Сүүлийн үед манайд арьс гоо заслын эмнэлэг борооны дараах мөөг шиг олширсон. Тиймээс цар тахал, хөл хорионы дэглэмд байх хугацаандаа гоё сайхан болохыг хүссэн охид, бүсгүйчүүддээ зориулан хамгийн чухал зөвлөгөө, мэдээллийг хүргэхээр “Anu Med aesthetic” эмнэлгийн мэс засал, арьс гоо заслын их эмч Х.Ану-Үжинг “Өөр зочин”-оор урьж ярилцлаа.
Гоо сайхны мэс засал манай улсад 1990 оноос хойш хийгдэж байгаа. Гэсэн ч мэргэжлийн түвшинд бэлтгэгдсэн, өндөр ур чадвартай эмч нар цөөхөн байдаг.
– Арьс гоо заслын чанартай, чанаргүй эмнэлэг олон болжээ. Зөвхөн нийслэлд үйл ажиллагаа явуулж буй арьс, гоо заслын 48 эмнэлэг байдаг. Тиймээс нүүр амаа янзлуулж, нүд, хөмсгөө өөрчлүүлэх хүсэлтэй хүүхнүүд маань гоо сайхны мэс ажилбар хийлгэхдээ хамгийн түрүүнд юуг анхаарах ёстой вэ?
-Өнөөдөр гоо сайхны мэс ажилбар болон мэсийн бус ажилбар буюу эстетик эмчилгээнүүдийг хүмүүс талх шиг хэрэглэдэг болжээ.
Одоо гудамжинд зөрөх эмэгтэйчүүдийг харахад нүүрэндээ ботокс болон филлер хийлгээгүй, давхраа хийлгэж, хамраа өндөрлөөгүй хүн ховор болсон байна. Тэгэхээр гоо сайхны мэс ажилбар хийлгэхыг хүсвэл хамгийн түрүүнд зөв газраа сонгож үйлчлүүлэх ёстой. Хамгийн түрүүнд тухайн газрын энэ чиглэлээр эмнэлгийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлыг судалж үзэх хэрэгтэй. Өнөөдөр цахим орчинд хөвөрч байгаа энэ төрлийн мэдээллүүдийг харахад тусгай зөвшөөрөлгүй, мэргэжлийн бус хүн хийдэг, жирийн нэг гоо сайханч хүртэл энэ төрлийн үйлчилгээг үзүүлдэг болсон байна. Жишээ нь, гоо сайханч хүн бол хүний арьс салстыг гэмтээхгүйгээр гоо сайхны үйлчилгээ үзүүлэх ёстой. Харин хүний арьс салстад ямар нэг байдлаар мэсээр, зүүгээр хатгах ажилбар хийх бол түүнийг мэргэжлийн эмч хийх үүрэгтэй. Гэтэл өнөөдөр манайд нарийвчилсан хяналт шалгалт байхгүйгээс болоод энэ төрлийн үйлчилгээг мэргэжлийн бус хүмүүс бизнесийн зорилгоор хийх нь элбэг байна. Тиймээс хэрэв та гоо сайхны мэс ажилбар хийлгэхээр шийдсэн бол эмнэлгийн нөхцөлд, мэргэжлийн хүнээр хийлгэх ёстой гэдгийг зөвлөх байна.
-Манайд гоо сайхны хагалгаанд үсчинд орох гэж байгаа юм шиг гүйж очоод орчихдог, түүнээсээ болж хохирсон хүн олон байдаг. Энэ эрсдэл, сэтгэл ханамжгүй байдал нь гол төлөв юунаас болдог вэ?
