АФГАНИСТАНЫ цэрэг-улс төрийн байдал аюултай хэмжээнд хүрч америкийн цэрэг гарч байгаатай холбогдуулан ахин иргэний дайны ирмэгт тулж ирлээ. Өнөөгийн афганы цагийн байдал 1975 онд америкууд өмнөд Вьетнамаас цэргээс гаргасан Сайгоны засаглалын уналт, 1989 онд оросууд Афганаас цэргээ гаргасан Нажибуллагийн засаглалын нуран уналт яг давтагдаж байгаа шиг одоо Афганы ерөнхийлөгч Ашраф Гани засаглал унахад тун ойрхон байна.
Оросууд арваад жил Афганд байлдахын хажуугаар ардын хүүхдүүдийг сургачих сайн санаа өвөрлөн өнгөлзөн ирэх душмануудаас хамгаалах зорилготой өндөр хашаагаар хүрээлэгдсэн олон сургууль соёлын газрыг дайны хажуугаар далдлан барьж ашиглалтанд оруулсаныг афганчууд өнөөдөр ам уралдан магтдаг. Харин барууныхан болохоор оросын барьсан өндөр хашааг өнөөдөр нураан оросын балгас болсон олон сургуулийг засаж янзлан ашиглалтанд оруулж байгаа дүр зургаа олон нийтийн радио телевиз тvмний нvдэн дээр зад рекламдаж байгаа нь мэдээллийн дайны мэдрэмжтэй үйлдэл гэхээс аргагүй. Гэсэн ч америк орос аль аль нь Афганд ардчилал коммунизмыг арав хорин жил тулгаад ч баралгүй гарч байгаа нь дорнын омгийн сэтгэхүй зохион байгуулалттай афганчуудын ахуй соёл Аллах Бурхандаа үнэнч талибуудын шашин шүтлэгтэй холбоотой.
Алдарт цэргийн жанжин Александр Македонский хүртэл афганчуудыг дийлэхээ байхаараа бүүр адаг сүүлдээ бууж өгөөд цэргүүдтэйгээ хамт афган авгай авцгаан хүргэн ороод тэдний ахуй сэтгэхүйд дасан зохицоод энхийн гэрээ байгуулан худ ураг болоод эсэн мэнд салцгаасан түүхтэй. Одоо ч гэсэн тэдний үлдэгдэл цэнхэр нүдтэй шар толгойтой хүмүүс Афганистанд бий.
Америкийн шинэ ерөнхийлөгчийн амалсан ёсоор афганаас арваннэгний атакийн өдрөөс \2001 оны 9-р сарын 11-ны террорист атак\ өмнө амжиж цэргээ гаргахаар Кабул дахь элчин сайдын яамныхаа албан нууц бичиг баримтуудаа устгаад ажилтануудаа болон америкуудтай ойр ажилласан олон мянган афганчууд орчуулагчдыг онцгой цагаачлалын статусаар афганаас татан гаргах ажиллагаа ид явагдаж байна. Тэдний афганаас гарах аюулгүй байдлыг хангах зорилгоор америкууд ахин мянган цэрэг Кабулд татан авчраад байна. Англи мөн адил арга хэмжээ авч афганаас гарах англичуудын аюулгүй байдлыг хангахаар 600 цэрэг афганд ахин оруулах боллоо. Өнөөдөр барууныханы өргөн хэмжээний байлдааны ажиллагаа явуулах бол өнгөрсөн түүх болж харин англи америкчуудын хувьд афганаас амьд амиа авч гарах ажиллагаа л явагдаж байна.
Ашраф Гани засгийн газрын цэргүүд амь амиа бодон буу зэвсгээ хаян бууж өгч талибуудын талд орж байгаа энэ хүнд хэцүү үед талибуудыг сөрөн зогсох ганц хүн бол домогт Дустум генерал бөгөөд тэрээр талибуудтай нэгийгээ үзэж нэхий дээлээ уралцахаар зэвсэгт бүлэглэлээ нутгийн хойд хэсэгт зохион байгуулж эхлээд байна. Дөчөөд жил байлдаж байгаа Дустум генерал бол афганы узбек аавтай туркмен ээжтэй наяад онд Москвад цэргийн сургууль төгссөн.
Америкууд Афганыг эзлэхээс өмнө Дустум генерал 45 мянган цэрэг армитай өөрийн нэрээр нэрлэсэн Дустумистан хэмээх тусгаар улсаа нутгийн хойд хэсэгт Узбекстаны хил залгаа байгуулж узбекийн ерөнхийлөгч Ислам Каримовтай хэлэлцээ хийн шинэ тусгаар улсаа тэдэнтэй нэгтгэх асуудлыг ч хөндөж явсан афганы армийн цорын ганц маршал хамгийн нөлөө бүхий хээрийн цэргийн дарга\зургын голд\.
Афганы ерөнхийлөгч Ашраф Гани гурав хоногийн өмнө өөрийн биеэр хойд бүсийн нийслэл Мазари-Шарифт ирж Дустумаас дэмжлэг хүссэн ч өчигдөр бараг байлдаангүй шахуу Мазари-Шарифыг талибуудад тавьж өгсөн нь олон улсын амыг ангайлсан ч энэ нь Михаилд нэг бодол бий гэдэг шиг Дустум одоогийн засгийг унагаж аваад Орос Узбек Туркийн цэрэг улс төрийн дэмжлэгтэйгээр өөрийн гэсэн тусгаар улсаа дахин байгуулах бодолтой байгаа болов уу.
ДОКТОР ХУРАНДАА ДОРЖПАЛАМЫН ЭРДЭНЭЦОГТ
Discussion about this post