Зуны тэргүүн сарын шинийн 15 буюу Бурхан багшийн их дүйчэн өдрөөр Ялгуусан хутагт Ялгасан гэгээний XVII дүр Данзинванчүг гэгээнтэн Гунгааданжайлин хийддээ олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан 10 хүртэлх насны 100 гаруй хүүхдэд “Оюуны оньсыг тайлагч шидэт түлхүүр” номын цуглуулгыг бэлэглэлээ. Энэхүү номын цуглуулга авсан хүүхэд 1 жилийн хугацаатай нэг сая хүртэл төгрөгийн нөхөн төлбөр олгох хүүхдийн гэнэтийн ослын даатгалд хамрагдах юм.
Мөн шинийн 15 энэ өдөр эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тулд Ногоон дарь эхийн зүрхэн тарнийг нийтээрээ олонтоо урин уншлаа.
Ялгуусан хутагт өмнө ковидын цар тахлын эрчимтэй тархалтын үед зорилтот бүлгийн иргэд, малчид, ахмад настнуудад тусламж дэмжлэг үзүүлж байсан билээ.
Эл өдрийг Шагжамуни буддагийн эхээс мэндэлсэн, гэгээрлийн хутгийг олсон, нирваан дүр үзүүлсэн гурван үйл явдал давхацсан өдөр хэмээн хүндэтгэдэг бөгөөд Бурханы шашин дэлгэрсэн улс орнуудад тусгайлан тэмдэглэдэг уламжлалтай. Манай улсад ч олон зуун жил тэмдэглэж ирснээс өнгөрсөн жил нийтээр амрах тэмдэглэлт баярт оруулж сайн үйлсийн өдөр болгосон билээ.
Их дүйчэн өдрийн хамгийн гол утга нь: Энэрэнгүй сайхан сэтгэл үүсгэн эцэг эх, багш, ахан дүүс, байгаль дэлхий гээд өөрийн хүндэтгэдэг, хайрладаг бүхнээ улам илүү болгоон бодож бие, хэл, сэтгэлээ бусад өдрөөс ялгамжтайгаар зориулах билээ.
Discussion about this post