Монгол Улсын Засгийн Газрын хуралдаанаар “Соёлын биет бус өвийг үндэсний болон дэлхийн хэмжээнд сурталчлан алдаршуулах, түгээн дэлгэрүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан өвлөн уламжлагчид мөнгөн шагнал олгох журам”-ыг баталсан. Энэхүү журмын дагуу гурав дахь жилдээ шилдэг өвлөн уламжлагчийг шалгаруулан урамшуулах гэж байна. Үндэсний болон олон улсын хэмжээнд зохион байгуулагдсан уралдаан, тэмцээнд амжилт гаргасан, СББӨ-ийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх чиглэлээр дотоод, гадаадад зохион байгуулагдсан арга хэмжээнд идэвхитэй оролцсон, Өөрийн санаачлагаар СББӨ-ийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх чиглэлээр дотоод, гадаадад арга хэмжээ зохион байгуулсан, СББӨ-ийг хамгаалах, хөгжүүлэх үйл хэрэгт идэвх, санаачлагатай оролцсон шилдэг Өвлөн уламжлагчаар Увс аймгийн Малчин сумын харьяат, баяд бий биелгээний нэрт төлөөлөгч, икэлч Жутаан Хумбаа гуай шалгарчээ.
Өдгөө нас ная шүргэж байгаа Жутаан Хумбаа гуай 1942 оноос эхлэн бий биелгээ, икэл хуурын уламжлалт урлагийг өвлөн авч өвлүүлэн уламжлуулах, судлах сурталчлах, ЮНЕСКО-ийн Соёлын биет бус өвийн Хүн төрөлхтний Төлөөлийн жагсаалтад бүртгүүлэхэд бодитой хувь нэмэр оруулсан билэг авъяастан юм. Тэрвээр шавь сургалт явуулахын зэрэгцээ Улаангом сумын “Парчин” төв, Баруун монголын язгуур урлагийн “Уран манлай төв”, Хяргас, Малчин сумын соёлын төвтэй хамтран баяд биелгээ, ихэл хөгжмийн дугуйлан хичээллүүлж, 500 гаруй шавь төрүүлсэн байна. “Ихэл хуурын эгшиг” баримтат кинонд шавь нарын хамт тоглож, энэхүү кино нь Оскарын шагналд нэр дэвшиж байв.
Өнөөдөр Соёлын өвийн үндэсний төвийн хамт олон өвлөн уламжлагч, билэг авьяастан Ж.Хумбаа гуайг урин залж бий биелгээ, икэл хөгжим тоглох тухай баримтжуулалт хийн, өв соёлын тухай сонин содон, өгөөжтэй яриа өрнүүлжээ.
“Хуурын татлага өөрөө маш их яриа хөөрөө хийж, сурган сурталчилж байдаг. Би даралттай хэвтсэн ч бий биелгээ, икэл хуураа зааж сургаж байдаг” хэмээн ярьсан Шилдэг өвлөн уламжлагч Ж.Хумбаа таны өвөг дээдсээс заяасан өв их соёлоо өртөөлж ирэн сургаж байгаа үлэмжийн их буянтан юм.
Discussion about this post