-Засгийн Газартай тохирсон гэрээний төслөөр “Энержи ресурс” консорциум Таван толгойн хувьцааны дөнгөж 14 хувьтай үлдлээ. Яагаад энэ хэмжээг танай консорциум хүлээн зөвшөөрөхөд боломжтой гэж үзсэн бэ?
-2006 онд батлагдсан Ашигт малтмалын тухай хуулийн дагуу бол Монголын төр энэхүү орд газрын 50 хүртэлх хувийг эзэмшинэ. Хэлэлцээрийн явцад бид төрөөс болон манай консорциумаас уг ордын хайгуул, судалгаа шинжилгээний ажилд тус бүр зарцуулсан хөрөнгийн хэмжээнээс гадна цаашид ашиглахад шаардагдах хөрөнгө оруулалтын хэмжээ, нэвтрүүлэх технологи, зах зээлтэй холбогдолтой асуудлуудыг хэлэлцэж тал талаас нь бодсоны үндсэн дээр өнөөгийн түвшин дээр тохирсон л доо. Таван толгойн орд газрыг ашиглахад эхний таван жилд шаардлагатай 1.5-2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг санхүүжүүлнэ гэдэг төрийн ч хувьд, дотоодын хөрөнгө оруулагчийн ч хувьд боломжгүй, дээр нь маш эрсдэлтэй алхам. Монголд нүүрсийг бид олборлож байснаас биш, нүүрснээс бүтээгдэхүүн үйлдвэрлэж дэлхийн зах зээлд оролцож байсан туршлага, түүх байхгүй. Одоогоор бидэнд хайгуул хийж нөөцийг нь тодорхой хэмжээнд баталсан нүүрстэй орд газар байгаа ч, дэлхийн аль ч банкинд ийм том орд байна, зээл авъя гээд хандахад ашиглах технологи, ажилласан туршлага, хөгжүүлсэн дэд бүтэц, хандах зах зээл гээд тавигдах шаардлагууд нь өндөр, за тэгээд итгээд зээл өгнө гэхэд эрсдлээсээ хамаараад хүү нь өндөр байна. Дэлхийн тэргүүлэх уул уурхайн компаниуд, тэр тусмаа нүүрсний чиглэлээр манайд дээд зэргийн технологи, байгаль орчинд ээлтэй байдал, зах зээлийн өрсөлдөх чадварыг авчрах боломжтой компаниуд энэ төсөлд хөрөнгөө оруулж эрсдлийг хуваалцахын тулд төрийн хувьцаанд нөлөөлөхгүйгээр дор хаяж 36 хувийг эзэмших шаардлагатай. 36 ч багадаж мэднэ. Хэрэв тэднийг энэ төсөлд оролцох боломжийг бүрдүүлэхгүй бол мэдээж бага хувиас татгалзахгүй оролцох компаниудаас хэн нэг нь шалгарч хувь эзэмших л байх. Гэхдээ Монголчууд бидний хүсэн хүлээж байгаа манай эдийн засгийг үндсээр нь өөрчилж чадах тйим мундаг сайхан уурхай, үйлдвэрийг босгож, дэлхийн уул уурхайн хөгжилтэй мөр зэрэгцэн алхах хэмжээнд хүргэж чадна гэдэгт итгэлтэй байж чадах уу даа. Төрийн хувьд энэ том бизнесийг шууд удирдах бус, төрөл бүрийн татвар, ногдол ашгаа тооцож аваад түүгээрээ улс орныхоо хөгжлийг цааш хурдасгана. Дотоодын компаниудын хувьд тодорхой хувь эзэмшин оролцсоноороо наад зах нь уул уурхайн аваргуудаас суралцаж, цаашилбал эх орныхоо баялгийг хэрхэн зөв зохистой ашиглаж, нөхөн сэргээлт хийж болдгийг олон улсын стандартын түвшинд үлгэр жишээ болгон хэрэгжүүлдэг болно. Ингээд бодохоор, нүүрсийг зах зээлийн чанарын түвшинд хүртэл боловсруулж, аль хэрэгцээтэй газар нь борлуулж чаддаг, шударга, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стратегийн том хөрөнгө оруулагчтай, эзэмшсэн 50 хувийнхаа хэмжээнд хариуцлагатай оролцож ард түмэнд ашгийг хүртээх төрийн оролцоотой, эдийн засгийн тодорхой хэмжээний ачааг нуруундаа үүрч явдаг дотоодын хөрөнгө оруулагчтай байдлаар энэ төсөл хэрэгжсэнээр Монголын ард түмэнд арвин өгөөжтэй байх юм гэж үзэж байна.
-Таван толгойн хувьцаанаас иргэд эзэмших бололцоо бий юу?
-Төрийн мэдэлд бид 86 хувиа өгчихлөө шүү дээ. Эндээс төр 50 хувиа эзэмшээд, дараа нь түүнээсээ хөрөнгийн зах зээлд борлуулах эсэх нь төрийн өөрийнх нь шийдэх асуудал. Гэхдээ хувьцаа зарна гэдэг бодууштай зүйл. Урьд нь хувьцааны эрхийн бичиг үнэгүй тараагаад юу болсон түүхээс бид бүгд сургамж авсан гэж бодож байна. Манай Хөрөнгийн биржээр зарлаа гэхэд Хятадын компаниуд, ер нь гадаадын мөнгөтэй иргэд, байгууллагууд мөнгөөр илүүрхэж худалдаж авахыг үгүйсгэж болохгүй. Тэгэхээр эрх зүйн орчин, ард түмэндээ хувьцаа эзэмших боломжийг нь баталгаатай байлгах талаар сайтар бодож боловсруулсны үндсэн дээр хэрэгжүүлэх нь зүйтэй.
-Ирээдүйд байгуулах уурхайгаас гарах нүүрсийг хаана ямар үнээр борлуулах тооцоотой вэ?
