“Камертон” хамтлаг цаг үеэ олж гарч ирсэн хамтлаг, дээр нь тус хамтлагийн гишүүн дөрвөн залуугийн сайн нөхөрлөл, нэгдмэл зорилгынхоо төлөө хамтдаа зүтгэж чадсан учраас 21 жил хамтдаа дуулж, ойгоо тэмдэглэж чадсан. Одоо нэгэнт 40 нас гарсан харчууд болохоор тус тусынхаа, амьдрал бизнесийг хөөж, өдөр шөнөгүй уран бүтээл хийхээ больсон. “Камертон” хамтлагийнхнаас уран бүтээлдээ хамгийн үнэнч үлдсэн нь дуучин Д.Болд. Бусад нь компанийн босс болсон.
“Камертон”-ы Болд, Эба хоёр төрсөн эгч дүү хоёртой гэрлэсэн гэдгийг мэдэх хүмүүс нь мэднэ. “Камертон” хамтлаг ид мандаж байхад, тухайн үеийнхээ нэртэй шөнийн клуб “Холливуд”-ад танилцаж байсан гэдэг. Циркийн Жамъяандоржийн охид тухайн үедээ европын орнууд, Америкт гэрээгээр явж нугардаг, хос нугаралтын “Алтан охид” гэж алдаршсан байсан. Харин Монголдоо ирээд найзуудтайгаа явж байгаад “Камертон”-чуудтай танилцсан аж. Тэр үед нүүрээрээ шилжилтийн насны батга гарчихсан Эба ирээдүйн эхнэр Ж.Бямбасүрэнгээ эргүүлдэж, харин Ж.Бямбасүрэн нь “Хамгийн царай муутай нь намайг эргүүлж байна” тэрүүхэндээ гутарч байснаа илэн далангүй ярьсан байдаг. “Камертон”-ы Б.Эрдэнэбаттай эгч Бямбасүрэн нь “учраа олох” үеэр дүү Бямбажав нь “Камертон”-ы Болдтой үерхэж эхэлж. Төрсөн дүүгээ Д.Болдтой үерхэхийг хориглосон эгч нь алганы амт ч үзүүлж байсан түүхтэй. Харин учрах ёстой хүмүүс учирдаг болохоор “Камертон”-ы Эба, Болд хоёр төрсөн эгч дүү хоёрыг гэргийгээ болгон авч чадсан. “Камертон”-ы анхны ивээн тэтгэгч нь эгч дүү Бямбасүрэн, Бямбажав хоёр гэж хэлж болно. Учир нь ХБК-ийн оюутнууд сайн дураараа хамтлаг байгуулчихаад мөнгөгүй оюутнууд “18 нас” дуугаа дуулж явахад дөрвөн хөвгүүнийг олигтой хувцасгүйг нь анзаарсан юм уу, Америкт гэрээгээр чамгүй өндөр үнээр нугардаг эгч дүү хоёр хамтлагийн хөвгүүдэд дөрвүүлэнд нь адилхан костюм бэлэглэсэн. Үл ялиг томдсон пиджак тэдний имиж хэсэгтээ болсон нь тус хамтлагийн ирээдүйн бэр болох эгч дүү хоёрын сэтгэлийн бэлэг. Ядуухан оюутан Болд найз охиноосоо үнэтэй бэлэг авчихаад ирээдүйд юугаар ч дутаахгүй сайхан амьдруулахаа дотроо сэмхэн андгайлж байсан гэх юм билээ. Болд, Эба хоёр ч амласандаа хүрч, эгч дүү хоёрыг юугаар ч дутаахгүй сайн сайхан авч яваа. Эбагийн эхнэр Бямбасүрэн дөрвөн хүүхдийн ээж болж, Алдарт эхийн одонтой. Дуучин Д.Болдынх гурван хүүхэдтэй.
Discussion about this post