Х.Нямбаатар, Э.Цэндбаатар нарын “огтлолцлол” ба Боксын холбооны “бэтэг хагарав”

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

“Монголын Цэндбаатар ирэхгүй бол би аваргална” гээд “Токио 2020”-д түүний ялалтыг луйвардсан Оросын Алберт Батыргазиев рингэн дээрээ бэлтгэж байна, “ширэн бээлийтнүүд” ээ!


ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны дэд ерөнхийлөгч, “Токио 2020” олимпын Монголын багийн ахлагч Б. Баттүшиг урьд шөнийн 00.25 цагт юу жиргэчихэв ээ? Яах аргагүй түүний албан ёсны хаягаас жиргэсэн, иргэд бид яг түүн шиг хэдэн хормын дотор жиргээ, постоо устгасан ч түүгээрээ цагдаагийн үүд сахисаар байгаа. Гэтэл “Цэндбаатар зүгээр байгаарай ахын дүү…” гэх эхэлсэн эвгүй жиргээг нь олон нийтийн сүлжээнд цөөнгүй хүнд хадгалагдаж үлджээ. Ингэхэд Э.Цэндбаатар энэ хэдхэн хоногт ямар олон “том хүний” хувьд “дайсан” мэт болж хувираа вэ? Түүний фэйсбүүк хуудаснаа нийтэлсэн уучлал гуйсан пост уг хаягийн эзэнд огт “наалдаж” олон нийтэд итгэгдсэнгүй. Зөвхөн “Хэн өмнөөс нь бичсэн бол” л гэцгээгээд өнгөрсөн. Гэтэл яг тэр шөнө нь МҮОХ-ны “одоогоор” хамгийн том дарга нь яагаад “Цэндбаатар, миний дүү” гэдэг жиргээ хийгээд устгачихав? Хачин санагдаж хардлага дагууллаа. Э.Цэндбаатар ард түмнээр өмөөрүүлэх гоё сайхан хүн мөн үү гэдгийн цаана түүнийг Сербийн Белградад болох гэж буй ДАШТ-д л явуулчихаасай гэсэн хүсэл байна. Яагаад гээч?

Энд нэг дурсамж сөхье. Социализмын үед гэх үү дээ,1986 оны АНУ-ын Ренод болсон ДАШТ-д манай боксчин/Сөүлийн олимпын хүрэл медальт, Монгол Улсын Гавьяат тамирчин/ Н.Энхбат яг л Э.Цэндбаатар шиг ид гялалзсан, бүр “аймар ассан” үедээ Дэлхийн хошой аварга Адольф Ортатай тоглож хайнаа хагалах ёстой байсан ч майн баяр таараад визээ авч чадаагүй ч билүү хөгийн асуудлаас болоод явж чадаагүйд олон хүн харамсдаг юм шүү. Гэтэл энэ чинь 21 дүгээр зуун. Ардчилсан нийгэмд бид амьдарч байна. Тэр үетэй харьцуулшгүйгээр спорт хөгжиж буй ч амжилтаасаа түрүүлж хар хор, атаархал аархал нь нэмэгдсээр байх юм. Тэр үед А.Орта “Монголын Энхбат ирээгүй бол би шууд аварга болно” гэсээр Дэлхийн аварга болсон байдаг. Бид эвтэй байж чадаагүйгээрээ гадныханд ийм боломж өгч өөрсдийн хүчээр өөрсдийгөө ялагдуулж байдаг. “Монголын Цэндбаатар ирэхгүй бол би аварга болно” гэсэн “Токио 2020”-д түүний ялалтыг луйвардсан Оросын Алберт Батыргазиев рингэн дээрээ бэлтгэж байна, “ширэн бээлийтнүүд” ээ! Тэр бол одоогоор Дэлхийн аваргад хамгийн ойрхон байгаа боксчин. Түүнд дахиад боломж олгоно гэхээс Э.Цэндбаатар маань асаад байгаа юм, Монголчууд аа!