-1998-1999 оны үед Австралийн ВНР ВILLITON компани энэ ордыг эзэмших эрхийг эдэлж байхдаа зах зээл, технологийг судалж үзээд тухайн үедээ ашиггүй юм байна гэж үзээд улсад буцааж тушаачихаад явсан шүү дээ. Коксжих нүүрсний үнэ саяхан, 2004 оноос үнэ нь өсөж, 2005-2006 онд дээд цэгтээ буюу нэг тонн нь 120 орчим ам.доллар хүрээд одоо бууж эхэлсэн. Олон улсын зах зээлийн судалгааны байгууллагууд, хөрөнгө оруулалтын банкнуудын мэдээлсэн таамаглалаар ойрын жилүүдэд дэлхийн зах зээл дээр нүүрсний дундаж үнэ 75 ам.доллар байна гэж үзэж байгаа. Хэр зэрэг хурдтай буурах вэ гэдгийг хэлэхэд хэцүү. Тиймээс үнэ нь боломжийн өндөр байгаа дээр нь бид энэ төслийг хурдан эхлүүлэх, ашиглах нь зүйтэй шүү дээ. Энэ орд том нь үнэн, тэр хэмжээгээрээ ч асар их бүтээн байгуулалт, хүч хөдөлмөр, цаг хугацаа, хөрөнгө зарцуулах төсөл. Уурхайгаас олборлох нүүрсээ зах зээлийн шаардлага хангахуйц хэмжээнд хүртэл чанартай болгож баяжуулах хэрэгтэй болно. Коксжих нүүрс гэж бид нэрлэж байгаа ч, зах зээлд буюу металлургийн үйлдвэрт хэрэглэдэг кокс болгохын тулд нүүрсний баяжуулалт, боловсруулалтын шат зайлшгүй. Дэд бүтцийг нь байгуулна гэхэд хаагуур нь замаа тавьж, хаанаас эрчим хүчээ татах вэ гэдэг дээр нарийн тооцоо, судалгаа хийгдэх шаардлагатай, энэ мэтчилэн орд газрыг хөгжүүлэхтэй холбогдолтой судалгаа шинжилгээний ажлуудад манай консорциум нилээд анхаарал тавьж ажиллаж ирсэн. Нүүрсээ түлээд цахилгаан эрчим хүч гаргаж авлаа гэхэд хэнд ямар үнээр нийлүүлж болохыг урьдчилан тооцоолсон байх ёстой. Зах зээлээ сайтар мэдэрнэ гэдэг маш чухал гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Урд хөрш Хятад гэж аварга том зах зээл байгаа юм шиг боловч, дотоод байдлыг нь судалж үзэхэд тэд өөрсдөө жилд ойролцоогоор 400 сая тонн коксжих нүүрс хэрэглэдэг. Өсөж байгаа хэрэглээгээ ихэнхийг хангаж чадах нүүрсний орд газрууд байдаг, тэдгээрийнх нь олборлолтын хэмжээ ч нэмэгдэж 400 сая тонн дөхөж байгаа байдал судалгааны дүнгээс харагдаж байна. Бид улсын хил хүртлээ төмөр зам татаж чадна, түүнээс цаашаа зах зээлдээ яаж хүргэх вэ гэдэг нь бас л нарийн тооцоолох, ухаан зарах асуудал, тийм үү. Зарна гэж хэлэх амархан. Ганц худалдан авагчаас хамаарахгүй гэж хэлэх бас амархан. Солонгос, Япон, бусад орнууд манай хил дээр хүрч ирж нүүрс авна гэж наймаа хийхгүй нь лавтай. Хилээ хүртэл 270 км төмөр зам барьж болно. Замын Үүд үрүү илүү их зардал гаргаад хүргэсэн ч болно. Тэгэхээр хүний нутгийн төмөр замаар усан боомт хүртэл хэрхэн зөөж болох вэ, тээврийн зардлыг яавал хямд байлгах вэ, энэ бүхнийг үндэсний аюулгүй байдлын баталгаатай яаж уялдуулах вэ гээд тооцоолох зүйлс их гарна. Хэрэв бид энэ орд газраа ашиглаж асар их ашиг олохыг хүсэж байгаа бол, ирээдүйгээ эртнээс харах, ялангуяа үүсэж болох эрсдлүүдийг одооноос л тооцоолж сурах хэрэгтэй. Зах зээлийн хатуу хуулиар нүүрсний үнэ зардлаа нөхөж чадахгүй болох үе хэзээ ч ирж болно, тэр үед хувьцаа эзэмшигч болгон хариуцлага хүлээж, хүнд байдлаас гарах арга хэмжээг авахад бэлэн байх ёстой.
– Хөрөнгө оруулалт маш их шаардлагатай гэж байна. Чухам юунд хэдийг зарцуулахад 2 тэрбум доллар хэрэгтэй байна?
-Хамгийн сүүлд бидний тооцож гаргаснаар уурхайд өөрт нь 350-550 сая, баяжуулах үйлдвэрт 260-400 сая, төмөр замд 400-500 сая доллар, цахилгаан станцад 300-600 сая, уурхайн ажиллагааг хангах болон ус дамжуулах станцад 35-40 сая доллар, 10000 хүн ажиллаж амьдрах хотхонд зориулж 100 саяыг зарцуулахаар төсөвлөж байгаа. Ингээд нийт 1.5-2 тэрбум долларын хөрөнгө оруулалт Таван толгойд шаардлагатай байгаа. Цахилгаан станцын хүчин чадал нь ямар байхыг усны нөөцны хэмжээнээс хамаарч эцэслэнэ. Энэ уурхай, дэд бүтэц дээр ажиллах боловсон хүчний асуудал гэдэг бас чухал шүү. Манай улс боловсон хүчнийг бэлтгэх бодлогодоо зөвхөн Таван Толгой ч биш, бусад ирээдүйн уул уурхайн салбар, түүнийг дагалдан хөгжих дэд бүтцийн салбаруудад ажиллах хүчний талаар сайн бодож оюуны хөрөнгө оруулалт хийгээсэй гэж хүсэж байна. Энэ талаар дотоодын хөрөнгө оруулагчид ч зүгээр суухгүй.
