–Та хувийн амьдрал, хувь хүнийхээ талаар тэр бүр нээлттэй ярьдаггүй. Батчимэг гэж ямар хувь хүн байна вэ?
-Би олон жил судалгааны ажил хийсэн. Судалгааны хүмүүс судалж байгаа асуудлаа л сонирхдог, өмнөх ажил нь л сонин байдаг. Уншсан судалсан, ойлгож ухаарснаа л бусдад ярьж ойлгуулахыг хичээж явдаг. Түүнээс бус өөрийнхөө тухай яриад байх тийм сонирхолтой гэж үү. Сэтгүүлчид заримдаа надаас “Та яагаад хувийн амьдралаа ярьдаггүй юм бэ” гэж асуудаг л юм. Ярихгүй гээд тойроод, нуугаад байх бусдаас онцгой зүйл үгүй шүү дээ
. -Цаг зав гарвал юу хийх дуртай вэ. Ямар хоббитой юм бол?
-Би багаасаа уран зохиолын номонд дуртай хүүхэд байлаа. Бидний үед компьютер тоглоом, интернэт ертөнц байсангүй. Багын хобби, хийж ирсэн ажил мэргэжлийн онцлог биз номонд дуртай. Заавал ажил мэргэжлийн гэлтгүй түүх, уран зохиолын, танин мэдэхүйн ном уншдаг. Улс төрийн амьдралд мэдээж сэтгэл санаа таагүй байх үе гарна. Тийм үед ухаарал, уужрал хайрласан ном унших сайхан байдаг. Сүүлийн үед боломжоороо бясалгал хийдэг болсон. Бид салхи шуурга шиг хурдтай цаг үед, мэдээллийн дарамт дунд амьдарч байна. Мэдээллийн энэ их далай дунд хүн бодлоо цэгцэлж, зорилгоо өөртөө сануулж явах их чухал. Тэгэхгүй бол цагийн салхинд шидэгдэж, амьдралын урсгалд хөвсөөр өөрийгөө үрээд дуусна. Эрүүл мэнд, гоо зүйгээ бодож хүмүүс булчингаа хөгжүүлж, дасгал хийдэг. Түүн шиг өдөрт 1-2 удаа цөөн минут өөртөө цаг гарган баясалгаж, сэтгэлийн хатаа дасгалжуулж, оюун бодлоо цэвэршүүлж явах нь зөв шүү. -Бясалгалыг ямар ч орчинд, хэзээ ч хийж болдог гэдэг. Танд бясалгал заасан багш бий юү? -Бясалгалын тогтсон багш байхгүй л дээ. Гэхдээ сайн сайханд тэмүүлдэг, бусдад гэрэл гэгээ өгдөг хүмүүсийн яриаг сонсох дуртай. Интернэтэд бясалгалын хичээл, бичлэгүүд дүүрэн, эргэн тойронд бясалгадаг найз нар олон байна. Бидний дээдэлдэг эзэн Чингис хаан байнга бодож бясалгаж, сэтгэлээ хатамжилж явсны хүчинд л тэр их дайн тулаантай хүнд цаг үед ард олныг манлайлж, дэлхийг донсолгосон том эзэнт гүрэн байгуулж явжээ гэж би боддог. – Та бясалгал хийдэг болсоор удаж байна уу? – Байнга бясалгал хийдэг, бараг “мэргэшсэн” хүмүүсийн дэргэд бол би мундаг бясалгагч биш ээ (инээв). Бясалгал хийдэг болоод нэг их удаагүй. Өглөө, оройдоо 10 – 15 минут л байхад боломжийн санагддаг. – Үр дүн мэдрэгдэж байна уу? – Байна аа. Төвлөрөл илүү сайжирч, сэтгэл санаа их өөдрөг болдог. Бясалгал хийдэг хүмүүс хэлдэг юм, амьсгалаа зөв авч хэсэг төвлөрч бясалгасны дараа нүдээ нээхэд эргэн тойрны бүх зүйл өнгө орчихсон