Дөрвөд – Монгол үндэст ястан, язгуурын Ойрд аялгуут Монгол хэлтэн ард түмэн. Дөрвөд нь 1400-1755 оны хооронд тогтносон Дөрвөн Ойрдын дөрвөн гол аймгийн нэг нь байв. Монголд Дөрвөдийн яст гэж 72,403 хүн бүртгэгджээ. Мөн Орос дахь Халимагуудын 30-аад хувь албан бусаар Дөрвөд гэгдэж, Хятад дахь Монголчуудын дотор Дөрвөд, Дөрвөн овогтон бий.
Дөрвөд гэдэг нэр нь эртний монголын дээд өвөг Дува Сохорын дөрвөн хүүхдийн удмаас сурвалжтай дөрвөнд аймгийн нэрээс үүсэлтэй гэх буюу дөрөвлөн жагсдаг цэргийн жагсаалын нэр болох “дөрвөд” гэсэн үгнээс гарсан гэдэг домогтой.
Монголын Нууц Товчооны 11-р зүйлд Дува Сохорийн 4 хөвүүнийг Добу мэргэн ахаас салж “дөрвөн овогтон” болов гэж бичсэн байдаг. (мо.б. галиг. дөрбэн обогтан болжу дөрбэн иргэн тэдэ болба) гэж дурдсан нь Дөрвөдийн язгуур юм. Энэ нь 9-р зууны эцэс, 10-р зууны үед хамаарах явдал гэж үздэг. 12-р зуунд Дөрвөн овогтон Дарлигин Монголын дотор багтаж байв. Ямартаа ч дөрвөн (дөрбэн) хүн юм уу дөрвөн хэсэг улс амьтаны үр хойчисийг “дөрвөд” гэдэг олон тооны нэрээр дуудах болсон нь гарцаагүй.
10-р зууны үед Дува сохорын 4 хүүгийн албатууд Енисей, Эрчис мөрний хавиар, 12-р зууны үед дөрвөдүүд Халх гол улмаар Байгал нуурын ойролцоо ирж нутаглажээ. Чингис хаан Монголын эзэнт гүрнийг байгуулахад Дөрвөдүүд Ойрадын Хархируга, Хутагбэх, Дөрбэй догшин, Мөч бүдүүн ноёдын удирдлагын дор явж хүчин зүтгэсэн байна. Чингис хаан энэ гавьяа зүтгэлийг үнэлж ойрадын Хутагбэхтэй худ ураг болж өөрийн охин Цэцэгхэнийг Хутагбэхийн хүү Иналчид гэргийн болгон өгснийг түүхэнд тэмдэглэжээ.
Чингис хааны дараах үед дөрвөдүүд Алтай болон Ил тарвагатайд очиж нутагласан ажээ. Нэгэн үе бүх Монголыг нэгтгэн захирч их хаан ширээнд суусан ойрадын Эсэн тайш өөрийн ууган хүү Борнагалд дөрвөдүүдийг өгч захируулсан бөгөөд дөрвөдийн ноёд түүний удмын хүмүүс байдаг. 14-р зууны эхнээс дөрвөдүүд ойрадын дөрвөн гол аймгийн нэг болж түүхийн тавцанд гарч дотроо их, бага дөрвөд, баруун зүүн дөрвөд гэж хуваагдсан байна.
17-р зуунд Ойрадын их бутрал эхлэхэд дөрвөдийн нэг хэсэг нь Гүүш хаан хэмээх Төрбайх ноёны удирдлагаар хошууд нар Хөхнуур руу нүүхэд дагалдан оджээ.Тэднийг өдгөө БНХАУ-ын Хөх нуурын мужийн Сог монгол буюу дээд монголчууд гэдэг.
Мөн их, бага дөрвөдүүд Далай тайшийн удирдлага дор баруун зүг нүүдэллэн Баруун сибирь, Ил, Урал мөрнийг гатлан Ижил мөрний хөвөөнд очиж нутаглахдаа Халимаг хэмээх нэр авч Орос улсын бүрэлдэхүүнд оржээ.
Үлдсэн дөрвөдүүд баядуудын хамт Алтайг даван нүүж Заг, Байдрагийн газар ирж 8 жил гаруй нутаглаж байгаад Жуудгай гэдэг хүнээр газар шинжүүлсний дараа Увс нуурын газар баядуудтайгаа ирж нутаглажээ. Увс нуурын баруун талаар дөрвөдүүд, зүүн талаар баядууд амьдрах болжээ.
Мөн БНХАУ-ын Хар мөрөн муж(Өвөрмонгол болон БНАСАУлсын хооронд орших муж)-ийн дөрвөдийн өөртөө засах хошуун(Мужийнхаа баруун хойт тал)-д дөрвөд ястан бөөнөөрөө орших бөгөөд эдгээрийг дөрвөдүүд Енисей мөрнөөс Халх гол, Байгаль нуур луу 11-р зуунд нүүдэллэн ирж нутаглаж байгаад баруун тийш нүүх үед тасран үлдсэн гэж үздэг.
17-р зууны үед Ойрадуудыг Манжаас хамгаалахын тулд торгууд, дөрвөд, өөлдүүдээс сайн эрсийг шилж гэр бүлээр нь захлуулан амьдруулснаар одоогийн захчин ястан бий болсон. Өөрөөр хэлбэл захчин ястан нь энэ гурван ястнаас үүссэн.
Одоо Дөрвөдүүд Увс аймгийн Бөхмөрөн, Түргэн, Сагил, Давст, Баян-Өлгий аймгийн Цагааннуур сумд (хуучин зоригт ханыхан) болон Улаангом, Ховд, Өлгий хот бусад газруудад оршин сууж байна.
Discussion about this post