Таныг Алтай нутгийн хүү, айлын 15 хүүхдийн нэг гэдгийг мэдэх юм. Харин одоо Сэлэнгийн харьяат гэх үү, Улаанбаатарынх гэх үү?
-Би Говь-Алтай аймгийн Бигэр сумын харьяат хүн л дээ. Миний ажил амьдралын гараагаа эхлэсэн 2 дахь өлгий нутаг бол Сэлэнгэ. Уурхай, газар тариалан, мал аж ахуй бүх салбарын ажлаа Сэлэнгээс эхэлсэн. Сэлэнгэ нутаг үр өгөөжөө надад өгч байгаа. Мэдээж Монгол улсынхаа хаана ч хөдөлмөрлөж болно. Гэхдээ би Сэлэнгэдээ элэгтэй. Тийм учраас Сэлэнгэд бүх л чиглэлийн бизнес, ажлаа төвлөрүүлсэн. Гол ажил тэнд явагддаг.
-Улаанбаатар Сэлэнгэ хоёрын хооронд Чинбатын гэсэн жим гаргаад л явдаг хүн гэж ойлгож болох нь?
-Өмнө нь их явдаг байсан. Сүүлийн үед аль болох бага явж байна л даа. Замд цаг хугацаа их орж байна.
-Хааяа нэг нисдэг тэргээр нисчихэж байна уу?
-Нисдэг тэрэг одоо байхгүй ээ. Тэр олон жилийн өмнөх асуудал.
-Та анх яаж яваад хөдөө аж ахуй, уул уурхайн салбарыг бариад авчихсан юм бэ?
-Угаасаа миний мэргэжил геологич. Би Геологийн салбарт арваад жил ажиллаад дараа нь “Гурван гол” гэж компанид ороод, тэндээсээ уул уурхай руу орсон. Манай аав тариачин хүн байсан. Намайг их сургуулиа төгсөх жил 70, 80 жилийн өмнө хүмүүс газар тариаланг яаж эрхэлж байсан гэдгийг зааж үзүүлж байсан л даа. Орон нутагт маань тариа тарьж байсан хүмүүсээс цөөн хүн үлдсэн байсан учраас залуу үедээ зааж сургах гэж аав маань нэг жил тариа тарьж байсан. Тэгэхэд би бүх зүйлийг нь гараар хийж нэг зун ажиллаж үзсэн. Тэгээд ч мал аж ахуй, газар тариалан гэдэг миний амьдралд их ойрхон байсан учраас энэ салбар руу орсон. Энэ салбар руу орох гол түлхэц нь Монголчууд хүнсээрээ гадны улсуудын харьяат байгаа явдал. Ер нь миний эргэн тойрны ажилчид, найз нөхөд ч үндсэрхэг үзэлтэй хүмүүс байдаг. “Ядахдаа хүнсээ өөрсдөө хийдэг болъё” гэсэн зорилготойгоор энэ салбарт хөл тавьсан. Ярьж байгаад бид ерөөсөө “Мах, сүү, гурил, будаа, хүнс ногоо энэ чиглэл дээр л ажиллая. Ядахдаа улсынхаа хэрэгцээний 15-20 хувийг үйлдвэрлэдэг болъё” гэж шийдсэн. Тэгэх юм бол дахиад нэг компани 5-10 хувийг хангасаар байгаад бидэнд хүнсээ дотооддоо үйлдвэрлэх бололцоо байна” гэдэг дүгнэлт хийгээд орсон. Одоо ч энэ зарчмаа хэрэгжүүлэхийн төлөө явж байгаа. Бид одоогийн байдлаар улсын хэмжээнд хурааж авч байгаа будааны 20 хувийг бэлтгэх бүрэн бололцоотой болчихсон. Цаашдаа гурилынхаа үйлдвэрлэлийг ч энэ чиглэл дээр хийх зорилготой явж байна. Тэгээд махныхаа үйлдвэрийг, дараа нь сүүгээ, мөн хүнсний ногоогоо давхар хийнэ гээд явж байна. Анх ийм бодлого, чиглэл гаргаад л үүнийгээ хэрэгжүүлье гэсэн төлөвлөгөөний дагуу явж байгаа. Ер нь орчин үед бизнес яагаад амжилттай байх ёстой вэ гэхээр урт хугацаагаар төлөвлөсөн байх ёстой. Монголд яагаад болохгүй байгаа вэ гэхээр тэр урт хугацаагаар төлөвлөсөн бизнесийг дундуур нь нэг юм гаргаж ирээд л тас цохиод байдаг. Ингээд л Монгол хөгждөггүй Төр засгаас бодит бизнест мэдсэн бөгөөд мэдэхгүйгээр гай болж байгаа аюул энэ байна.
