2011 оны Бодибилдингийн улсын аварга, Бодибилдингийн модель мисс алтан медальт, Азийн хүрэл медальт тамирчин Г.Солонготой ярилцлаа.
-Бодибилдингийн модель миссээр шалгарч алтан медаль хүртсэнд баяр хүргэе. Та ямар ажил эрхэлдэг юм бэ?
-Би зочид буудлын бизнес эрхэлдэг, сая ресторан нээлээ. SJL компанийн захирал. Манайх зочид буудал, гадаад худалдаа эрхэлдэг. Хэдхэн хоногийн өмнө ресторанаа нээсэн.
-Ийм ажил хэрэгч бүсгүй Бодибилдинг мисс болсон нь сонин байна л даа. Энэ спортоор хэдэн жил хичээллэсэн бэ? Их л хүнд спорт гэх юм билээ. Энэ жилийн хувьд шагналын сан нь өндөр. Бодибилдингийн мисс мистер болсон хүн 20 сая төгрөг гардаж авна гэж байсан.
-10 жил хичээллэж байна. Урьд нь эрүүл мэнд, гоо сайхан талаасаа өөртөө анхаарч хичээллэдэг байсан. Бодибилдингийг бүх спортын хаан гэдэг. Яагаад гэвэл хүнээс маш их тэсвэр тэвчээр шаарддаг. Би Испанид байхдаа хичээллэж эхэлсэн. Тэнд аэребикт явна, бодибилдинг, салса бүжигт явна. Харин энэ жил анх удаа тэмцээнд орлоо. Энэ жил бодибилдингийн улсын аварга шалгаруулах 20 дахь удаагийн тэмцээн болсон. Би олон номероос 20 номерийг сугалж, мөн улсын аварга болсондоо их баяртай байгаа. Би Калифорни фитнессийн тамирчин. Намайг тэмцээнд бэлдсэн Калифорни фитнессийн дасгалжуулагч Мийгаа багшдаа маш их баярлаж байгаа. Багш маань намайг найман сараас эхлээд бэлдсэн. Тэмцээнд бэлдэж байх үед шантрах үе олон, тэр болгонд дэмжиж урам өгч байсан. Тэмцээний өмнө релефний хүнд бэлтгэл хийдэг. Хоолны дэглэмд орчихоор хүн ядраад уур уцаартай болдог юм билээ. Зарим үед багшдаа уурлаж стрессээ гаргана. Төмөр өргөөд ядрахаараа уурлах үе зөндөө. Тэр болгонд намайг дэмжиж байсан. Хүн бэлдэнэ гэдэг хэцүү, тэр тусмаа тэмцээнд орох гэж байгаа хүнийг бэлдэнэ гэдэг бүр хэцүү. 10 жил хичээллэсэн байлаа ч тэмцээнд анх удаа орох гэж байгаа болохоор туршлагагүй, маш их тэвчээр шаарддаг юм билээ. Би урьд нь өөрийнхөө сонирхлоор өдөрт нэг цаг ч юм уу хичээллэдэг байсан бол тэмцээнд бэлдэхээр удаан бэлтгэл хийнэ, сүүлдээ булчингууд хорсоод, их өвддөг байсан. Сүүлдээ уурлаад төмрөө шидчихдэг, дараа нь тайвшраад дахиад л инээгээд хийдэг байсан. Өгдөө, орой өдөр бүр хоёр удаа бэлтгэл хийнэ, таван сар өдөрт 4-5 цаг бэлтгэл хийж байсан. Урьд нь тэмцээнд орж байгаагүй, энэ жил өөрийгөө сориод үзье гэж бодсон. Тэгээд 2011 оны Бодибилдингийн улсын аваргаар Бодибилдингийн модель мисс алтан медаль авсан. Анх удаа орсон болохоор алт авна гэж үнэхээр бодоогүй. Гэхдээ л тэмцээнд орж байгаа юм чинь түрүүлье л гэж бодож байсан. Энэ жилийн улсын аваргад урьдны бүх миссүүд, мистерүүд орсон болохоор өөрийгөө түрүүлнэ гэж бодоогүй. Түрүүлчихээд үнэхээр их баярласан.Маш өрсөлдөөнтэй болсон. Улсын аварга бол нэр хүндтэй том тэмцээн. Хотын аварга, Азийн аварга гээд урьд нь медаль авч байсан шилдэг тамирчид орсон.
–Мистер Баянхүү орсон уу?
