Дархадууд Монгол улсын Хөвсгөл аймгийн нутагт оршин суух монгол угсаатны бүлэг.
Хар дархад хэмээх угсаатны бүлгийн нэр XVII зууны эхэн хагаст Халхын баруун гарын Хотгойдын язгууртан Сэнгүн баатар хунтайж Хөвсгөл нуурын умард, баруун этгээдэд хураан дагуулж эрхэндээ оруулснаар анх түүхэн сурвалжид тэмдэглэгдсэн. Сэнгүн баатар хунтайжийн хүү Гэлэг ноён хутагт Оросын зүг алдагдсан албат ардаа эргүүлж авах бодлого хэрэгжүүлж одоогийн ОХУ-ын Нижнеудинск орчмоос өөрийн хуучин албат буриад, тофалар овгуудыг нүүлгэн авчирч байсан нь хар дархадын бүрэлдэхүүнд оролцжээ. Гэлэг ноён хутагт 1686 онд болсон Хүрэнбэлчирийн чуулган дээр Халхын зүүн гарын хүчирхэг Түшээт хаан Чахундоржийн дэмжлэгийг олохын тулд түүний дүү анхдугаар Жавзандамба хутагт Өндөр гэгээн Занабазарт өөрийн албат хар дархад нарыг шавь болгон өргөв. Жавзандамба хутагтын шавь болсон учраас 1691 онд Халх Монгол Чин улсад дагаар ороход хошуу чуулганы зохион байгуулалтад орсонгүй харин Жавзандамба хутагтын их шавийн захиргаанд багтан хоёр отогт хуваагдан захирагдаж байгаад XIX зууны дунд үеэс эхлэн гурван отог болон хуваагдав. Тэдгээр отгийг зайсан тушаалтан захирч Их шавийн захиргаа Эрдэнэ шанзодбын яамнаас томилсон хаалгач лам нарын хамтаар Жавзандамба хутагтын хэрэгцээнд зориулсан үст албыг хурааж жил бүр Хүрээнд хүргэж өгдөг байв. Хар дархад отгийн нутаг нь өмнө талаараа Чин улсаас Оросын зүг байгуулсан гэр харуулын шугамаар халхчуудтай, умар талдаа Оросын хилийн шугамаар буриад нартай зах нийлэн Хөвсгөл нуурын баруун этгээдэд оршиж байжээ. Баруун талдаа Тагна урианхайн Тожи хошуу болон хотогойдын Дүүрэгч засгийн хошууны харьяат Ар ширхтэн отгийн урианхайчууд, зүүн талдаа Хөвсгөл нуурын хойт этгээдээр Хөвсгөл нуурын урианхай хошууны урианхайчуудтай хөршлөн харьцангуй буйд зах хязгаар нутагт оршин суусан тул дархад хэмээх угсаатны өвөрмөц соёлыг бүрдүүлсэн байна. 1911 онд Монгол улс тусгаар тогтнолоо тунхаглахад Их шавийн дархад отог Монгол улсдаа дагаар орж Богд хааны шууд захиргаан дор захирагдав. 1921 онд Монгол улс тусгаар тогтнолоо сэргээн мандуулахад Монгол улсын захиргаанд хэвээр үлдэж, 1922 оны засаг захиргааны өөрчлөлтөөр хошуу сумны зохион байгуулалтанд орж 1931 онд Хөвсгөл аймаг байгуулагдахад одоогийн Ренчинлхүмбэ, Баянзүрх, Улаан-Уул, Цагааннуур сумдад хуваагдан захирагджээ. 2010 оны байдлаар Монгол улсад 21588 дархад хүн оршин сууж байна.
Б.Нацагдорж
Discussion about this post