Байгалийн гамшигт удаа дараа өртөж ургац алдсан Умард Солонгост хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ гэж Өмнөд Солонгосын олон нийтийн болон шашны байгууллагууд өнөөдөр мэдээллээ. Өмнөдийнхөн нийт 535 мянган тонн будааг 11 дүгээр сар гэхэд Умард Солонгос руу илгээхээр төлөвлөжээ. Солонгосын хойгт үүссэн цаг уурын хүндрэлийг даван туулахад чиглэсэн энэхүү кампанит ажлыг хэрэгжүүлэхийн тулд өмнөд солонгосчууд тусгай зөвлөлдөх хороо байгуулах юм байна. Тус хороо хамтын хүчин чармайлтаар 300 тэрбум вон буюу 256 сая доллар цуглуулахаар төлөвлөжээ.
Тэд бизнесмэнүүд, Үйлдвэрчний эвлэл, энгийн иргэдээс хандив авахын зэрэгцээ гадаадад амьдардаг Дэлхийн Солонгосын сан, гадаадын ивээн тэтгэгчдийг арга хэмжээнд татан оролцуулах аж. Ирэх 11 дүгээр сард хүмүүнлэгийн тусламжаа илгээж дуусна, тусламжийн эхний хэсэг болох 100 мянган тонн будааг намрын ургац хураалтын баяр ба Чхусок өвөг дээдсээ дурсах өдрөөс өмнө явуулахаар зэхжээ. Энэ баярыг 2021 онд 9 сарын 20-22-нд тэмдэглэх юм байна.
Өмнөд Солонгосын Хөдөө аж ахуйн эдийн засгийн хүрээлэнгийн мэдээлснээр энэ жил байгалийн гамшиг, ургац алдсаны улмаас Умард Солонгост хүнсний хомсдол үүсч, 858 мянган тонн үр будаа шаардлагатай байгаа аж. Нэмж өгүүлэхэд, Пхеньян сүүлийн үед гадаадын хүнсний тусламжаас эрс татгалзах болсон, тусламжтай цуг коронавирүсийн халдвар улс оронд нь нэвтэрнэ гэж тэд айдаг юм.
Discussion about this post