-Оюу толгойн 34, Таван толгойн тал хувийг хариуцах төрийн компанийн үйл ажиллагааны талаар ямар бодолтой байна вэ?
-Төрийн эзэмших хувийг төлөөлж төрийн мэдлийн “Эрдэнэс MGL” компани ажиллах нь гэж ойлгож байгаа. Олон улсад ийм туршлага бий л дээ. Жишээ нь Сингапурт яг ийм үйл ажиллагаа явуулдаг төрийн мэдлийн том компани байна. Том том компаниудад хувьцаа эзэмшсэн, чинээлэг компани учраас, олон улсын хөрөнгийн биржүүд дээр тодорхой хэмжээний хувьцаа гаргаж ажиллавал, тухайн компаний үнэ цэнэ улам өсөж, тэнд босгосон мөнгөөрөө улс орны хөгжилд хэрэгцээтэй тулгамдсан асуудлуудыг далайцтай шийдэж чадна. Оюу Толгой төслийнхөн тэгэж босгосон мөнгөөрөө л орд газрынхаа хайгуулын ажлыг санхүүжүүлсэн биз дээ. Өвөл болохоор бид гэнэт хотын утаа гэсэн харанга дэлддэг. Миний бодлоор нийтээрээ орон сууцтай болж байж л энэ утаанаас сална. Таван Толгойгоос олох ашгаараа бүгд орон сууцтай болъё л доо. Бүгд эрүүл болцгооё. Төрөөс мөнгө тараах биш цалин сайтай ажлын байр бий болгог. Тэгвэл ард түмэн талбай дээр жагсах биш яаж сайхан амьдрах талаар аяндаа тархи нь ажиллана. Яг үнэндээ иргэдэд хэзээ үнэ нь өсөж буух нь мэдэгдэхгүй хувьцаа эзэмшснээс, баталгаатай амьдралыг нь хангаж өгөх тогтвортой ажлын байр, үнийг нь төлж дийлэх орон сууц юу юунаас илүү чухал гэдэгтэй бүгд санал нийлэх байх шүү. Төрийн компани гээд муу ажилладаг ч юм уу, авлигад идэгдсэн газар байх албагүй л дээ, үйл ажиллагааг нь ил тод байлгаж, хяналт сайтай, зөв менежментээр удирдвал улс орны нэр хүнд олон улсад дээш өргөгдөж, Монгол улсад хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэн, аар саар жижиг хөрөнгө оруулалтын оронд жинхэнэ далайцтай хөгжил явагдахад эерэгээр нөлөөлнө. Монгол залуучууд мөнгө олохын тулд гадагшаа зүтгэх биш, харин эх орондоо ихийг бүтээхээр эргэн ирцгээх болно. Тэд тэр мөчийг тэсэж ядан хүлээцгээж байгаа шүү.
-Таван толгой бол аймаар том хуйвалдааны үр дүн, Монголын олигархиуд хувааж идэж, хуйвалдаж байгаа хамгийн тод жишээ гэсэн хардлагад тайлбар өгөөч?
-”Энержи ресурс”-д Батхүүгийн, Батболдын, Идэвхтэний, Бадамжунайгийн, Батж.Батбаярын компаниуд бий. Гэхдээ эдгээр улс төрчид өөрсдөө албан тушаалаа ашиглаж энэ ордын лицензийг авахад оролцсон зүйл огт байхгүй. Анх лицензийг хэрхэн яаж авсан тухай хэвлэл мэдээллээр Энержи Ресурсынхан зөндөө тайлбарласан. Дахиад давтан хэлэхэд BHP компани тооцоо хийж үзээд ашиггүй гээд 1999 оны 01-р сард улсад буцаагаад өгчихсөн байсан. Үүнээс хойш 9 сар хэн ч сонирхоогүй бөгөөд харин монголын Майн Инфо компани өргөдөл гарган 1999 оны 10 сард авсан байдаг. Тэр үед бараг түрүүлж өргөдлөө өгсөн монголын ч бай, хятадын ч бай хэн нь ч авчихаж болохоор байсан юм билээ. Түүнээс хойш энэ ордыг гадныханд алдчихаагүй өдий хүртэл лицензийн төлбөр болон шаардлагатай судалгаа мэдээлэл боловсруулах мэт үйл ажиллагаанд шаардагдах хөрөнгийг санхүүжүүлэхийн тулд эрсдлээ хуваалцан монголын компаниуд хамтран ажиллаж байгаа сайшаалтай зүйл гэж ойлгож байгаа. Гэхдээ энэ заавал хуйвалдаан болж харагдах ёстой биш биздээ? Манайхан бүгдээрээ шахуу улс төр, хуйвалдааны тухай ам мэдэн хоосон ярих юм. Ажил хийж байгаа хүмүүст энэ их дарамт болдог юм. Дэмжихгүй юмаа гэхэд садаа болохгүй баймаар байна. Хэн нэг нь тэгээд хардчих вий гээд айгаад суугаад байвал амьдрал урагшаа явахгүй биз дээ. Монголд улс төрд байсан, эсвэл байгаа хүмүүс ямар нэг компанийн хувьцаа эзэмшиж болохгүй гэж хориглоогүй байх. Мөн тэдгээр хүмүүстэй холбоотой компаниудтай хамтарч бизнес хийхийг хориглоно гэж заагаагүй биз дээ? Үндэсний компаниуд хүчээ нэгтгээд эх орны ирээдүйн төлөө бүтээн байгуулалтад оролцох цаг мөч ирээд байна. Үүнийг олигархуудын хуйвалдаан гэж ярьж байгаа хүмүүс ядмагхан л ойлголттой байна.
