С.УЯНГА
Цар тахлын үеийн бизнес эрхлэгчдийн нөхцөл байдал болон төрийн дэмжлэгийн талаар МҮХАҮТ-ын Бодлого стратегийн газрын дарга Ж.Оюунчимэгтэй ярилцлаа.
-МҮХАҮТ өнгөрсөн намар бизнес эрхлэгчдийн нөхцөл байдлын талаар тайлан гаргаж байсан. Түүнээс хойш багагүй хугацаа өнгөрлөө. Эдийн засаг дээрдсэн үү?
-Танхимын хувьд хамгийн анх урд хөршид цар тахлын халдвар илэрсэн цагаас эхлэн хүнсний бүтээгдэхүүний хомсдолоос сэргийлж томоохон импортлогчидтой уулзалт хийснээр ажлаа эхэлсэн. Анхны уулзалтуудын мөрөөр УИХ, Засгийн газраас зарим нэр төрлийн стратегийн хүнсний импортын татварыг чөлөөлөх шийдвэр гаргаж байлаа. Мөн эрсдлийг даван туулах саналуудыг удаа дараа гаргаж байсан. Ер нь хөл хорионы хязгаарлалттай холбоотойгоор 2020 оны арваннэгдүгээр сард хатуу хөл хорионы үеэр бизнес эрхлэгчдийн нөхцөл байдлыг судалсан. Энэ хугацаанд бизнесийн орчин, итгэлийн индексийн судалгаагаа ч тогтмол явуулж ирсэн.
Хамгийн сүүлд дэлхийн эдийн засгийн форумаас “Их сэргэлт” санаачлага гаргасны дагуу гадны туршлага, дотоод нөхцөл байдлаа харж тодорхой саналуудыг боловсруулсан. “Их сэргэлт” санаачлагын хүрээнд ковидын дараа эдийн засаг сэргэхдээ V хэлбэрээр огцом унаж дээшлэх, L хэлбэрээр удаан хугацаанд сэргэх, хамгийн сүүлд K хэлбэрийн буюу нэг хэсэг нь сэргэж, нөгөө хэсэг нь уруудах нөхцөл байдалд эдийн засгийн зайлшгүй тохируулга хийх хэрэгтэй гэж үзсэн.
Эдийн засгийг сэргээхэд чөлөөт бүс, Хятадтай хийх эдийн засгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг УИХ-аар яаралтай батлах шаардлагатай байгаа. Мөн олон жил яригдаж ирсэн бизнес эрхлэгч аж ахуйн нэгж иргэдэд чухал Зөвшөөрлийн хууль байна. Дээрээс нь төр, хувийн хэвшлийн түншлэл гэж ярьдаг ч бодитоор юу хийж байгаа нь эргэлзээтэй.
Судалгааны үр дүнгээс харахад аялал жуулчлал, боловсрол, тээвэр, худалдаа, үйлчилгээний салбар хамгийн их уналттай байгаа хэрнээ ажиллах хүчний нэлээдгүй хувийг бүрдүүлж байна. Тиймээс дэмжлэг үзүүлэхийн тулд НӨАТ, нийгмийн даатгалын шимтгэлийн өр алданги, Монголбанкны зээлийн мэдээллийн санд ангилал буурсан, чанаргүй зээлийн мэдээллийг нэг удаа чөлөөлөх саналыг тавьсан. Мөн гурваас дээш жил Х тайлан өгсөн компанийг улсын бүртгэлээс хасах, Зээлийн мэдээллийн сангийн хар жагсаалтыг цагаатгах саналыг хүргүүлсэн. Өнгөрсөн онд аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа ямар байсныг Татварын байгууллагаас гаргасан ганцхан тоо баримтаас харж болно. Эдийн засаг хэвийн байхад 60 гаруй мянган аж ахуйн нэгж ашиг, алдагдлын тайлангаа өгдөг байсан бол 2020 оныхыг харахад 27 мянган аж ахуйн нэгж X тайлан өгсөн байх жишээтэй. Өөрөөр хэлбэл, хэвийн тайлан өгдөг 60 гаруй мянган аж ахуйн нэгжийн бараг тал хувь нь л тайлангаа өгсөн гэсэн үг. Нөгөө талаас тайлан өгсөн аж ахуйн нэгжийн тоо өссөн нь татварын шинэ хуультай холбоотой.
– Монголбанкнаас зээлийн мэдээллийн сангийн хар жагсаалтыг нэг удаа арилгана гэдгээ мэдэгдсэн. Хэдэн аж ахуйн нэгж энэ дэмжлэгэд хамрагдаж байгаа бол?