-Орсон. Нурлан, Дорж бүх үеийн мистерүүд, урьд жилийн бүх миссүүд, медальтнууд орсон. Энэ жил Төмөр ертөнц клубын Бат-Эрдэнэ гэдэг залуу түрүүлсэн. Надад улсын 8 удаагийн аварга, “Орчлон” клубын тамирчин Дорж их тусалсан. Доржийг хүмүүс “Тайхар”-ынх гэж боддог. Бид найзууд л даа. Сониноор дамжуулаад Доржид баярлалаа гэдгээ дамжуулмаар байна. Дорж энэ жил хоёрдугаар байранд орсон. -Испанид 10 гаруй жил амьдарч байсан гэсэн. Юу хийж байсан бэ? -Уран зураач мэргэжилтэй. Испанийн Малага хотын урлагийн их сургуулийг зураач мэргэжлээр төгссөн. Тэнд 12 жил амьдарсан. Малага гэж далайн эрэг дагуу байдаг хот. Таван жилийн өмнө Монголдоо ирээд ирээд Удирдлагын академийг бизнесийн удирдахуйн ухааны магистраар төгссөн.
–Испани залуутай найзалж үзсэн үү?
-Олон испани найзтай, гэхдээ испани найз залуу бол байгаагүй ээ. Испаничууд их эрч хүчтэй, цоглог хүмүүс байдаг, маш их сэтгэлийн хөдөлгөөн хөөрөлтэй, их л баяр хөөртэй амьдардаг. Амьдралыг кайфтайгаар амьдраад сурсан өөдрөг үзэлтэй хүмүүс. Би анх ирээд испани хүмүүс шиг их эмоцитой байсан. Тэр нөхцөлд амьдрахаар алтны дэргэдэх гууль шарлана гэгчээр дагаад ижилхэн зан чанартай болдог юм билээ. Сүүлдээ гайгүй болсон л доо. Амьдарч байсан хот маань европын Монте Карло гээд далайн эргийн дагуу байдаг казинотой хот шиг байсан. Испанид хойд зүг рүүгээ хүйтэн, тэнд амьдардаг хүмүүс нь яарсан, тэвдсэн, бухимдсан, ерөнхийдөө ажил хэрэгч хүмүүс байдаг. Харин өмнө зүг рүүгээ цаг агаар нь халуун дулаан, хүмүүс нь маш уриалгахан, баяр хөөртэй, залхуудуу байдаг. Өмнө зүгт нь манай байдаг. Ер нь халуун орны хүмүүс жаахан лазандуу болчихдог юм шигээ, нэг л их наргисан цэнгэсэн хүмүүс.
-Испанид монголчууд олон байдаг уу?
-Намайг байхад монголчууд цөөхөн 20-30 хүн л байсан. Сүүлд нэмэгдээд маш их болсон л доо. Барселонд монголчууд их очсон. Олны танил хүмүүсээс гэвэл загвар өмсөгч Ихэрцэцэг, Ижилцэцэг хоёр амьдардаг. Өөр хотод болохоор уулзалдаагүй, Мадрид хотод амьдардаг гэж сонссон. Тэнд байгаа монголчууд тэгж ярих юм билээ. Бас манай циркчид байдаг, тэнд хотуудаар аялан тоглож үзүүлбэр үзүүлдэг байсан. Испанийн явган циркийнхэнтэй хамт хотуудаар явж тоглодог. Манай циркийнхэн үнэхээр биширмээр байдаг. Надад Испани орон үнэхээр их таалагддаг, би испани хэл сурахыг хүсдэг байсан. Тэгээд Испанийг сонгож сурсан. Ер нь би Латин Америкийн орнуудад дуртай.
-Бас бүжиглэнэ биз?
-Багадаа пионерийн ордонд бүжиглэдэг хүүхэд байлаа. Тэмцээн уралдаанд ороод байнга хичээлээсээ чөлөөлөгдөнө. Монгол бүжиг бүжиглэдэг байсан. Би өөрийгөө тамирчин болоод бүжиглэж явна гэж бодоогүй. Одоо спортод илүү дуртай. Спортлог эрч хүчтэй хүмүүс сайхан санагддаг.
-Клуб байгуулна гэж боддог уу?
-Боддог. Хүмүүс гэр бүлээрээ ирээд, хүүхдүүдээ клуб дотор байдаг цэцэрлэгт өгөөд, хүүхэд харахад үнэгүй, хүүхдүүд нь хоорондоо 2-3 цаг тоглоод байж байдаг, дүүрэн хүүхдийн тоглоомтой, гаднаас аав ээж нь хардаг шилэн цонхтой, эхнэр нь аэробект орчихдог, нөхөр нь дугун вм уу, хүндийн өргөлтийн хичээлдээ орчихдог, аав ээжүүд нь тараад хүүхдээ аваад яг үүдэнд нь хичээллэж байгаа хүмүүстэй зориулсан эрүүл органик хоол зардаг ресторантай, жимсний коктейль, шинэ ногооны салаттай, тийм фитнесс байгуулахыг мөрөөддөг.
