УИХ-ын нөхөн сонгууль удахгүй болох гэж байна. Сонгинохайрхан дүүргийн АН-ын хороо нэр дэвшигчээ дэмжиж хэрхэн ажиллаж байгаа вэ?
– УИХ-ын 28 дугаар тойргийн УИХ-ын гишүүний нөхөн сонгуульд Ардчилсан нам, Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан нам АН-ын Үндсэн дүрмийн хүрээнд нэр дэвшигч Э.Бат-Үүлийг тодруулсан. Бат-Үүлийн хувьд ардчиллын лидер, ардчиллын үнэт зүйлсийг хамгийн сайн хамгаалагч хүн. Аливаа хүн залуу сэтгэлгээтэй байна гэдэг нь чухал үзүүлэлт. Хуучинсаг сэтгэлгээтэй байх нь улс орны хөгжилд байнга саад учруулж ирснийг түүх гэрчилдэг. Сонгинохайрхан дүүргийн ард иргэд түүнийг маш сайн хүлээн авч байна. Дүүргийн намын хороо, гишүүд дэмжигчид сэтгэл хангалуун байна. Бидний хамтын улс төрийн үйл ажиллагаа зайлшгүй үр дүнд хүрэхийг нийгмийн сэтгэлгээ шаардаж байна. Бидэнд гадаад, дотоод хүчин зүйлс саад болж чадахгүй. Улс төрийн дунд шатны намын байгууллагын улс төрийн тактик, төлөвлөлт, төлөвлөгөө, бэлтгэл ажил болон “канцлярский” ажлаа хийгээд дууссан. Хамтран ажиллах бодлогоо тодорхойлсон. Улс төрд бодлого, төлөвлөлт чухал байдаг. Амаар ажил хийх тийм ч сайн зүйл авчрахгүй. Ам ажлын нэгдлийг хангах талаар ажлаа эхлүүлээд байна даа.
Нэр дэвшигч Бат-Үүлийн талаар товчхон тодорхойлбол?
Улстөрчдийн хувьд улс төрд онцгой 2 зүйл байдаг. Энэ нь “улс төрийн айдас” ба “улс төрийн зориг”. Монголын өнөөгийн улстөрчдөөс энэ 2 тодорхойлолтыг эзэмшсэн цөөхөн улс төрчид, төр нийгмийн зүтгэлтнүүд байдаг гэж боддог. Түүний нэг нь яах аргагүй Бат-Үүл. Улс төрийн айдсаас салаагүй улстөрчдийг “улс төрийн сүгнүүд” гэж хэлэхээс өөр аргагүй. Эрх мэдэлд хүрсэн улс төрчдийг хамааруулж хэлж байгаа юм шүү…
Бусад нэр дэвшигчдийг тодорхойлбол?
Гадна, дотоодын улс төрийн хүчнүүдийн болон “аавын, гэр бүлийн захиалгаар” нэр дэвшиж байгаа хүмүүс гэж харж байгаа. Улс төрийн хүчнийг шантаажилж мөнгө олох, аль нэг улс төрийн хүчинд үйлчилж, харахад тусдаа бие дааж байгаа юм шиг, цаанаа нэг бодол зорилготой, ардчилсан хүчний саналыг хуваах, монголын улс төрийн 3 дахь хүчин болно гэж сэрүүн зүүдэлж байгаа “ХҮН” нам нэр дэвшигчээ дэвшүүлсэн байна. Манай намын зарим гишүүд рүү санал тавьж, мөнгө амлаж, хамтарч ажиллах гэрээ байгуулах нэрээр бидний дотор хагалах бодлого явуулж байгаа нь нууц биш. 60 тэрбумын схемийг бас санаачилж улс төрд анх хөл тавьсан улс төрийн хүчин. Монголын улс төрийн тогоонд үүсээд байгаа энэхүү тогтолцоог цаашид халах ёстой. Сонгогчид үүнийг сайн мэдэхгүй, тэдний урхинд ордог, дараа нь ойлгож гэмшдэг. Хэн нэгний захиалгаар аль нэг улс төрийн хүчнийг дамжиж, тэдний гишүүд, дэмжигчдийг даапаалж, гишүүдийнх нь сэтгэлгээг уландаа гишгэсэн аливаа улс төрийн үйлдлийг улс төрийн намууд сургамж авч, ялгаж салгаж, ойлгож, тэдний үйлдлийг хаана, хаанаа зогсоох ёстой юм. Тэд улс төрийн хонжоо олж, албан тушаалд хүрч, шунал тачаалаа гүйцэлдүүлэх болохоос ард иргэдэд сайн зүйл авчрахгүй нь ойлгомжтой. Сонгогчид эдгээрийг сайн ойлгож байгаа бол уу.