-”Тэрэлж”-ийн таван одтой зочид буудлын талаар хүмүүс их ам дамжин ярих юм. Монголын хөрсөнд байхгүй үнэ ханш, зиндаа сонсогддог ч түүнтэйгээ адил үйлчилгээг үзүүлж чадаж байгаа гэж та үздэг үү?
-Буудал бол нөгөө талдаа Монголын нүүр царай, нэр хүнд болж байдаг. Би яагаад буудал байгуулах болсон бэ гэхээр анх 1991 онд аялал жуулчлалын компани байгуулаад гаднаас жуулчин авч үзсэн. Тэр үед гадны хүмүүсийн өмнө нүүр их улайдаг байсан л даа. Тэгээд ер нь болоогүй юм байна гээд орхисон. Гадныхан Монголд ирээд үзэх харах юмгүй гайхаж инээж байгаад л явдаг. Байгаль нь сайхан гэж ярьж байгаа боловч үнэн хэрэг дээрээ гадныханы авч байгаа мэдрэмж, сэтгэл ханамж аягүй эсрэг байдаг. Монголчуудын талаар “Танайхан хүний халааснаас мөнгө л салгахаа бодохоос, энэ хүн ямар сэтгэгдэлтэй байна аа гэдгийг ерөөсөө сонирхдоггүй. Хүний мөнгө авдаг хэрнээ өгч байгаа хоол нь сэтгэлд хүрэхгүй. Буудал нь тийм байдаг гээд ярьдаг. Энэ бүхний чинь цаана байнга Монгол улс муу хэлэгдэж, “Монголчууд бүдүүлэг, юм үзээгүй” гэгддэг. Ийм бэрхшээл байдаг учраас, үүнээс гарахын тулд, магадгүй гаднаас жуулчид авчирчихаад над шиг нүүр нь улайж байгаа, санаа зовж байгаа нэг хэсэгт нь “Монголд ийм юм байдаг юмаа” гэдгийг үзүүлэх гэсэн юм. Нөгөө талдаа Монголчууд юмыг хийж чаддаг юмаа гэдгийг л харуулахыг зорьсон. Монголд баригдаж байгаа бүх юм л Хятадын, Солонгосын хөрөнгө оруулалттай байдаг. Би Монголчуудыгаа потенциал сайтай хүмүүс гэж үздэг. Энэ хүмүүс чинь юм хийж чадна аа, чадвартай хүмүүс ээ гэдгийг харуулахыг зорьсон. Буудал дээр бол миний мэдрэмж гэхээсээ илүү манай охин хариуцаж хийсэн учраас санаачилга их гаргасан. Манай охин Англид 6 жил сурсан. Сурч байх хугацаандаа давхар хийж байсан. Хэдийгээр Англид сурч байсан ч, Канадаас бид нар дизайнеруудаа сонгосон. Сард нэг удаа тэнд очиж хуралддаг байсан. Тэгэхээр барилгын донж маяг, дотор дизайн бол манай охины санаа. Би ерөнхийдөө барилгын караказ босгох талаас нь гол оролцсон.
-Эхнэрийг тань хариуцдаг л хэсэгтээ яригддаг байсан?