-Гоо сайхны мэс засал манай улсад 1990 оноос хойш хийгдэж байгаа. Гэсэн ч мэргэжлийн түвшинд бэлтгэгдсэн, өндөр ур чадвартай эмч нар цөөхөн байдаг. Тэр утгаараа сүүлийн үед гоо сайхны мэс засал, үйлчилгээтэй холбоотой гарч байгаа санал гомдол, гаж нөлөө, хүндрэл эрсдэлүүд нь боловсон хүчний асуудалтай их холбоотой байдаг. Үйлчлүүлэгчдийн хувьд, ихэнхдээ мэргэжлийн бус хүнээр энэ үйлчилгээг хийлгэсэн байдаг. Жишээ нь, энэ чиглэлээр ажиллаж байгаа мэргэжлийн бус хүн, гоо сайханчид хүний биеийн анатоми, физилогийн асуудлыг мэдэхгүй байх нь ойлгомжой. Гэсэн ч мэргэжлээсээ халиад, ботокс болон филлерийг үйлчилгээ хийж байгаагаас болоод эрсдэл үүссэн, эрүүл мэнд гоо сайхнаараа хохирсон байх нь олонтаа байдаг. Тиймээс эмч, эмнэлэг хоёроо зөв сонгож үйлчлүүлэх нь чухал.
-Таныг олон газар энэ чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн гэж сонссон. Ер нь гоо сайхны пластик мэс заслыг дэлхийн хэмжээнд аль орон илүү сайн хийдэг вэ?
– Манай эмнэлэг арьс гоо заслын чиглэлээр үйл ажиллагаа явуулаад 10 жил болж байна. Би мөн эмч болоод 10 жил болж байна. Арьс гоо заслын резидент болон гоо сайхны нөхөн сэргээх мэс заслын эмч, хоёр резидент төгссөн. Анагаах ухааны доктрант, АНУ, БНСУ, БНЭУ, Сингапур зэрэг улсад мэргэжил дээшлүүлсэн. Энэ хугацаанд харж байхад гоо сайхны мэс ажилбараар Азидаа Солонгосын дараа ордог орон бол Сингапур, Тайланд байдаг. Мөн Энэтхэг улс бол үс шилжүүлэн суулгах мэс заслаараа маш алдартай. Гадны орнуудад энэ гоо сайхны мэс засал нь бүгд эмнэлгийн, ариун орчинд стандартын дагуу хийгддэг. Тухайлбал, гоо сайхны хагалгаа хийдэг эмч нарын хувьд, зургаан жил хүний их эмчээр суралцаж төгсөөд, дахиад хоёр жил ерөнхий мэс заслаар суралцаад, түүнийхээ дараа дахиад гурван жил гоо сайхны мэс засал олгох буюу нөхөн сэргээх мэс заслаар суралцаж төгссөн эмч нар энэ ажилбарыг гардаж хийдэг. Мөн гоо сайхны хагалгаа гэлтгүй аливаа мэс заслыг хийхэд анагаахын шинжлэх ухааны бүхий л талын мэдлэг, ур чадвар, анхаарал төвлөрөл шаарддаг. Тиймээс гоо сайхны мэс засал хийхэд тухайн эмч ур чадвар, дадлага туршлагтай байхаас гадна гоо сайхны өндөр мэдрэмжтэй байх хэрэгтэй. Энэ бүхэн цогцолж байж, тухайн үйлчлүүлэгч маань мэс заслын үр дүнд өмнөхөөсөө ч илүү гоё сайхан, сэтгэл хангалуун болж сэтгэл заслын үйлчилгээг авах ёстой байдаг.
Мэргэжлийн бус хүнээр эмнэлгийн бус бохир орчинд ботокс, филлерийг үйлчилгээ хийлгэснээс болоод арьс нь үрэвссэн, идээ үрэвсэл нь даамжраад сепсис буюу цусны бохирдол үүсгэх эрсдэл үүссэн хүмүүс байдаг.
-Эмч, үйлчлүүлэгч хоёрын ойлголтын зөрүү, чанар муутай үйлчилгээ зэргээс болж, гоо сайхнаараа хохирсон хүн олон байдаг. Тийм хүмүүс танай эмнэлэгт хэр ханддаг вэ?
