Засгийн газрын өнөөдрийн /2021.09.29/ ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.
“Шинжлэх ухаан, технологийн салбарт авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол батлагджээ. Энэ талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л. Энх-Амгалан танилцуулахдаа “Энэхүү тогтоолоор:
- Эрдэм шинжилгээний байгууллагуудын судалгааны үндсэн чиглэлийг тогтоож үр дүн, гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх
- Салбарын цахим шилжилтийг эрчимжүүлэх
- Шинжлэх ухаан технологийн сангийн зохион байгуулалт, менежментийг сайжруулах
- ШУТҮЗ-ийн үйл ажиллагааг идэвхжүүлэх
- Судалгааны лабораториудын менежмент зохион байгуулалтын эрх зүйн шинэ орчин бүрдүүлж, хэрэгжилтийг хангах
- Салбарын хүний нөөцийг чадавхжуулах, бэлтгэх, давтан бэлтгэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэх зэрэг салбарт тулгамдаж буй шинэчлэлийг хийх боломж ийнхүү бүрдэж байна.
Өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд Шинжлэх ухаан, технологийн сангаас нийт 4000 орчим судалгааг 150 орчим тэрбум төгрөгөөр санхүүжүүлсэн. Гэвч өндөр өртгөөр хийсэн дээрх судалгаанаас өнөөдөр хэд нь эдийн засгийн эргэлтэд орж, инноваци болсон бэ гэдэг нь тодорхойгүй байна. Ил тод бус шинжлэх ухааны ЖДҮ гэж хэлж болохоор сангийн үйл ажиллагааг цаашдаа ил тод нээлттэй болгохоор тогтлоо. Монгол Улс анх удаа лабораторийн тооллого хийхэд нийт лабораторийн 70-80 хувь нь орчин цагийн судалгаа шинжилгээ хийж чадахгүй байдалд орсон байна. Өнөөдрийн хурлаар хүрээлэн их, дээд сургуулиудын газрыг улсын тусгай хэрэгцээнд авч байна. Ингэснээр цаашид эдгээр газрыг хувийн хэрэгцээнд алдахгүй нөхцөл бүрдэж байна. Залуу эрдэмтдээ тэтгэлгээр дэмжихээр ажиллаж байна. 2015 онд гарсан Засгийн газрын шийдвэр байдаг. Энэ шийдвэрийн улмаас олон хүрээлэн хаалгаа барьсан. Харин өнөөдрөөс эхлэн Дулааны техник, технологи экологийн хүрээлэнг сэргээж, Тархи судлалын хүрээлэнг шинээр байгуулж байна.
Discussion about this post