Монголч эрдэмтэн, судлаач Конагаяа Юки Япон улсын төрийн дээд шагналуудын нэг болох “Ягаан туузан одон”-оор энгэрээ мялаалгаад байж байхад нь очиж ярилцлаа. Одоо тэрбээр Осака хотод байдаг Улсын Үндэсний Угсаатны Зүйн Музейд судалгааны ажил хийхийн зэрэгцээ Япон-Монголын Түншлэлийн Нийгэмлэг гэх олон нийтийн байгууллага ахлан ажиллаж байна.
-Төрийн хүндтэй шагнал хүртсэн танд юуны өмнө баяр хүргэе. Токиод очиж шагналаа авав уу? Шагналынхаа талаар тодруулна уу?
–Японы энэхүү төрийн шагнал нь туузныхаа өнгөөр ялгаатай байдаг. Нийгмийг гэгээрүүлэх үйлсэд хүчин зүтгэсэн боловсрол соёлын салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан хүнд “/Үзмэн/ ягаан туузан одон”, хүний амь аварсан, манайхаар бол шударга журам медальтай дүйцэх нь “Улаан туузан одон”-г, шинжлэх ухаан, технологийн салбарт цоо шинэ нээлт хийсэн хүнд “Хөх туузан одон”-г, хувийн өв хөрөнгөө нийгмийн сайн сайхны төлөө хандив өргөсөн хүнд “Шар туузан одон”-оор тус тус шагнадаг. Энэ хавар улс даяар “Ягаан туузан одон”-оор 20 хүн шагнуулсан. Түүнээс дөрвөн хүн л эмэгтэй байсан. Намар бас шагнал гардуулдаг. Ихэнхдээ хими биологи, математикийн салбараас эмэгтэй хүн шагнуулж байсан бол энэ удаа нийгмийн ухааны салбараас ганц хүн шагнуулсан нь миний бие байсан. Эзэн Хааны ордонд шагналынхаа ёслолд оролцчихоод ирлээ. Монгол судлалаар гуч гаруй жил ажиллаж байна. Анх 1979 онд 22 настайдаа Засгийн газар хоорондын оюутан солилцох шугамаар явсан анхны эмэгтэй нь байлаа. Социалист үе байсан болохоор хамаагүй явж болохгүй, хориотой үе байсан. Гэвч би хөдөөний амьдрал, нүүдлийн соёл ахуй, зан заншил, энгийн ард түмний амьдралыг биеэрээ үзэж харахыг маш их хүсч байлаа. Тэр үед биднийг тагнуул гэж үзэж байсан учраас хамаагүй хөдөө явуулахгүй. Тиймээс надад зөвхөн сурах нь уйтгартай байсан. Япон, монгол хүн зүс царайгаараа төстэй ч зан төрх, заншил нь өөр өөр. Киотогийн их сургуулийн газар зүй, түүх судлалаар сурж байгаад Монгол руу очиход МУИС-д зөвхөн хэл сурахыг л зөвшөөрсөн. Эхлээд энэ нь оносон л доо. Огт хэлгүй хүн эхлээд хэлийг нь сурах ёстой. Тэгээд л хэл сурч ирсэн дээ.
-Та оюутны байранд сурч байхдаа хамт байгаа охинтойгоо цонх онгойлгоно, хаана гэж маргалдсаар байгаад хэл чинь их сайжирсан гэж сонссон. Япончууд их нэрэлхүү талдаа хүмүүс. Шууд үзэл бодлоо илэрхийлнэ гэдэг танд анх амаргүй байсан байхдаа?
–/Инээв/ Тиймээ. Гэхдээ хүн яг цагаа тулаад ирэхээр тухайн үед тэр хүнд өөрийгөө ойлгуулахын төлөө бүх хүчээ дайчилж илэрхийлэх хэрэгтэйг их ойлгосон. Хэл амаа ойлголцохын тулд өөрийн эрхгүй үг хэл гарч ирдгийг анх удаа ухаарсан. Тэр охины яриаг энгийн үед бараг ойлгохгүй байсан хүн чинь яг тулаад маргалдсан чинь яриаг нь бүгдийг нь сайн ойлгож эхлэсэн. Үүнээс хойш би дандаа монголоор зүүдэлдэг болсон.
