны хэмээн зөвшөөрч, вакцинжуулалт нь өөрөө ардчилсан нийгэмд зайлшгүй бөгөөд гарцаагүй байх зүйл гэж хүлээн зөвшөөрчээ.
Онцгой нөхцөлд байдалд Европын Хүний Эрхийн Шүүх өөртөө хэвшмэл байдаг сүржин зангаа орхиж, тодорхой хүмүүсийг вакцинжуулахыг үнэндээ бол албадсан юм. Сая сая хүмүүсийн амь нас, эрүүл мэнд яригдаж байхад улс төрийн тоглолт, эрхээ хортойгоор ашиглах явдлыг зогсоох ёстой юм.
Манай оронд анх удаагийн вакцинжуулалтыг 1796 онд II Екатерина хатан хааны цэцэг өвчний эсрэг заавал вакцинжуулалт (вариоляци) хийх зарлигийн дагуу хийж байсныг сануулмаар байна. Энэ нь бүр эртний Хятадад үүссэн арга байлаа.
Зөвлөлт Холбоот Улсын үед урьдчилан сэргийлэх тарилга хийх хуанли бүтээж, цэцэг, эсэргэнэт хижиг, хумхаа, сүрьеэ, сахуу, татран зэргийн эсрэг заавал вакцинжуулж байлаа. Харамсалтай нь энэ систем ЗХУ алга болохын хамт сүйрсэн бөгөөд вакцины эсрэг мунхаг харанхуй суртал нэвтрүүлгийн нөлөөн дор вакцинжуулалтад хандах хандлага төлөвшсөн юм.
Вакцины эсрэг суртал нэвтрүүлгийг зөрчилтэй, баталгаагүй баримтад үндэслэн явуулж байгаа бөгөөд энэ нь нэлээд тохиолдолд нийгмийн аюулгүй байдалд илт заналхийлсэн эрхийн эсрэг санаатай үйлдэлтэй дөрөө харшуулах болов. Чухам ийм учраас вакцинжуулалт явуулахад ийм их хүндрэлтэй бид тулгараад байгаа юм. Хэрэв бид хүмүүсийг хариуцлагагүй байдалд итгүүлэх аргыг олдоггүй л юм бол шуудхан хэлэхэд ийм зан үйл нийгмийн эсрэг (асоциальный) зүйл болох бөгөөд биднийг бүр ч хүнд хэцүү цаг хүлээж байна.
Гутранги үзэл, үл тоомсорлох явдлыг даван туулах, хүмүүсийн айдсыг сарниулах олон арга бий. Вакциныг эсэргүүцэх нь үндсэндээ коронавирусын эсрэг вакцин бол шинэ бэлдмэл, одоохондоо муу судлагдсан, хурдасгасан горимоор яаруу сандруу хийсэн, маш их сөрөг үр дүнтэй гэдэгт үндэслэдэг. Олон хүнийг айлгаж байгаа гол зүйл нь хийлгэсний дараа ямар ч ялгаагүй өвдөх эрсдэл юм. Экспертүүд эдгээр шүүмжлэлд ул үндэстэй, тов тодорхой хариулт нэг бус удаа өгсөн. Бүх вакцинууд сертификацийн цуврал шалгалтыг бүрэн хэмжээгээр давсан, судалгааны зарим үе шатыг зэрэгцээ бөгөөд нэгэн зэрэг хийсэн, энэ нь тахлын үед байх хэвийн практик гэдгийг тайлбарлан таниулсан. Вакцинжуулалтын гаж үр нөлөө тов тодорхой бөгөөд энэ талаар тусгай зохиол бүтээлүүдэд бүрэн тусгасан. Тарихад тохирохгүй хүмүүсийн бүлгийг ялган хэлж өгсөн. Вакцинжуулсан хүмүүс өвдсөн ч гэсэн хүндрэл гарахгүй эдгэж байгаа нь хамгаас чухал юм. Энэ нь бусад үр ашгаас гадна эмнэлгийн байгууллагын ачааллыг бууруулах, өөр өвчтэй хүмүүст илүү анхаарал хандуулах, төлөвлөгөөт эмчилгээ, хагалгаа хийх боломж олгож байна.
Энэ оны намар Оросын хүн амын 45% хамтын дархлаатай болоод байх үед гэнэт коронавирусаас үүдсэн үхэл өдөр бүр мянга даван бүртгэгдсэн үед энэ нөхцөл байдал онцгой хурцаар илэрсэн.