Нөхөн сонгуулиас өмнө АН дотоод эв нэгдлээ хангаж чадсангүй. Бас залуучуудаа дэмжсэнгүй, хуучин хүмүүсээ нэр дэвшүүллээ гэх шүүмжлэлийг багагүй хүртээд байх шиг байна. Энэ тал дээр та юу хэлэх вэ?
-УИХ-ын нөхөн сонгууль нь УИХ-ын ээлжит сонгуулиас зарчмын ялгаатай. УИХ-ын ээлжит сонгуульд залуучууд, эмэгтэйчүүд, дунд үе, ахмадууд хүн бүхэнд нэр дэвших боломж олгодог. Харин УИХ-ын нөхөн сонгууль нь монголын улс төрийн намуудын хооронд дахь улс төрийн томоохон тулааны талбар, тэмцэл болж байдаг нь бичигдээгүй хууль. Иймд аливаа улс төрийн хүчин хүчтэй лидерүүдээ сойх явдал ихэнх тохиолдолд байдаг бол уу. Зарим улс төрийн хүчин хэн нэгнээ золиослох явдал ч ажиглагддаг. Хүмүүс ер нь хуучин сэтгэлгээгээр хандаад байна уу даа гэж бодох юм. Нэг асуудлыг нийтээрээ нэгэн ойлголтоор казармагийн зорилго бодлогоор ханддаг хандлага аль хэдийн хуучин нийгэмтэйгээ хоцорсон гэж боддог.. Нэг хэвд цутгасан, даргынхаа өөдөөс юу ч хэлэхгүйгээр дагадаг нь эв нэгдэлтэй гэсэн ойлголт биш. Ард түмэн тэнэг биш “Гаднаа гяланцаг, дотроо паланцаг” гэдэг зүйр үг тохирох байх. МАН-ын далд маш том зөрчил оршдог. Тэд нууж, хуурч чаддаг. Хүмүүсийн бялдууч сэтгэлгээнд дээр ажиллаад сурчихсан улс төрийн хүчин.
Аливаа асуудлыг маргалдаж, мэтгэлцэж байж шийддэг нь ардчиллын зарчим. АН нээлттэй нам. Асуудал нь ил байдаг. Үүндээ хагаралтай харагддаг нь үнэн. Уг нь бид улс төрийн ажлаа ил тод нээлттэй хийж байгаа юм л даа.
АН нийгэмд муу муухай харагдах нь МАН-д л ашигтай. Та бүхний тэмцэн байж олж авсан Ардчилал эрх чөлөө маань хумигдсаар байна шүү дээ. Сөрөг хүчин яагаад хүчгүй, сул дорой байна вэ?
-Бидний сул тал бие биеэ хүлээн зөвшөөрч чаддаггүйд хамаг учир байгаа юм. Биднийг улс төрийн алдаа гаргах тутам МАН-д ашигтай тусдаг нь үнэн. Ер нь сонгуульд хэн улс төрийн алдаа гаргасан нь ялагддаг жамтай. Ардчиллын үнэт зүйлсийг үнэгүйдүүлж, гажуудуулж эхэлж байгаад харамсдаг. Гэтэл сүүлийн үед хуучин нийгмийн үнэр ханхлаад байдаг болсон. Дарангуйлагчдыг магтах явдал хэрээс хэтэрч, монголын нийслэл хотоор дүүрэн дарангуйлагчдын хөшөө сүндэрлэж байна. Энэ бол гажуудал.