-Тэр ч байтугай УИХ-ын гишүүн Батбаатар, Мурат хоёр Тавантолгойг 100 хувь төрийн мэдэлд авах хуулийн төсөл өргөн барилаа. Нэгэнт та Тавантолгойтой холбогдсон хүний хувьд яаж хүлээж авч байна?
-Эргээд социализм байгуулах гэж байгаа юм байлгүй. Хувийн өмчийг төрийн өмч болгоно гэхээр зах зээлийн нийгэмд үүнийг өөрөөр юу гэж ойлгохов.
-Тэр хоёр гишүүн хоёулаа бизнес хийж байсан. Мурат гишүүн Баян-Өлгийд нүүрсний орд газрын лиценз эзэмшиж, ашигладаг хүн. Уулзаад ярилцвал ойлголцож болно байх?
-Мэдэхгүй. Тэгвэл тэр хүн өөрөө ч гэсэн ордоо улсад сайн дураараа өгөх байлгүй.
-УИХ-ын гишүүдээс зөвхөн тэр хоёр ч биш УИХ-ын гишүүн Х.Баттулга бас Тавантолгойн гэрээг эсэргүүцээд байгаа. Оросын бизнесмэнээс 850 мянган доллар авсан гэдэг?
-Тэрийг би яаж мэдэх вэ дээ.
-”Женко” Баттулгатай бизнест хэр ойр явсан бэ? Яагаад гэнэтхэн Таван толгойн хөрөнгө оруулалтын гэрээг эсэргүүцээд эхэлсэн юм бол. Зарим хүмүүс “Женко” Баттулга 14 хувьд багтаагүйдээ шаралхаад ийм алхам хийгээд байгаа гэлцдэг?
-Мэдэхгүй. Ард түмний өмнөөс яриад ирэхлээрээ л ард нь өчүүхэн эрх ашиг байдаг шүүдээ. Бүх компани “Энержи ресурс”-д багтаж орно гэж юу байхав. Ер нь Баттулга гишүүн, Батбаатар, Мурат гишүүн ч үүнийг ойлгохгүй мэдэхгүй байна гэж юу байхав. Монгол улсын хуулийн дагуу хэн ч ашигт малтмалын лиценз эзэмших эрхтэй. Өчнөөн олон уурхайнууд байгаа. Монгол хүн, гадаад дотоодын иргэн, пүүс компанийн нэр дээр лиценз нь байдаг, эзэмшиж байгаа. Гэтэл Тавантолгойг яагаад онцгойлж улсад авах ёстой юм бэ. Тийм л юм бол тэр гурван гишүүн бүх ордыг улсын өмч, төрийн өмч болгох хэрэгтэй гээд хууль өргөн барих хэрэгтэй биздээ. Ганцхан Тавантолгойг гээд байгаа нь ямар нэг ашиг сонирхол, өөр зорилго байгаа биз.
-Монголд явагдаж байгаа бүх тендерт МСS компани ялдаг гэдэг. Та МСS-ийн үүсгэн байгуулагч хүний хувьд юу гэж бодож байна?
-Монголчуудын тамын тогооны үлгэр явж байна. Гайгүй яваа нэгнээ доош нь татах гэсэн санаа. Цөөхөн ганц хоёр хүн л зориуд ингэж ярьж явдагийг мэднэ. Хоёрдугаарт, тендер гэдэг их нарийн зүйл. Тендерийг зүгээр даргатай нь яриад авчихдаг гэж зарим хүмүүс ташаа ойлгодог юм шиг байна. Тендерт оролцоно гэдэг хэцүү, хариуцлагатай ажил. Ямар их хөдөлмөр шаардагддаг, олон арван хүн сууж байж хийдэг гэдгийг мэдэхгүй, бэлдэж үзээгүй хүн л ингэж хэлнэ. Манай компанийн нэр хүндийг унагах гэсэн зорилгоор тендерт ороод ялж чаддаггүй хүн л ингэж хэлсэн байх. Тендерийг хятад солонгосын компаниудад зуучилж хэдэн доллар дундаас нь авах гэсэн хүмүүс бас шаралхаж ийм яриа гаргадаг. Сонирхолтой нь гадаадын компаниуд тендер аваад байхад юу ч ярьдаггүй байж, монголын компани гадаадын компаниудтай өрсөлдөөд ялаад авахаар тендер их авч байна гэж хорсон ярих нь гунигтай санагддаг. Ер нь барилгын компани их барилга баривал, уурхай их нүүрс гаргавал сайн гэдэг шиг тендерээр ажил хийдэг компани их тендер авбал сайн л байна шүү дээ. Хамгийн гол нь авсан ажлаа цаг хугацаанд нь чанартай хийж байх ёстой. Манай талаар ийм гомдол гардаггүй учраас тендерт түрүүлэх нэгэн гол шалгаварыг давдаг юм. Эдийн засаг гэдэг ус ундаа зарах, ганзагын наймаа хийх, хэдэн хувцас оруулж ирэх, хүнс бүтээгдэхүүн хийх асуудал биш ээ. Улс хөгжихийн тулд дэд бүтцийн болон бүтээн байгуулалтын асар томхон ажил хийх хэрэгтэй. Үүнийг хувийн хэвшил хийнэ. Улс зам барих, цахилгаан станц барих албагүй. Зах зээлийн нийгэмд төр үүнээс зайлсхийж, бодлогыг нь боловсруулж ажил хийх нөхцлийг нь бүрдүүлж өгдөг, үүнийг нь инженерингийн том баг бүрдсэн, чадалтай, оюун ухааны асар их мэдлэг чадавхитай компаниуд хийх ёстой. Монголын компаниудыг өсгөж бойжуулахгүй тендерт оруулахгүй гэж байгаа бол хятад солонгосууд нь хийнэ ш дээ. Монголын бүтээн байгуулалт, томхон юмыг нь гадныхан ирж хийдэг, монголчууд нь ундаа зайрмагаа зараад, уул уурхайн лиценз дээрээ хэрэлдээд амьдарч байх ёстой юм уу.