Хүмүүсийг вакцинжуулалтад өдөөхийн тулд ажлаас чөлөөлөх, нэг удаагийн мөнгө төлөх, хувийн зохистой график, ажлын хэлбэрээ сонгох зэрэг урамшууллын систем ашиглаж эхлэв. Яг ийм аргыг улсын түвшинд “ажиллуулсан” бөгөөд вакцинжуулсан сертификаттай хүмүүс нийтийн арга хэмжээ, олон нийтийн газар саадгүй орох, хязгаарлалтгүйгээр аялж жуулчлах, зайнаас биш, биечлэн суралцах болов. Энэ утгаар вакцинжуулалтын биет үлгэр жишээг нэрд гарсан хүмүүс, олон нийтийн санал бодлын манлайлагчдаас эхлээд төрийн нэгдүгээр хүн хүртэл үзүүлсэн нь багагүй тус болсон.
Ковидын эсрэг эм бэлдмэлийг сурталчлах, олон төрлийн вакцинаас сонголт хийх боломж олгох зэрэг цэвэр маркетингийн нүүдлийг тооцооноос хасч болохгүй. Хүмүүсийг вакцинаа хурдан бөгөөд үнэ төлбөргүй, өөртөө тохиромжтой вакцинжуулалтын цэгт хийлгэхийн тулд вакцины хүрэлцээг ихэсгэх ёстой болов. Энд мэдээж хэрэг хэрэглэж буй вакцины нэр төрлийг олшруулах, мөн нийтийн ковид-паспорт бий болгосон зэрэг олон улсын хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэсэн. Энэ бүхэн нь хямралын үед нийгмийн хариуцлагатай зан үйл төлөвшүүлэхэд хангалтгүй гэдгийг сүүлийн үеийн туршлага харуулж байна.
Тариулаагүй хүмүүсийн эрхийг ихээхэн хумих “урвуу” аргууд бий л дээ. Тодруулбал, алсын ажилд шилжүүлэх, хүнтэй ажлаас зайлуулах, ковид-үймүүлэгчид нийгэмд аюул занал учруулж байгаа учраас цалинг нь хасах гэх мэт. Дээр хэлснээр энэ аргыг маш олон улс идэвхитэй хэрэглэж байна. Энэ нь тариулсан эсэхээр нь хүмүүсийг тодорхой хэмжээгээр зааглан ялгахад (сегрегаци) хүргэх нь мэдээж хэрэг. Гэхдээ л ийм арга хэмжээ үр дүнтэй бөгөөд олон хүн түүнийг ойлгон дэмжиж байгаа. Үнэхээр ч тариулаагүй хүмүүс ихэнхи улс орон бүрэн вакцинжуулах хүртэл зөвхөн өөрийгөө төдийгүй орчны хүмүүс, ялангуяа хүүхдүүдэд хор хүргэх болно. Ийм учраас энэ хүрээн дэх хууль тогтоомжийг боловсронгуй болгож, манайд тулгарсан дуудлагад хариулт олох ёстой юм. Шууд хэлэхэд энэхүү хариулт нь цар тахлын бий болгосон нийгмийн аюулгүй байдалд заналхийлсэн аюулын түвшингөөс хамаарна.
Тодорхой нөхцөл байдалд нийгмийн аюулгүй байдал, нийт хүн амын нийгмийн сайн сайхан тухайлсан иргэний эрх, эрх чөлөөг сахин мөрдөхөөс илүү чухал. Олонхийг хамгаалах нь ардчиллын суурь зарчим мөн. Хэн нэгэнд таалагдах эсэх нь хамаагүй.
Цар тахлын тавдахь сургамж: сайнгүй муу үгүй
Цар тахал дэлгэрснээс учирсан хор хохирлын тухай зөндөө ярьсан. Гэхдээ ийм хүнд хэцүү нөхцөлд ч гэсэн хүн төрөлхтөн өмнө нь огт бодож байгаагүйгээ хийж, өөртөө ашиг гаргаж чадаж байна. Өнгөрсөн хоёр жилийн туршлагад хэдий хачирхалтай ч бид цар тахалд тал өгөх ашигтай зүйлс байгаа юм.
Хамгийн гол нь бид хамгийн хүнд хэцүү, таамаглаж боломгүй дуудлагад хурдан хариулж сурсан. 2020 оны 2-р сард ийм богино хугацаанд ийм их зүйлийг хийж болно гэж Орост хэн ч таамаглаж байгаагүй. Улс орны эрүүлийг хамгаалах системийг үр ашигтай дайчлав, засаглалын байгууллагын ажлыг шинэ зарчимд шилжүүлэв, амин чухал эм бэлдмэл, вакцин, хамгаалах хэрэгслийн гаргалтыг амжуулав, шинэ шинэ эмнэлэг, больниц барьж, ашиглалтад оруулав, электрон үйлчилгээний тусламжтайгаар иргэдэд мэдээлэх, мэдээлэл авах найдвартай систем бүтээв. Энэ бүхэн асар их хүч чармайлт, аварга их нөөц шаардсан боловч зорилгодоо хүрч чадав. Иймэрхүү туршлага ирээдүйд туйлын чухал.