байдаг гэж. -Ном их уншдаг гэлээ. Та бас өөрөө ном бичсэн байх аа? – Судлаачийн хувиар монгол, гадаад хэлээр хэвлүүлсэн судалгааны ажил, өгүүллүүд бол нэлээд бий. Эмхэтгэн хэвлүүлсэн хоёр ном бий. Анхны номоо 1999 онд гаргасан. “Орос, Хятадын гэрээ хэлэлцээрүүдийн эмхэтгэл” нэртэй орчуулгын бүтээл. Гурван жил орчим ажилласан, нэлээд их хөдөлмөр шингэсэн ажил байсан даа. 1689-1949 оны хооронд Орос, Хятад хоёр улсын дунд байгуулсан, Монгол Улсын ашиг сонирхлыг хөндсөн гэрээ хэлэлцээрүүдийг судалж, олон газрын архиваас эх гэрээг нь цуглуулсан. Ихэнхийг нь хятад хэлнээс орчуулсан. Эртний хятад хэлнээс орчуулга хийх амаргүй ажил. Цэг, таслал, ялгах тэмдэг байдаггүй, хуучны бичиглэлтэй зарим ханзыг тайлж унших амаргүй. Заримдаа хятад багш нар хүртэл утгыг нь сайн тайлбарлаж чадахгүй байх үе гарна. Ийм үед их л эрэл хайгуул хийх хэрэг гардаг байлаа. -Зарим зохиолчийн ном өөрт нь үлдэхгүй болтол зарагдсан байдаг. Анхны ном тань танд үлдсэн үү? – Энэ ном маань цөөн ширхэг, 300 гаруй хувь хэвлэгдээд дууссан. Надад өөрт ганц л бий. Хүн юмыг шинэ байхад нь үнэ цэнийг нь өөрөө нэг их анзаардаггүй юм шиг. Стратегийн судалгааны хүрээлэнгийн номын санд цөөхөн хувь үлдсэн байдаг. Надад нэгийг өгөөч гэсэн чинь манайхан номын сангийн бүртгэлтэй цөөхөн үлдсэн, та хэрэг гарвал ирж уншаарай гэж “харамласан” байна билээ (инээв). Түүхийн эх баримтууд учраас хэзээ ч үнэ цэнээ алдахгүй. Монгол Улсын хил хязгаар хэрхэн тогтсон, манай тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхийн тулд хоёр хөрш хоорондоо ямар гэрээ хэлэлцэл хийж байсан бэ гээд олон зүйлсийг тэдгээр гэрээнээс анзаарч болно. – Таны сүүлд хэвлүүлсэн “Шатрын өрөг дэх Монгол” гэж ном байдаг? 2011 онд үндэсний аюулгүй байдал, гадаад харилцаа, улс төрийн талаарх бүтээл, өгүүллүүддээ эмхэтгэж “Шатрын өрөг дэх Монгол” нэртэй ном гаргасан. Тэр үедээ энэ ном судалгаа, мэргэжлийн талдаа болохоор олон нийт хэр сонирхох бол гэж бодож байлаа. Гэтэл хүмүүс санаснаас илүү сонирхсон. Сурч, судалгаа хийж байгаа оюутан залуус, ахмад хүмүүс ч их сонирхож уншсан. Худалдаанд байхгүй, зарагдаж дууссан учраас өнгөрсөн намар дахин хэвлүүлсэн. Манайд энэ чиглэлийн ном цөөн гардаг л даа. Сүүлийн гурав дөрвөн жилд бичсэн зүйлсээрээ дахин нэг ном гаргах бодол бий. Одоохондаа арай завдахгүй л явна. – Улс төрийн хажуугаар эрдмийн ажил амжуулах боломж хэр олдож байна? – Цаг зав хомс л байна даа. Нэг ажил эхлүүлчихээр гүйцээхгүй бол сэтгэлд байнга уяатай яваад байдаг. Хэдэн жилийн өмнөөс “Үндсэн хуульт байгуулал ба Үндэсний аюулгүй байдал” сэдвээр докторантурын ажлаа эхлүүлчихээд одоо хүртэл гүйцээж амжаагүй л явна. Зарим хүмүүс та судалгааны олон бүтээл хэвлүүлсэн, нийлүүлээд докторын ажил болгоод хамгаалчихад амархан биш үү гэж хэлдэг. Би бол судалгааны эргэлтэд олон жил амьдрахаар дорвитойхон бүтээл гаргаж байж нэг мөсөн хамгаална гээд л, цаг сунгаад яваа. “Үндсэн хуулийн эцэг” гэж бидний хүндэлдэг Б.Чимэд гуай амьд ахуйдаа “Манайд төрийн тогтолцоогоо аюулгүй байдалтай холбож бичиж буй судалгааны ажил алга. Чи нэгэнт ийм чиглэлээр судалгаа хийдэг хүн. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал гэж том бичиг баримт дээр ажиллалаа. Тиймээс энэ сэдвээр доктороо хамгаалбал яасан юм бэ” гэсэн. Би тэр үед Тайваний улс төрийн их сургуульд засаглалын чиглэлээр доктор хамгаалахад нэлээн дөхчихөөд байсан үе. Тэгээд Б.Чимэд багштай зөвлөлдөж байгаад сэдвээ өөрчилж Монголдоо, Батлан хамгаалах их сургуульд аюулгүй байдлын сэдвээрээ хамгаалахаар шийдсэн. Б.Чимэд гуай удирдагч багшаар ажиллахаар болж байлаа. Харамсалтай нь багш маань их удалгүй бурхан болсон доо. Энэ сайхан хүнд амласан ажлаа заавал хийнэ. Хийхдээ түргэн түүхий биш, улс орныхоо аюулгүй байдал судлалд бодитой хувь нэмэр болох бүтээл гаргана гэж боддог. Доктор гэдэг цол чимэг сонин биш, судалгаанд үлдэх бүтээл гарах л чухал. -Яагаад судлаач, тэр тусмаа үндэсний аюулгүй байдлыг онцлон судлах болсон юм бэ. Юу нөлөөлөв? – Би багадаа тоо, физикийн хичээлдээ гайгүй сайн, математикийн сонгон ангид сурдаг, олимпиадуудад идэвхтэй оролцдог хүүхэд байлаа. Гэхдээ л сонирхол маань явсаар хэл соёл, нийгэм, улс төрийн чиглэл рүү хөтлөгдсөн. Ээж маань түүх, нийгмийн ухааны багш байсан нь зарим талаар нөлөөлөсөн болов уу гэж боддог. 1990 онд арван жилийн сургуулиа алтан медалтай төгссөн. Тэр үед манай төгсөлтийнхөнд ихэнх дээд сургууль шалгалтгүйгээр, төгсөлтийн дүнгийн онооны дарааллаар элсэх боломж олгож байсан юм. Гэвч би шалгалтгүй сургуулиудыг орхиод одоогийн Хүмүүнлэгийн их сургууль, тухайн үед Гадаад хэлний дээд сургуульд шалгалт өгч орж байсан. Математик бол бүх шинжлэх ухааны эцэг гэж итгэдэг ангийн багш маань “Чи зөв сонголт хийж байна уу” гэж асууж байлаа. Сонирхлынхоо дагуу шалгалт өгч тэр сургуульд орохдоо “Хятад хэл сурна” гэсэн зорилго тавьсан. 