-Тэр охинтойгоо та одоо холбоотой байдаг уу?
–Холбоогүй гэхдээ тэр одоо хаана, юу хийж явааг мэднэ. Манж судлаач, буриад хүн. Тэр үеийн оюутнууд ихэнх нь хүүхэдтэй ээж болсон байдаг байсан. Нэг залуу намайг гуйж, хоргоогоод байхаар нь би хүүхэдтэй болчихвол яах вэ гээд шууд асуусан. Тэгсэн чинь –Санаа зоволтгүй ээ. Төрүүлчихээд энд орхичихгүй юу гэсэн. Ерөөсөө л монгол хүнтэй шууд тас, түс ярихгүй бол буруугаар ойлгуулахын байна гэдгийг ой тойндоо ортол ухаарсан юм. Япон хүн чинь их тойруу ярьдаг шүү дээ.
-Тэр залуу танд дурласан юм байна шүү дээ?
–Тийм. Тухайн үед би бас шууд дургүй ээ гэж хэлж чадахгүй байсан. Би бас дурласан байсан юм шиг. Гэхдээ унтаж чадахгүй гэдгээ хэлэхийн тулд хүүхэдтэй болчихвол яах уу? гэж асуусан нь тэр.
-Та тэгвэл монгол хүн шиг тас түс ярьж сурчээ. Ингэж өөрийхөө бодлыг тов тодорхой хэлж сурснаар хэл тань сайжирахад их нөлөөлсөн байх даа?
–Тиймээ. Би зөвхөн хэл зүйч биш. Монгол хүний зан заншил, нүүдлийн соёл иргэншлийн судлаач учраас тухайн ард түмний сэтгэлгээ, зан чанарыг мөн давхар судалдаг болохоор ингэж монгол хүнтэй сайдалцаж, муудалцаж, хүмүүсийн харилцаан дунд байсан минь их сайн нөлөө үзүүлсэн. Тэр оюутны нэг жил их сайхан өнгөрсөн.
-Нутагтаа эргэж ирээд япон хүмүүстэйгээ хэл амаа ололцоход эргээд бэрхшээл тулгарсан уу?
–Монгол хүнтэй ажиллахад заримдаа япон маягаа хаях хэрэгтэй. Тэдний сэтгэлийг эзэмдэхийн тулд яг монгол хүн шиг байж байж татна. Японы янз бүрийн хурал цуглаанд оролцоход монголч эрдэмтэн гээд монголоороо бас аашилж болохгүй. Тиймээс сэтгэл дотор минь хоёр чийдэн бий. Японд байхдаа японы гэрлээ, монголд очихдоо японоо унтраагаад монгол чийдэнгээ асаадаг.
–Тэгвэл японд аж төрж байгаа бид ч гэсэн бас тийм байх ёстой байх л даа. Усыг нь уувал ёсыг нь дага гэдэг шиг…
–Тэр нь зүйтэй байх л даа. Ерөөсөө хүн аяндаа тухайн орчиндоо дасаад өөрийн эрхгүй бий болгодог дадал гэж бодож байна. Тэгэхгүй бол тухайн нийгэмдээ дасан зохицоход хэцүү гэж бодож байна. Монгол судлаачид ихэнхдээ хэл зүй судалдаг бол би монголын хөдөөгийн амьдрал, малчидын ахуй соёлыг судалсаар ирсэн цор ганц хүн гэж хэлж болох юм. Гадны хүний нүдээр биднийг яаж харж байна вэ гэдэг монголчуудад ч сонин. Хөдөөний хүн хотын амьдрал мэддэгүй шиг дотроо байгаа хирнээ төдийлөн сайн мэддэгүй зүйл их байдаг. Монголын тухай бичсэн миний ном Бээжин болоод Өвөрмонголын сургуулийн сурах бичигт орсон байдаг. Түүнийг кириллээр буулгаад монголд хэвлэж гаргана. Алдаа оноо байвал хэлээрэй. Бичсэн олон номноос энэ илүү их сонирхолтой байх бол уу. Хүн төрөлхтний соёлын түүхийг монголын хөдөө талын амьдралтай холбож бичсэн байгаа.