Монголын ард түмний амталсан ардчиллыг хэзээ ч алдах учиргүй.
Харин энэхүү сиймхийгээр хар муур гүйхвийдээ гэдэгт санаа зовж байна. Энэ нь хуучин нийгмийн үзэл санаагаар дарангуйлал тодорхой институцэд бий болчихлоо. Та өөрөө ардчиллыг алдахаас айж байгаа учраас ардчилал хумигдаж байна гэж асуух шиг боллоо. АН хүчтэй сөрөг хүчний үүргийг гүйцэтгэж чадахгүй байгаа олон хүчин зүйл байгаагийн нэг нь улс төрийн туршлагаас их шалтгаалж байна. Би залуу хүн, бүгдийг хийж чадна гэж ойворгон зан гаргах нь нэг хэрэг. Тэгтэл улс төрийн амьдрал дээр энэ бүхэн өөр байдаг. Туршлага нисээд ирэхгүй. Олон жилийн улс төрийн амьдралын нугачаанд бий болдог үнэт зүйлс. Энэ үнэт зүйлсээ нулимах тутамд “хүчтэй сөрөг хүчин” болж чадахгүй байгаа нь таны асуултын агуулгад нийцэж байна. Иймд туршлагатай улс төрчид УИХ дахь АН-ын бүлэгт ус агаар шиг дутагдаж байгааг улс төрийн өнөөгийн амьдрал харуулж байна. Тийм учраас нийгмийн захиалгаар Бат-Үүлийг УИХ-ын 28 дугаар тойргийн УИХ-ын гишүүний нөхөн сонгуульд илгээсэн гэж ойлгож болно.
Эрх баригчид халамжийн бодлогоор улс орныг удирдаж байна. Монголд дарангуйллын систем тогтлоо гээд хүн болгон л ярьж, бичих болжээ. Гэвч 30 жилийн өмнө та бүхний эхлүүлж байсан тэмцэл шиг зоригтой алхам үгүйлэгдээд байх шиг. Энэ байдлаар явбал биднийг ямар ирээдүй хүлээж байна вэ?
-МАХН/МАН халамжийн бодлогоор өмнөх нийгмийг 70 жил удирдсан. Сүүлийн УИХ-ын 2 сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж, тэдэнд ард түмэн боломж олгосоор, тэд удирдсаар л байна. Ард түмэн удирдуулсаар л байна. Өмнөх нийгмийн 70 жилийг Ардчилсан нийгмийн 30 жилтэй харьцуулахад Монгол Улс хэрхэн үсрэнгүй хөгжсөнийг бид нүдээрээ харж байна. МАХН/МАН Нийслэлийг ардчиллын 26 жил тасралтгүй удирдсан байдаг. Тухайлбал, Нийслэлийн хөгжил 22 жил зогсонги байдалтай хөгжиж ирсэн. Харин Бат-Үүл хотын захирагчтай хамт олон Нийслэлчүүдэд хуримтлагдсан олон асуудлыг эрс шинэчилж өөрчилсөн. Эхлүүлсэн. Харин Бат-Үүлээс хойших хотын захирагч нар Нийслэлчүүд, хотын жирийн иргэддээ боломж олгосон олон зүйлсийг царцааж, зогсоосныг та бүхэн сайн мэднэ. Нийслэлийн захиргааг Сонгинохайрхан дүүрэгт шилжүүлэх Бат-Үүлийн санаачилгыг МАХН/МАН гарч ирээд шууд зогсоосон. Хэрэв энэ ажил хэрэгжсэн бол Сонгинохайрхан дүүргийн газар үнэд орж, энэ дүүрэг хөгжлийн алхмаа эхлүүлж, ард иргэдийн аж амьдрал дээшилж, Сонгинохайрхан дүүрэг “Ганнам” дүүрэг болох байсан. Энэ боломжоо алдсан. Гэтэл эрх баригчдын хотын захиргааг Ярмагт шилжүүлэх алдаатай шийдвэр гаргаж, хэсэг бүлэг хүмүүс, эдийн засгийн бүлэглэлд үйлчилж, Яармагийн газраар, эдийн засгийн бүлэглэлд баяжих хэрэгсэл болсон. Халамжийн бодлогоор хөгжсөн улс орон дэлхийд байхгүй. Монголын ирээдүй, хөгжлийн хурдац бүрхэг байна.
