Олноо “Алтан” хэмээн алдаршсан “Зууны сайн малчин” Дагважанцангийн Мажигтай ярилцлаа.
Тэрээр урилгыг маань дуртайяа хүлээн авч, сонины редакцад тухлан зочилсон юм. Аргагүй бэлтэй, нүнжигтэй эр гэсэндээ их гарын жийп хөлөглөн, хиймэл үсэн дотор,том мөнгөн товчтой дээл, түмэн насан хээтэй хүрэн торгон өмд өмсч, булган малгай духдуулжээ. Шар дурдан бүс шавхийтэл ороож, хараа нь угалзтай оймс бүхий монгол гутал жийжээ. Бага гарын халтар манан хөөргөө гаргаж тамхилаад ярьж эхэллээ.
-Мажиг гуай, сайхан өвөлжиж байна уу. Нутаг хаана вэ?
-Тарган тавтай өвөлжиж байна. Багануураас урагш Их мэлзийн өвөлжөө гэдэг газар нутаглаж байгаа. Ер нь энэ жил цас багатай, дулаахан, сайхан өвөл болж байх шив дээ.
-Өвөлжөөндөө айл олонтой юу. Мал сүрэг тарган тавтай биз дээ?
-Ганц гэрээрээ байгаа. Хөгшинтэйгөө хоёулаа, үхэр мал эргүүлдэг айлын нэг хүүтэй цуг байна. Адуу, хонио Хэрлэнбаян-Улаан руу отроор явуулчихсан. Хэдэн үхэр, унааны морьдоо аваад үлдсэн. Бас гурав дөрвөн машин өвстэй, дажгүй л байна даа.
-Хөгшний тань бие сайн уу?
-Сайн сайн. Бид хоёр хотод цуг ирсэн л дээ. Сая намайг наашаа гарахад хамт явж, зургаа татуулъя гээд л байсан. Дагуулаад ирдэг байж.
-Зурхайчид Цагаан сарыг нэг сарын өмнө, хойно болно гээд л маргалдаад байх юм?
-Маргалдаад байх шаардлагагүй шүү дээ. Монголчууд хэзээ өвөл золгож байсан юм бэ. Нэгдүгээр сард хавар эхэлдэг болчихвол долдугаар сард намар болж таарна биз дээ. Хэзээ золгохоо жирийн эмгэн ч хүртэл хуруугаараа тоолоод мэдчихдэг ард түмэн шүү дээ, монголчууд чинь.
-Та чинь Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын харьяат хэвээрээ юү?
-Багануурын иргэн болоод гурван жил болж байна.
-Та Монголын анхны мянгат малчин. Одоо хэчнээн толгой малтай байна вэ?
-Нэг үе хөөрхий минь, мал их өссөөн. Малын буян их шүү дээ. Энэ их буянаа өөрийн гараар өсгөсөн. Хэдэн малынхаа буянаар л Монголын төрд данстай болсон хүн. Хүүхдүүд зах зээл хөөгөөд тараад явчихлаа. Мал харах хүн ч алга. Тэгээд малаа цөөлсөн. Одоо 200-гаад адуу, 500-гаадхонь, 40-өөд үхэр, мөн төдий тооны ямаатай.
-Танайх ямаа цөөхөнтэй юм байна. Хүмүүс ямаагаа их өсгөж байхад та…?
-Ганцхан ноолуурт нь болоод л тэгж байгаа юм. Түүнээс биш ямаа чинь чанарын хувьд тааруу мал юм шүү дээ. Одоо яахав, хэдэн төгрөгт нь болоод өсгөөд байна. Гэхдээ л ноолуурын үнэ зах зээлийнхээ эрхшээлд байдаг эд. Нэг л өдөр кило ноолуурын үнэ одоогийнх шиг 30 биш, таван мянга болоод шалдаа буучихыг хэн байг гэхэв.
-Хүүхдүүд чинь хаана, юу хийж явна вэ?
-Манайх хоёр охин, нэг хүүтэй айл. Хүү маань айл гэр болоод хөдөө байна. Хоёр хүүхэдтэй. Аминдаа бас хэдэн малтай. Одоо адуугаа оторлоод явчихсан. Том охин энд Улаанбаатарт байна. Халдвартын эмнэлэгт ажилладаг юм. Нөхрийг нь та нар сайн таних байлгүй. Яагаав, Иргэний хамгаалалтын газрын Тогоо хурандаа. Тэр чинь манай том хүргэн. Бага охин Багануурт бий. Шинэжил гэж нэртэй. Багш хүн. Одоо олны ярьдгаар бизнес хийж байна.
-Таны нас сүүдэр хэд хүрч байна вэ?
-1923 оны морьтой хүн. Одоо 75-тай.