-Хамгийн хөгжилтэй, инээдэмтэй оюутан ахуйн дурсамжаас гэвэл…
–Баригдсан явдал. /Инээв/ Тэр үед хөрөнгөтний орны хүн социалист Монгол улсад дөчин км-ээс илүү хол явж болохгүй гэсэн дүрэмтэй байсан. Гэсэн ч би хөдөө явмаар снагдаад бүр тэсэхгүй байсан болохоор урагшаа вагоноор нэг япон оюутантай Чойр хүртэл орчихов. Юун дөчин км-ийн хязгаар вэ, даваад явчихлаа. 1980 оны тэр үед машин тэрэг ховор. Нэг шилгүй ачааны машинд гар өргөж суугаад хөдөө гараад давхичихлаа. Тэгээд нэг хээр талд буугаад айлд очсон чинь эмээ байсан. Тэнд морь унаж, хөдөө талын амьдралтай жаахан ч гэсэн танилцаж амжсан юм. Эргэж ирээд баригдлаа. НАХЯаманд дуудагдав. Нөгөө оюутан маань Москва руу явчихсан. Ганцхан үлдсэн намайг дуудав. Надаас янз бүрийн юм асууж байна. –Хэр хөрөнгөтэй вэ? Хэдэн морь, малтай вэ? гээд л…Хэдэн гэртэй, Илүү гэр бий юу? гээд л байцаагдаж эхлэв. Ямар ч хөрөнгө байхгүй ээ л гэлээ. Ганцаархнаа, юу ч мэдэхгүй, балчир оюутан байсныг хэлэх үү, жигтэйхэн айж сандарч байсан юм. Тэгээд тэд намайг нутаг луугаа шууд буц гэсэн. Хичнээн их айж, эмээж байсан ч ер нь энэ хүмүүстэй хэл амаа ололцохын тулд ярьж хэлэлцэх /найрах/ ёстойг тэр хоромд ухаарч –За та нар намайг буцаавал тэнд сурч байгаа монгол оюутан бас буцаж ирэх болно. Тэгж болох юм уу? Аль нь дээр вэ? гэж би амьдралдаа анх удаа сөргөж асуусан. Үлдэхийн тулд шүү дээ. Тэд нар за за тэгвэл яахав ээ. Үлд дээ гэсэн. Энэ явдал миний амьдралд асар том амьдралын туршлага болон үлдсэн. Зөвхөн монгол хэлийг сурах биш, монгол хүнтэй цаашид яаж харьцаж, ярилцаж, хэлэлцэх асар том амьдралын сургууль болсон. Тэр оюутны нэг жил зөвхөн номноос бус амьдралаас суралцсан он жил байлаа. Эмэгтэй хүн байр сууриа олж, эрчүүдтэй мөр зэрэгцэн ажиллах нөхцөл муу японд эргэж ирээд цаашид яаж ажиллах, яаж байр сууриа олох вэ гэсэн үндсэн баримтлалыг би монголоос олж ирсэн юм.
-Та сэхээтэн айлын эрх танхи мөртлөө сурлагатай охин байсан гэсэн. Монголоос биеэ даасан, хэрсүүжээд иржээ. Одоо ч гэсэн таны амьдралд нөлөөлж явдаг байх нээ?