-Мэдээж манай эхнэр оролцсон. Аж ахуй материал хангамж талаа эхнэр хариуцсан. Би барилгын талын, дотор дизайн, тохижилт сонголтыг охин хүргэн хоёр хариуцаж хийсэн.
-Та хааяа хотын утаанаас холдоод буудалдаа тухална биз ?
-Дандаа хөдөө байдаг учраас би ч одоо хотын утаанд нэг их түүртдэггүй. Ер нь тэр болгон очоод байх бололцоо гардаггүй юмаа. Хурал цуглаан хийх болохоороо л тийшээ очдог. Одоо тэнд ажиллаж байгаа баг нь залуу хүүхдүүд байгаа. Анх шавыг нь тавихаас эхлээд л байсан хүмүүс.
-Энэ том буудлыг авч яваа охиныг тань одоо хүмүүс харьцангуй үнэлэх болжээ?
-Би охиндоо их итгэлтэй байгаа. Би оюутан байхаас нь эхлээд дандаа гадагшаа хэлмэрчээр авч явдаг байсан. Тийм болохоор тэр хэмжээний буудлыг аваад явах хэмжээний чадвар суусан. Санхүүгийн мэргэжилтэй. Хүмүүсийг удирдаад тэр ажлыг хийнэ гэдэг бол том асуудал. Миний төсөөлж байснаас илүү сайн авч яваа гэж боддог. Би ч өөрөө тэр хэмжээний авч явж чадахгүй. Яагаад гэвэл миний харах өнцөг, тэр хүний харах өнцөг хоёр өөр. Эхлээд би хүлээн зөвшөөрдөггүй байсан. 6 сар ажиллуулаад хүлээн зөвшөөрсөн. Тэгэхээр өөрийнхөөрөө шийдээд аваад яв л гэдэг. Шинэ барилгыг ашиглалтанд оруулна гэдэг бол хүнд. Том объектын цахилгаан, дулаан, бүх хүмүүс нь шинэ, өөрөө шинэ. Тэгээд энэ хүмүүсийг зохицуулаад авч явна гэдэг хичнээн туршлагатай хүнд ч хэцүү. Миний зүгээс сэтгэл хангалуун байгаа. Надад их тус нэмэр болж байгаа.
-Таны энэ их бизнесийн том түшиг нь эхнэр тань байх. Үргэлж хамт байдаг гэж сонсч байсан юм байна?
-Манай гэр бүлийн хүн бид хоёр хамт ажилладаг. Эхнэр маань энэ байгууллагын бүх жижиг сажиг асуудлыг хариуцдаг. Өдөрт 100-200 хүн асуудал шийдүүлэх гэж ордог. Над дээр тийм зүйл ирдэггүй. Манай хүн үнэхээр их ачаалалтай, гол ажлыг хийдэг. Гэртээ ч адил. Надад ар гэрийн ажилд туслаад байх зав чөлөө тэр болгон гардаггүй. Ер нь манай хүн бүх юмыг хийдэг.
-Танайх хэдэн хүүхэдтэй вэ? -2 хүүхэдтэй. Манай “Гацуурт” компаний техникийн салбарыг ярихад нэг хүнийг зайлшгүй хэлэх ёстой. Газар тариалангийн салбар бол их том салбар. Тэр салбарыг авч яваа Жаргал гэж залуу бий. Энэ залуу маш их ажил хийж байгаа. МУ-ын газар тариалангийн сүүлийн 10 жилийн хөгжлийг энэ залуу тодорхойлж ирсэн. Хүн ажил хийхэд амьдралаа зориулж чаддаг тууштай, шударга үнэнч байх хэрэгтэй. Олон залуучууд надад ажилладаг байсан. Тэр залуу шиг байж чадаагүй. Тэр залуу манай газар тариалангийн салбарын хөгжлийг тодорхойлдог. Мөн сургалтанд хамруулж байна. Манайх архи уудаггүй, хулгай хийдэггүй хүнд бол мэргэжил хамаардаггүй. Ажил хийе гэсэн хүсэлтэй хүнийг сургаад ажилд авдаг. Өндөр шалгуур тавиад байдаггүй. Ерөөсөө л өөрт нь хөдөлмөрлөх хэрэгцээ байна. Тэгээд энэ компанийг түшээд амьдрая гэсэн бодолтой бол авдаг.