Монголын Э.Цэндбаатар өөгүй өндөг гэхгүй ээ. Тэр  “гар эсгэм” 25-хан насандаа Монгол Улсын Гавьяат тамирчин гэдэг эрхэм хүндтэй хүн болсон ч “Би том болоогүй байжээ” гэж гэнэ сэрэггүйхэн ярьж сууна. Ердөө есхөн сарын өмнө л дөө, 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр “Боксын спортын ОУХМ, Рио 2016 олимпын 5-р байрын шагналт Э.Цэндбаатар “Олимпын гүүр”-ний урдхан нүцгэн гүйж явсан түүнийг цагдаагийн алба хаагчид саатуулж улмаар ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас үргэлжлүүлэн шалгаж байна” гэсэн муухай мэдээ дуулдсан. Түүнээс хойш нэг бус удаа зодооны хэрэг холбогдсон тухай хэвлэлээс унших болов. Харин сүүлийн удаа буюу энэ сарын 5-ны өдөр Сүхбаатар дүүрэгт байрлах “New York” ресторанд бусдад зодуулсан тухайгаа шөнийн 02:27 цагт тус дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст дуудлага өгсөн хэрэг шалгагдаж байгаа аж. Түүнийг эхлээд бусдыг зодсон гэж сошиалаар шуугисан ч эцэстээ зодуулсан бичлэгээ бариад телевизийн камерийн өмнө сэтгэлээ дэлгэн суугаа нь боксын хэлээр бол нэг талаас хамгаалалт, нөгөө талаас “нокаут” гэж хэлж болох юм. Учир нь өнөөдөр тус бичлэгээс өөр хэн ч, юу ч хамгаалах хүчин мөхөстөж байна. Олон нийт түүний яриаг сонсоод тамирчнаа өмөөрч өмөлзөж байгааг харлаа.

Гэтэл Боксын холбоо ч, багш нар нь ч түүний эсрэг зогсч “Ёс зүйн талаасаа түүнийг Боксын холбооноос хөөх нь зөв” гэсэн шийдвэр гаргажээ. Энэ шийдвэр ч буруу биш. Гэхдээ эхлээд тамирчин нь зодсон биш зодуулсан бичлэгийг тэд нүдээр үзсэн үү. Нөгөөтэйгүүр 2021 оны аравдугаар сарын 26-нд Сербийн Белградад эхлэх Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд бэлдсэн дусал хөлснийх нь үнэ цэнийг дэндүү мэдэх хүмүүсийн хувьд яг энэ цаг үед хясан боогдуулж түүнийг “хэн ч биш” болгохын цаана ямар гээчийн том том асуудлуудын золиос болгоно вэ гэж ард түмэн гайхширч байгаа юм шүү.

Боксын холбоо хэзээнээсээ хэрүүл тэмцэл ихтэй, эв нэгдлээр тааруухан явж ирсэн. Үүнийг сүүлийн 20 жилийн хугацаанд хийлгэсэн хэвлэлийн бага хурлууд, эсэргүүцлээр дүүрэн ярилцлагуудыг нийтэлсэн хэвлэлийн шаргал хуудаснаас амархан олж болно. Нэг л жишээг дурьдахад “Токио 2020” олимпт Э.Цэндбаатарыг маань буруу шүүчихлээ хэмээн ярьж зогссон Монголын боксын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, олимпын зэрэглэлийн шүүгч Г.Бадрах хоёр сар гаруйхны өмнө Олон улсын сонирхогчдын боксын холбоо /AIBA/-д Монголоо төлөөлсөн анхдагч болсон. Гэтэл түүнийг 2019 оны 10 дугаар сарын 28-нд ОХУ, Латвийн хил дээр хууль бус бараа тээвэрлэж яваад баригдсан тухай хэн ч ярьдаггүй. Энэ мэдээлэл Варшаваас манай ГХЯ-нд ирж улмаар ачаа тээш, хамгийн гол нь албан паспорттойгоо, дипломат дугаартай /D012039,D012046/ “Peugeol Bohxer” маркийн автомашинтайгаа нийтэд зарлагдсан. Түүнтэй хамт саатуулагдсан Ц.Энхболд Казахстан дахь ЭСЯ-нд дипломат албанд ажиллаж байгаад 2016 оноос Тагнуулын ерөнхий газарт ажиллаж байсан хэмээн эрэн сурвалжилж мэдээлснийг олон нийт уншсан. Энэ бол фактаас гадна ёс зүйн алдаа биш гэж үү?