7-8 дугаар ангиасаа англи хэлийг бие дааж сурч байсан. Манай түүх урд хөрштэй их холбогддог. Тиймээс л хятад хэл сурах ёстой гэсэн бодолтой байлаа. Гадаад хэлний дээд сургуульд нэг жил сураад, Засгийн газрын шугамаар Бээжинд суралцахаар анхны 15 оюутны нэг болж Бээжинд анх очиж байлаа. Хятадад анх сурах гээд очиход багш нар Монголоос ирсэн гэхээр “Монгол чинь манай цөөнх үндэстэн шүү дээ” гэдэг байлаа. Тусгаар Монгол Улсаараа бахархдаг бидний хувьд ийм зүйл хүнд тусна шүү дээ. Өмнөд хөршийн ном сурах бичигт иймэрхүү үзэл санаа олон гарна. Хятадын жирийн иргэд ийм ойлголттой байдаг. Манай сургуульд олон орны оюутан сурдаг, Монголыг дорой буурай, ядуу орон гэж дорд үзэх нь их. Тэр бүрт монгол хүн сэтгэлдээ нэг бодол тээнэ биз дээ. Тиймээс л би судалгааны ажил хийе, өөрсдийгөө таньж мэдье. Бид гадаад ертөнцөд улс орноо таниулж өөрсдийн эрх ашгаа хамгаалах чадвартай болох ёстой гэж боддог болсон. Энэ бодол маань л миний ажил мэргэжлийг чиглүүлсэн гэж боддог доо. Их сургуулиа 1995 онд төгсөж ирээд сонирхлынхоо дагуу Стратегийн судалгааны хүрээлэнд ажилд орж, 10 гаруй ажил ажилласан. Энэ ажил минь хөтөлсөөр яваад л УИХ-ын гишүүн болсон байна. Одоо ч гэсэн би энэ ажлаа хийж байна гэж боддог. Би Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүн. Ерөнхийлөгчийн зөвлөх байхдаа Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг шинээр тодорхойлох ажлыг судлаач эрдэмтэдтэй хамтран хийх боломж олдсон. -Буцаад судалгааны ажилдаа ханцуй шамлах хүсэл төрдөг үү? – Хааяахан сэтгэл хоёрдох үе гарна аа. Надад үндэсний аюулгүй байдлын чиглэлээр хуримтлуулсан судалгааны материал их бий. Тэрийгээ үзэхээр заримдаа “энэ ажил руугаа хэзээ орно доо” гэж боддог л юм. Монгол Улсад үндэсний аюулгүй байдлын судалгаа системтэй хөгжиж чадаагүй байна. Энэ чиглэлээр ажилладаг судлаач цөөн. Ирээдүйд монголынхоо хөрсөнд тулгуурласан, хүүхэд залуус эх орныхоо аюулгүй байдлыг өөрсдийн нүдээр харж чаддаг болоход нь тустай сайн сурах бичиг гаргана гэж боддог. Судалгааны ажилд сэтгэл хэчнээн татагдавч өнөөдөр манайд судлаачдын үг төрд хүрдэг тогтолцоо алга. Тэгэхээр өөрөө шийдвэр гаргах түвшинд ажиллаж, бодож санаснаа бодит ажил хэрэг болгохын төлөө ажиллах шаардлага байна гэж боддог. Бас судлаачид, судалгааны байгууллагын ажил төрийн бодлогод тусдаг тогтолцоог бий болгохын тулд гарч байгаа хуулиудад санаагаа нэмэрлэж ажиллаж байна. -Судлаач хийж байхдаа ажлаасаа сэтгэлийн таашаал авдаг байсан байх. Одоо бол хууль тогтоож, арай өөр түвшинд ажиллаж байна. УИХ-ын гишүүний ажлаасаа сэтгэлийн таашаал авч чаддаг уу? – Судалгааны ажил бол үнэхээр сайхан ажил. Дуртай юмаа уншиж судалж байгаа хүн сэтгэл амар, жаргалтай байдаг. Судлаачдын