-Та их хээгүй захирал бололтой. Сууж байгаа өрөө чинь даруухан, хэдхэн алхмын зайтай жижигхэн юм. Ажилчид чинь ч хаалга тогшиж ёсорхолгүй захирлынхаа хаалгаар цухалздаг юм байна?
-Ажил явагдаж байгаа учраас надад ёсорхох “хүнтэй уулзаж байна, хүлээ” гэх хандлага байдаггүй. Бид хоёр энд уулзаж байна гээд манай нэг хүн тэнд цаг алдаж байх ямар ч хэрэг байхгүй. Ямар ажил байна. Орж ирээд надаас асуугаад л гарах ёстой. Захирал хүмүүсийн албан үүрэг, хийж байгаа ажил янз янз л байдаг байх. Би бол үйлдвэрлэлийн чиглэлийн хүн. Тэгэхээр надад гоё, ганган тансаг ч гэдэг юм уу. Эсвэл конторт суугаад байх цаг хугацаа бараг гардаггүй. Байнга л явж байдаг. Аж ахуй талын ажилд бол би оролцохгүй, үйлдвэрлэлийн, босгох бүтээх ажилдаа гардаж оролцдог. Манай орлогч захирал, санхүү хариуцсан болон бусад хүмүүс миний оролцоогүйгээр хийх ажлуудаа хийгээд явж ирсэн. Босгосноос хойшхи асуудлыг бол удирдлагад ажиллаж байгаа хүмүүс маань шийдээд аваад явчихдаг. Надад ерөөсөө хамаа байхгүй.
-”Бизнест ашиг олох гэдэг бол миний зорилго биш ээ” гэж та ярьсан байсан?
-Мөнгө хөөсөн бол газар тариалан руу орохгүй шал ондоо бизнес эрхлэх байсан. Би одоо бизнес эрхэлж газар тариалан руу мал аж ахуй руу орлоо гэж байна. Гэхдээ алинаас нь эхлэх ёстой юм бэ гэдэг дээр надад олон сайн найз, гадны зөвлөхүүд 70, 80 гарчихсан хориод хүн байгаа. Энэ хүмүүс надад дандаа зөвлөдөг, ирдэг. Зарим нь энд ирээд долоон жил ажиллаад ч явж байна. Энэ хүмүүсийн ач буянд гадаад ертөнцтэй холбоотой байгаагийн хувьд давуу тал байгаа юм л даа. Тэрийгээ л гол нь ашиглаж байна.
-Таны өрөө байнга ингэж амьд цэцгийн үнэр ханхийгээд байж байдаг уу?
-Амьд цэцэг ажлын өрөөнд байнга байдаггүй. Харин ийм газар бол манай зочид буудал. Минийхээр бол байнга амьд цэцэгтэй, лаатай байх нь зардалтай юм шиг санагддаг. Харин удирдаж авч явж байгаа мэргэжлийн баг, хүмүүс маань яг ийм стандарттай байх ёстой гэдэг. Үнэхээр ч гоё үнэр нь ханхийгээд тааламжтай харагдаад тэндээс таатай мэдрэмж авч чаддаг. Би бол энэ чиглэлийн хүн биш л дээ. Би угаасаа өрөөндөө цөөхөн сууна. Долоо хоногт 2, 3 өдөр л суудаг учраас суурин тав тух хангаад байх нь бага.
-Хотын хүн ам ихсэж амьдрах орчинд маань улам бүр стресс нэмэгдэж байна. Хөдөөнөөс орж ирэхэд илт мэдэгдэнэ биз?