-Тендер гэдэгт зүгээр нэг вок саван нийлүүлж байгаа тендерийг хэлж байгаа гэж бодохгүй байна?
-Өндөр хүчдэлийн шугам барина, цахилгаан станцын зуухыг шинэчилнэ гэдэг амаргүй. Зүгээр нэг компани ороод энэ тендерийг би авах ёстой гээд байвал хэцүү. Техникийн болон эдийн засгийн нарийн тооцоо хэрэгтэй, тэрийг хэрэгжүүлэх баг бүрэлдэхүүн байх, санхүүгийн чадавхи хэрэгтэй. Төсөл хэрэгжүүлснийхээ дараа хариуцлагаа хүлээдэг чадвартай байх ёстой. Тийм сайн баг бүрэлдэхүүн, хийж байгаа туршлага, чадвар манай МСS компанид байна.Манайд эрчим хүчний 100 гаруй инженер, мэдээлэл, технологийн 120 гаруй инженер ажилладаг. Монголд ийм хүчин чадалтай компани олон хэрэгтэй. Энийг мэдэх хүн нь мэднэ. Монгол улс хөгжих ёстой, үндэсний том компаниуд нь ч хөгжих ёстой. Үндэсний том компани гэхээр ашигт малтмалын лиценз эзэмшдэг, эсвэл том дэлгүүр ажиллуулдаг компани гэж бодож болохгүй. Асар нарийн техникийн болон технологийн чадвартай олон компани хэрэгтэй.
-“Нарантуул”-ын Сайхансамбуу арван жилийн өмнө Монголыг хүссэн хүсээгүй арван хэдэн бизнесмэн авч явна гэсэн. Тэр аравт та орох нь мэдээж?
-Мэдэхгүй. Орох үгүйгээ би мэдэхгүй. Заавал орох ёстой биш биз дээ. Надад ер нь баяжих гэсэн хүсэл, хамгийн мундаг болох гэсэн сонирхол, амбици байхгүй ээ. Сайхан хамт олон бүрдээд, сайн бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд нэвтрүүлээд, тэр нь нэр хүндтэй байж амжилттай ажиллаж ашиг орлого олоод том компани болбол сайн. Энэ л бизнес хийж байгаа хүний зорилго, үр дүн. Хамгийн баян байх ёстой, тэрбумтан байх ёстой, монголын толгой баян байх ёстой гэдэг нь зорилго биш. Би тийм нэр хүндэд дургүй. Болох дуртай нь болог. Тийм хүмүүс байлгүй яахав. Гэхдээ Сайхансамбуугийн үг бол ортой, эдийн засгийг авч явах том хэдэн компани хэрэгтэй. Төр бодлогоор үүнийг дэмжих ёстой. Энэ компаниуд улсыг урагш нь чирч явдаг. Солонгос, Японы компанийн жишээг хар л даа.
–Бизнесмэнүүд нь сайн ажиллаж байгаа, улстөрчид нь авилгад автаад улс орныг хөгжүүлэхэд садаа болж байна гэдэг?
-Ажил хийж явахад лицензийг нь 100 хувь хураа, тендер их авлаа гэж байгаа нь дарамт бөгөөд ийм яриа бол их л хариуцлагагүй, мэдлэггүй хүний амнаас гарч байгаа үг болов уу.
-Улстөрчид улс төрөө хөөгөөд, бизнесмэнүүд нь бизнесээ хийгээд явахаар улстөрчид бизнесийнхээ орчинг мэддэггүй, тэс өөр амьдралаас тасархай хууль баталдаг, бизнесмэнүүд нь улс төрд орохоос өөр аргагүй боллоо гээд 2004 онд зөндөө олон бизнесмэн орж ирлээ. Тэд эдийн засгийнхаа өрсөлдөөнийг улс төр рүү аваад ирлээ гэдэг. Үүнтэй санал нийлэх үү?
-Тоглоомын дүрэм тодорхой байгаа шүү дээ. УИХ, Ерөнхийлөгчийг ард түмэн саналаа өгч сонгосон. Сонгосны дараахнаас Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд УИХ-ын гишүүдийн нэр хүнд рүү байнга халдаж элдвээр доромжилж, гүтгэж, янз бүрийн хэрүүл, хардлага хэвлэл мэдээллээр асар их гарч байна. Энэ арай л хэрээс хэтэрч байгаа юм шиг санагддаг. Гудамжнаас УИХ тар гэж орилоод, гишүүдийг нэг нэгээр нь доромжилж ямар ч нэр хүндгүй болгож байна. Ард түмэн олонхиороо сонгосон улсуудыг элдвээр доромжлоод ажлыг нь хийлгэхгүй байгаа нь буруу. Энэ хүмүүс улсыг хөгжүүлэх эдийн засгийн болон эрх зүйн орчинг бүрдүүлэх бодлогыг боловсруулж, ард түмний амьдралыг хэрхэн яаж хурдан сайжруулах вэ гэдгийн төлөө ухаанаа уралдуулж бодлогоо гарган түүнийг нь гүйцэтгэх засаглал хэрэгжүүлэх учиртай. Тал талаас нь дайраад хардаад байхаар энэ улсууд ажлаа хийхээ болиод яаж хэвлэл мэдээлэлтэй гайгүй харьцах вэ, яаж олон нийтэд таалагдах вэ гэдэг буруу зүйлд цаг их зарж байна. Өнөөдөр тэд буруу зөв ярих, шударга сайн төрийн түшээ юу? үгүй юу? бид нэгэнт сонгосон. Харин дараагийн сонгуульд ухаантай сонголт хийх хэрэгтэй. Сонгочихоод ажлыг нь хийлгэхгүй цуу яриа ашиглаад улс төрийн зорилгоор элдвээр дайраад, хэн ч биш болгоод байна. Энэ бол байж болохгүй зүйл. Бид даруулгатай замбараатай, дэг жудагтай байх ёстой. -Монгол улсын төсөв ашигтай гарлаа. Урьд нь яаж хүргэнэ гэдэг байсан бол энэ жил толгой өвдсөнгүй. Энэ үе хэр удаан үргэлжлэх вэ?
