Английн хатан хааны гэр бүл ахиад олон нийтийн анхаарлын төвд орлоо. Хатан хаан II Елизаветагийн нөхөр, талийгаач ханхүү Филиппийн гэрээслэлийн талаарх шинэ мэдээг сэтгүүлчид задалсан биш улс орон даяар бөөн дуулиан тарьсан тухай “The Sun” сонин бичжээ. Ханхүү Филипп буюу Эдинбургийн герцог асар их өв хөрөнгө үлдээжээ. Түүний шилтгээн, барилга байшин, хувьцаа, эртний эдлэлийн цуглуулга зэрэг нийлээд 30 сая фунт стерлингээр үнэлэгдсэн байна. Түүнчлэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр хатан хааны гэр бүлийн өмгөөлөгчөөр олон жил ажилласан лорд Вулфсоны мэдэгдэл таржээ. “Хатан хаан II Елизавета талийгаач нөхрийнхөө гэрээслэлийн нарийн ширийн зүйлсийг нийтэд дэлгэхээс татгалзсан” гэж лорд Вулфсон хэлсэн. Энэ мэдээг Английн нийгэм их сөргөөр хүлээж авчээ. Хамгийн гол нь олон нийт ийм их хөрөнгийн эх үүсвэрийн тухайд мэдэхийг хүсч байгаа аж.
Санхүүгийн шинжээч Дэвид Макклюр “Букингэмийн ордныхон хаанаас орлогоо олж, мөнгө хийдэг тухай англичууд мэдэх эрхтэй. Энэ ордныг манай үндэстэн, төрийн сан хөмрөг тэжээдэг билээ. Хаант улсын иргэн бүр өөрийн орлогыг ил тодоор зарлах үүрэгтэй, гэтэл яагаад хатан хааны гэр бүлийн гишүүд үүнийг дагаж мөрддөггүй юм бэ? Эсвэл орлогоо ингэж нууцалж байгаа нь эрт дээр үеэс хааны ордонд луйвар цэцэглэж байгаатай холбоотой байх” гэж шүүмжилжээ. Одоогоор Букингэмийн ордон хэнд ч хариу өгсөнгүй.
Discussion about this post