–Юу ч мэдэхгүй жаахан охин ганцаараа хил давж, сурч байсан нь тухайн үедээ онцгой байсан гэх үү. Саяны авсан шагнал маань ч нийгэм, соёлын салбарт хир баргын эмэгтэй хүн авдаггүй. Хүнээс онцгой ялгарахын тулд энгийн хүнээс хэд дахин илүү чармайлт гаргах хэрэгтэй. Хүний эв дүйг олж, хэлэлцэж, учир начраа ололцдог болж сурснаар хэний ч гаргаагүй замыг анхалж, боломжгүй зүйлийг боломжтой болгож, цоо шинэ судлал хийсэн учраас энэ хүндтэй шагналыг хүртсэн бол уу. Японы нийгэм бол угаасаа дээд удирдлага нь л болохгүй гэсэн бол хэзээ ч хийдэггүй. Бүх юм нь нарийн төлөвлөгдсөн, хийх ажил нь тодорхой байдаг болохоор хичээж, чармайя, оролдоод үзье гэж боддогүй. Монголын хээр талд зам жим байхгүй ч шинээр зам гаргаад л давхичахтай адил монгол хүнд боломжгүй юм гэж байдаггүй. Арга эвийг нь олоод л монголжуулчихна. Ийм амьдрах ухааныг би сурсан. Монгол хүн хэний ч нөлөөнд ордоггүй. Өөрөө өөрийнхөө л амьдралаар явдаг.
-Та социалист нийгмийн үед сурч байсан. Өнөө үетэй харьцуулахад хамгийн том ялгааг та юунаас мэдэрдэг вэ?
–Тухайн үед хүн болгон эрх тэгш аз жаргалтай байх ёстой гэж үзэж байсан. Нийгмийн сайн сайхны төлөө хувь хүн ч сайхан амьдрах ёстой гэдэг байсан. Нийгмээс жаахан гажууд, сөрөх юм бол маш их дарамтыг амсдаг байсан. Түүнээс болж зарим хүн сэтгэлээр унаж, архинд ордог байсан. Харин одоо бол огт өөр нийгмийн дундаж амьдрал гэхээс илүү хэт их баян, нэн ядуу гэсэн зааг гарч ирж байна. Улс нийгмийнхээ төлөө гэхээс илүү хувь хүн өөрийнхөө эрх ашгийн төлөө хөрөнгөтэй болох тал нь давамгайлаад байх шиг байна. Мэдээж одоо социалист нийгэм гэж байхгүй болсон өнөө үед баян хоосны ялгаа гарах нь зүйн хэрэг гэхдээ хөрөнгөтэй хүмүүсээс татварыг нь сайн авах хэрэгтэй. Дээр үед сүм хийдэд жас байдаг байсан. Баян хүмүүс хийдэд малаа өгөөд жас нь ядуучуудад хишиг хүртээж малыг нь тараадаг байсан. Нэг үгээр хэлбэл сүм хийд нийгмийг зохицуулж байсан. Одоо Улаанбаатарын зах ороход л Японд бараг харагддагүй үнэтэй машин зөндөө байна.
-Монгол хүний сэтгэлгээнд бас их өөрчлөлт гарсан нь мэдээж л дээ…
–Өөрчлөгдөөгүй тал ч бас байна. Монгол хүмүүс шинэ сонин юманд их дуртай сониуч зан бол өөрчлөгдөөгүй гэж бодож байна. Азаа үзье гэсэн эрэмгий зоригтой байдал нь япон хүнээс онцгой байдаг зан чанар ерөөсөө өөрчлөгдөөгүй хэвээрээ байна. Би ч ийм монгол хүнд дуртай. Хэдэн зууныг туулсан энэ монгол зан чанар хэвээрээ байгаад гадны хүний хувьд ч би атаархмаар байдаг. Бид ч үүнээс суралцах ёстой.
-Монголын юу их сэтгэл татагддаг вэ?
–Азаа үзье гэсэн юунаас ч айж хулчийдаггүй, шууд л ханцуй шамлан ордог эрэмгий зоримог, дайчин чанарыг би монголоос сурсан учраас өнөөдөр энд би байгаа юм. Монгол очоогүй байсан бол би энгийн л нэг япон хүн байх байсан. Ийм сайхан шагнал ч хүртэхгүй байсан байх.