-Эдийн засгийн суурь гайгүй болох нь болж байгаа. Зэсийн үнэ гайгүй учраас Эрдэнэт ашигтай ажиллаад, дээрээс нь гэнэтийн ашгийн 68 хувийн татвар аваад түр зуурдаа сайн байна. Дэлхийн зах зээл дээр металлын үнэ үргэлж ийм байна гэж хэн ч хэлж чадахгүй. Зэсийн үнэ унавал энэ их мөнгө байхгүй болно. Энэ мөнгөө аль болох уул уурхайн бүтээгдэхүүний үнээс хамаарахгүй байнгын орлого оруулж байх эдийн засгийн орчин нөхцлийг хурдан бүрдүүлэхэд зарах ёстой. Тэгэхийн тулд маш нарийн төлөвлөлт хэрэгтэй. Хүмүүс тогтвортой орлого олж байх эдийн засгийн нөхцөл Монголд бүрдэх нь чухал байна.
-Үүнийг бүрдүүлэхийн тулд яах хэрэгтэй вэ?
-Энэ нөхцөлийг хангасан хууль эрх зүйн орчинг бүрдүүлж тогтвортой байлгах хэрэгтэй. Гэв гэнэт гэнэтийн ашгийн татвар гэдэг шиг янз янзын татвар гаргаад байж болохгүй. Түр хугацаанд хожиж болох ч алсдаа аюултай. Одоо Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээн дээр маргаан гарч байна. Энэ болгоныг гадныхан харж байгаа. Том жижиг гэхгүй хөрөнгө оруулагчид монгол тогтворгүй, татварын хуулиа байнга өөрчилж байдаг, гадныхныг үзэн яддаг, их популист орон болгочихвол хэн ч орж ирэхгүй. Эдийн засгийн тогтвортой орлоготой байх тэр салбаруудыг хөгжүүлэх дэд бүтцэд хөрөнгө оруулалт хийх ёстой. Одоо гайгүй хийж байгаа л даа. Манай ХАА чухал. 30 сая мал аж ахуйг фермжүүлэх, эцсийн бүтээгдэхүүн хийж экспортлох, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнүүдийг дотоодын хэрэгцээнд 100 хувь хангах хэрэгтэй. 30 сая малтай мөртлөө сүүн бүтээгдэхүүнээ ихэнхийг гаднаас импортолдог. Энэ бидний арчаагүйнх. Бид хэрэглэгчдийн хэрэгцээг хангах бүтээгдэхүүн хийж чадахгүй учраас импортолж байна. Бүтээгдэхүүн боловсруулах техник технологийг хөрөнгө оруулагчид оруулж ирэх шаардлагатай. Аялал жуулчлалыг хурдан хөгжүүлмээр байна. Аялал жуулчлал нь асар их ажлын байр бий болгодог жижиг дунд бизнес өргөн хөгжих маш чухал салбар. Үүнийн тулд МИАТ-ийг хувьчлах хэрэгтэй. Өдөрт олон онгоц нисэж таван минут тутамд нэг онгоц буудаг болмоор байна. Бид 300-400 мянган жуулчин ирлээ гэж баярладаг. Одоо хэдэн саяараа ирдэг болгох хэрэгтэй. Уулын амуудаар дүүрэн аялал жуулчлалын бааз байгуулаад хэдэн гэр бариад, гал зуух тавиад жуулчин авах гээд оролдоод байна. Баазууд зундаа мөнгө хийгээд, өвөл нь идээд таардаг. Жуулчид өвөл зунгүй ирвэл тэд байнгын орлоготой болно. Өвлийн туризмыг хөгжүүлэхийн тулд хотын утааг шийдэх, цанын баазууд байгуулж хөгжүүлэх, болж өгвөл жуулчдад зориулсан татваргүй шоппин центр /худалдааны төв/ гэх мэт олон юм хийх ёстой. Монголд аялал жуулчлалын потенциал их. Буудлууд олон болж, баазууд бэхжих ёстой. Олон хүнийг хамарсан, олон хүн ажилтай, бизнестэй болох энэ салбарыг хурдан хөгжүүлэх хэрэгтэй. Агаарын тээврийг хөгжүүлэх үүнд маш чухал үүрэгтэй.
-Монголд МСS компани олон салбарт оржээ. Харилцаа холбоо, эрчим хүч, өргөн хэрэглээний барааны худалдаа гээд үргэлжилнэ. Энэ жил Тайгер пивыг шинээр хийлээ. Их хөрөнгө оруулсан байх аа?