дунд мэдээж улс төрийн ертөнц шиг зөрчил тэмцэл бага. Хувийн жаргалаа бодвол судлаачийн ажлаа хийгээд явах шиг баяр баясгалан үгүй гэж хэлнэ. Бусдын өмнөөс өндөр хариуцлага хүлээхгүй, хэн ч ирж чичлэхгүй. Гэхдээ би өмнө хэлсэн, судлаад, бичээд тэр нь төр засгийн шийдвэр болохгүй бол манай салбарын хувьд хайран шүү дээ. Улс төрд бол сэтгэл гаргаж зүтгэлээ гээд үр дүн нь амаргүй. Монгол Улсын гурван сая иргэний амьдралтай шууд хамаатай асуудал УИХ дээр шийдэгддэг болохоор шийдвэр амар гардаггүй. Гарсан шийдвэр нэг хэсэгт нь нааштай хүрч байхад нөгөө хэсгийнх нь эсэргүүцлийг дагуулж байдаг. Бүх хүнд зэрэг таалагдах зүйл гэж мэдээж байхгүй шүү дээ. Тиймээс улс төр, улс төрчийн амьдрал зөрчил, тэмцэл дундуур явдагт гайхах зүйлгүй. Үндэсний аюулгүй байдлын чиглэлээр хорь шахам жил сэтгэл гаргаж ажиллачихаад өнөөдөр хүн доромжлох дуртай нэгэнд “тагнуул” гэж хэлүүлж байх жишээтэй. Ийм л байдаг. Гэхдээ үүнд эмзэглээд байх юм байхгүй. Улс төрчийн амьдрал амаргүй ч ажлаа сэтгэлээсээ хийгээд явахад гарах үр дүн нь урамтай. – Урам зориг төрүүлсэн ажлынхаа талаар бодлоо хуваалцаач. -Дөрвөн жил УИХ-д ажиллахдаа би Монгол хэлний тухай хуулийг санаачлан, батлуулсандаа хамгийн их баяртай яваа. Хэл бол соёл иргэншил, үндэстэн оршихын баталгаа. Монгол хэлний дүрэм ойлгомжгүй, толь бичиг нь олон янз, сурах бичиг замбараагүй болчихсон байсан. Дүрмийг хэн зохиож, өөрчлөх юм, толь бичгийг хэн өөрчилж, батлах юм гэдэг нэгдсэн тогтолцоогүй болчихсон байсан. Нэр томьёогоо орчуулж чадахаа байсан. Үүнээс болоод шинжлэх ухааны мэдлэгийг монгол хэлээр эзэмшихэд ч хүндрэл үүсч эхэлж байгаа юм. Энэ бүхэн хэвээр үргэлжилбэл хэдхэн жилийн дараа монгол хэлний маань асуудал тун хүнд болно. Байдал ийм болсны шалтгаан нь ерэн оноос хойш энэ бүх ажлыг хэн хариуцаж, яаж хийх тогтолцоог хуулиар зохицуулаагүй, хүссэн эрдэмтэн өөрийнхөө хувилбараар ном гаргаж болдогт оршиж байсан юм. Үүнийг л Монгол хэлний тухай хууль цэгцэлж өгсөн. Хэл зохиолын хүрээлэн дүрэм, толь бичгийг өөрчлөх, шинээр боловсруулах, нэр томьёо орчуулах үүрэг хүлээн. Гарч ирсэн үр дүнг нь Хэлний зөвлөл батална. Цаашид Хэлний зөвлөлөөс батламжилсан дүрэм, толь бичгийг л албан ёсны гэж үзнэ. Ийм байдлаар хэдэн жил ажиллахад үүссэн олон асуудал засагдна, монгол хэлний асуудал цэгцэрнэ. Монгол хэл маань мөхөлд хүрэх бий гэдэг зовинол байхгүй болно гэдэгт эргэлзэхгүй байна. Монгол хэлний тухай хууль батлагдсанаас хойш гарч эхэлсэн үр дүнг харахад л үнэхээр урамтай байгаа. – Мөн энэ хуулиар