– УИХ-ын дарга Г.Занданшатар тавдугаар сарын сүүлчээр бизнес эрхлэгчидтэй уулзах үеэр “Их сэргэлт” санаачлагаа танилцуулсан. Үүний мөрөөр хийсэн эхний ажил бол Монголбанк шийдвэрээ гаргалаа. Ангилал буурсан, чанаргүй зээлийн мэдээллийн санд байгаа аж ахуйн нэгжийг өр төлбөргүй, нэг удаа орсон бол хугацаанаас нь өмнө жагсаалтаас гаргаж дэмжихээ илэрхийлсэн. Энэ шийдвэр долдугаар сарын 1-нээс хэрэгжихээр болж байна. Яг хэдэн аж ахуйн нэгжийн мэдээллийг чөлөөлөх вэ гэдэг тодорхойгүй. Монголбанкны мэдээллийн санд сүүлийн таван жилд ангилал буурсан буюу хэвийн бус эргэлзээтэй, муу зээлдэгч аж ахуйн нэгж 8000, иргэн 30 мянга орчим байна гэсэн мэдээлэл бий. Одоо тавьж байгаа шалгуур нь нэг удаа хугацаа хэтэрсэн, ангилал буурч жагсаалтад орсон, өр төлбөрөө барагдуулсан байх юм билээ. Давтан үйлдэлтэй бол жагсаалтаас чөлөөлөхгүй учраас нэлээн шүүгдэх байх.
-Өр төлбөртэй аж ахуйн нэгжүүдийг төлбөрөөс чөлөөлөх гээд байгаа нь шударга бус гэсэн шүүмжлэл гарч байна. Та бүхний тооцооллоор яг хэдэн аж ахуйн нэгжийн НӨАТ-ын шимтгэл, өр төлбөрийг нэг удаа чөлөөлөх зайлшгүй шаардлагатай байна вэ?
-Ковидын дараах эдийн засгийг дэмжих “Их сэргэлт”-ийн хүрээнд санаачилсан арга хэмжээнүүдийг олон нийт хэрхэн хүлээж авч байгаа талаар зургадугаар сарын 2-6-ны өдрүүдэд цахимаар санал асуусан. Ковидын үеийн хямралаас эдийн засгийг сэргээх, чөлөөлөх зохицуулалтын арга хэмжээг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж 1000 орчим оролцогчийн 87.3 хувь нь үзсэн байна лээ. Мөн 86 хувь нь бүрэн болон хэсэгчилсэн байдлаар бүх төрлийн татвар, шимтгэл, торгуулийн төлбөр алдангиас нэг удаа чөлөөлөх арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь зүйтэй гэж хариулсан.
Бүх төрлийн торгуулийг чөлөөлөх асуудалд 41 хувь нь тодорхой шалгуур тавья гэсэн байна. Зээлийн мэдээллийн санг нэг удаа шинэчлэхийг 64 хувь нь бүрэн дэмжиж, 26 хувь нь тодорхой шалгуур тавих санал гаргасан.
Татвар, торгууль, алдангиас чөлөөлөх хуулийн төслийг санаачилж УИХ-ын даргад хүргүүлсэн. Бүх талын мэдээллийг үндэслэж байж парламент шийднэ. Одоогоор ямар нэг хариу өгөөгүй байна. Татварын байгууллагаас авсан мэдээллээс харахад тайлангаа гаргадаг 60 мянган аж ахуйн нэгжийн талаас илүү хувь нь буюу 30 мянга нь алдагдалтай байхаар байна. Тиймээс эдгээр аж ахуйн нэгжүүдийг бүх төрлийн татвар, шимтгэл, торгуулийн төлбөр алдангиас нэг удаа чөлөөлөх шаардлагатай гэсэн үг.
-Зөвшөөрлийн хууль аж ахуйн нэгжүүдэд хамгийн чухал нөлөөтэй. Гэтэл одоогийн хэлэлцэж байгаа хуулийн төсөлд хувийн хэвшлээс нэмж тусгах зүйлс их байна гэдгийг бизнес эрхлэгчид хэлж байсан?
– Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн хууль 2001 онд батлагдсан. Хуулийг шинэчлэхээр болж 2013-2014 онд гаргасан судалгаагаар төрийн байгууллагууд 654 зөвшөөрөл олгодог юм байна. Үүнийг 2-3 дахин бууруулах боломжтой гэж үзэж хуулийн эхний төслийг боловсруулсан. Одоо бол 13 чиглэлийн 454 зөвшөөрлийг хуулийн төсөлд тусгаад явж байна.
