ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн Монголын эзэнт гүрэн, дундад үеийн түүхийн салбарын эрдэм шинжилгээний ажилтан Э.Равдангийн “Их Монгол гүрний түүх-газарзүйн нэвтэрхий толь” бүтээл хэвлэгдэн гарлаа.
Тус бүтээл нь “Дэлхийд тархсан монгол газар нутгийн нэр” (УБ., 2003, 2005, 2006 онд хэвлэгдсэн цуврал 3 дэвтэр, тэдгээрийг 2016 онд нэгтгэн хэвлэсэн А4-528 тал) судалгааны өгүүллийн эмхэтгэл, “Их Монгол гүрний хот, балгадын товчоон” (УБ., 2018, Б5-274), “Монголын нууц товчоон” дахь газар нутгийн нэр судлал” (УБ., 2020, Б5-656 тал) нэг сэдэвт хоёр зохиол болон бусад сурвалжид туссан түүхэн баримтууд тольд багтсан 405 өгүүллийн дийлэнхийн агуулгыг бүрдүүлэв. Үүнд дээр дурдсан судалгаанд “Монголын Нууц товчоо”-д туссан 230 орчим түүхт газрын биетүүдийн нэрээс энэхүү тольд 158 нэр бүхий биетийг сонгон, тэдгээрийн нэрийн гарал үүдлийг хөндөлгүй зөвхөн байршлыг нь судлаачдын олон арван бүтээлийг нэг бүрчлэн судалж ололт амжилтыг нь шинэ баримт сэлтээр тэтгэн баяжуулж, алдаа эндүүрлийг залруулж, хөндөлгүй орхисныг нь шинээр боловсруулж оруулав. 1230-аад оны эхэнд Хубилай хааны зарлигаар бүтээсэн King shi ta tien, (“Засаглахуйн их журам”) буюу Баруун улс орнууд хэмээх газрын зурагт туссан 103 түүхэн биетийн нэрээс энэхүү тольд 90 нэрийг, 1540 оны эхээр бүтээсэн “Монголын уул усны газрын зураг”-т туссан 211 түүхэн биетийн нэрээс өмнөх тольд багтсаныг нь давхардуулалгүй 81-ийг нь сонгон авч тодорхойлов. Түүнчлэн дээр тэмдэглэсэн “Дэлхийд тархсан монгол газар нутгийн нэр”, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгээс эрхлэн бүтээсэн “Монголын түүхийн тайлбар толь” (ebook), Paul D.Buell, Christopher P.Atwood нарын толь бичгүүд болон бусад сурвалжаас түүхийн 76 биетийн нэрийг сонгон энэхүү тольд багтаан тодорхойлсон болно. Тольд 500 орчим судалгааны бүтээл, өндөр нарийвчлал бүхий олон газрын болон сансрын зураг, гэрэл зураг, монгол, англи, орос, хятад хэлээр цацагдсан 200 гаруй сайтыг ашигласан нийт 760 нүүр бүтээл болсон байна.
Discussion about this post