-75-тай гэхэд их ануухан харагдаж байна?
-Амны тамхи татдаггүй болохоор тэр байх даа. Өдий болтол бараг хамрын ханиад ч хүрч үзээгүй хүн шүү дээ, би. Хүн өтөлнө гэдэг хэцүү юм, хүүхдүүд минь. Морин дээр гарахаар л хоёр нүдний нулимс цувчих юм. Хүн өөрөө мэддэггүй болохоос биш, хөгширнө гэдэг чинь цаагуураа бүх юм нь элэгдэлд орчихдог золиг байна л даа.
–Харин хамрын тамхи их татах юм аа даа?
-Овоо татна шүү. Ер нь тамхи, архи хоёрыг хэрэглэх чинь хүний өөрийнх нь мэдэх хэрэг шүү дээ.
-Тоглоом наадамд хэр вэ. Наймааны одтой хүн тоглоомд шаггүй байдаг даа?
-Шатар нүүдэггүй. Шагай муухан харвана. Одоо хурууны чадал хүрэхээ больсон байна билээ. Даалуунд бас шаггүй. Хааяа жаалах ч сайхан даа. Заримдаа андуурч гүйчих гээд байдаг гэмтэй.
-Үгүй бас булхайтай эр байх нь. Мөрийтэй тоглодог уу?
-Шөнөжин тоглоод өрсөлдөгчөө үүрээр үүрэглэнгүүт нь жаахан заль хэрэглэнэ шүү дээ. Бооцоотой үзэлгүй яахав. Аль сэргэлэн нь авна биз дээ. Мөрийтэй тоглох хориотой байхад баригдаж, ял хүртэл эдэлж явлаа.
-Хэзээ тэр вэ?
-1964 онд. Даалуу тоглоод 120 төгрөг хожлоо. Тэр үеийн 120 төгрөг гэдэг бас их мөнгө. Надтай цуг 20 гаруй хүн баригддаг юм. Хуулийн заалт нь хоёр жил хүртэл хорих ялтай. Жил зургаан сарын хорих ял аваад Мөнгөнморьтын хориход очсон. Ууланд есөн сар мод хийгээд гарсан даа.
-Юутай ч аавын хаалга татаад авчээ?
-Би чинь амьдралдаа аавын хаалгыг гурван удаа татсан хүн шүү дээ.
–Пөөх, ямар “гавьяа” байгуулсан хэрэг вэ?
-1972 онд улсын бэлтгэлд 20 үхэр тушаалаа. Хойтон нь 22, дараа жил нь бас 20 үхэр өгсөн. Олон хүний махны ногдлыг хаасан л даа. Тэгсэн 1979 онд баривчиллаа. Дамын наймаа хийж, бусдын ариун цагаан хөдөлмөрийг мөлжлөө гэж буруутгалаа. Хэнтий аймгийн мөрдөнд хоёр сар болов. Гэр орон, малыг минь хүртэл битүүмжилчихсэн. Шүүх, прокурорынхон асуухаар хүмүүс Мажигийн хамсаатан болчихно гэж айгаад үнэнээ хэлдэггүй. Ингээд нэг бол нэгдлийн малаас авсан гээд, үгүй бол хулгайлсан байх гэж хардагдахгүй яахав. Ингэсээр дахиж 45 хоног байцаагдсаны эцэст аймгийн шүүх хуралдаад хэргийг хэрэгсэхгүй болгож, арайхийн мултарлаа.
-Ашгүй шоронд суулгүй салжээ дээ?
-Тэгж бодож явтал бадарчин баярлах болоогүй байжээ. Хойтон жил нь Улсын дээд шүүх өнөөх хэргийг минь задалчихаж. УДШ-ийн дарга Ишийн гарын үсэгтэй ийм айхтар дамын наймаачныг заавал шийтгэ гэсэн бичиг аймагт очжээ. Дөрөвдүгээр сарын сүүлчээр баригдаад жил зургаан сарын тэнсэн авч, дамын наймаагаар олсон ашиг гэж 30-аад мянган төгрөгөө хураалгаад салсан.
–Яаж яваад гурав дахь удаагаа нарсанд суух болов?
-Тооллогоор мал дарсан хэргээр. Тооллогынхонд ам тоо өгөхдөө таван адуу, арваад үхэр дутуу хэлчихэж. Тэр үед атаархал, матаас их байж. Атаархсан нэг нь ольчихгүй юу. Намын бодлогод нийцэхгүй, жижиг хөрөнгөтний үзэл гаргасан гэж жил зургаан сарын ял өглөө. Зүүнхараагийн хориход ялаа эдэлсэн.
–Хэдийнээс малтай “нөхөрлөх” болсон юм бэ?