-Энэ жил “Анун” оффисын болон гэр ахуйн худалдааны тавилгын худалдааны төв байгуулж, хажууд нь мебель тавилга хийх жижиг үйлдвэр байгууллаа. Хориод саяын хөрөнгө оруулалттай Тайгер пивоны үйлдвэр байгуулж 200-аад ажлын байр шинээр бий болголоо. Сэнгүр, Тайгер пиво шинээр үйлдвэрлэж байгаа. Монгол улс пивоны 40-50 хувиа Солонгосоос импортолдог. Пивоны 95 хувь нь ус шүү дээ. Гаднаас ус л зөөгөөд байна гэсэн үг. Импортын пивийг нэлээд орлохоос гадна монголд бас нэг том татвар төлөгч бий болж байгаа нь ач холбогдолтой. Ноолуур манай экспортонд гаргах стратегийн бараа. “Гоёо” үйлдвэр дээрээ хөрөнгө оруулалт хийж, утсаа ээрдэг, буддаг болж, хүчин чадлыг нь нэмлээ. “Гоёо”-д ирээдүй байгаа. Мөн талбайн хажуу дахь Бизнес төвөө барьж байна, Шангри-ла буудлын барилгаа эхэлнэ. Энэ жил 100 хэдэн ортой сайн оношилгоо, эмчилгээний төв барих ажлыг дотоодын 2 хөрөнгө оруулагчтай хамтран эхлүүлэх гэж байна. Үүнд хориод сая доллар шаардаж байна. Орчлон сургуулийг өргөтгөж, цэцэрлэгийн байр шинээр барилаа. Нийгэмд хандаж хийж байгаа бүтээн байгуулалт. Энэ бизнесмэнүүдийн хийх ёстой нийгмийн хариуцлага. Улс оронд гарцаагүй хэрэгтэй гэж бодож барьж байна. IV цахилгаан станцын шинэчлэлийн төсөлд оролцоод дууслаа. Зуухыг нь Японы Мицубиши компанитай хамтарч шинэчлээд ашиглалтанд өгч байна. Төвийн эрчим хүчний системийн удирдлагын СКАДА системийг SIЕMENS –тэй хамтран хийгээд дуусч байна. Сайн яривал бүтээн байгуулалтын оюун ухааны нэлээд их чадавхи шаардсан нарийн төслүүдийг их хэрэгжүүлж байгаа.
“Буян”-гийн Жаргалсайхан таныг “Энэ бүхэнд Оджаргал ганцаараа яаж хүрэлцдэг юм бол. Авгай хүүхэддээ царайгаа харуулж чаддаг болов уу. Гэртээ зургаа өлгөчихөөд дандаа ажил дээрээ сууж байдаг юм болов уу?” гэж гайхаж байсан. Нэг талаар энэ магтаал байх л даа. Жаргалсайхан гишүүн өөрөө их хөдөлмөрч хүн.
-Гол нь менежментийн асуудал. Би ганцаараа хийгээд байгаа юм биш шүү дээ. Бодлогыг нь гаргана уу гэхээс хийж хэрэгжүүлж байгаа улсууд нь тус тусдаа. Манай хамт олон байна, тус тусдаа салбар хариуцсан захирлууд байна. Энэ төрөл бүрийн бизнесүүдийг менежмент, хүний нөөц, маркетинг, санхүү хөрөнгө оруулалтын бодлогоор удирдаж байгаа толгой компаниа сайн бүтэцтэй бэхжүүлж чадвал цаашдаа амархан болдог юм шиг санагддаг. Би байхгүй байсан ч ажил явдгаараа явна. Байгууллагын соёл, компанийн засаглал ер нь их чухал асуудал.
-Татварын өршөөлийн тухай хууль батлагдах гэж байна…
– Энэ бол хэрэгтэй зөв асуудал. Бүртгэлтэй хориод мянган компани ихэнх нь татварын хоёр баланстай байсан нь нууц биш. Аж ахуйн нэгжийн татварын хууль бол сайн болсон гэж ойлгож байгаа. Арван хувийн татвар төлж чадахгүй бол бизнес хийж яах юм. Хууль боловсруулагчид сайхан хууль гаргалаа. Одоо бид хэрэгжүүлэх л үлдлээ. Хэрэв үнэн зөв татвараа төлж энэ хуулийг хэрэгжүүлэхгүй бол төсвийн орлого бүрдэхгүй бөгөөд түүнээс болоод энэ татварын хуулийг хууль гаргагчид дахиад өөрчилж татварын хэмжээг нэмэхээс аргагүй болно. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд татварын өршөөлийн тухай хууль хийж байна. Нөгөө талаас, нийгэм тэр чигээрээ нэг системээс нөгөөд шилжсэн. Эдийн засгийн бүх хууль маш хурдтайгаар шинэчлэгдсэн. Хүн бүр чадах ядахаараа хөдөлсөн. Санаатай бөгөөд санаандгүй алдаа оноо гаргасан. Түүнийхээ хүлээсэнд насан туршдаа гэм зэмтэй байж таарахгүй тул өршөөлийн хууль нь нийгмийг эрүүлжүүлэх ач холбогдолтой.
-Таны компаниуд өсч томрохын хэрээр таны хэрэглээ ч өөрчлөгддөг байх аа?
-Би бусадтай л адил хэрэглээтэй. Бизнес амжилттай яваад, том корпораци бий болгоод хувьцааны нэгж үнэ нь үнэтэй компани болох нь чухал. Хүн их мөнгө оллоо гээд халаасандаа 50, 100 мянган доллар хийж явна гэж байхгүй. Хийсэн ашиг дахиад л хөрөнгө оруулалт болж байна. Шинэ бүтээгдэхүүн, шинэ үйлчилгээ бий болж тэр хэрээр ажлын байр нэмэгдэж, татвар төлөгч нэмэгдэнэ. Зөвхөн нэг компани л томроод байгаа юм биш. Аливаа компанийн бий болгож байгаа шинэ бизнес бүрийг дагаад бас олон компани бизнестэй болдог ба ямар нэгэн бараа үйлчилгээ нэмэгдэж байдаг. Жишээ нь: Манай өргөн хэрэглээний компаниуд чанартай бүтээгдэхүүнийг боломжийн үнээр цаг тухайд нь хүргэх зорилттой ажилладаг. Бизнест том жижиг гэж байдаггүй юм. Амжилттай амжилтгүй л гэж байгаа. Хүн гэв гэнэт баяжина гэж бараг байхгүй. Бизнес жижиг том гэхгүй байнгын орлоготой байнгын тогтвортой байж л хэмээн баяжих эх үүсвэр бий болно.
