Дуучин А.Хишигдалай “Universe Best Songs 2011″ наадамд оролцон өвөрмөц хүчирхэг хоолойгоороо бусдаас ялгаран түрүүлсэн. Дараа нь тус наадмын ялагчдын дунд явуулсан уралдаанд ч А.Хишигдалай түрүүлж, үнэхээр сайн дуучин болохоо баталсан билээ. Рок попын дуучдын эгнээнд багтаж, дуулсан дуу болгон нь хит болдог. “Харанга” хамтлагийн ахлагч Ц.Чулуунбат МУГЖ Т.Ариунааг байсаар атал “Ирэх л гэж” дуугаа А.Хишигдалайгаар дуулуулсан нь үнэхээр чадварлаг дуучин болохыг хүлээн зөвшөөрсөн хэрэг. Мөн “Рояаль” дуу бичлэгийн студи 200 саяын гэрээ байгуулсан гэгддэг. Тэгвэл энэ нь дуучдын ихээхэн амжилттай гэрээ болно.
А.Хишигдалай 1993 онд Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн. Дээрээ хоёр ахтай болохоор эршүүд болохын эхлэл байсан биз. Дуучин А.Хишигдалайг хөдөөнийх гэж өөлөх нь бий. Хөдөлмөрч А.Хишигдалай сайн дуу “төрүүлж”, хажуугаар нь өөрийгөө ч өөрчилж чаджээ. А.Хишигдалайг гоо сайхны мэс ажилбарт орлоо гэж шуугидаг нь түүний сайхан болсон өөрчлөлтийг анзаарсан хүмүүсийн яриа бай. Өдрөөс өдөрт өөрчлөгдөж, өнгө орж өөрийгөө бүтээдэг А.Хишигдалай үзэл бодлын хувьд ч төлөвшиж явна.
Дуучин А. Хишигдалай үе тэнгийн бүсгүйчүүддээ хандаж уриалга гаргасан. Тэрээр “Надад ч бас булга өмсөөд 40 гаруй настай юм шиг явж байсан үе бий. Амьтанд хайртай гэж амаараа донгосоод, амьтны арьс нөмөрч явдаг. Би хэн бэ гэж бодсон. Үг үйлдэл алд дэлэм зөрсөн. Тиймээс бүсгүйчүүдээ булга өмсөхөө больцгоо” хэмээсэн. Сүүлийн үед охид бүсгүйчүүд 20 наснаасаа эхлэн булган шуба өмсөх нь ихэссэн. Ингэхэд дуучин А.Хишигдалайн уриалга нүдээ олсон зөв уриалга болж байна.
Discussion about this post