-Мэргэжлийн бус хүнээр эмнэлгийн бус бохир орчинд ботокс, филлерийг үйлчилгээ хийлгэснээс болоод арьс нь үрэвссэн, идээ үрэвсэл нь даамжраад сепсис буюу цусны бохирдол үүсгэх эрсдэл үүссэн хүмүүс байдаг. Мөн мэргэжлийн бус хүмүүс энэ үйлчилгээг хийхдээ артерийн болон венийн судсыг гэмтээж, филлер бөглөж тарих, зовхи орчимд тарилга хийж байгаад тухайн хүнийг хараагүй болгох зэрэг олон ноцтой хүндрэлийг үүсгэсэн байдаг. Түүнчлэн зарим эмч нарын хувьд, хэдий сайн сурч боловсорсон ч мэдрэмж дутснаас болоод хамар өндөрлөхдөө өндөр хэсгийг нь илүү өндөр болгоод, намхан хэсгийг нь хэвээр нь үлдээх зэргээс болоод тухайн хүний хамар өмнөхөөсөө ч илүү эвгүй харагдах байдал бас үүсдэг. Манай эмнэлэгт ийм шалтгаантай хүмүүс бас ханддаг. Тиймээс бид хүссэн гоо сайхны тусламж үйлчилгээг нь хүмүүст чадах хэрээрээ үзүүлээд явдаг.
-Сүүлийн үед хүмүүс нүүрний хэлбэрээ засуулах, үрчлээгээ арилгахын тулд филлерийн үйлчилгээг их сонгодог болсон. Гэхдээ бас ямар үйлчилгээтэй вэ гэх мэт нарийн мэдээлэлгүйгээс болж хохирох тохиолдол гардаг. Энэ талаар та юу зөвлөх вэ?
-Мэдээж, хамгийн эхэнд тавих чухал зүйл бол хүний эрүүл мэнд. Мэргэжлийн бус хүнээр, эмнэлгийн бус орчинд энэ төрлийн үйлчилгээг хийлгэх нь хамгийн түрүүнд эрүүл мэндээрээ хохирно. Дараа нь гоо сайхнаараа хохирно. Монголд МХЕГ-ын албан ёсны зөвшөөрөлгүй, гарал үүсэл нь тодорхойгүй ботокс, филлерийг гоо сайхны салонуудад өргөн хэрэглэж байна. Үүнээс болоод сөрөг нөлөө их гарч байгааг өмнө мэдээлж байсан. Ер нь филлер эмчилгээг гадны аль ч улс оронд өргөн хийдэг эмчилгээ. Зөв филлер сонгож хийлгэсэн тохиолдолд энэ нь хүний биед тодорхой хугацааны дараа шимэгдэж уусдаг. Харин нэр хаяг болоод гарал үүсэл нь тодорхойгүй филлер нь хүний биед шимэгддэггүй. Зарим хэсэгтээ шингээд, зарим хэсэгтээ товч маягийн зангилаа үүсгээд үлдчихдэг. Энэ тохиолдолд гоо сайхны үйлчилгээ авсан хүн өмнөхөөсөө илүү гоо сайхандаа сэтгэл хангалуун бус болдог. Үүнээсээ болоод дараа, дараагийн хүндээ буруу мэдээлэл өгдөг. Тэгэхээр үйлчлүүлэгч маань эмч, эмнэлгээ зөв сонгохоос эхлээд эрүүл мэнд, гоо сайхныхаа төлөө энэ бүхэнд мэдрэмжтэй, мэдлэгтэй бас хариуцлагатай хандах нь чухал.
-Та бас анзаарсан байх. Цахим орчинд энэ төрлийн мэдээлэл, сурталчилгаа хяналтгүй маш их тавигддаг. Мэргэжлийн хүний хувьд, та хөндлөнгөөс ямар дүгнэлт өгдөг вэ?
