МУГТ Э.Цэндбаатар Эрдэнэт хотод өнөөдөр болох байсан ДАШТ-ий сорилгод орохоос татгалзжээ. Сорилго тэмцээнд оролцох хоёр тамирчин өглөө 07.00 цагт жингийн үзлэгт орох байсан ч Э.Цэндбаатарын дасгалжуулагч Б.Энхтайван “Бид маргаашийн сорилгод оролцох боломжгүй боллоо” гэдгээ тэмцээний шүүгчид мессежээр мэдэгдсэн байна.
Ердөө хэдхэн хоногийн өмнө дасгалжуулагч багшдаа хадаг барин мөргөж, “Та нарынхаа итгэлийг алдахгүй, сорилго явуулаад өгөөч” гэж гуйж байсан тамирчин гэнэт өнөөдөр тэмцээнээс татгалзсан нь санаандгүй зүйл биш байж таарна.
Бүр тодорхой хэлбэл, Боксын холбооны ерөнхийлөгч Х.Нямбаатар гэж нэг цайчихсан этгээд тэмцээний өмнө 25-р суваг телевизийн “Ам нээвэл” ярилцлагад мөнгө төлж ороод “Э.Цэндбаатар өөрөө түрүүлж цохисон, би худлаа яриагүй, бичлэг нь байгаа” хэмээн ярьсан билээ. Бичлэгийг нь хүртэл нийгмийн сүлжээнд тавьсан. Гэвч хэсэг хэсгээр тасдаж тавьсан бичлэгээс хэн нь түрүүлж цохисон, зодоон эхлүүлсэн гэдгийг нотлох боломжгүй нь тодорхой.
Тэгээд ч Х.Нямбаатар сайдын энэ удаагийн үйлдлийг шийдвэрлэх тэмцээний өмнө Э.Цэндбаатар тамирчинд сэтгэл зүйгээр дарамталж, тэмцээнээс хүчээр татгалзуулах гэсэн шахалт гэж үзэхээс өөр аргагүй. Зөвхөн сэтгэлзүйгээр нь дарамтлаад зогссон гэдгийг бас хэн нотлох юм.
Хэрэв тиймгүй байсан бол УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд хүн хамаг ажлаа хаяад, архи уусан хүмүүсийн зодоон нүдээн дээр гүйж очоод “энэ нь түрүүлж цохисон, тэр нь цохиулсан” гээд шүүгч хийгээд явна гэж байх уу? Тэмцээний өмө тамирчнаа ингэж дэмждэг спортын холбоог та урьд өмнө үзсэн үү?
Х.Нямбаатар гэж нөхөр хүний хөлс, цусанд тийм их дуртай юм бол УИХ-ын гишүүнээ болиод, Хууль зүйн сайдаа өгчихөөд явж очоод тэр зодоон цохионоо шүүх хэрэгтэй. Тэгж чадахгүй бол нэгдлийн бух шиг айл айлын зэл шөргөөгөөд, түйвээгээд явах хэрэггүй.
Б.ЗАЯА
Discussion about this post