Засгийн газрын үйл ажиллагаанд та болон танай дүүргийн иргэд ямар дүгнэлттэй байгаа бол?
-Аливаа Засгийн газар өөрийн концепци, хөтөлбөртэй ажилладаг. Мэдээж алс ирээдүйн хөгжлийг тодорхойлж, Улсын төсөвтэй дүйцхүйц том төсөл хөтөлбөр санал болгож болно. Хамгийн чухал нь халамжийн бодлогоор ард иргэдийг хуурч сонгуульд ялах гэсэн явцуу байдлаасаа салж хүмүүсийн амьдралд бодитой буух, жижиг, дунд үйлдвэрийг дэмжих ажлуудыг хэрэгжүүлж, иргэн баян бол улс баян байх, иргэддээ боломж олгосон тухайлбал, Үндсэн хуулийн 19.1 дэх заалтыг хэрэгжүүлж ажиллахад илүү анхаарах ёстой гэж ойлгож байна. Сонгинохайрхан дүүрэг өнөөг хүртэл ядуурал, ажилгүйдлийн түвшин өндөр, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээ хангалтгүй, хөгжлөөр бусад дүүргүүдээс хоцорч байгаад иргэд, сонгогчид эрх баригч намд хангалтгүй дүн тавьж байна.
АН, Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан нам ялсан тохиолдолд УИХ дотор “хүчтэй сөрөг хүчин” болоод зогсохгүй Сонгинохайрхан дүүргийн иргэдийн амьдралд бодитой эрс өөрчлөлтийг авчирч, иргэн төвтэй ажлуудыг дэс дараатай хэрэгжүүлж чадна гэдгийг батлан хэлэх байна.
Өмнөх Ерөнхийлөгч Х.Баттулга МоАХ-ыг удирдаж байсан хүн. Гэтэл одоо Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж эхэллээ. Энэ асуудалд МоАХ-ын гишүүд ямар байр суурьтай хандаж байгаа вэ?
-Монголын Ардчилсан холбооны гишүүн ардчиллын үнэт зүйлсээ ямар ч үед гээх эрх бидэнд байхгүй. Ардчиллын үнэт зүйлсээ гээсэн хэнийг ч уучлахгүй. МоАХ-ны гишүүд бие даасан бодолтой, хэн нэгэн даргыг дагаж далдганадаг хүмүүс биш. Шууд үнэнийг хэлдэг сэтгэлгээтэй хүмүүс. Олны цууг одоогоор бүрэн ойлгоогүй байна. Ямар нэг баримт нотлох зүйлийг хараагүй байна. Хэрэв Баттулга Ерөнхий сайдын улс төрийн зөвлөх болсон нь үнэн бол МоАХ-ны гишүүнээс хөөх, мөн түүнээс нэн тэргүүн МоАХ-г салгах нь Монголын Ардчилсан холбооны мянга мянган гишүүдийн эрх мэдлийн асуудал. Үзэл бодол тэс өөр улс төрийн хүчин учраас нэг талдаа тууштай явах нь бидний эрхэм зүйл.
Харин Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулгын МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийг бүрэн дүүрэн дэмжиж байгаагаа энэ дашрамд хэлье.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шүүхийн эрх мэдлээсээ татгалзчихлаа. Хэр оновчтой шийдвэр гаргасан гэж бодож байна вэ?
Энэ асуудлыг зөв, буруу гэж яаралтай дүгнэн хэлэхэд эрт байна. Аливаа улс төрийн шийдвэрийн үр дагавар тодорхой хугацааны дараа үйлчилдэг.