монгол үндэсний бичигээ хэрэглэх шийдвэр гарсан нь том шийдвэр байсан гэж боддог. – Бид мянган жилийн түүхээ бичсэн үндэсний бичгээ орхиод хэдэн арваныг үдсэн. Гадны нэг түүхч гашуун үнэнийг хэлсэн байдаг. “Монголчууд их үндэсний үзэлтэй. Тэгсэн атлаа 70 жилээс цааших түүхээ уншиж чаддаггүй” гэсэн. Хорьдугаар зууны эхээр гарч байсан нийслэл хүрээний сонин бичгээ гэхэд л өнөөдөр олон хүн уншиж чадахгүй, судлаачдын, эсвэл гадныхны хэлсэн тайлбараар л ойлгож буй нь улс үндэстний хувьд үнэхээр харамсалтай юм. Саяхан сэтгүүлч Ж.Гүрбазар гуай надад хоолой зангируулсан, бас үнэхээр урам өгсөн сайхан үг хэлсэн. “Та Ренчин багш, Дамдинсүрэн багшийн сүнсийг баярлууллаа” гэж. Тэр үед нь би Ренчин гуайн бүтээлийг уншиж байсан үе л дээ. Дамдинсүрэн гуай бурхан болохоосоо өмнө харамсаж явдаг гурван зүйлээ хэлсний нэг нь “кирил бичиг нэвтрүүлэхэд оролцсондоо харамсдаг” гэсэн байдаг. Гэвч энэ бол тэр их эрдэмтний буруу биш, цагийн шуурга л тийм байж. Монгол бичгээ ямар их дээдэлдэг байсныг нь энэ үг илэрхийлдэг. Ренчин гуай ч бас монгол бичгийнхээ төлөө тэмцэж, Сталинд хүртэл захидал бичиж явсан. Энэ их хүнээ монголчууд бид шоронд хийж, японы тагнуул гэж адлаж явсан байдаг. Цаашид бид 10 жилийн дараагаас кирил бичгийнхээ зэрэгцээгээр үндэсний монгол бичгээ төрийн хэрэглээнд нэвтрүүлээд ирэхээр үндэсний маань хэл, соёлын дархлаа улам батжина гэдэгт эргэлздэггүй. -Хүн ажил мэргэжил, хань ижил гэсэн хоёр зүйлийг зөв сонговол сэтгэл хангалуун амьдардаг гэдэг. Та энэ хоёр сонголтдоо хэр сэтгэл дүүрэн байдаг вэ? Нөхөр, гэр бүлийнхээ тухай ярихгүй юу. – Сэтгэл хангалуун явдаг аа. Ханьтайгаа багаасаа найзлаж, үерхэж явсаар гэр бүл болсон. Манайх гурван хүүхэдтэй. Оюутан байхдаа, 20 настайдаа анхны хүүхдээ төрүүлж байлаа. Том охин маань гэр бүлтэй болсон.
-Амьдралаа бат бөх авч явахын нууц таныхаар юу вэ?
-Бие биенээ хайрлаж, итгэж, илэн далангүй ярилцдаг байх л хамгийн чухал гэж боддог. Нэг нэгэндээ итгэж, яагаад баярлаж, гутарч буйг нь мэдэрч чаддаг бол хүмүүсийн хооронд ангал үүсэхгүй. Бага ярилцдаг гэр бүлд л зөрчил их үүсдэг юм байна гэж ажигласан. Хоорондоо нэг их ярьдаггүй, гэр бүлдээ цаг бага зардаг хүмүүс “би та нарын төлөө л ажиллаж байна” гэж өөрсдийгөө зөвтгөдөг нь гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг эвддэг гэж би боддог. Үүний оронд гэр бүлийн хоёр хамтын зорилго, амьдралаа ярилцаж, зорилгоо нэгтгэдэг бол нэг нь ажлаасаа оройтож ирсэн ч нөгөө нь ойлгоод, халуун цай хоолтой хүлээгээд сууж байна шүү дээ.