COVID-19 аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгалыг хурдасгав. 2020 оны 3-р сараас эхлэн хоол хүнс хүргэх, төрийн үйлчилгээ авах, соёлын виртуаль арга хэмжээ, банкны төлбөр, зайны сургалт зэрэг янз бүрийн онлайн үйлчилгээний тоо, чанар тэсрэлтэт өсөлт гаргав. Энэ бүхэн нь хүмүүсийн биет шүргэлцлээс зайлсхийх яаралтай шаардлагаас үүссэн. Гэхдээ онлайн хэрэгслүүд бидний амьдралд бат суурьшиж, өдөр тутмын нэн шаардлагатай, дасал болсон, зайлшгүй хэрэгцээт зүйл болов.
Түүний хамт өмнө нь бараг анхаарч байгаагүй шинэ асуудал бий болов: тодорхой иргэд, тэр ч байтугай бүхэл бүтэн бүс нутаг, улсуудын цифрийн тэгш бус байдал үүсэв. Эдүгээ бэлнээр хийх тооцоо өнгөрсөнд үлдэж, газар сайгүй төлбөр тооцооны бэлэн бус хэлбэрт шилжив. Гэхдээ л янз бүрийн үнэлгээгээр 1,7 миллиард хүн буюу дэлхийн хүн амын 22% орчин үеийн банкны технологид хүрч чадахгүй байна. Цифрийн үйлчилгээ, тогтвортой интернетээс таслагдсан хүмүүс амьдралын амин чухал боломжоосоо салах болов.
Цар тахал ажилтан хийгээд ажил олгогчдын харилцаанд язгуур өөрчлөлт авчрав. Нүсэр хүнд олон ажил, түүний дотор баримт бичгийн эргэлт “тоонд” шилжив. Өмнө нь дүрэм журмаас гажсан гэж үзэж байсан зайнаас ажиллах хэлбэр ажил эрхлэлтийн шинэ хэлбэр болон бүрэн төлөвшив. Тогтвортой интернет сувагтай болсон ажилтан ажил олгогчийн албан өрөөнд хавчигдахгүй болж, өөр хот, тэр ч байтугай дэлхийн бөмбөрцгийн дурын цэгээс ажил хийх боломжтой болов. Үр дүнд нь хүмүүс өөртөө илүү тохь тухтай газар руу шилжин амьдрах үйл явц хүчтэй болов.
Үүний хамт төрийн өмнө зайны ажил эрхлэлтэд эрх зүйн зохицуулалт хийж, түүнийг хууль зүйн хувьд хэлбэржүүлэх ажил босч ирэв. Зайнаас ажилласан хүмүүст бага цалин өгөх эсэх, тэдний хөдөлмөрийн эрхийг яаж хангах, ямар хязгаарлалт, ямар хөнгөлөлт үзүүлэх зэрэгт өгөх хариултууд эрх зүйн ихээхэн зөрчилдөөн төрүүлж байна.
Ажил эрхлэлтийн ийм хэлбэрийн эрх зүйн яг таг хүрээ заагийг тодорхойлох ёстой болж байгаа бөгөөд энэ нь удаан, хүнд ажил юм. Манайд зайнаас ажил эрхлэлтийн хөдөлмөрийн хууль тогтоомжийг ахар богино хугацаанд гаргаж чадав. Энэ нь зайнаас ажиллаж буй олон тооны ажилтнуудыг хамгаалж чадсан болно. Одоо ийм хөдөлмөрийн гэрээний эрх зүйн практикийг хуримтлуулах ажлыг хийж байна. Гэсэн хэдий боловч энд зөрчилтэй асуудлууд олон гарах шинжтэй.
Зайнаас боловсрол, түүний дотор дунд, дээд боловсрол олгох аргын талаар манай нийгэм маш олон янзаар хандаж байна. Нэг талаасаа, үүнийг шинэ мянганы цифрийн орон зай руу алхам урагшилсан явдал гэж бүрэн эрхтэйгээр хэлж болно. Энэ нь дэлхийн янз бүрийн цэгүүдэд амьдарч буй хүмүүсийн боломжийг тэнцүү болгож, боловсролын хөтөлбөрт яг адилхан хүрэх явдлыг хангаж байна. Нөгөө талаасаа олонхи тохиолдолд чанартай мэдлэгийг зөвхөн шууд хэлбэрээр, багштайгаа шууд харьцаж байж олж болдог. Энд бас л ухаалаг тэнцвэрийг олж, бүхий л зохион байгуулалт, эрх зүй, санхүүгийн асуудлыг зохицуулах хэрэгтэй.