-Нас ч дөч гарчихлаа. Ер нь чинээлэг явъя гэсэн бодол маань ч бүтэхгүй нь шиг байна гэж ойлгоод 70-аад онд нэгдлээс охин хурга авч маллалаа. Олон ч удаа сум, аймгийн аварга боллоо. Хөгшин маань МАХН-ын гишүүн. Дарга нар манайхыг сураглахдаа намын гишүүн Лхамжавынх аль вэ гэх. Сайн ажилласан гэж хөгшнийг шагнана, хурал зөвлөлгөөнд урина. Уг нь тэр айлын өрхийн тэргүүн нь би шүү дээ. Тийм л хачин цаг байж. 1990 онд байх, улсын аваргад тодорхойлоод аварга болж амжаагүй. Бодвол Мажиг нам бус гээд хасаа биз.
-Ер нь хэдийнээс хэдэн малаа өсгөөд үзье байз гэх бодолтой болов?
-1980-аад оны сүүлчээс төр, засгийн зүгээс ард түмэн рүү зөөлөн салхи сэвэлзэж эхэлсэн л дээ. Тэр үеэс л салхины үзүүр уясаад ирлээ, хэдэн малаа өсгөөд үзье байз гэж бодох болсон. Мал ч овоо өслөө. Хонь 1200, үхэр 180, адуу 280-аад тоотой болов. Адуугаа бүр 500-д хүргэе гэж бодож ч явлаа. Гэтэл ган, зуд ойр ойрхон болж, байгаль, цаг агаар хавчаад. Дээр нь тэр олон малыг маллах хүнгүй, бас бэлчээр хомсдоод…
-Танай адуу хаанахын ямар угшлынх вэ. Адуутай болсон түүхээ яривал сонин байх даа?
-1960-аад онд юмдаг. Цэнхэрмандалд очсоны дараа даагатай гүү тавыг авч саалаа. Нэг сайн азарга олж тавья гэж бодогдоод болдоггүй. Хамбаа хээр гэдэг хурдан азаргыг зарна гэсэн сураг дуулдав. Авлаа.
-Ямар үнээр авав?
-3500-гаар. Хэдэн гүү нэмж, 20-иод тоотой юм болов. Айраг исгэнэ, уусан хүмүүс сайхныг нь гайхаад л.
–Сумын төв дээр байсан хэрэг үү?
-Тэгэлгүй яах вэ. Хөгшин сумын цаг уурын ажиглагч. Би нярав, тоо бүртгэгч гээд юухан хээхэн хийх. Сүүлдээ хөдөө гарсан л даа. Төв аймгийн Санжаагийн бага халзан гэдэг хурдан азаргыг 6000-аар авч, Хамбаа хээрийнхээ удамтай нийлүүлээд сайн угшлын адуутай болсон.
-Тэр бага халзан аль хэр хурдан азарга байв?
-Өө мундаг. Суманд хоёр түрүүлж, гурав аман хүзүүдсэн. Хавчиг насанд нь улсын наадамд уралдуулахад есөд ирж байсанюм.
-Та одоо морь уядаг уу?
-Үгүй, санаа байвч сачий хүрэхгүй болчихож. Уг нь малын буян их юм хойно давхимаар юм тэр олон адуун дотор байлгүй яах вэ. Хүүхдүүд ч дургүй. Ухаандаа залхуурч л байхгүй юу. Морь уяна гэдэг чинь тун их чимхлүүр, завгүй ажил учраас тэгдэг байх. Уяхаа байчихаар морь гэдэг чинь зүгээр нэг идэшний адуу болоод хувирчих юм байна шүү дээ.
-Мал маллахад бас нарийн ухаан хэрэгтэй биз?
-Ер нь малд дургүй хүн байхгүй. Малдаа хэчнээн хайртай ч мал санааны зоргоор өсдөггүй. Гол нь зөв л маллах хэрэгтэй. Ган, зудгүй газрыг олж нутаглах гээд олон юм байлгүй дээ.
-Төмөр хүлэгтэй хэдийнээс сүжрэх болов?
-1990-ээд оноос. Одоо бараг тав дахь машинаа солиод байна. Анх Багануурын дивиз тарахад байлдааны зориулалттай “31” авсан. Дараа нь “Зил-130″, “УАЗ-469″, тэгээд “Пажеро” гэж нэг жаахан цагаан юмтай болсон. Бас нэг “Бикаб” бий. Саяхан уралдааны “69” авлаа. Хөл дүүжлэх хоёр ч машин байж байна.
-Тэргээ өөрөө барьдаг уу?