-Монголчуудын олонх нь гэр бүл болохоороо болзохоо больчихдог. Үүнийг их буруу гэж гэр бүл судлаач нар ярьдаг юм билээ. Та нөхөртэйгээ болздог уу, хамгийн сүүлд хэзээ болзоонд явав?
– Саяхан би намынхаа ажлаар Булган, Хөвсгөл, Эрдэнэтэд хоёр долоо хоног яваад ирсэн. Явж ирээд нөхөртэйгээ сайхан хоолтой газар оройн хоол идэж, сайхан оройг өнгөрөөсөн. Тэгэхээр арваад хоногийн өмнө болзоонд явжээ (инээв). Заримдаа хэн хэн нь завгүй, бие биедээ цаг гаргаж чадахгүй удах үе байдаг. Ийм үед би илүү санаачилга гаргахыг хичээдэг.
– Гэр бүлийн хамгийн том үнэ цэнэ ер нь юунд байдаг гэж та боддог вэ?
– Хувь хүний ч бай, улс орны ч бай төлөвшил гэр бүлээс эхэлдэг. Гэр бүлдээ хайрлагдсан хүн жаргалтай амьдардаг. Монгол өв уламжлалынхаа талаар унших, бодох бүрд өнөөдрийн нийгэм дэх гэр бүлийн амьдралд маш их асуудал үүсчихэж гэж боддог. Өнөөдрийн монголчууд бид бие биеэсээ улам холдож, бусдынхаа сэтгэл санаа руу өнгийж, мэдэрч ойлгох нь багасч, үүнээс болоод айл гэрт ч, улс нийгэмд ч хардалт, үл ойлголцлын сүүдэр их бүрхэх болсон юм шиг. Өнөөдөр эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ ярилцах нь бага болж, сургуульд нь даатгачихдаг, хүүхдүүд нь ихэнх цагаа интернэтэд өнгөрөөдөг болж. Ямар сайндаа “интернэт тасрахаар нь гэрийнхэнтэйгээ ярилцаж үзлээ, их дажгүй хүмүүс байна” гэсэн онигоо гарч байх вэ. Онигоо мэт боловч бараг л бодит үнэн болж байгаа үзэгдэл шүү дээ. Хүүхэд эцэг эхийнхээ халамж, сургаалиар биш, утга учиргүй хийрхсэн олон өнгийн мэдээлэл дунд өсч байна. Ийм нөхцөлд гэр бүлийн үнэ цэнийн тухай ярихад хэцүү. – Үүнийг тэгээд яаж өөрчлөх вэ? Таны өөрийн ямар туршлага байна? – Би монгол уламжлалд маш их үнэ цэнэтэй зүйл нуугдаж байна гэж боддог. Ийм үнэ цэнэтэй зүйлтэй байгаагүй бол монголчууд ямар ид шидээр дэлхийн хамгийн том эзэнт гүрнийг байгуулах билээ. Монголчууд эртнээсээ гэр бүлдээ хүүхдээ хүмүүжүүлдэг маш том өв уламжлалтай. Ардынхаа гүн ухааныг үлгэр туульсдаа шингээгээд хүүхдүүддээ өөрийнхөө амаар байнга хэлж сургадаг байсан. Хүүхдээ уншуулж бичүүлж сургахдаа ухаантнуудын сургаалийг уншуулж, дуудаж бичүүлдэг байж. Манайд Гэсэр, Жангар гээд дэлхийн шилдэг бүтээл, Иллиада, Одиссейтэй зэрэгцэхээр домог туульс бий. Монголчууд орой малаа хотлуулчихаад хүүхдүүддээ туульс хайлж, үлгэр ярьдаг байсан. Байгаль дэлхийгээ хайрлах, ахас дээдсээ хүндлэх сайхан уламжлалаа амнаас ам дамжуулан өвлүүлдэг байж. Хойч үедээ хорвоо ертөнц, амьдралыг таниулж хүмүүжүүлдэг гайхалтай уламжлал. Ямар сайхан амьд харилцаа байв. Тэгэхээр би гэр бүл дотроо аль болохоор их ярилцдаг байх нь чухал юм байна гэж боддог. Хүүхдүүдтэйгээ зав гаргаад ярилцахыг их хичээдэг. Ер нь хүний эцэг эх хүүхэддээ өгч чадах хамгийн том баялаг бол жаргалд ташуурахгүй, зовлонд сөхрөхгүй амьдраад явах сэтгэлийн хат, амьдралын ухаан л гэж боддог доо.