-Хэцүү байлаа ч гээд яах юм бэ. Утаан дунд байгаа оффис дээрээ л ирж байгаа юм чинь. Ажиллахгүй гээд яах юм бэ. Өөр сонголт байхгүй. Гэхдээ манай энэ хүмүүс удахгүй сайжруулах биз. УИХ-д дэвшиж байгаа улсууд чинь сайн сайхан юм амласан. Тэрийгээ хийх байх. Жил жилээр сайжрах байх л гэж бодож байна шүү дээ. Үнэндээ бол Улаанбаатар хотод амьдрахад хүндрэлтэй, ядаргаатай, дарамттай. Ер нь бол хэцүү. Улаанбаатарын өнгө үзэмж ч алдагдсан. Цэцэрлэг парк байхгүй. Байшин сав нь ямар ч дизайнгүй. Ямар ч аюулгүй байдлын баталгаа хангахгүй. Ийм олон зүйл байна. Гэхдээ үүнийг хийдэг алба, мэргэжилтэн хүмүүс байгаа учраас бид гайхаад л явж байдаг. Ямар ч байсан олон улсын бус их л өвөрмөц стандартаар Монгол явж байгаа. Энэ ямар ч эмх замбараагүй байдал чинь дараа улам л их зардал гаргана. Мөнгөгүй гэдэг нэрийн доор ийм байлгаж болохгүй. Мөнгөгүй байсан ч гэсэн дэг журамтай цэгцтэй байх ёстой. Эмх цэгц дэг журам гэдэг бол манай Монгол улсад хамгийн хэрэгтэй. Бүх шатанд хэрэгтэй зүйл. Тэгснээр энэ утаа элдэв асуудлууд цэгцлэгдэнэ.
-Монгол улс ашигт малтмалаараа, хөрсөн доорхи баялагаараа амьдарна гэж уралдаж мөнгө амлацгаасан. Уул уурхайн бизнесээр гарч ирсэн хүний хувьд төрийн бодлогод нэмэрлэх санаа байгаа байх?
-Уул уурхайг сүүлийн хэдэн жил улс төрийнхөн, хөдөлгөөнийхний ашиглах хэлбэр болгосон л доо. Айлын чавганцаас эхлээд ерөнхийлөгч хүртлээ бүх хүний хийдэг, шийдэхэд гар дүрдэг салбар бол биш. Улс төр хэтэрхий хутгалдсан учраас юу ч биш болчихсон. Уг нь энэ чинь өөрийнхөө зарчмаар явах ёстой. Уул уурхай бол 15-20 жил түрүүлж хөгжиж байх ёстой. Өөрөөр хэлбэл би 15 жилийн дараа ашиглах юмаа өнөөдөр бэлдэж явах ёстой. Уул уурхай тоглоом биш. Оруулсан хөрөнгө оруулалтаа бүгдийг нь алдаж болно. Хэдэн жилийн дараа нөхөж болно. Хөрөнгө оруулалт нь их, буцаад төлөх хугацаа нь урт. Манайхан болохоор богино хугацаанд хууль дүрэм журмаа өөрчилж төлбөрөө нэмээд л. Орон нутагт тодорхой хэмжээний эрх мэдэл өглөө гэхэд дарга нар нь бас тээг тавиад л. Би тэгж ажиллана амьдрана дараагийн 20 жилд гээд төлөвлөчихсөн байж байтал, нөгөө уул уурхайг нь хүнд байдалд оруулаад, лицензийн төлбөрийг нэмчихээр нөгөө 20 жилийн, 30 жилийн дараа ашиглах гэж байсан юмныхаа түрүүчээс нь яах вэ гэхээр 200, 300, 500 сая төгрөгний хөрөнгө оруулаад нөөцийг нь тогтоогоод тавьчихсан байсан лицензүүдээ хаяхаас өөр замгүй болж байгаа. Мөнгө төлж чадахгүй болохоор нэг хэсэг нь хаяж байна. Дараагийнх нь орон нутгаас ашиглуулахгүй гээд дээшээ хараад хэвтчихнэ. Дарга нар нь олдохгүй. Ингэсээр