Анх 2012 онд тухайн үеийн ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилснаар Олимпи, ДАШТ-ээс медаль авсан тохиолдол бүр нь эзэндээ сар бүр чамлахааргүй мөнгө авчрахаар болж, тогтмол цалин авах болсон юм. Цалинтай тамирчдаас олимпийн мөнгөн медальт, ДАШТ-ий хоёр удаагийн аварга, нэг хүрэл медалийг эх орондоо авчирсан Хөдөлмөрийн баатар З.Ойдов гуай хамгийн том амжилтыг үзүүлсэн. Засгийн газрын шийдвэрээр З.Ойдов гуай сардаа 7.5 сая төгрөгийн цалин авах болсон. Түүний дараа Бээжин, Лондонгийн олимпоос алт, мөнгөн медаль авсан жүдоч Н.Түвшинбаяр 7.0 сая, Дархан аварга, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Баянмөнх олимпийн нэг мөнгө, ДАШТ-ий нэг алт, хоёр мөнгөн медаль авсан тул 7.0 сая, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар 6.5 сая /олимпийн хүрэл, ДАШТ-ий хоёр алт, нэг хүрэл/, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин П.Сэрдамба 5.5 сая /олимпийн мөнгө, ДАШТ-ий нэг алт, нэг хүрэл медальт/, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Бадар-Ууган 5.0 сая /олимпийн алт, ДАШТ-ий хүрэл медальт/ төгрөгийн цалинг тус бүр авах болсон.
Мөн Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа 3.5 сая /олимп, ДАШТ-ий мөнгөн медалиуд/, Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ 3.5 сая /олимп, дэлхийн мөнгөн медальт/, Гавьяат тамирчин С.Батцэцэг 4.0 сая /олимпийн хүрэл, ДАШТ-ий алтан медальт/, Гавьяат тамирчин О.Төгсцогт 4.0 /олимпийн мөнгө, ДАШТ-ий нэг мөнгөн медальт/, ОУХМ С.Ням-Очир 2.0 сая /олимпийн хүрэл медальт/ төгрөг авдаг болсон гэдэг.
Тэрчлэн Ч.Дамдиншарав /чөлөөт бөх/, Д.Сэрээтэр /чөлөөт бөх/, Т.Артаг /чөлөөт бөх/, Д.Оюунболд /чөлөөт бөх/, Р.Даваадалай /жүдо/, Н.Энхбат /бокс/, Н.Баярсайхан /бокс/Д.Нармандах /чөлөөт бөх/ зэрэг олимпийн хүрэл медальтнууд маань сар бүр улсаас хоёр сая төгрөгийн цалин хангамж эдлэхээр болж байна. Монгол Улсын Засгийн газар амжилт үзүүлсэн тамирчиддаа 2021 оны байдлаар 1,584,000,000 төгрөгийн урамшуулал олгохоор төсөвлөсөн бөгөөд энэ нь сар бүрт 132,000,000 төгрөг болдог ажээ.
Энэ мөнгө ирэх 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс нэмэгдэнэ. Учир нь Токио 2020 олимпод оролцсон тамирчид 4 медаль авсан, мөн паралимпийн аварга Содномдаржаа нэмэгдэн орж ирнэ.
Discussion about this post