Монгол Алтай, Говь-Алтай, Хангай, Соёны нуруудыг дамнасан 328 000 км квадрат газар нутагт тархан амьдарч буй ирвэсийн тоо толгой 806-1127 хооронд буюу ойролцоогоор 953 байна гэсэн судалгааны үр дүн гарчээ.
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар санаачлан манай орны цоохор ирвэсийн тархац нутгийг нарийвчлан тогтоох, тоо толгойг үнэлэх өргөн цар хүрээтэй судалгааг Монголын ирвэс хамгаалах сан, Олон улсын ирвэс хамгаалах сан, ШУА-ийн Ерөнхий ба Сорилын биологийн хүрээлэн хамтран 2017 оноос хийж, ийнхүү тоо толгойг тогтоов. Үүнд МУИС-ийн эрдэмтэн судлаач, Тусгай хамгаалалттай газар нутгуудын мэргэжилтэн, байгаль хамгаалагч, нутгийн иргэд гээд 500 орчим хүн 40 гаруй удаагийн хээрийн судалгаа хийсэн байна.
Төв Азийн 12 оронд цоохор ирвэс бий. Тэдгээр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр баталсан “Дэлхийн цоохор ирвэс, түүний амьдрах орчныг хамгаалах хөтөлбөр”-т дэлхийн хэмжээнд цоохор ирвэсийн тоо толгой, тархац нутгийг тогтоох зорилго тавьжээ. Монгол Улс дээрх орнуудаас анхлан шинэлэг арга зүйгээр том талбай хамарсан судалгаа хийснээрээ онцлогтой юм. Ингэснээр Монгол орон дэлхийд цоохор ирвэсийн хоёр дахь том популяц бүхий улс болж байна.
Discussion about this post