-Цагаан газар юу юм бэ гэхээс биш. Өөрөө барих дургүй. Би ер нь жаахан зүрх муутай хүн шиг байгаа юм. Залуудаа мотоцикль унахдаа хүртэл айдаг байсан юм. Мотоцикль мөн ч олныг авч зарсан даа. Хэдэн малаас л өгчихдөг байж.
-Гадаадад аялж, юм үзэж, нүд тайлж явав уу?
-Урьд хэцүү байж. Одоо ч цаг төр сайхан болжээ. Уржнан хөгшинтэйгөө Утай, Гүмбүмд очиж мөргөөд ирсэн. 80-аад онд Тогоо хүргэн хойно сургуульд байхдаа Москвад ирнэ үү гэж урилга ирүүлсэн боловч НАХЯ явуулаагүй.
-Их гарын малчдаас хэнтэй нь сайн найз вэ?
-Мянгат малчдын олонхыг нь танина. Хэнмэдэх бид хоёр сайн найз. Агент хийдэг, оторчдоор явж арилжаа, наймаа хэлэлцэж явах үед нь танилцаж нөхөрлөсөн. Намайг багшаа л гэдэг юм. Одоо олон малтай болсон дуулдана билээ.
–Төр, засгийн томчуудтай хэр дотно вэ?
-Анхны Ерөнхийлөгч П.Очирбатыг сайн танина. Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга байсан Ч.Сүрэнтэй үй зайгүй найз. Одоо ч тэр маань Монголдоо байхаасаа байхгүй нь олонтаа болж. Өнөө жил дулаан оронд өвөлжиж байгаа гэнэ.
–Бөхөд хорхойтой юу?
-Бөх сонирхдоггүй монгол хүн байхгүй биз. Бөх үздэг л юм. Гэхдээ нэг их айхтар балиашиглаад байдаггүй. Бат-Эрдэнэ аварга Хэнтийгээс төрсөн бөх. Харж, дэмжиж л байдаг даа.
-Та Цэнхэрмандалын уугуул уу?
-Цэнхэрмандалын гаралтай. Одоо төрсөн бууцан дээрээ өвөлжиж байна даа.
-Залуудаа цэргийн алба хаасан уу?
-1950 онд 21-тэйдээ цэрэгт мордлоо. Дөрөвдүгээр анги төгссөн гээд Дотоод яамны бага даргын курсэд авлаа. Нэг жил суугаад онц дүнтэй төгсөв. Ховдын 24 дүгээр отрядад хуваарилагдаж, жил илүү ажилласан. Бас болоогүй, мөрөн дээрээ гурван хөндлөн зураастай том амьтан. Цэргийн гурван жилийг арай дуусгалгүй ар гэрийн гачигдлаар халагдсан.
–Ямар гачигдал гарах нь тэр вэ?
-Аав маань нас барчихсан юм, зайлуул. Тэр шөнө нь би аавыгаа зүүдэлсэн. Нэг л муу зөн байж л дээ.
–Цэргийн дарга байсан хүн нутагтаа ирээд юу хийв?
-Эхлээд багийн ахлагч хийв. Дараа нь 45 хоногийн курсэд суугаад хүн эмнэлгийн сестра болов. Ойр зуурын эмтэй, тариагаа хийчихнэ. 30 төгрөгийн цалинтай. Хоёр жил гаруй ажилласан юм.
–Таны удам угсаа, аав, ээж ямархуу хүмүүс байв?
-Өвөг эцэг Дамдинсүрэн отгийн дарга явж. Төрсөн эцэг маань Дугарсүрэн гэж хүн байсан. Дагважанцан гэдэг чинь миний өргөсөн эцэг л дээ. Намайг бүр нялхад нь тэднийд өргүүлсэн гэдэг. Тэр Дагважанцан мундаг зоч хүн байж. Хуучнаар Гадин засгийн хошууны хүн. Зочийн номоо дуусгаад хүрээ рүү хавчиг үүрэг үүрч, таяг тулаад гарсан гэдэг. Гэтэл хүрээнд гамин цэрэг орж ирсэн учир арга буюу буцаад Бугуйн булан гэдэг газар амьдарч байж. Миний өргөсөн эх Должин 16 настай охиноо цагаан бурхнаар алдчихаж. Хар хүн нь урд жил нь бурхан болсон байж. Тэгээд ээж минь одоо би амьд яваад яах вэ гээд голд унаж үхэх гэж хоёр ч удаа оролдоод болсонгүй гэнэ. Хоол, ундыг нь зөөж явсаар Дагважанцантай нэг гэрт орж, цайгаа хувааж уух болсон юм гэнэ билээ.
-Хүүгээ юунаас болоод айлд өргүүлэх болсон юм бол?