Та бол “Ардчилсан намаа аваръя” хөдөлгөөний тэргүүн. Мэдээж АН бол Монголд байх ёстой гэж үздэг хүний нэг. Тэгэхээр дотооддоо байнга зөрчилтэй, олон намын нэгдэл болсон АН-аа аврах ямар гарц байна вэ. Хэн дуртай нь л орж гардаг боллоо?
-Аливаа улс төрийн хүчин байнга шинэчлэгдэж, өөрчлөгдөж байх ёстой. Тэгэхдээ хэн нэгэн эрх мэдэлтэй, мөнгөтэй хүн улс төрийн намыг худалдаж авах, булаах, дээрэмдэх үйлдэл, эс үйлдэл гаргах эрх байхгүй. Хэн нэгэн поп улстөрчид орж гардаг улс төрийн нам биш. Бид өөрийн гэсэн ардчиллын үзэл баримтлалтай, тулгуур зарчимтай, үнэт зүйлстэй нам. Ер нь ардчилал өөрөө өндөг шиг хэврэг. Ардчиллыг байнга арчилж, хамгаалж байх ёстой. Иймд ардчилалд байнга суралцаж байх хэрэгтэй гэж ойлгож байна. Ардчиллын зарчим алдагдахаар бидний дунд зөрчил үүсдэг нь нууц биш. Цахим улс төрийн нам болох, хуучнаараа цаасан улс төрийн хүчин байх зарчим дээр зөрчилдөж байгаа нь үнэн. Шинэ зүйл өнөөдөр ойлгогддоггүй. Ардчилсан нам дандаа шинийг санаачилж, бусад улс төрийн хүчин дуурайж явдагтай та бүхэн санал нийлэх байх. Тиймдээ ч олон жилийн дараа үр дүн нь хүрэх санал санаачилгад хүмүүс тэр бүхэнд ойлгогдож саналаа өгдөггүй тал байсан. Үүнийг хүн бүхэн ойлгодог ч, тэр болгон ярьж хэлж ойлгуулдаггүй. Энэ бүхэн цаг хугацааны дараа биеллээ олдог. АН-аа шинэчлэхэд 1-рт, хүний нөөц, хүний хөгжлийн талд зарчмын өөрчлөлт боловсруулах, 2-рт, Цахим улс төрийн намын тогтолцоонд нэн тэргүүн шилжих, 3-рт, дотоод ардчиллаа бэхжүүлэх, 4-рт, Судалгаа, шинжилгээний төвтэй болох, 5-рт, Залуучуудаа дэмжиж тэдэнд боломж олгох явдал чухал байна.
Саяхан хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болж өнгөрлөө. Хэлмэгдүүлэлтийн талаар таны өнөөгийн бодол?
– Жил бүрийн 9 дүгээр сарын 10-ны өдөр, улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж гашуудах өдөр уламжлал ёсоор болж өнгөрч байна. Улс төрийн тоталитар-коммунист дэглэмийг үзэл бодлоо болгосон нэг намын тогтолцооны мөн чанарын илэрхийлэл, үр дагавар нь Монголд өрнөсөн улс төрийн “Их баривчилгаа” нэрийн халхавчаар тэр үеийн монголын оюуны cop болсон манлайлагч, тэргүүлэгч сэхээтнүүдийг баривчлан шийтгэж дийлэнхийг нь /80%-ийг/ буудан алсан явдал юм. Иргэдийг олноор нь хоморголон хядсан тэр үед 36000 гаруй хүн баривчлагдан шийтгүүлснээс 27720 хүн нь буудуулж алтан амиа алдсан байдаг. Ийм л аймшигт гэмт хэрэг үйлдсэн түүхэн үнэн.
“Хэлмэгдэл” гэх энэ хэллэг эрх зүйн утга, агуулгаараа үй олон гэмт хэргийг илрүүлж устгах явцад санамсаргүй өртөгдсөн цөөхөн золгүй явдлыг илэрхийлдэг болов уу. Хэлмэгдүүлэлт гэж манай “ухаантнууд” өхөөрдөн нэрлэсэн энэхүү бусармаг үйлдэл бол яаж ч нэрлэсэн харин ноцтой гэмт хэрэг, зориудын аллага мөн, ийм учраас эзэн холбогдогчтой, хохирогчтой учруулсан хохирол нь заавал нөхөн төлөгддөг байх /манайд хохирлыг нөхөн олгохдоо “нүглийн нүдийг гурилаар хуурсан”/ ёстой. Эс тэгвээс гэмт хэргийг таслан зогсоож, цаашид давтагдахаас сэрэмжилж чадахгүй юм. Ийм дархлаа манайд бүрдэж чадаагүй өнөөдрийг хүрсэн нь нэн харамсалтай.
