“Мартагдсан дууль” кинонд Жаргалмаа охинд хань болдог слесарь эрийн дүрийг бүтээсэн Санги ах тэр үеийн өсвөр насныхны зүрх сэтгэлд Санги ах хэвээрээ үлдсэн. Хүмүүсийн нэрлэдэг Санги ахын дүрд тоглосон жүжигчнийг Адилбиш гэдэг. Тэрээр “Тань руу нүүж явна” киноны Цэрэнгийн дүрд мөн тоглосон. Эерэг ч, сөрөг ч дүрд гайхалтай тоглосон энэ жүжигчин эрхэм бидний дунд байхгүй болоод 30 шахам жил болж байна. Гэвч бүтээсэн дүрүүд, тоглосон киногоороо бидний дунд амьдарсаар, одоо ч түүнийг хүүхдүүд “Санги ах” л гэлцдэг. “Санги ах”-ын том охин А.Адилцэцэг аавынхаа мэргэжлийг өвлөж жүжигчин болсон. “Ядуугийн зовлон” кинонд хошин урлагийн жүжигчин Хүрлээгийн эхнэр болж тоглодгийг хүмүүс сайн санаж байгаа. Урлагийн продакшнуудад уригдан тоглож явдаг А.Адилцэцэг “Усны гудамж” кинонд тоглосон гэсэн. Адилцэцэг уран бүтээлээ хийхийн зэрэгцээ хувийнхаа амьдралд сайн анхаардаг сайн эзэгтэй. Тэрээр хуульч залуутай гэрлэж, хоёр ихэр хүүхдийн ээж болсон гэнэ.
Өвөрмонголын Шилийн голд багшилж буй А.Адилцэцэг ярилцлага өгөхдөө “Нийтдээ 30-40 киноны гол болон туслах дүрд тоглосон байгаа. Мөн хошин шогийн “Өнгөт инээд” хамтлагт тав зургаан жил ажилласан. Миний чиглэл ерөнхийдөө кино драм талдаа байдаг. Гэхдээ урлагийн хүн гэдэг утгаараа өөрийгөө ер нь сорих дуртай. Олон чиглэлээр сорьж үзсэн. Эхлээд Хүүхэлдэйн театрт тав зургаан жил ажиллаад дараа нь “Өнгөт инээд” хамтлагт орсон. Сургуулиа төгссөн жилүүдэд Драмын эрдмийн театрт мөн 2 жил гаруй ажиллаж байлаа. Тэнд байхдаа бие давхар болоод ажиллах боломжгүй болсон хэдий ч урлагаасаа мөн холдоогүй. Хүүхдээ өсгөхийн зэрэгцээ кинонд дуу оруулах зэргээр ер нь урлагийнхаа чиглэлээс нэг их хөндийрөөгүй. Мөн хүүхдийн цэнгээнт нэвтрүүлэг хөтөлж байсан.
-Та Шилийнхотын Монгол үндэстний 2-р бага сургуульд багшилж байгаа гэсэн. Тус сургуульд ямар чиглэлээр багшлахаар ирсэн бэ? Яагаад Шилийнголд ирж багшлах болсон юм бол?
Тийм. Энд би уригдаж ирсэн. Голдуу тайзны яриа, хэл яриа, жүжиглэлт, хөтлөгчийн чиглэлээр сургалт явуулж байгаа. Сургуулийн талаас ийм санал хүсэлт тавьсныг МУГЖ Чаминчулуун гуай надад санал болгосон. Аливаа юманд холбоо гүүр байх ёстой шүү дээ. Миний хувьд анх удаа Шилийнхотод ирж ажиллаж үзэж байгаа” гэж ярилцлага өгсөн байдаг.
Discussion about this post