-Монгол улс хөгжихийн хирээр юу дутагдаж байна вэ? –
Арвин их ашигт малтмал, уурхайгаараа хөгжиж эхэлж байгаа өнөө үед төр засаг мөнгийг зөв зүйлд зарцуулаасай гэж хэлмээр байна. Одоо энэ Японы хамгийн том олон судлаач ажилладаг асар том номын сан, архивтай Угсаатны зүйн Үндэсний музейг /өөрийнх нь ажиллаж байгаа/ ид хөгжлийн 1970 хэдэн оны оргилд байсан үед барьсан юм. Одоо бол боломжгүй. Ид хөгжиж байгаа үедээ л чухал юмаа хийж гүйцэтгэсэн дээр. Монгол хүн хийсэн бүтээсэн юмаа үлдээж хамгаалах тал дээр муу байдаг. Хар хорин юу ч үлдээгүй балгас болсон. Соёлын үнэт зүйлсийг нандигнан хадгалж, ирээдүйдээ үлдээгээсэй.
-Монголч эрдэмтэн Кимура Аяако “Тархины тураал” нийтлэл гаргаж, зарим нэгнийг цочирдуулж, олныг шуугиулсан. Үүнийг та юу гэж боддог вэ?
–Бид ажил төрлийн холбоотой танилууд л даа. Жаахан хэтрүүлсэн байх. Сонинд зориулсан нийтлэл учраас ч байж болох юм. Цам судлаач. Түүний судлалтай огт холбоогүй.
-Та хурц үгээр монголчуудыг хэлж чадах уу?
–Хүнд хатуу үг хэрэгтэй л дээ. Монголчуудыг хөндлөнгөөс харахад шуудайд хийсэн үхрийн эвэр шиг санагддаг. Монгол хүнтэй хамт ажил хийхэд хоорондоо муудалцаад, түвэгтэй болж эхлэдэг. Нэг үгээр хэлбэл хамтран ажиллах чадвар жаахан дутагдалтай байдаг. Нэгийг нь гуйхаар нөгөө хүнтэй хамт бол чадахгүй гэдэг. Гэтэл надад тэр хоёр хүнтэй зайлшгүй ажиллах хэрэгтэй байгаад байдаг. Илүү их эв нэгдэлтэй байгаасай. Би хүнийг шүүмжлээд, хатуу үг хэлэх хэрэггүй гэж боддог. Угаасаа тэд өөрсдийгөө ямар хүн бэ гэдгээ сайн мэдэж байгаа.
-Дунд сургуулиудад олон самбар хандивласан гэж сонссон.
–1999 оны зуд болсон үеэр бидний хэдэн судлаач Монгол-Японы түншлэлийн холбоо гэх олон нийтийн байгууллагыг байгуулсан. Эхлээд зуд их орсон Өвөр хангай луу сайн дурын эмч нарыг явуулсан. Самбар их дутагдалтай, аль дээр үеийн жар гаруй жил болсон шохой гарахаа байчихсан учраас Японы самбарын компанитай гэрээ хийж, явуулсан. Одоо бол Монголдоо самбар хийж байгаа. Сүүлийн үед багш нар солилцох, мэргэжил дээшлүүлэх, туршлага судлах үйл ажиллагаа явуулж байна. Улам өргөжүүлнэ. Хүн хэзээд ч хөрөнгөтэй байж болно. Хүн ёсоор бие биетэйгээ харилцаж нөхөрлөнө гэдэг юугаар ч сольшгүй үнэтэй. Хил усаар заагласан олон улс /international/ гэж биш, улс хоорондын /transnational/ нөхөрлөл найрамдалыг бэхжүүлнэ гэдэг их чухал юм. Хүү нь бас Азийн судлаач болох гээд шамдаж байгаа аж. Яг одоо социалист үеийн реклам зар суртчилгааны самбарын зураг цуглуулж судалгаагаа хийж байгаа гэнэ. Хэн ч хайхарч хийхгүй болохоор нь би авч судалж байгаа юм гэж тас тас инээнгээ хэлж байлаа. Зуун жилийн дараа ямар их үнэт зүйлийг судалж, бидэнд үлдээсэн юм бэ гэж монголын хойч үед хэлүүлэхээр л уйгагүй ажиллаж зүтгэмээр байна гэж яриагаа өндөрлөсөн юм.
Х. Эрдэнэцэцэг Осака WWW.TAIZ.MN
Discussion about this post