-Дагважанцан зоч хүүхдийн өвчинд гаргууд хүн байж. Гүрэм, дором хийгээд л хүнд өвчтэй хүүхдийг хөл дээр нь босгодог байсан гэдэг. Олон түмэн ч шүтээд, нэр хүнд нь өсөөд. Намайг төрүүлсэн эцэг, эх Дугарсүрэн, Гочоо хоёр 4-5 ч хүүхдээ багад нь алдчихаж. Тэгээд нэг сайн зоч байна гэж дуулаад тогоогоо бариулж, товчоо хадуул гээд эгчийг минь тэр зочид өргүүлж. Хавар ногооноор би эхээс гарангуут өвдөж үхэх дөхөж. Зочийг өргөж ав гэж хэлүүлбэл авахгүй гэж. Тэгэхээр нь үүрээр гэр дээр нь аваачаад тавьчихаж. Зоч манцуйг минь задалж баахан ном уншиж, хонх, дамар тачигнуулсаар намайг хүн болгосон юм гэнэ билээ. Ус уух хувьтай л байсан юм байлгүй.
-Та хоёрыг айлд өргүүлсний дараа төрсөн эцэг, эх хоёр чинь үр хүүхэдтэй болсон уу?
-Бололгүй яах вэ. Бид хоёроос хойш зургаан дүү гараад цөм эрүүл, саруул өссөн. Надтай цуг үрчлүүлсэн эгч минь одоо манайтай айл байгаа. Хүүтэйгээ амьдардаг юм.
-Маань мэгзмийн дуу, арц хүжийн үнэртэй гэрт өссөнийх ойр зуурын уншлагатай, дээр нь шүтлэгтэй байх даа?
-Тарни хэлж, маань уншина шүү. Хонх, дамрын дэргэд өссөн юм чинь. Гончигсүм, намайг хүн болгосон болохоор шүтлэгтэй байлгүй яах вэ.
-Ан авд хэр вэ, буу шийдэм бий юү?
-Ёстой дургүй юм чинь тэр. Оготнын хамраас ч цус гаргаж үзээгүй.
-Овоо хэдэн малтай болохоор танайхны амьдрал дажгүй юу?
-Тааруу гэж муу амлаж яаж болох вэ. Хөдөө гэртээ цахилгаан мотортой, телевизээ үзчихнэ. Хонины ноос үнэгүй болчихлоо. Нэг кило ноосоо ганц зуун төгрөгөөр зарсанд орвол Хэрлэн голд урсгачихсан нь дээр болох нь л дээ. Сүүгээ зардаггүй, харин хааяа ганц нэг мал нааш цааш нь болгох юм.
–Хол ойроос танайхыг зорьсон зочин гийчний хөл тасрахгүй биз дээ?
-Хэдэн малын буян, амьтан ах дүүс орж гаралгүй яах вэ. Улаанбаатараас ч зориуд зориод очдог л юм. “Шингэнийг нь та нар авчраарай, өсгөнийг нь би даая” гэж тоглоом наадмын завсар хэлдэг юм.
-Шингэн гэдэг нь ойлгомжтой. Шилтэй хатуу, зөөлөн ундааг хэлсэн хэрэг биз. Өсгөн гэж юуг хэлнэ вэ?
-Цагаан идээ, боох ямаа, хорхог хийх хонины мах энэ тэрийг нь гаргая гэж байхгүй юу.
-Хэн хүнгүй л таныг “Алтан” Мажиг гэх юм. Юунаас болоод ийм нэртэй болчихов?
-Би багын шүд муутай л даа. 1960-аад оны үед долоон алтан шүд хийлгэлээ. 960 төгрөгийн үнэтэй швейцарь шар цаг авч зүүгээд хуруундаа хоёр ч алтан бөгжтэй. Тэр үед алт элбэг ч байж, хямд ч гэж жигтэйхэн. Эдэлдэг хүн ч цөөн. Залуу хүмүүс бараг эдэлж хэрэглэдэггүй, хэрэглэхдээ ичиж байсан үе. Феодалын үеийн эдлэл гэж голж байгаа ухаантай юм уу даа. Үнэ цэнийг нь ч мэддэггүй байж. Баахан алт болсон хүн ойр хавийн хэдэн сумаар наймаа панз эргүүлж, сар гаруй явав. Тэгээд л “алтан” гэдэг алдрыг хүртсэн дээ.
-Энэ нэрэндээ дуртай юу?
-Олон түмэн хайрласан болохоор дургүйцээд байх юу байх вэ.
-Ер нь залуугаасаа гангалах дуртай байжээ дээ?
