Монголын XIII зууны үед холбогдох “Бүсний арал чимэглэлүүд” үзмэрийг үзүүлж байна. Дундад эртний монголчууд дээл хувцсан дээрээ төмөрлөг толь, товруу чимэглэлтэй суран бүс, хаад язгууртнууд алтан бүс бүсэлдэг байсан талаар сурвалжид тэмдэглэсэн нь бий.
Монголын нууц товчоонд: “Жамуха Увас мэргидийн Дайр усунаас олзолж авсан алтан бүсээ Тэмүжин андад бүслүүлэв”, мөн Уйгурын Идүгүд Чингис хаанд элч илгээж дагаар орохдоо “Чингис хаан соёрхвоос алтан бүсний горхиноос, ал /улаан/ дээлийн үртэснээс олбоос тавдугаар хөвгүүн чинь болж, хүч өгье” хэмээжээ.
Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Бухын хошуунаас дээлийн хамт алт шармал зэс бүсний арал, чимэглэлүүд олдсон нь эдүгээ Монголын Үндэсний музейд хадгалагдаж байна. Үүнээс гадна Сүхбаатар аймгийн Онгон сумын Таван толгойд малтсан булшнаас болор бэлтэй, бүсэнд хадаж бэхлэх зориулалттай болор товруу, гархи зэс арал илэрсэн төдийгүй ОХУ-ын Эрмитаж музейд манан шигтгээтэй бүсний бэл, товруу хадгалагдаж буй нь чулуун тольтой бүс хэрэглэж байсныг нотлох ховор баримт юм. АВСНЫ АЛТАН ЧИМЭГЛЭЛ, ХҮРЭЛ БАРИУЛ Хэнтий аймгаас олдсон байдаг.
Discussion about this post