байгаад хугацааг нь дуусгаж хаяна. Ер нь бол гадны хөрөнгө оруулалтгүйгээр Монгол улс хөгжинө гэдгийг би мэдэхгүй. Хөрөнгө оруулалт зайлшгүй шаардлагатай. Одоо Оюутолгой дээр ярихад Фрийдландыг хүмүүс муу хэлж л байна. Үнэн хэрэг дээрээ тэр хүн чинь ийм эрдэс баялагтай, ийм улс байна гээд Монгол улсын нэр хүндийг олон улсын тавцанд гаргаж ирлээ шүү дээ. Хуучин хуулиар бол тэр хүн олоод авсан юмаа ашиглах эрхтэй. Олох гэж гарсан зардал, олох гэж хийсэн ажил тэр бүхнийг өртөгөөр үнэлж болохгүй. Оюунаар хийсэн ажил асар их байна. Тэгэхээр хүний хийсэн, олон юмыг “Одоо гар, би бүгдийг нь авна. Энэ Монголын хөрөнгө” гэж хэлэх хэцүү. Бизнес бол шударга байх хэрэгтэй. Хэрэв тийм л байсан бол анхнаас нь тэр нөхцлөө хэлэх ёстой байсан. Хөрөнгө оруулахаас нь өмнө “Бид нар ингээд авчихна шүү” гэж хэлэх ёстой байсан. Тэгвэл өнөөдөр Оюу толгой гэж яригдах байсан уу. Тэгэхээр дараа дараагийн ажил дээр хөрөнгө оруулалтынхаа нөхцлийг тодорхой болгоход хэрэгтэй. Ер нь “Энэ яасан ч яах вэ. Манай л юм чинь авна” гэж хандах буруу.
-Манай олон бизнесменүүд улс төр рүү орчихлоо. Хамт нэг салбарт зүтгэж явсан бизнесменүүд чинь төрд гараад бизнесийн орчинг таатай болгож чадахгүй байна. Таньд юунаас нь дутах вэ гэсэн бодол төрж байна уу?
-Миний хувьд хэзээ ч улс төрд орохгүй. Надад үнэхээр тийм бодол байдаггүй. Би хийсэн зүйлээ болж өгвөл хэвийн ажиллагаанд хүргэхийг боддог. Монголчууд газар тариалангаа хөгжүүлж дотооддоо хүнсний бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг болох нь миний гол зорилго. Ер нь бизнест төрийн дарамт их гэдгийг мэдэрсэн учраас бизнесменүүд улс төр рүү явж байгаа. Өөр олон шалтгаан байдаг байх. Тэр дарамтыг мэдэрсэн хүмүүс өөрийнхөө зөв местэнд очих юм бол хөнгөвчилж л байгаа байх гэж боддог. Бизнес эрхэлдэг хүн эрх ашгийнхаа үүднээс хийж чадахыгаа хийж байгаа байх. Нэг хоёр хүн очоод өөрчилчихдөг ч юм биш л дээ. Эргэн тойрны орчин нь тийм амар биш шүү дээ.
-Монголд аль нэг намын нөмөр нөөлгөнд байхгүй бол ажил бүтдэггүйг бизнесийнхэн учирладаг. Та бол нэлээн олон жил бүтээгээд яваад ирж?
-Мал газар тариалан хоёр хэний ч сонирхолыг татахгүйд л байгаа байхгүй юу. Тийм учраас би нам гээд байдаггүй. Нэг үеэ бодвол бас хүмүүс ойлгож байна л даа. Ялангуяа улс төрд гарч ирж байгаа улсууд өөрсдөө энэ зовлонг үзсэн учраас бас тэгж нэг их хүндрүүлээд байх юм гарахгүй. Ер нь тэгээд хүндрэлийн гол шалтгаан бол доод дунд шатандаа байгаа.
-Танай фермерийн үнээнүүдийн үр өгөөж үүлдрийн талаар мэдэх хүмүүс нь шагшдаг. Гаднаас авчирдаг гэл үү?
