• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Ж.Дашбал: Дорны их найрагч Бэгзийн Явуухулан бол миний төрсөн ах болох хүн

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
11/09/2026
in Ярилцлага
0
Ж.Дашбал: Дорны их найрагч Бэгзийн Явуухулан бол миний төрсөн ах болох хүн
   Оршил болгож нурших нь
Хүн бүр өөр өөрийн гэсэн амьдрал, хувь төөрөгтэй. Хүн амьдралдаа юу юу үзсэн, туулсныг бид мэдэхгүй. Амьдрал үнэхээр баян, ярьж баршгүй,дурсаж ханшгүй бас тайлж олгож дуусашгүй тйимл зүйл. Амьдрал чиний толгойг илэхгүй. Харин таны өмнө олон сонголтыг тулгаж,олон салаа замыг зурж өгдөг гэдэг. Хөдөөгийн буйдхан суманд бид цөөхүүлөө амьдарч бие биеэ сайн мэддэг гэдэг боловч цаг хугацааны их урсгалд хүний хувь заяа,төөрөг тавилан хаашаа яаж урсаныг мэдэхгүй. Хүн болгоны туулж өнгөрүүлсөн амьдрал, явсан зам мөрийг нэг бүрчлэн сөхөн харвал гайхам төрүүлэм байдаг гэдэг. Энэ түүхийг гайхмаар бичиж чадах аваас тэр нь уран зохиол ч болдог, түүхийн бичлэг ч болдог. Бүр тухайн цаг үеийн дүр төрх, улс орны түүхийн бичлэг нь болдог гэдэг. Гэвч хүн бүрийн түүхийг ингэж бичих бололцоо байхгүй. Зөвхөн ард олноо оройлсон хүмүүсийг түүхийг бичдэг.
   Өнгөрсөн жилүүдэд зөвхөн улстөрч, гүзээтэй дарга нарын түүх л манай түүх гэж ойлгож ирсэн том гажуудал бий. Эгэл түмний түүх ч тухай орны түүх болдог гэдгийг мэдэхгүй явж ирж.
  Монголын ХХ-р зууны түүхэнд үлдэхүйц том мөрөө үлдээсэн хүмүүсийн ах дүү, амраг садан болох хүмүүс манай суманд бидний яг хажууд энгийнээр амьдарч байхад хэн ч анзаардаггүй. Тийм хүмүүсийг олж нээж, уулзана ярилцаж түүхэнд үлдэхүйц тод мөртэй тэрхүү аугаа хүн, их үйл явдлын талаар нь яриулахсан гэж би боддог. Зууны түүхийг бүтээсэн тэр хүмүүс бол мэдээж онцгой сод том хувь заяатай хүмүүс. Харин тэдгээрийн ах дүү, амраг садан болох энэ эгэл хүмүүсийг ямар хувь заяатай гэх вэ гэж би үргэлж боддог. Содон хувь заяатай гэхээр болохгүй.Бас сонин хувь заяатай гэхээр бас л нэг боломгүй. Ээдрээтэй хувь тавилантай гэхээр бүр боломгүй юм. Бодож бодож би Сонин содон хувь заяа гэж нэрлэчихмаар юм шиг санагдав. Гэхдээ л онсон нэршил биш. Юу ч болсон тэгж нэрлэж хэдэн цуврал ярилцлага хийхсэн гэж мөрөөдөж сууна. Ийм сонин содон хувь тавилантай хэд хэдэн хүн бидний Сонгиночууд дунд амьдарч байна. Боломж бололцоо дэмжлэг олдвол эдгээр хүмүүстэй уулзаж ярилцлага хийхсэн гэж боддог!
Эхнийх нь болгож Энхийн Хоролжав Хооёо хөгшинтэй нэг бяцхан ярилцлага хийсэн.
 Түүний ах Энхийн Арьхад бол Монголын ХХ-р зууны түүхэнд баларшгүй зам мөрөө үлдээсэн цуутай хүн биш юм аа гэхэд Монголын түүхэнд яах аргагүй үлдэхүйц асар том үйл явдалд оролцож эх орныхоо төлөө алтан амиа өргөсөн хүн. Энэ жил Байдаг Богдын тулалдааны 75 жилийн ой болж улс орон даяар тэр үйл явдалд оролцсон хүмүүсийн ах дүү, үр хүүхдүүдийн хүлээн авч хүндэтгэж хурал цуглаан болж байхад манай суманд л таг чиг. Уг нь мань мэт нь хоёр гурван жилийн өмнө тэр аугаа үйл явдалд Сонгиночууд бид оролцсон юм шүү гэдгийг хэлэх гэж тэрхүү хөгшнийг наадмын талбайд хэрэг болгон авч ирж, ярилцлага хийж нүүр номондоо тавьж байсан. Даанч миний бичсэнийг уншсан нь цөөн байх шиг. Түүнийг уншаагүй юм аа гэхэд тэрхүү аугаа үйл явдлын 75 жилийн ой болж байхад тэр муу хөгшиныг ганц ч болтугай хүлээн авчих сэтгэлгүй болж дээ. Харамсалтай л юм. Сум орныг удирдана гэдэг нь зөвхөн дээрээс ирсэн хэн нэгэн дарга даамлыг дагаж гүйх төдий нэр биш ээ. Асар өргөн мэдлэг ур чадвар шаардсан ажил.
