ОХУ-аас нийлүүлдэг шатахууны импорт зогссонтой холбоотойгоор манай улсад шатахууны хомсдол үүсч, нийслэлчүүдийн хувьд гурав хоногийн нөөцтэй үлдээд байна. Улсын хэмжээгээр АИ-92 бензины сарын хэрэглээ 40 мянгахан тонн, үүний 95 хувийг ОХУ-аас, 5 хувийг БНХАУ-аас импортолдог. Гэвч ОХУ энэ сарын 16-наас эхлэн нийлүүлэлтээ зогсоожээ.
Эх сурвалжийн хэлснээр ОХУ-ын нийлүүлэгч Роснефть компани “шатахууны нийлүүлэлтээ хязгаарлана” гэдгээ өнгөрөгч тавдугаар сараас манай Засгийн газарт анхааруулсан юм байна. Гэвч манай талаас тэдэнд ямар нэг хариу өгөлгүй явсаар өнөөдөртэй золгожээ.
Шатахууны импортын хоёр улсын гэрээгээр зохицуулдаг тул импортлогч компаниуд Засгийн газарт хандаж, Оросын талтай яриа хэлэлцээр хийхийг хүссэн боловч Уул уурхайн сайд П.Ёндон “Тийшээ явах зардал байхгүй” гээд хөдлөөгүй гэх мэдээлэл ч байна. Аргаа барсан импортлогч нар “Зардлыг нь бид даая” гэхэд Газрын тосны газрын дарга Ц.Эрдэнэбаяр /МАН-ын генсек Д. Амарбаясгалангийн халаасны хүн гэх/ “Би ийм хүнд нөхцөлд хэлэлцээр хийж чадахгүй” гээд шууд зугтжээ.
Ингээд Оросын тал өнгөрөгч наймдугаар сарын хоёр дахь хагасаас нийлүүлэлтээ бууруулж, энэ сарын 15-наас зогсоосон байна. Газрын тосны газрын дарга Ц.Эрдэнбаяр хоёр сарын өмнө /2021.07.29/ хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Одоогийн байдлаар бид автобензины 45 хоногийн нөөцтэй байгаа. Оросын тал ирэх есдүгээр сарын 1-нээс экспортоо хязгарлахаар болсон тул БНХАУ-аас шатахуун авахаар ярилцаж байна” гэсэн байдаг. Хоёр сар гараа эвхэж суугаад жаахан нөөц барав.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд П.Ёндон “Манай улсын таван компани Хятадын талтай шатахуун нийлүүлэх гэрээ хийсэн. Нийлүүлэлтийг яаравчлахаар Элчин сайдтай ярилцаж байна” гэсэн боловч тэр ч бас мөдгүй бололтой. БНХАУ-ын төмөр замын компани нь дотооддоо хөдөлгөөний ачаалал ихтэй байгаа тул шатахуун ачсан вагоныг ирэх сард л явуулж чадахаа мэдэгдсэн байна.
Тиймээс Засгийн газраас авсан ганц арга хэмжээ нь шатахууны жижиглэнгийн худалдаанд хязгаар тогтоох. Нэг хэрэглэгчид 30 мянган төгрөгийн шатахуун борлуулахаар хязгаар тогтоосон тул ШТС-ууд дээр дараалал үүсч, зарим тохиолдолд төв замын нэгдүгээр эгнээ рүү түрж орон түгжрэл үүсгээд байгаа нь энэ.
Гэвч энэ бол шатахууны хомсдолоос үүссэн түгжрэл биш. Харин С.Оюун-Эрдэнийн Засгийн газрын тархины түгжээ юм. Түүний багийнхны чадваргүй, ажилгүй, арчаагүй байдал нь улс орноо хорлож буйн бодит жишээ.
2011 онд Оросууд шатахууны нийлүүлэлтээ яг өнөөдрийнх шиг зогсооход Д.Зоригт сайд Роснефтийн үүдийг хагас сар сахиж байж крантаа нээгээд ирж байсан юм гэнэ лээ. Харин Л.Оюун-Эрдэнэд тийм чадвар ч алга, хүн ч алга. Амьдрал ийм байхад “Сансрын технологи хөгжүүлнэ” гэх шиг элийрч яваа Ерөнхий сайдыг эргүүг нь гартал ганц шанаадчих сан. Энэ засагт ер нь эрүүл ухаантай хүн байна уу?
Discussion about this post