-Залуу байхад ер нь гоёхын өвчтэй байж шүү. Цэргээс халагдсаны дараа жигүүнэн дээл, өмд хийлгэж 36-гийн торгоор доторлож өмслөө. Тэгээд түүнийгээ гайхуулах гэхдээ өмднийхөө шуумгийг өвдгөө өнгөртөл эргүүлчихээд явдаг байлаа. 36-гийн торго чинь тэр үеийн хамгийн үнэтэй эд шүү дээ. Тэгсэн чинь “торгон” Мажиг нэртэй боллоо. Манай нутагт Хулганаа банди гэж даалимбан дээлээ дугуй хээтэй торгоор доторлож өмсдөг хүн байсан юм. Амихандаа түүнийг дуурайж байгаа нь тэр.
-Хөдөөний эрчүүд тогоо сайхан тавьдаг. Та “ус галзууруулахдаа”аль хэр вэ?
-Олон жил тогоо тавилаа. Одоо ч тавьдаг. Миний тавьсан тогооны архи сайхан ч гардаг юм. Тогооны аарцыг идэхэд ч сайхан шүү дээ. Намар жаахан тараг хураачихна. За тэгээд түлээ, ус хоёр байж байхад тогоо тавих юухан байх вэ. Мөсөөр нэрвэл архи хачин сайхан гарна шүү дээ. Их хүйтэн учраас хөлрөх нь сайн байдаг.
-Өөрөө нэрдэг болохоор хатуу идээнээс буцдаггүй л байлгүй?
-Дөч гарсан хойноо л архи уусан. Эцэг өвгөдийн сургаалд ч “дөч хүрээд дөнгөж амс” гэж бий биз дээ. Амьдрах гэж ид зүтгэж явахдаа бараг амсдаггүй байж. Одоогийн залуучууд архи их уух юм. Ер нь залуу хүн архи уух дэмий.
-Хөгшинтэйгөө анх хэдийд, яаж танилцав. Ханилаад олон жил болов уу?
-Бид хоёр 1956 онд гэр бүл болцгоосон улс. Манай хөгшин Булганых. Улаанбаатар гэж холыг ойртуулж, хоёрыг уулзуулдаг газар байна шүү дээ. Тэр үед Хүүхдийн больницод сувилагч хийж байв. Хоёр жилийн дараа нэг гэрт орсны 50 жилийн ой болох юм. 50 жил гэдэг их хугацаа шүү. Алтан хуримаа хийнэ л гэж бодож яваа.
–Та хэдэн жилийн өмнө мянган хонины найраа нижгэр хийж байсан санагдана?
-1992 онд хийсэн юм. Видео бичлэг хийлгэснээ одоо үзэхэд сонин л байдаг юм. Тэр жил Монгол Улсын анхны мянгат малчин болсон хэрэг. 1990 онд нэгдэл тарахад хөгшин бид хоёр 20, 20 хонь л хувьчлалаар авсан улс. Зарим хүн шиг нэгдлээс авсан малаа жаахан өсгөөд мянгат малчин болсон юм биш.
-Ийм найр хийх бодол яаж төрөв?
-Мянгат малчин болчихоод Ц.Элбэгдоржоос асуулаа. Мянган хонины баяр хийж болох уу гэж. Болно гэж байна. Архи дарс, чихэр боов, боовны гурил байхгүй, картын бараатай тарчиг цаг байлаа шүү дээ. Ерөнхий сайд Д.Бямбасүрэнд бараалхлаа. Тэр чинь манай нутгийн хүн шүү дээ. Мянган хонины найр хийх гэсэн юм. Энэ тэр юм олж өгч тусална уу гэж гуйлаа. Юу хэрэгтэй юм бэ өргөдлөө бичээд өг, Баярбаатар /тэр үед Худалдаа, аж үйлдвэрийн сайд байсан/ сайдаар дамжуулаад аваарай гэлээ. Бөөний бараа баазаас нэгдүгээр гурил нэг, хоёрдугаар гурил хоёр, цагаан будаа, элсэн чихэр, шар будаа тус бүр нэг шуудай, дугуй булантай цай 40 ширхэг, цаастай чихэр 10 кило, цагаан архи 100 шилийг авлаа. Сумынхан маань нэг сарын картын архиа нэмэрлэлээ. Хэрлэнгийн тохойд найраа хийж байлаа. Сайхан наадам болсон доо. Хоёр өдөр болсон. Арваад хонь, нэг тарган сувай үнээгээ муулаад л хоол унд хийсэн. Оны биш “Зууны манлай малчин” болсон гээд бас жаахан онгирсон хэрэг.
-“3ууны сайн малчин” маань энгэртээ зүүх одон, медаль олонтой юу?
-Одон байхгүй. Харин ойн медаль бий. Намын бодлогын эсрэг, баяжих гээд байсан хүнийг яалаа гэж шагнах вэ?
–Эр хүний эдэлж хэрэглэх ямар гүйцэгдэх биш. Таны гоёо юу вэ?