“Монголын бокс Э.Цэндбаатараар дутахгүй” хэмээн гол зуртал хэлж суугаа Гавьяат тамирчин Э.Бадар-Ууган минь ээ!Даанч яав даа. Боксчны хувьд, Боксын холбооны удирдлагын хувьд, хамгийн гол нь эр хүн мөн юм бол Та хэвлэлийн бага хурал хийлгэхдээ Э.Цэндбаатарыг багшийгаа зодож байхад нь, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэж байхад нь ахын ёсоор хэлэхгүй яасан юм бэ? Байг гэхэд гэмт хэргийн шинжтэй гэж үзсэн бол хууль, хяналтын байгууллагад мэдэгдэхгүй юунд нууж явав? Энэ нь өөрөө гэмт хэргийг нуун дарагдуулсан хэрэг бөгөөд Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 5.9-д зааснаар хариуцлага хүлээх ёстой. Хэрэв гүтгэсэн бол Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээнэ.

Х.Нямбаатар сайдаас өөр сонголт байгаагүй болов уу

Боксын холбооны ерөнхийлөгчөөр томилогдоод долоо хонож буй ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарын “нүдийг ухах” шахан дайрч байгаа хэсэг бүлэг хүмүүсийг харлаа. УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн тэрбээр өнөөдрийн байдлаар Монгол Улсын нийтлэг эрх ашгийн төлөөх арав гаруй Ажлын хэсгийг ахлан ажиллаж байна. Хамгийн их анхаарал татаж буй ньОюу Толгой төслийн гаднын хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх, төслийг тохирох, эцэслэсэн хувилбарыг танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсэг. Маш амжилттай, түүхэнд байгаагүй, бараг “үзэгдэл” гэмээр ахиц гаргаж байгаагийн нэг нотолгоог хөрөнгө оруулагч тал буюу “Рио Тинто” Зэсийн группийн захирал Б.Болд, “Туркойз Хилл Ресурс” компанийн захирал Стийв Тибоу нараас Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд 2021 оны 8 дугаар сарын 21-нд ирүүлсэн захидлаас харж болно. Захидлын гол агуулга нь “Рио Тинто” групп гүний уурхайн бүтээн байгуулалтын ашиглалтад орох хугацааг хойшлуулсандаа уучлал гуйсан явдал юм. Үүнтэй холбогдуулж Засгийн газарт “Оюутолгой” компанийн одоо төлж буй татварын орлогоос гадна, нэг их наяд төгрөгийн татварын орлого төвлөрүүлэх боломжтой гэсэн байдаг. Мөн Монгол Улсын Засгийн газарт ирэх үр өгөөжийг хурдасгахын тулд Оюутолгойгоос Эрдэнэс Оюутолгойд төлөх ногдол ашгийг хугацаанаас нь наашлуулж, хөрөнгө оруулалтад ногдож хуримтлагдахаар байсан өрийн хэмжээг бууруулах шийдэхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ. Өөрөөр хэлбэл, бидний 34 хувьд ногдох өр буюу 2.3 орчим тэрбум ам.долларыг хөрөнгө оруулагч талаас бичилт хийж, бууруулах, энэ талаар хэлэцээр хийхэд бэлэн байгаагаа дурьдаад, цаашид хэлэлцээрийг бүх талаар үргэлжлүүлэхэд бэлэн байгааг онцолжээ.  Засгийн газрын эзэмшиж байгаа “Оюу толгой” компанийн 34 хувийн хувьцааг цаашид хэрхэх талаар бидэнтэй зөвлөж болно гэсэн санааг захидалд тусгасан. “Оюу толгой” компани урд хөршөөс цахилгаанаа худалдан авдаг. Дотоодоос урт хугацаанд цахилгаан эрчим хүчээ худалдан авах гэрээг эцэслэх саналаа “Рио Тинто” группийн талаас илэрхийлсэн. Энэ бол Монгол Улсын, нийт ард түмний нийтлэг эрх ашиг, эдийн засгийн сэргэлт, хөгжил дэвшлийн төлөөх том ахиц дэвшил мөн.