-Монголд хаашаа харна, дандаа бизнес гэж та ярьдаг?
-Манайд бизнесийн асар их боломж бий. Хүмүүс зөв ажиллах л ёстой. Өнөөдөр бизнес бүгд эзэнтэй болсон, бизнес хийхэд хэцүү гэдэг шиг худлаа юм байхгүй. Яагаад гэвэл эдийн засаг өсөж өргөжиж байна, тэр хэрээр хүний хэрэглээ үргэлж өсч байна, хүн Эксельтэй байсан бол Соната авахыг бодно. Хүн байнга илүүг хүсдэг. 2 өрөөтэй байсан бол 3 өрөө байртай болохыг хүснэ. Байгалиас хүнийг ингэж бүтээсэн юм. Тиймээс бизнес байнга өргөжин тэлж бизнесмэн хүн байнга шинийг сэтгэж хаана эрэлт байна, тэр хэрэгцээг нийлүүлэхийн төлөө хөдөлмөрлөж шинийг бүтээж байх ёстой. Үүнийг дагаад мэдээж ашиг орлого арвижих ёстой. Энэ бол зах зээлийн жам, тэгж байж бизнесмэн хүн утга учиртай амьдарна. Хэрэв одоо зөндөө бизнес хийчихсэн шинэ юм хийхгүй зөвхөн амраад идээд амьдарна гэвэл хувь хүн ч компани ч, улс ч хөгжихөө болино гэсэн үг.
-Оюутолгой, Таван толгойн хөрөнгө оруулалтын гэрээг хамтад нь баталж УИХ-аар хэлэлцэхээр оруулсан нь намрын чуулган хүртэл завсарлалаа. Иргэний хөдөлгөөнүүд Оюутолгойн гэрээг эсэргүүцэхээс Таван толгойн хувьд чимээгүй байна. Энэ нь та бүхний санааг бага боловч амрааж байна уу?
-Улс хөгжихөд гадаадын хөрөнгө оруулалт маш чухал. Өнөөдөр АНУ, Европын Холбооны өндөр хөгжилтэй улсууд ч хөрөнгө оруулалтын төлөө өрсөлдөж байна. Олон нийт гадаадынхан, хөрөнгө оруулагчдыг шүүмжилсэн, дайрсан доромжилсон зүйл их гарч байна. Энэ бол их харамсалтай, бид өөрсдөө л хохирно шүү. Хөрөнгө оруулагч нар орж ирэх ёстой гадаадынхан ч бай ахиухан хөрөнгө оруулалт хийж байж улс хөгжинө. Төр бүгдэд хөрөнгө оруулалт хийж чадахгүй. Гадных шиг Монголын компаниуд хөрөнгө оруулалт хийх чадвар алга. Гадныхан орж ирээд хамаг баялгийг хамаад явах гэж байгаа хэрэг биш. Монгол дэлхийн өчүүхэн нэг орон. Монгол бүх хаалгаа дэлгэж байж дэлхийн нэг хэсэг болох ёстой. Тэгэхгүй бол алтан дээр суусан гуйлгачин хэвээрээ дуусна, бүгд ядуу малаа маллаад тааруухан амьдарна. Хөдөөний малчид ч тохилог орчинд амьдрахыг хүсч байна. Өөрсдөө ашиглаж чадахгүй байж том хөрөнгө оруулагчид ирэхээр энэ гэрээг ашиггүй гэж бид үзэж байна гэж бүгд орилолдоод. Уул уурхайн талаар юу мэддэг гэж ингэж байгаа юм. Бизнесийн дүрэм, гэрээ, эрсдэл уул уурхайн хөрөнгийн эрсдэл гэж юу ч мэдэхгүй байж бид ингэж хамаагүй цээжээ дэлдэж болохгүй. Үнэхээр тохиролцож чадахгүй бол хөл дээрээ тогтсон дэлхийн том компаниуд Монголыг орхиод л гарна. Тэртэй тэргүй дэлхийд 200 гаруй оронд янз янзын хөрөнгө оруулалт хийх боломж бий ш дээ. Монголд л ганцхан баялаг байгаа юм шиг хэтэрхий их хөөрцгөөж байна. Бидэнд хөрөнгө оруулалт хийх чадвар, дэлхийн түвшний уурхай барих боловсон хүчин алга, санхүүгийн хямд эх үүсвэр олох боломж хомс. Монголчууд асар олноороо байрны мөнгө хийх, гэр бүлээ тэжээх, хүүхдээ гайгүй сургуульд оруулах гэх мэт гарцаагүй амьдралын шаардлагаар гадаадад хараар ажиллаж, эрсдэл гарган амаргүй олон жилээр зовж байна. Саяхан Солонгосод ажиллахаар стадионд олон мянган хүн өдөр шөнөгүй оочерлож байгааг харахад үнэхээр гунигтай байсан. Тэгэхээр Монголдоо ажиллаж амьдраад тэр мөнгийг хийж болох нөхцөл бүрдэх боломж нь энэ уул уурхайн том төслүүд хэрэгжихээс хамаарах юм. Оюутолгой, Тавантолгойгоо хурдан баялаг болгож, ард түмний амьдралд нэмэрлэж, том татвар төлөгч болгох хугацааг нэг өдрөөр ч гэсэн наашлуулахын төлөө байх ёстой. Хөрөнгө оруулалтын гэрээг хэлэлцээд баталж өгөх нь чухал байна. Тэгвэл манай эдийн засаг ойрын хугацаанд огцом өсөж, монголчууд маань цөмөөрөө сайхан амьдрах боломжоо бүрдүүлэх алтан үе эхлэх мөч хаяанд байна. Ярилцсанд баярлалаа. Ч.ӨЛЗИЙДЭЛГЭР
Discussion about this post