ОХУ-ын иргэн Артур Будыка гэдэг залуу фэйсбүүкээ монгол хэлээр хөтлөн явуулдаг. Одоо үед хамгийн түгээмэр мэргэжил болох менежер энэ залуу монголоор ярьж, бүр уйгаржин монгол бичгээр чөлөөтэй бичдэг. Тэрбээр “Миний бодлоор-энэ дэлхийд хамгийн сайхан бичиг!!!” гэж олон удаа давтан хэлсэн.
Артур Будыкагийн ээж минь 82 настай, олон жил Монголд ажилласан нэгэн. Амьдралынхаа олон жилийн өнгөрөөсөн Монголд ээж нь их хайртай гэнэ. Буузыг монгол хүнээс дутуугүй хийдэг Артур Будыка гэртээ Монголын цагаан сарыг тэмдэглэдэг. Энэ жилийн цагаан сараар
“Эрхэм хүндэт монголчууд минь!
Би танай улсад маш их хайртай, оросуудад Монголын талаар маш их ярьдаг. Би охиндоо монголчуудын зан заншил, итгэл үнэмшлийг зааж сургадаг.
Таны хэлээр ярьж, дуу дуулж байгаадаа баяртай байна. Би хуучин бичгээр ном уншиж, түүгээрээ бахархдаг! Хэзээ нэгэн цагт би Улаан-Баторт ирж, залуу насаа өнгөрөөсөн газарт очно гэж найдаж, итгэж байна. Манай ард түмэн үргэлж ахан дүүс байна гэдэгт би итгэдэг! Монгол орондоо хөгжил цэцэглэлт, Монголын ард түмэнд аз жаргал, амар амгаланг хүсье. Шинэ жилийн мэнд хүргэе!” гэж охинтойгоо хамт монгол дээлээр гоёсон мэндчилгээ фэйсбүүктээ оруулжээ. Мөн дэлхий нийтээр тархсан коронавирус арилах үеэр Монголд ирэхээр төлөвлөж байна.
Ингэхдээ Монголын тухай баримтат кино хийхээр мөрөөдөж байгаа аж. Тэрээр “Их Чингисийн үр удмын сайхан сэтгэл, уламжлал, домог, ёс заншлын тухай олон хүнд хүргэж мэдэгдмээр байна. Орчин үеийн малчин ба Улаанбаатарын иргэний амьдралыг хөдөө бас хотын хоер айлын жишээн дээр харуулмаар байна. Монголын гоё газруудаар явж, хүн очоогүй зэрлэг газруудыг үзүүлмээр байна” гэж хүсэл мөрөөдлөө хуваалцсан байна.
Discussion about this post