Гэтэл үүний хажуугаар Боксын холбоог тэргүүлэх саналыг тус ТББ дэвшүүлжээ. УИХ-аас 2020 оны 5 дугаар сарын 7-ны өдөр баталсан Улсын Их Хурын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т заахдаа “Гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд дараах ажил, албан тушаалыг хавсран гүйцэтгэх эрхтэй” гээд 42.1.4-т Төрийн бус байгууллагын сонгуульт албан тушаалыг заажээ.

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар УИХ, Засгийн газрын өмнө хүлээсэн ажлууд, дээр дурдсан арав гаруй Ажлын хэсгийг ахлахын зэрэгцээ “Боксын холбоог би удирдъя” гээд гуйж гүйгээгүй нь ойлгомжтой. Харин ч цэгцэлж, цэвэрлэх, улам хөгжүүлэх их ачаанаас зугтах биш зүтгэхээр шийдсэн нь тэр биз. Энэ нь түүнийг томилсон шөнө болсон тамирчин залуусын зодооноор далимдуулж ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарын шударга ёсны төлөө шударга бусчуудтай зөрчилдөж тэмцэлдэж цөөнгүй “дайсан”-уудын хувьд аятайхан өгөөш болсон бололтой, байж боломгүй логикоор элдвээр дайрч давшилж байна. Үнэндээ сүүлдээ “рингийн боксчны” тухай биш улс төр, бизнес, гэмт үйлдлийн сэдэвтэй, сэдэлтэй ч байж болохоор эвгүй дүр зураг харагдаж эхэллээ. Спортын салбар бохир байна. МҮОХ ч үүнд хамаатай. Яагаад өнөөдөр МҮОХ-нд оффшорын хэрэгт, “60 тэрбумын” гэх хэрэгт, газрын наймааны хэрэгт хамааралтай, нэр холбогдож байсан хүмүүс удирдлагын багт нь он удаан жил ажиллаж, салж чадахгүй албан тушаал булаацалдаад байдгийн цаана ямар асуудал байдгийг одоо л ХЗДХ-ийн сайд “үнэрлэж”, мэдэрч,илрүүлж, цэгцлэх байх гэж найдаж байна. Хамгийн наад зах нь Допингийн эсрэг холбоо нь “Шидэт ундаа” гэгч Монгол Улсын стандартад бүртгүүлээгүй нэмэлт бүтээгдэхүүнийг тамирчид дээр туршсаар байгаа болон үүнд нь төрийн яам их хэмжээний төсөв зарцуулсан зэрэг маш ноцтой баримтууд Үндэсний аудитын байгууллагын тайлангаар илэрч олон нийтэд дэлгэгдсэн боловч эдгээр гэмт үйлдэлд хэн ч хариуцлага тооцохгүй байна. Тиймээс спортын салбарыг, МҮОХ-г, хамгийн гол нь боксын холбооны нэр хүндийг, эрэгтэй, эмэгтэй тамирчдыг хүчирхийллээс, дарангуйллаа, шударга бус бүхнээс аварна ,ангижруулна гэдэгт ХЗДХ-ийн сайд, Боксын холбооны ерөнхийлөгч Х.Нямбаатарт итгэж найдаж, ажилд нь амжилт хүсье!

Next Post

Discussion about this post