-Ганц үнээ ч биш үхрийн бүтэц чанар сайжирч байгаа. Хөлдөөсөн үр гаднаас авчрах ажлыг сүүлийн 5 жил тасралтгүй хийж байна. Анх Эрдэнэбат гэж хүн үхрийн аж ахуйтай байж байгаад надад өгсөн. Энэ ажлыг бидэнд дараачийн шатанд гаргах үндэс болгож өгч байгаа. Тэр хүний ажлыг хийж үргэлжлүүлж шинэ махны чиглэлийн үхэр гаргаж байгаа. 100-гаад үхэр гаргаж авсан түүнийгээ цаашдаа тасралтгүй өсгөж үржүүлэх бодолтой байна. Ер нь Монголд махны чиглэлийн үхэр гаргаж авахад гол зорилго оршиж байна. Бэлчээрийн мал аж ахуйгаас эрчимжсэн мал аж ахуй руу орохгүй бол хүндрэлтэй байна. Тийм учраас бид энэ махны чиглэлийн үхрийг өндөр үр ашигтай болгох хэрэгтэй. Нэг үхрийг Монголын 10 үхэртэй тэнцэхээр болгох шаардлагатай. Тариагаа тариад тэжээлтэй болж байгаа юм. Тэжээлтэй болж байж малтай болж байна. Малтай болсны дараа махны үйлдвэртэй болж байна.
–Хагас мянган ажилчдыг таньж ажиллуулах таны арга?
-Ер нь хүмүүстэй ярилцах, хийж байсан ажилтай нь танилцах, тухайн хүнийг харахад ерөнхийдөө танигддаг. Их олон жил хүмүүстэй ярилцаад хүмүүсийг таньдаг болсон. Түүн дотроос бид нарын гол олж хардаг юм бол архи уудаггүй байх. Дараачийн шатанд ажил хийх хэрэгцээ хэр байна. Ажлыг голохгүй хийх үү. Энэ нь тогтвортой суурьшилтай ажиллах үндэс нь болж өгдөг. Хэрвээ тэр хүн цалин мөнгө харж явж байгаа бол тогтвортой ажиллана гэх ойлголт байхгүй. Хоёрдугаарт ямар нэгэн газар ажиллаж байгаа хүнийг хэзээ ч ажилд авдаггүй. Ерөөсөө манай зарчим тэр.
-Өнөөдөр Монголын шинэ цагийн хөрөнгөтнүүдийн амьдралын хэв маяг өөр түвшинд хүрчээ. Та өөрийнхөө амьдрах тохь туханд мэдээж анхаарч байгаа байх?
-Би ихэнхдээ хөдөө л амьдардаг хүн дээ. Хөдөө хувийн сууц байхгүй. Гэрт л амьдарна. Хотод сууцууд бол байж л байна.
–Та спортод элэгтэй хүн. Таниас их амжилт, зүтгэл хүлээх нь тодорхой. Нэлээн ярвигтайхан ч алба байх?
-Би спортод их дуртай. Багаасаа спортод сонирхолтой. Анх сургуульд орохоосоо эхлээд спортоор хичээллэдэг байсан. А. Сүхбат аваргатай нийлж бөхийн сургууль байгуулсан. Спорт урлаг хоёр Монгол улсын нэр хүндийг дэлхийн тавцанд хамгийн түрүүнд хүргэдэг зүйл. Спортод хөрөнгө мөнгө зарцуулъя ажиллая гэж бодсон. Тэгээд ерөнхийдөө хүмүүс санал тавиад чөлөөт бөхийн холбоонд орж ажиллаач гэсний улмаас саналыг нь хүлээж авсан. Чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч болонгуутаа олимпийн аваргатай болчихно гэж хэлэхгүй. Олимпоос медаль авна гэдэг хэн бүхний хүсээд, хийчихдэг ажил биш. Ганцхан энэ медалийг авахын тулд суурийг нь зөв тавилцъя гэж байгаа юм. Яагаад ЧБХолбоог сонгож байгаа юм бэ гэхээр олон хүн санал тавьсан. Манай сургууль байна. Хүүхдүүд хичээллээд байдаг. Нийгмээсээ шалтгаалаад урагшаа явахгүй, тэр хүмүүсийн хөдөлмөрийг үр ашиггүй болгохгүйн тулд би нийт хүмүүсийн эрх ашгийн үүднээс мэдээж туршлагатай аваргуудын зөвөлгөөг аваад хамтарч ажиллавал Монгол улс цаашдаа сайн тамирчидтай болох байх гэж бодож байна.