1996 онд УИХ-д олонхын суудал авсан даруйдаа АН-ын дарга бөгөөд ЦАУЗБУК-ын дарга Ц.Элбэгдорж Төрийн нэрийн өмнөөс “гэмгүй иргэдээ хөнөөсний төлөө” уучлал гуйсан.
Тэгэхгүй бол коммунист үзэл санаа дахин сэргэх аюул нүүрлэж болох юм. Хаа сайгүй хэлмэгдүүлэгчийн хөшөө монголоор дүүрэн босож байна. Энэ нь хуучин нийгмийг сэргээх гэсэн оролдлогын нэг хэлбэр. Дарангуйлагчийг магтан дуулж байна. Монголд коммунист үзэл санааг бүр мөсөн зогсоох хууль эрх зүйн орчин бүрдүүлэхгүй бол хэзээ нэг цагт гарч олон хүмүүсийг далд аргаар хэлмэгдүүлчхээд юу болчхов оо гэж халаглаад өнгөрч мэдэх юм. Олон улсын практик туршлагыг бид хэрэгжүүлэх хэрэгтэй юм.
Тухайлбал, Орос Улсын Ерөнхийлөгч Борис Ельцин 1991 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 169 тоот зарлигаар Орос Улсын нутаг дэвсгэрт ЗХУКН үйл ажиллагаа явуулахыг хориглосны адил Монгол Улсын нутаг дэвсгэрт МАН үйл ажиллагаа явуулахыг шууд хориглох шаардлагатай. Манайхан бусдыг ялангуяа Оросыг даган дуурайж, хуулбарлахдаа гарамгай. Тэгээд ч МАХН уугуул нэрээ МАН хэмээн өөрчилсөн сар, өдөр нь Ельциний 169 тоот зарлиг гарсан сар, өдөртэй давхцаж байгаа нь сонирхолтой.
Монголын төр хэлмэгдүүлэлтийн талаарх бодлогоо өөрчлөх цаг болсон. Бидний санал болгосон дараах ажлын хэрэгжүүлэх нь зүйтэй бол уу. Үүнд:
1-рт, Цэцдийн зөвлөл байгуулах, 2-рт, Хүний эрхийн ордон байгуулах, 3-рт, Жил бүрийн 9 дүгээр сарын 10-ны дотор улс орон даяар төрийн захиргааны төв байгууллага, аймаг, нийслэлийн төр захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, компани, газар, хэлтсүүд хүний эрхийн зөрчил гаргасан эсэх талаар хамт олноороо хэлэлцдэг, Засгийн газар байгууллага хамт олныг дүгнэхдээ хүний эрхийн талаар үнэлгээ өгдөг болоход анхаарах цаг болжээ.
Шинэ үеийн хэлмэгдүүлэлт зүсээ хувиргаж сүүлийн үед олныг хамрах боллоо. Ялангуяа эдийн засгийн хэлмэгдүүлэлтэд өртөж байна. Хүний эрхийг хамгийн их зөрчдөг хүмүүс бол дарга, эрх мэдэлтүүд юм. Иймд дарга ангийн үйлдлийг зогсоох ёстой. Үүнд ард иргэд нэгдэх ёстой. Эрх мэдэлтнүүд өөрсдийн өрсөлдөгчөө намнадаг, хэлмэгдүүлдэг явдал газар авлаа. Үүндээ хууль хяналтын байгууллагыг татан оролцуулдаг болжээ.
Өдрийн сонин сэтгүүлч Я.Мөнгөнцэцэг
2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр
Discussion about this post