-Буруу мэдээллийг бусдад өгөх нь маш их хор уршигтай. Таны хэлсэнчлэн манайхан эмчилгээний талаарх нарийн мэдлэггүй хэрнээ бие биендээ маш их зөвлөгөө өгсөн байдаг. Тэгэхээр юуны тулд бид мэдээллийн эрин зуунд амьдарч байгаа билээ. Бүх зүйл нээлттэй болсон цаг үед нарийн мэргэшсэн эмч нарын зөвлөгөө мэдээллийг авах, эмч болон эмнэлгээ зөв сонгох бүрэн боломжтой. Сошиал орчинд өгч буй зөвлөгөө, мэдээллийн ихэнх нь бизнесийн шинж чанартай байдаг. Мөн олны танил хүмүүс байна. Аль нэг гоо сайхны салон, эмнэлгийг өөрөө байнга үйлчлүүлдэг мэтээр буруу сурталчилдаг. Энэ бас өөрийг нь даган дуурайдаг, сошиал орчинд дэмждэг хүмүүсийг маш их төөрөгдүүлдэг. Тиймээс олны танил хүмүүс маань энэ тэндэхийн байгууллагын үйлчилгээг сурталчлахдаа тухайн газрынхаа үйлчилгээг сайн судалж, бусдад үнэн зөв мэдээллийг өгөөсэй гэж боддог.
Нас явах тусам хүний арьсны уян хатан чанар алдагдах, нүүрний өөхөн давхарга багасч, нүүрний зарим хэсгүүд хонхойж ирдэг. Энэ үед бага зэрэг ядарсан, овортой харагдаж эхэлдэг.
-Нүүрний филлер эмчилгээг хийлгэх нь ямар давуу талуудтай вэ. Мөн хориглох заалт, эдгэрэх хугацаа гээд үйлчлүүлэгчдийн анхаарах ёстой зарим зүйлсийн талаар мэдээлэл өгөөч?
– Филлер буюу дүүргэлт эмчилгээ нь нүүрний үрчлээс, эзлэхүүний алдагдал, нүүрний хэлбэр засахад зориулагдсан гоо заслын эмчилгээ юм. Нас явах тусам хүний арьсны уян хатан чанар алдагдах, нүүрний өөхөн давхарга багасч, нүүрний зарим хэсгүүд хонхойж ирдэг. Энэ үед бага зэрэг ядарсан, овортой харагдаж эхэлдэг. Тиймээс филлер нь хонхойсон хэсгүүдийг дүүргэх, хэт хавтгай хэсгийг товойлгох, нүүрний хэлбэр засах мөн гүн үрчлээсийг тэнийлгэх, хамар өндөрлөх зэрэг зориулалтаар хийгддэг, тарилгын эмчилгээ юм. Гол найрлагын хувьд, филлерийг гиалуроны хүчил ашиглан хийдэг бөгөөд тодорхой хугацааны дараа биед шимэгдэж уусдаг. Филлерийг хийлгэсний дараа 14 хоног архи дарс хэрэглэхгүй байх. Саунд суухгүй байх, нүдний шил зүүхгүй байх гэх мэт дэглэмүүдийг сайн баримтлах хэрэгтэй. Дэглэмээ сайн баримталсны дараа элдэв хүндрэл үүсгэхгүй. Филлер нь мэсийн бус ажилбар учир эдгэрэх хугацаа бараг шаардлагагүй, хийлгэснийхээ дараа шууд ажилдаа явах боломжтой.
-Хүмүүс ботокс болон филлерыг хооронд андуураад байдаг. Тиймээс та үйлчилгээний хугацаа, эмчилгээний зориулалт зэргийг нь товчхон тайлбарлаж өгнө үү?
-Энэ хоёр ажилбар нь хоорондоо их ялгаатай. Ботоксын хувьд үүссэн үрчлээг тэнийлгэн цаашид нэмж үрчлээтэхээс сэргийлдэг. Ялангуяа дух, нүдний эргэн тойрон дахь хялгасан үрчлээнд ботокс илүү тохиромжтой. Харин филлер нь нөхөх, дүүргэх эмчилгээ учраас нүүрний хонхойсон хэсгүүдийг дүүргэх болон хамар өндөрлөх, уруул томруулах зэрэг хэлбэр засах ажилбаруудад илүү тохиромжтой байдаг. Ботокс нь ихэнхдээ зургаан сарын хугацаатай байдаг бол филлер нь чанараасаа хамаараад нэг жил хагас хүртэлх хугацааны тогтоцтой байдаг.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2021.4.30 БААСАН № 89 (6564)
Discussion about this post