-Сайхан морь унаж, сайхан эмээл тохчихоод явж байх ч эр хүний бахархал даа. 1976 онд Хэрлэнбаян-Улаанд оторчдын наадам гэж боллоо. Тэгэхэд би унаган дэлтэй, хүрэн халзан морь унаж, илбэнхэн дээл өмсчихөөд сайхан гаанс, хөргөөр гангарч явлаа. Тэр үеийн ханшаар 50-иад мянган төгрөгийн эд хэрэглэж явж. Хожим нь 1979 онд баривчилж байцаахдаа “Манай нийгэмд ийм баян тарган хүн байж болох уу, ямар орлогоор ийм их юмтай болов” гээд л шалгааж байсансан.
-Лхамжав гуай аль хэрийн ганган хөгшин бэ. Хөгшнөө гоёж байв уу?
-Ухаантай эр хүн өөрөөс илүү эхнэрээ гоёдог юм. Гоёл нь таарч зохисон эхнэрээ дагуулаад явж байх шиг сайхан юм гэж хаа байх вэ. Эхнэр бол эр хүнийг ээжийн дараа хүлээж авдаг, ачтай хүн. Эр нөхөр ч ялгаагүй, эцгийн дараа таарсан ачтан. Чи бид хоёр хорвоог зөв элээлээ шүү гэж одоо хөгшиндөө хэлдэг юм.
-Ач зээ нар олонтой юу?
-Дөрөв дэх үеэ үзээд байна даа. Ууган гуч маань 12 настай.
–Далан хэдэн насны босгон дээрээс туулсан амьдралаа эргэж харахад, хүн болсны учир утгыг эргэцүүлэхэд ямар бодол төрдөг вэ?
-Хорвоод далан хэд наслахдаа 20-иод жилд нь галзуу юм шиг л явж. Дараа нь гэр барьж үр хүүхдээ тэжээх гэж чамгүй зүтгэжээ. Бид хоёрын аз болж муухай зантай хүргэн, бэр таарсангүй, хөөрхий. Одоо хөгширлөө, намбатай байж, зөв өтлөхийг л бодож байна. Энэ их чухал. Унаган ухаантай хүн зөв өтөлдөг жамтай. Насны бөгсөнд эдийн засгийн хувьд бусдын эрхшээлд орохгүй юмсан гэж бодох л юм. Өвчин бол одоо яая гэх вэ. Хэлж биш, хийсч ирдэг юм хойно.
-Дуу хуурт хэр вэ, барилдаж явав уу?
-Залуу байхад аль алийг нь оролдож л явлаа.
-Таныг наймааны од сайтай байсан гэж дуулсан?
-Төгрөгөөс төгрөг хожихгүй юм бол наймаа хийгээд яах юм бэ. Ер нь амьдралдаа наймаанд алдаж үзсэнгүй ээ. Арилжаа наймаа гэдэг чинь хүний од, азтай холбоотой юм шүү дээ.
-Төгрөгөөс төгрөг унагасан нэг жишээ дурдана уу?
-Зах зээлээс өмнөхөн юмсан. 80 төгрөгийн үнэтэй, одтой торгоор гадарласан туулайн малгайгаа 800 төгрөгөөр зарж л явлаа. Шохоорхоод авсан хүн нь туулайн арьсыг хар үнэгнийх гэж бодохгүй юу. Мөнгө хатууд том наймаа байгаа биз.
-Амьдралдаа хийсэн хамгийн том наймаа юу байв?
-1977 онд байх, Цэрэн аваргын найз, Амгалангийн “бүдүүн” Лхамсүрэн нэг сайхан гаансаа зарна гэж дуулаад очлоо. Сөөм хэртэй урт, сайхан цагаан гаанс байна. Хорхой хүрээд болдоггүй. Унагатай гүү тав, долоон бүдүүн ат өгье гэлээ. Ат авахгүй, 1.6 тн махны ногдол хаах эр үхэр өг гэж байна. Гаансыг нь авлаа. Хавар үхрийг нь хүргэж өгөхөөр боллоо. Хавар нь хөгшнөөрөө 11 эр үхэр туулгаад килог нь харуулахаар явуулдаг юм. Жинлүүлтэл 1.6 тонноос 16 кг мах илүү гарсан гэдэг. Бас гайгүй багцаалж тооцсон байгаа биз.
-Хорь гаруй бодоо ганц муу гаансаар сольчихдог сонин хүн ээ, бас?