Энэхүү цувралынхаа 2-р өнөөдөр Сонгиночууд бидний дунд зүгээр л үхэр малаа хайгаад, Мотоциклиараа худгаас ус зөөгөөд л яг таны хажууд энгийнээс энгийн бор турхан амьдарч яваа нэг хүнтэй уулзуулах гэсэн юм. Тэр хүний авга ах ч болох бас төрсөн ах ч хэлж болох хүн ХХ-р зууны Монгол улсын түүхийг бүтээсэн гарамгай яруу найрагч.
        Эхнээс нь өгүүлбэл юм бүхэн ховор чивэр бас энгийн хэрнээ, нийгмийн инженерчлэлийн туршилтаас болоод амгалан тайван тийм л он жилүүд байлаа. 1970-иад оны дунд хавьд манай Дашбал Ах Сонгино суманд ирсэн гэдэг. Ирээд миний авга эгч Галсангийн Батбаяртай гэр бүл болсон юм. 1970-аад оны тэр өдрүүд би хичээлээсээ тараад эмээгийнд ирэхэд эмээ гэр дүүрэн чихэр боов болчихсан байж байна.
  -Яав ийв гэсэн чинь манай Амаа /хөгшин ээжээ бид Амаа гэж дууддаг байлаа./ “Гаагаа чинь хүнтэй суугаад аймаг руу шилжсэн” гэв. Ингээд Амаа маань надад намар цагт бол хүүхэд бидэнд ёстой олдох бололцоогүй дөрвөлжин гэдэг хайрмал боов, баахан гоё гоё чихэр өгч билээ. Нусан таглаа мань мэт хүнтэй суух, аймаг руу шилжих гэдгийг юун ойлгох мантай, харь холын үг байсан биз. Гоё гоё чихэр боовонд ухаанаа тавьж амаа олохгүй чихэх тухай л бодож шүлсээ хүд хүд хийтэл нь залгиж явж. Авга Эгч Батбаярыгаа бид Гаагаа гэж авгайлдаг байлаа. “Гаагаа чинь их хол явсан ш дээ. Та нарт ер нь мэдэх ухаан байна уу?” гэж эмээ бидэнд хэлж байлаа. Бид боов чихрээ өвөртлөн гарч гүйн идэхийг л бодохоос юун тэр тухай ойлгох.
Хойтон жил нь аавыгаа дагаад аймаг орж хол газар шилжин суурьшсан авга эгчийндээ айлчлан очив. Тэднийх аймгийн төвд Аралд хаалга нь хонхтой хашаанд ганц гэрээрээ байв. Гаагаа маань өнөө мөргаашгүй төрөх төхсөн байж билээ. Удалгүй анхны охин Энхмаа төрсөн гэдэг. Тэгэхэд Дашбал ахын ээж гэж их л хөнгөн шингэн хөгшин ирж манай аавтай уулзаж ярилцаж суухдаа “Манай том хүү Зохиолч л доо” гэж байсан. Аав ч “өө тийм үү” л гээд өнгөрсөн. Би бага байсан болохоор ойлгох ухаан суугаагүй байж. Үүнээс хоёр жилийн дараа ах эгч маань аймгаас Сонгино сумандаа бүр мөсөн шилжин ирлээ. Ах, эгч хоёр маань маш гоё хос, сумынхны нүдийг унагаж, тэр үеэдээ хэн ч унаагүй Чехийн Яав350 гэдэг хоёр цилиндртэй цоо шинэ мотоцикльтэй сүнгэнэж байсныг өнөөдөр санах хүн байгаа л байх. Яав350 мотоциклийг миний мэдэхээр сумын түүхэнд хоёр л хүн унасан. Сүүлд 1989 онд Шуудан Баяраа бас тийм мотоцикль шинээр нь унаж байлаа.