-15 хүүхдийн хамгийн сахилгагүй нь байж байгаад хамгийн сайн нь болсон хөгжилтэй дурсамжаасаа хуваалцаж болох уу?
-Надаас бусад нь наймдугаар ангиа онц төгссөн. Би бол тийм байгаагүй. Ялангуяа бага сургуульд байхдаа их сахилгагүй хүүхэд байсан. 8 дугаар ангийн багш маань тэр үедээ хатуу гараар хүмүүжүүлсэн. Тэрнээс хойш сумаасаа аймагт сургуульд сураад бие дааж эхэлсэн.
-Өнөөдөр Монголчуудын амьдрал нэлэнхүйдээ ядуу байна. Гайгүй гэсэн компаний захирлуудын үүдэнд их л гуйлт, өргөдөл барьсан хүмүүс байж байдаг. Мөнгө хүссэн хүн бүрт лав өгчихдөггүй байх?
-Мэдээж тусалж дэмжих юм байна. Гэхдээ би хүн хөдөлмөрлөх ёстой гэсэн зарчим барьдаг. Адилхан аав ээжээс төрчихөөд адилхан л байх ёстой. Өрөөл бусдад ч ах дүүдээ ч ялгаагүй ийм зарчим баримталдаг. Туслая гэсэн хүндээ тусладаг. Бүх хүнд тусална гэвэл тийм боломж ч байхгүй. Яагаад гэхээр хүмүүсийн хөлсөө дуслуулж олсон мөнгийг тарааж өгч болохгүй. Тэр тал дээр би болгоомжтой ханддаг. Монгол улсын төлөө, эсвэл хүүхдийн төлөө, өндөр настны төлөө бол тусладаг. Спорт урлагт тусладаггүй байсан. Харин сүүлийн үед туслах нь зайлшгүй хэрэгтэй гэж шийдсэн.
–Та ийм их алба ажлаасаа өөрийгөө яаж “сугалж” амраадаг вэ?
-Сүүлийн хэдэн жил амрах үе цөөхөн байсан. Ажил хийгээд явж байхад хамгийн гол нь хийж байгаа ажлаа дуусгаад түүнийхээ үр дүнг харах нь надад хамгийн том кайф. Тэрнээс энд тэнд очоод тоглоом тоглож амрах асуудал байдаггүй.
-Найз нөхдийн хүрээлэлдээ тавьдаг шалгуур гэж юм бий юу?
-Тийм юм байхгүй. Ер нь манай найз нөхөд сайн хүмүүс бий. Олон жил найзалж нөхөрлөж байгаа хүмүүс байдаг. Хөрөнгө мөнгөний төлөө биш цэвэр амьдралын сайхан найзууд байдаг. Тэр хүмүүсийн нөлөө ч надад байнга тусаж байдаг. Шударга байх зарчмыг баримталдаг учраас амьдралд тийм л зарчмаар ханддаг.
-Хүүхдүүдийнхээ толгойд нэлээн оюуны хөрөнгө оруулалт хийсэн юм байна. Эцэг хүний хувьд хүүхдүүдийнхээ хүмүүжилд хэр ухаан суулгаж өгсөн гэж бодож байна?
-Яахав би нэг их санаа зовохгүй байна. Олон хүүхэд гаргасан биш Монголын төлөө гэсэн сэтгэл зүрхтэй тийм л хүн болцгооно гэж боддог.
-Цаг зав гаргасанд баярлалаа.
Discussion about this post