-Ажил хэрэгч, тамирчин, уран бүтээлч хүн, мэргэжлээрээ ажиллах уу?
-Миний зурсан олон зураг бий. Яваандаа үзэсгэлэнгээ гаргана. Оюутан байхдаа зурсан зургаа зардаг байсан. Нэг их үнэ хүргэж үзээгүй ээ, 200-400 еврогоор зардаг байсан. Сурахын хажуугаар цөөн цаг ажилладаг, гоёл чимэглэлийн дэлгүүрт худалдагч, ресепшн хийж байсан. Ихэнх цагаа зураг зурахад зориулдаг байсан. Би зураг зурахаараа гоё амардаг. Миний зурсан зөндөө зураг байгаа. Заримдаа найз нөхөддөө бэлэглэдэг. Удахгүй үзэсгэлэнгээ гаргана. Америкт шинэ төхөөрөмж судлахаар явж байгаа, тэрний сургалтанд сууна. Гоо сайхны тоног төхөөрөмж л дөө. Би Испанид мэргэжлийн make up-аар төгссөн. Марбелла хотод гоо сайхны нэг л сургууль байдаг юм. Тэрний make up artist-аар төгссөн. Тийм болохоор гоо сайхны салбарт орно. Би өдөр бүр 5-7 цаг хичээлд сууж, хоёр жил сурсан. Манайх шиг хоёр сар сураад гоо сайханч болдоггүй. Үсчин гэхэд ялгаагүй хоёр жил сурдаг. Тэгж байж үсчин болно.
-Гадаадад их явах юмаа. Олон орноор аялсан уу? –
Тэмцээнд бэлдэхээс өмнө 5 сар Америкт амьдарч байгаад ирсэн. Миний хобби аялах. Би мөнгө цуглуулж дарах дургүй. Жаахан мөнгө цугларангуут гадаадад аялчихдаг. Би 30 гаруй орноор явж үзсэн. Би бизнес хийж олсон мөнгөө амьдралаас кайф авах, үзэж харах зүйлд зориулдаг. Найзуудтайгаа аялал зохиож зугаална. Манай аав ээж маш сайхан хүмүүс. Миний ээж миний бүх ар талыг даадаг. Намайг байхгүй үед миний бизнесийг 100 хувь авч явдаг.
-Найз залуу бий юу?
-Байхгүй, хүүхэдгүй, хүнтэй сууж байгаагүй.
-Ганц бие сайхан хүүхнүүд, миссүүдийг ивээн тэтгэдэг хүн байдаг гэлцдэг. Боди миссийг сонирхох хүн олон байлгүй.
-Надад байхгүй, би өөрийгөө л ивээн тэтгэнэ. Тийм шаардлага ч байхгүй. Би хэнээс ч хараат биш, өөрийнхөөрөө л амьдардаг. Мэдээж хүмүүс сонирхдог. Гэхдээ манайд боди мисс гэхээсээ гоо бүсгүйн тэмцээнд ордог хүмүүсийг илүү сонирхоно байхаа. Бодигийн тэмцээн миссийн тэмцээнээс асар их ялгаатай. Миссийн тэмцээнд гоо сайхнаа гайхуулж тайзан дээр алхдаг бол бодибилдингийн тэмцээн яаж хөгжүүлсэн булчингаа өв тэгш ялгаруулснаа харуулах гэж алхдаг. Энэ чинь нөр их хөдөлмөр, олон сар жилийн хөдөлмөр ш дээ. Эмэгтэй хүн болгон орж чадах тэмцээн биш. Миссийн тэмцээнд бол хөөрхөн сайхан төрсөн хүн бүхэн орж болно. Би тамирчдыг хүндэлдэг, тэднээр бахархдаг. Яагаад гэвэл тэдний ард нөр их хөдөлмөр байдгийг мэддэг учраас. Миний түрүүлсэн бодибилдингийн модель мисс ангилал нь бодибилдингийг эмэгтэйлэг чанартай хослуулсан хамгийн төгс биетэй хүнийг шалгаруулах уралдаан. Тайзан дээр алхдаг модель туранхай гоолиг хүүхнүүд байдаг. Бодибилдинг модель ямар ч илүү махгүй, булчингийн бүх ялгарал гарсан эмэгтэйлиг төгс биеийг бодибилдингтэй хослуулсан байх ёстой. Тэмцээнд орохоос гурав хоногийн өмнө бүх тамирчид усаа хасч эхэлдэг. Усаа хасна гэдэг дусал ч ус уухгүй гэсэн үг. Тэгж байж булчингийн ялгарал илүү гардаг. Арьс махны завсар бүх усыг хүчээр хөөнө гэсэн үг. Энэ л хамгийн хүнд даваа байсан. Усаар зөвхөн амаа зайлаад л асгана. Ус уухгүй байна гэдэг маш хэцүү юм билээ. Ус уухгүй болохоор хүн тэнцвэрээ алддаг, хөл дээрээ ч бараг зогсоход хүнд, тэнцвэр алдаад байдаг. Бүх тамирчид тийм болчихдог юм билээ. Би хэдэн сар зөвхөн тахианы цээж мах, жигнэсэн ногоо, гурвалжин будаа ямар ч давсгүй идэж байсан. Өөр хоол идмээр санагдана. Тэгэхдээ л тэвчдэг байсан. Хэдэн сар ямар ч давсгүй тахианы цээж мах, хар будаа иднэ гэдэг сайхан юм биш байна лээ. Дорж, Баянхүү гээд мундаг тамирчдаар их бахархдаг.