Танхимаас хүнд суртлын индексийг 2018 онд бүх төрлийн зөвшөөрөл дээр тулгуурлаж явуулсан. Тэр үнэлгээн дээр тулгуурлаж төрийн байгууллагуудын үйлчилгээг мэдээллийн хүртээмж, ойлголт, баримт бичиг, олгох хугацаа, албан хаагчдын харилцаа, зардал зэргээр гаргасан нь хуулийн төслийн суурь болсон. Улмаар Зөвшөөрлийн хуулийн хоёр хувилбар 2019 онд УИХ-д өргөн баригдсан. Өнгөрсөн хоёр жилд зарчмын асуудлуудаа зөвшилцөж чадахгүй нэлээн хугацаа алдлаа. Харин энэ онд хуулийг хурдавчлуулахын тулд УИХ-аас байгуулагдсан ажлын хэсэг шинэчлэгдсэн. Шинэ ажлын хэсэг хоёр хуулийн төслийг нэгтгэж, өнгөрсөн долоо хоногт МҮХАҮТ дээр мэргэжлийн холбоод, бизнес эрхлэгч аж ахуйн нэгжүүдийг оролцуулсан хэлэлцүүлэг хийлээ.
Зөвшөөрлийн хуульд бизнес эрхлэгчид хөрөнгө оруулалт их шаарддаг, буцаагаад удаан хугацаанд нөхдөг салбаруудад зөвшөөрлийн хугацаа нэлээн урт байх ёстой. Мөн тусгай зөвшөөрлийн тоог цөөрүүлэхээс гадна өргөдөл авахаас шийдвэрлэх хүртэл процессыг ил тод, шилэн байх саналуудыг нэлээн хэлсэн. Төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод зарим зөвшөөрлийг олгох нь зүйтэй гэж үзсэн. Аль нэг сайд, даргын тушаалаар шинэ төрлийн зөвшөөрөл олгохгүй байх санал гаргаж байгаа. Гэхдээ салбарын стандартыг зөвшөөрөл рүү оруулна гэдэг өрөөсгөл.
-Засгийн газар эдийн засгийг дэмжих хөтөлбөр баталсан нь хангалттай дэмжлэг болж чадаж байна уу. Тухайлбал, гурван хувийн хүүтэй зээл яг зорилтот бүлэгтээ хүрч чадсан уу?
-Ажлын байрыг дэмжих гурван хувийн хүүтэй зээл хэр хүртээмжтэй байна вэ гэдгийг тавдугаар сард авч үзэж Олон нийтийн хяналтын зөвлөлийг танхим ахалж байгаа. Зээл авч чадаагүй хүмүүсийн талаас илүү хувь нь зээлийн нөхцөл хатуу, барьцаа хөрөнгийн шаардлага хангахгүй байна, мэдээлийн санд сөрөг бүртгэлтэй байна гэсэн саналуудыг хэлсэн.
Гурван хувь бол одоогийн байгаа хамгийн бага хүү. Үнэхээр хүртээмжтэй байж чадвал аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг болно. Гэтэл тавдугаар сарын 3-ны байдлаар 48900 зээлийн хүсэлт өгснөөс 9400-д нь олгосон байна гэсэн мэдээлэл байна. Зээл хүссэн өргөдлийн тавны нэг нь л зээлээ авч чадсан гэсэн үг. Одоо энэ тоо харьцангуй нэмэгдсэн байх.
-МҮХАҮТ анх удаа “Trade forum” хийхээ зарласан. Цар тахлын үеийн онцлогтой давхцаж байгаа форумын ач холбогдлыг хэрхэн харж байна вэ?
-Энэ жил худалдааны 100 жил тохиож байна. Худалдааны салбар бол ДНБ-ий 16 хувь, ажиллах хүчний 15 орчим хувийг хангадаг. 100 жилийнхээ ой дээр ололт, амжилтаа дүгнэхээс гадна өнөөгийн нөхцөл байдал, хөгжлийн гарц шийдлээ ярилцах ёстой гэдэг үүднээс “trade forum-2021” арга хэмжээг энэ сарын 30-нд цахимаар хийхээр төлөвлөж байна. Форумын гол хэсэг нь гадаад, дотоод худалдааны хууль эрхзүйн орчин, худалдааг хариуцах инстистуцийн асуудлыг хөндөж байгаа. Салбараа базсан бодлого, экспортыг дэмжих институци, чөлөөт бүс, тээвэр ложистик, хилийн боомтуудын асуудлыг төр, хувийн хэвшлийн түвшинд нэлээн өндөр хэмжээ, өргөн хүрээтэй авч хэлэлцэнэ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2021.6.25 БААСАН № 127 (6604)
Discussion about this post