Цар тахлын өөр нэг үр дүн нь мэдээлэл (информаци), массмедиа, статистик өгөгдлийн их хуримтлалын (массив) хүрээнд хамаарна. Вирустэй өөртөй нь тэмцэхээс гадна нийгэмд айдас сандрал, эмх замбараагүй байдал өдөөх, суулгах чадвартай мэдээллийн хүчирхэг дайралт, мэдээний урсгалтай тэмцэх ёстой болоод байна.
Янз бүрийн үнэлгээгээр COVID-19-ын тухай мэдээллийн тавны нэг нь хулхи (фейк) зэрэглэлд орж байна. Энэ ч гэсэн ихээхэн өөдрөг үнэлгээ юм. Маш олон улс олон нийтийн санал бодлыг үймүүлэх, тэртэй тэргүй хүндрэлтэй байгаа нөхцөл байдлыг тогтворгүйжүүлэх оролдлогуудтай тулгарч байна.
Үнэн магадтай, бүхнийг хамарсан статистик цуглуулах, боловсруулах ажил, олон нийтэд зориулсан соён гэгээрүүлэх болон мэдээллийн төсөлд шинэ хандлага шаардагдаж байна. Орос болон бусад олон улсууд худал, өдөөн хатгасан мэдээлэл тараахад хатуу хариуцлага хүлээлгэх арга хэмжээ авч байна. Үүнийг үг хэлэх эрх чөлөөг хязгаарласан, цензур тогтоосон гэж үзэж болохгүй юм. Энд болгоомжгүй хэлсэн үг бүр онцгой аюултай дуулиан өдөөж, нийгмийн сандрал, тэр ч байтугай гэмт хэргийн өдөөгч болж болзошгүй нөхцөлд тарааж буй зориудын хуурамч (санаатайгаар тараасан) мэдээллийн тухай ярьж байна.
Цар тахлын зургадугаар сургамж: бидэнтэй удаан байх вирус
Бидний хүссэн эсэхээс үл хамааран коронавирус манай амьдралд түрэн орж, бид түүнтэй маш удаан үлдэх бололтой. Бүх нийтээр вакцинжуулж хүн төрөлхтөн энэ өвчний эсрэг хамтын дархлаатай болсон ч гэсэн бүс нутгийн халдварын шинэ дэгдэлт үүсэх боломж хэвээрээ байна. Ойрын саруудад нөхцөл байдлыг бүхэлд нь хяналтдаа авч амжина гэж үзэх бүхий л үндэслэл байгаа юм. Гэхдээ тов тодорхой өөр зүйл бий: ирээдүйд иймэрхүү аюул заналыг няцаах байнгын бэлэн байдалд байх ёстой. Энэ нь дэлхийн бүх улс гүрнээс иргэдийн амь нас, эрүүл мэнд, сайн сайхныг хариуцсан бүх системдээ дээд зэргийн анхаарал хандуулахыг шаардаж байна. Эдийн засаг, амьдралын бүх салбарт шинэ технологи, шинэ арга хэрэгслийг нэвтрүүлэх нь чухал байна. Нийгэм дэх тэгш бус байдлын түлхүүр цэгүүдийг арилгах, хамгийн эмзэг бүлгийн хүмүүсийг дэмжих, онцгой нөхцөл байдлын үед “аюулгүй байдлын дэр” бүтээх зэрэгт хүч, нөөцөө дээд зэргээр чиглүүлэх хэрэгтэй. Хүн бүрт яаралтай, төлөвлөгөөтэй тусламж, эм, вакцин, хамгаалах хэрэгсэл зэргээр эмнэлгийн чанартай тусламж авах баталгааг өгөх хэрэгтэй. Хүнд хэцүү үед хүмүүс зүгээр нэг амьд явах биш, харин өдөр бүр сэтгэл дүүрэн амьдрахад нь бүхнийг өгөх ёстой.
Хоёр жилийн энэхүү үйл явдал манай иргэншлийн түүхэнд арилшгүй ул мөр үлдээв. Федор Михайлович Достоевский: “Бүх хүмүүсийн төлөө бүх хүний өмнө хүн бүр хариуцлага хүлээдэг” гэж бичсэн юм. Эдүгээ өөрийнхөө эрүүл мэндийн төлөө хийгээд бусад хүмүүсийн аюулгүй байдлын төлөө хүлээх хувийн хариуцлагын хэмжээгээ сайтар бодож эрэгцүүлэхийг хүн бүрээс шаардаж байна. Бас манай ертөнцөд болж буй бүхний төлөө, ер нь бол бүх хүн төрөлхтний хувь заяаны төлөө…
Жич: “Чам мууд үүнийг орчуулахгүй зүгээр хэвтэх эрх байхгүй” гэж намайг сүрдүүлж албадсан АТОЗ-ийн шар Батчулуунаас орчуулга хийсний хөлсөө заавал нэхэж авах болно…
Орчуулсан: Судлаач Х.Д.Ганхуяг.
2021 оны 11-р сарын 05.
Discussion about this post