-Бас нэг бяцхан түүх ярья. Гаанстай болоод автал нэрэх хятад дүнс олддоггүй. Захын “цоохор” Цэвээндорж гэдэг баянаас хоёр боодол дүнсийг нэгийг нь 150 төгрөгөөр бодож авлаа. Өвөл нь хөгшний нутаг Булганы Хантай сум руу явахаар болж, нисэх дээр очив. Хөгшнийхөө нутагт анх удаа очих гэж байгаа нь тэр. Хүлээлгийн танхимд сууж байтал хүрэн сэгсүүргэн дээлтэй хүн ирээд дэргэд суулаа. Өврөөсөө ихэр гэртэй гаанс гаргаад тамхилж байна. Зантай сайхан эд юм аа. Зарах уу гэвэл үнэ таарвал наймаа ярьж болох юм гэв. Үнийг нь сонирхвол 25 мянга гэж байна. Хөгшин бид хоёр уртаашаа зургаан мянган төгрөгтэй явсан юм. Хөгшиндөө хэллээ. Гаансан дээрээ таван мянган төгрөг нэмээд тэр гаансыг авъя гэж. Хөөрхий минь, өөрөө мэд гэж байна. Харин өнөө нөхөр чинь гаансыг гаансаар солихгүй гээд гэдийчихдэг байгаа. Тэгэхээр нь хавар арван бүдүүн эр үхэр, тугалтай эрлийз үнээ нэгийг өгъе. Дэнчинд нь мянган төгрөг нэмье гэв. Ингэсээр яваад намар нь таван эр үхэр, арван эр хонь, өнөөх тугалтай эрлийз үнээ, бас хоёр мянган төгрөг өгч байж хүссэн гаансаа өөрийн болголоо. Сайн ноён хан Намнансүрэнгийн хэрэглэж байсан гаанс юм гэнэ билээ. Эр хүн эдэд шохоорхож болно. Учирсан ханиасаа өөр бүсгүйд дурлаж л болохгүй. Үнэтэй юм зууж эрүүний чилээ гаргаад, сайхан гаансаар тамхилаад сууж байх ч бас л эр хүний жаргал даа.
-Тийм үнэтэй гаансны эзэн, хүрэн сэгсүүргэн дээлтэй эр хаанахын хэн байв?
-Бараатын “бага” Өвгөнхүү гэдэг хүн дээ. Их гарын эр.
–Үр хүүхэд, ач, зээ нартаа юу гэж сургаал айлддаг вэ. Залууст захиас хэл гэвэл та юу хэлэх вэ?
-Хөрөнгө хуримтлуулна гэдэг их ухаан шүү. Дээр нь эрдэм ном хэрэгтэй. Найраа цөөхөн хийгээд нанчдаа бага шиг уугаарай гэе. Монгол ухаан гэж лут юм байна шүү. Манай нутгийн хүн, хичээнгүй сайд Цэрэндорж ямар их гүйлгээ ухаантай, мундаг хүн байв.
–Лхамжав гуай хувьсгалт намын гишүүн юм байна. Ярианаас чинь үзвэл та ардчиллын талыг дэмждэг бололтой?
-Ардчилал гэж үнэхээр ач тустай юм болохыг нь одоо хүн бүр мэддэг боллоо. Ардчиллынхан хэтэрхий залуудаа төр барьсан. Хэт яараад, дэндүү хөнгөдлөө. Ингэж л бодож явдаг.
–Монгол Улс ОХУ-д өргүй болсон тухай дуулав уу?
-Би сонин их уншдаг. Тэгээд элдэв юмны тухай өөрийнхөө лабораторид /толгойгоо заав Б.Б/ боловсруулаад дүгнэлт хийж явдаг даа. Өртэй нь үнэн байж. Өрөө яаж барагдуулах талаар өмнө нь олон удаа яриа хэлцэл хийсэн юм билээ. Өргүй болно гэдэг нь яриангүй сайн хэрэг.
Манай сонины орлогч эрхлэгчийн хүндэтгэн сөгнөсөн “Чингис” сархдаас хүртэнгээ тэр ийн хөөрлөө. Өчнөөн олон мянган хүн уншаад юу гэх бол гэж болгоомжлолгүй чин сэтгэлээсээ өгүүлсэн нь энэ. “Өвөө явах цаг боллоо” гэж зээ хүүгийнх нь сануулснаар гурван цаг үргэлжилсэн халуун яриа өндөрлөсөн билээ. “Зууны сайн малчин” “алтан Мажиг ахтан, эвий хөгшин минь гэж яриан дундаа үе үед дурсч байсан Лхамжав гуай та хоёртоо сар шинэдээ сайхан шинэлж, “Наран гэтэлгэгч” хэмээх модон бичин жилдээ эрүүл энх, аз жаргалаар дүүрэн байхын өлзийт ерөөлийг хамтатгая.
Зууны мэдээ сонин 2004 он
Discussion about this post