-Та нарыг секстээ их сайн гэлцдэг.
-Сексийн хувьд тамирчид эрч хүчтэй гэдэг үнэн шүү. Бүх талаар эрч хүчтэй ш дээ. Үргэлж оргилж байдаг. Би урьд нь дасгал хийдэггүй байсан. Хамаагүй юм иддэг, тортыг дор нь иддэг, чихрийг килограммаар нь аваад иддэг байсан. Нэг өдөр толинд өөрийгөө хараад гутарсан. Миний гэдэс хэд нугалараад харвинтай болчихсон, сэтгэл санаагаар их унадаг байсан. Нэг өдөр шийдвэр гаргаад жингээ хасахын тулд өдөр бүр аэребикт явж эхэлсэн. дасгал хийсэн. Суларсан махаа чангалах дасгал хийдэг, уул руу авирах төхөөрөмжийг хүнд дээр нь тавьж байгаад нэг цаг явдаг байсан. Миний дор их ус болдог, дасгалын дараа шалны алчуураар урсаж дуссан хөлсөө газраас арчдаг байсан. Турахын тулд тасралтгүй нэг жил хичээллэсэн. Турсан, санасан хэмжээндээ ч хүрсэн. Тэгээд л спортоор хичээллэж эхэлсэн дээ. Залуучуудыг 7 хоногт ядаж гурван удаа ганцхан цаг хичээллэж байгаарай гэж уриалж байна. Хүн бодибилдингээр хичээллэхээр зөв амьдралын хэмнэлтэй болдог, архи тамхи хэрэглэхээ больдог. Би урьд нь 10 жил тамхи татсан. Бодибилдингээр хичээллээд тамхийг хаясан.
-Эмэгтэйчүүд бодиг сонирхдоггүй шүү дээ?
-Сонирхогч маягаар 10 жил хичээллэсэн, долоо хоногт 5 удаа дасгал хийдэг байсан. Харин тэмцээнд оръё гэж зорилт тавиад, багш авч наймдугаар сараас хойш бэлдсээр байгаад тэмцээнд оролцсон. Урьд нь тэмцээнд оролцдоггүй ч жил болгоны тэмцээнийг үздэг байсан.
-Өндөг их хэрэглэдэг нь ямар учиртай юм бэ?
-Өндөгний зөвхөн цагааныг нь иднэ. Өдөрт 10, заримдаа тэрнээс илүүг иддэг. Цагаан нь таргалуулдаггүй, хүний биед хэрэгтэй тэжээллэг зүйл их байдаг. Маш их цаг, зардал ордог спорт. Жишээлбэл уураг, гератин энэ тэр өндөр үнэтэй. Манайх өөрсдөө үйлдвэрлэдэггүй болохоор гадаадаас авчирдаг, үнийг нь 3-5 дахин нугалчихсан байдаг. Бидний хагас сар ууж байгаа уураг гэхэд 128 мянган төгрөг байдаг. Хүн ганц уураг уухгүй, зөндөө олон уураг ууна. Тамирчид амжилт гаргахын тулд маш их зүйл хэрэгтэй болдог. Ороод 20 номер сугалсан. Би анзаараагүй ээж маань “Миний охин, бодибилдингийн 20 дахь удаагийн тэмцээнд 20 номер сугалсан байна ш дээ” гэж хэлсэн. Ээж минь миний найдвартай ар тал болдог. Би ажилтай хүн. Тэмцээнд оролцохын тулд өдөрт 5-7 цаг бэлтгэл хийж байсан. Тэр үед ээж миний ажил, бизнесийг авч явж байсан ээждээ баярлалаа гэж хэлье. WWW.TAIZ.MN 2011 он
Discussion about this post