-Гудамжаар явж буй хүмүүсийг ажиглавал хөмсгөө зангидсан, ууртай царай олон харагддаг. Бүх л шатанд хардах, сэрдэх явдал гаарч байх шиг. Энэ талаар таны бодол юу вэ?
– Гэр бүлдээ үйл ойлголцол ихтэй, байнгын эрээвэр хураавар мэдээллийн дунд байгаа хүн аз жаргалтай байж чадах уу. Харилцан ярилцахгүй, бие биеэ сонсохгүй байгаа хүмүүс хардалтаас ангид байж чадах уу. Хардалт явсаар өвчин болдог гэдэг. Хий хардаж, эхнэр, нөхрөө зовоосоор байвал сайхан гэр бүл салдаг, бие биедээ мартах аргагүй гомдол үлдээдэг. Үүнтэй адилхан монголчууд бидний дунд харын сэтгэл хэт их болчихож. Сайн сайханд итгэхээ больжээ. Төр, ард түмнийг хоосон хийрхлээр талцуулж, иргэдийг төр лүүгээ нулимахыг турхирагсад хэт олон болж. Төр бол үндэстэн оршихын баталгаа. Монголын төр мөхсөн, дууссан гэж ярьдаг болсон хүмүүс юуг ёрлоно вэ. Үндэсний аюулгүй байдал гэдэг цагаа тулахаар их нарийн зүйл дээр тогтдог. Монголчууд амны билэгээс ашдын билэг хамаардаг гэж итгэдэг шүү дээ. Том гүрнүүдийн огтлолцол дээр оршдог монголчууд энэ мэтийг тунгаан бодох нь чухал. – Харамсалтай нь их амархан гарц байхгүй л болов уу. Би бол хоёр зүйлд мэрийх цаг болсон гэж боддог. Эхний зүйл нь, хувь хүн бүр ёс суртахуунаа, оюун бодлоо гэгээлэг байлгахын төлөө мэрийх. Хүн бүр гэж хэлж байгаа нь учиртай. Нэг хэсэг нь мэрийгээд, эсвэл төрөөс уриалж хүчээр шахаад үр дүн гарахгүй. Бид фитнессд яваад бие бялдраа гоё болгосноор амьдралын асуудлаа шийдчихгүй. Харин оюун санааны дэвшил л гэр бүлийн ч, нийгмийн ч хувьд бодитой ахиц дэвшил авч ирнэ. Иймээс л би хувь хүний хөгжлийн хувьд бясалгал, төвлөрөл нь зайлшгүй чухал зүйл гэдэгт итгэдэг. Нөгөө нь гэвэл төрийн тогтолцоогоо сайжруулах. Сингапур гэдэг үгээгүй ядуу, олон үндэстнээс бүрддэг загасчны тосгон богино хугацаанд дэлхийн том эдийн засагтай орон болж хөгжсөний нууц нь засаглалын сайн тогтолцоо. Ли Куан Юй гэдэг хүн үүнийг бий болгосноороо Сингапурчуудад гайхалтай өвийг үлдээсэн юм. Энэ бол улс төрчдийн хийх ёстой ажил. Үндсэн хууль, төрийн албаны хуулийн тогтолцоогоо сайжруулахгүйгээр бид цаашаа сайн явахад хэцүү.
Discussion about this post