Анх 2002 онд дэлгэцнээ гарсан “ӨВЛИЙН ХАЙРЫН ДУУ” гэдэг Солонгос драма 3 тэрбум воноор бүтээд, дотоодын зах зээлээс 7.6 тэрбум вон, экспортоос 29 тэрбум вон олж байсан юм билээ. Энэ нь тухайн үедээ хамгийн өндөр борлуулалт болж байж. За сүүлийн үеийн жишээ дурдвал, хоёр жилийн өмнө манай улсад зураг авалтынх нь тодорхой хэсэг хийгдсэн “ЧАМ ДЭЭР БУУСАН ОСЛЫН БУУЛТ” гэдэг драмаг хийсэн “Драгон” студи гэхэд л 2020 онд 525 тэрбум воны орлого олсон байна. Үүний 52.5 хувь нь экспортын орлого. Монгол төгрөгт хөрвүүлбэл 700 гаруй тэрбум төгрөгийг ганцхан студи зөвхөн экспортоос олж байна. Короногийн үед буюу 2020 онд Neflix гэртээ байгаа үзэгчдэд зориулж, драмануудыг олноор нь худалдаж авсан бөгөөд 2020 онд Neflix-т хамгийн хандалттай 10 контентын 5 нь солонгос драма байна шүү дээ. Экспортын орлогод борлуулалтаас гадна тухайн драматай холбоотой дурсгалын зүйл, гол дүрийнх нь зүүсэн ороолт, малгай гэх мэт хэрэгслүүдийг борлуулсан орлого бас ордог. Драма гэдэг нь манайхаар бол сериал буюу олон ангит киног хэлээд байгаа юм.
Тэгвэл Бүрэн хэмжээний уран сайхны киноны хувьд Солонгос улс 2019 онд хамгийн өндөр буюу 970 тэрбум воны орлоготой байсан. Зөвхөн кино театрт үзсэн солонгос киноны борлуулалтын орлого шүү. Энэ нь өмнөх оныхоос 6.4 хувиар өссөн үзүүлэлт байна. Харин 2020 онд энэ салбарын орлого цар тахлын улмаас огцом /өмнөх оныхоос 73 хувиар/ буурсан байналээ. Тийм ч учраас нээлт нь хойшилсон кино тус бүрт 100 сая воны тусламж өгсөн байна.
Зөвхөн драмагаар нь авч үзвэл БНСУ 2008 онд экспортоос 1,8 тэрбум ам.доллар олж байсан бол 2012 оны байдлаар энэ тоо даруй гурав дахин өсч, тав тэрбум гаруй ам.долларт хүрсэн байдаг. /Сүүлийн үеийн тоо баримтыг нь олж харж чадсангүй./ Тэгэхээр соёл, тэр дундаа киноны экспортоос хичнээн их мөнгө олох боломжтой нь харагдаж байгаа биз!!! Орлого олоод зогсохгүй, улс орныхоо соёл, түүхийг олон улсад сурталчилж байгаа нь мөнгөөр үнэлшгүй өндөр ач холбогдолтой юм.
Иймд манай улс кино урлагт бодит дэмжлэг үзүүлэх хүчтэй бодлого баримтлах хэрэгтэй байна. Дахиад л Солонгосын жишээг авъя. Тус улс 1948 онд 2 хуваагдсанаас хойш хоорондоо дайтаж, нэг нь Зөвлөлтийн, нөгөө нь Америкийн нөлөөнд, үзэл суртлын эрс ялгаатай 2 өөр нийгэм бүрдэх үед өмнөд Солонгос нь төрийн бодлогыг түгээхэд кино урлаг хамгийн үр өгөөжтэй юм байна гэдгийг анх олж харж, энэ салбарыг дэмжих болсон юм билээ.
1991 онд Киноны тухай хуульдаа өөрчлөлт оруулснаар гадны уран бүтээлчид тус улсад драма хийж эхэлсэн. Ингэснээр өрсөлдөөн ширүүсч, кино урлагийн салбар, тэр дундаа драма нь илүү хүчтэй хөгжиж эхэлсэн байдаг. Өдгөө Солонгосын драма Ази тив төдийгүй Европ, Америкийн зах зээлд хүч түрэн орж ирж, солонгосын соёл дэлхийд түгж байгааг та бид бэлхэнээ харж байна.
Энэ бүхнийг яагаад нуршина вэ гэхлээр өнөөдөр, дөнгөж сая УИХ-аар Кино урлагийг дэмжих тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлээ. Хуулийн төсөлд:
1. “Кино урлагийн зөвлөл” хэмээх төрийн байгууллагатай болох
2. Кино урлагийн мэдээллийн сан бүрдүүлэх
3. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр гадаадын кино үйлдвэрлэгч кино үйлдвэрлэх зорилгоор зураг авалт хийх үйл ажиллагааг зохицуулах
4. Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага гэсэн агуулгуудыг тусгаж өгсөн байна. Дээр нь кино үйлдвэрлэлээс олсон орлогыг ААН-ийн орлогын албан татвараас чөлөөлөөд өгөөсэй гэж хүсч байна. Олигтойхон л дэмжээд, сэвхийтэл өргөөд өгөх хэрэгтэй шдээ.
Хэрэвзээ манай уран бүтээлчид дэлхийн зах зээлд гаргах сайн кино, драманууд үйлдвэрлэж чадвал ганцхан уул уурхайн салбараас хамааралтай улсынхаа эдийн засгийг солонгоруулахад бодьтой ажил болно. Яагаад заавал экспорт гэж? Манай зах зээл дэндүү жижиг шүү дээ, маш цөөхөн үзэгчтэй. Тиймээс л дэлхийн зах зээл дээр гаргадаг, маш эрэлттэй байх мундаг кинонууд үйлдвэрлэе, “ногоон”-оо ч олъё, соёлоо ч түгээе гээд байгаа юм.
ЭРДЭНЭБАЛЫН ИРЭХБАЯР
Discussion about this post