 Манай ах эгч хоёр хоёулаа их царайлаг, дүрэлзсэн торомгор хар нүдтэй, нүд хөмсөг болсон дуу хууранд дуртай, авхаалжтай сэргэлэн асан дүрэлсэн манлайлагч мода хөөсөн залуус байлаа. Ялангуяа манай Дашбал ах бол хариуцсан ажил, өөрийн аж амьдралын төлөө үхтлээ гүйдэг ажилсаг нь дэндсэн хүн байсан учраас дорхоноо л манайханы хайрыг татаж бидний нэг болж идээшин дасаж суурьшсан юм. Чухам л түүний цаг нь юм шиг сумын гоё сайхан залуучуудын манлайд зогсож, ажил мэргэжилдээ ч эзэн сууж,амьдралдаа од нь гийж яваа тухайн цагийн шилдэг залуусын нэг болсон юм. Одоо ах эгч хоёрынхаа залуу сайхан явсан үеийн зургийн нь харахаар энэ цагийн мисс, жүжигчин залуусаас ер дутах юмгүй шиг харагддаг. Гэтэл энэ хүн Монголын аугаа нэгэн хүний дүү гэдгийг бид огт мэдэхгүй 40, 50 жил цуг амьдарсан байж. Энэ тухай энэхүү цувралаараа танд хүргэхийг хичээв! Таална болгооно уу.
  Дашбал ахтай уулзаж маш товчхон ярицлага хийнэ гэж бодсон боловч зөвхөн нэг нь асуулт тавьж, нөгөө нь хариулдаг тэрхүү хэлбэрээс огт өөр болчихав. Яриа маань маш өргөн дэлгэр болсон учраас миний өөрийн яриа ч их оров. Иймд би ярилцлага биш хөөрөлдөөн гэж нэрлэв. Орчин цагтхүмүүс маш товч зүйл уншдаг болсон учраас маш товч бичих ёстойг мэдэж байгаа ч ярилцаж байгаа хүний хүрээ даанч өргөн том учраас их урт том хөөрөлдөөн боллоо. Уучлаарай! Ийм зүйлийг гар утаснаас уншихад төвөгтэй байж болох ч РС-гээр дэлгэцнээс уншвал зүгээр юм шиг .Гэхдээ танд том дэлгэцнээс унших бололцоогүй бол эхний хэсгийн уншихад л миний танд хэлэх гэсэн санаа тодрох болно гэдгийг хэлье.
Олон жижиг зүйлс нийлж байж агуу том зүйлийг бүтээдэг. Винсент Ван Гог
Алхам алхмаар л явагдаж байж юмс бүтдэг юм. Чарльз Атлас гэсэн суут хүмүүсийн хэлсэн үгийг бодон байж өөрийгөө гололгүй үүнийг тэрлэсэн болой. Ах бид хоёрын энэхүү хөөрөлдөөн, агуу түүхэн тэр их хүний амьдралын бүдэргэсэн жимийг тодруулахад нэг ч гэсэн жижигхээн алхам болсон бол миний хэрэг бүтэх авай.
Сонин содон хувь заяа цуврал №2
Дорны их найрагч Бэгзийн Явуухулан бол миний төрсөн ах болох хүн
Сонгино сумын өндөр настан Ж.Дашбалтай хийсэн хөөрөлдөөн…
  – Та Явуухулан найрагчтай,ямар төрөл садан билээ. Түүнийгээ нэг яриач?
   – Явуухулан найрагч бол одоо бидний нарын л авга ах байхгүй юу!
  – Авга ахаас гадна та чинь төрсөн дүү нь юм биш үү? Өөрөөр хэлбэл та чинь Монголын сонгодог уран зохиолч, Монголын улсын төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Дорны их яруу найрагч, алдарт Бэгзийн Явуухулангийн төрсөн дүү нь гэж сонссон. Таныг би Явуухулангийн аав Бэгзийнд үрчлэгдэж явсан хүн ойлгодог. Гэтэл Явуухулан гуайн овог Бэгз, харин таны овог Жамъян. Энэ ямар учиртай юм бол оо…
  – Миний хөгшин аав Зана, Явуухулан ахын төрсөн эцэг Бэгз хоёр бол нэг эцэг эхээс төрсөн ах дүү хоёр. Зана Бэгз, Ядамбат гэсэн эр гурван ах дүү гурав байсан юм билээ. Тэр Зана өвөөгийн эхнэр буюу манай эмээг Бэргэн Буурай гэдэг хүн байсныг би ч мэднэ. Зана өвөөг бол би мэдэхгүй надаас өмнө нас барьсан юм гэнэ лээ. Би болохоор 1955 онд Заны Жамъянгийн дунд хүү бол төрсөн хүн. Манай аав Заны Жамъян, манай ээж Бүрэнтөгөөгийн Сүрэнхүү хоёр айл гэр болж хуримаа хийгээд 3,4 жил болоход хүүхэд гарахгүй байсан юм гэнэ лээ. Тэгэхээр нь манай аав Бэгз ахаасаа Явуухуланг өөр дээрээ, ээж болохоор өөрийн төрсөн дүүгээс Баасанхүү эгчийг өргөж авсан байгаа юм. Түүнээс хойш манайхаас жил дараалан 8-н хүүхэд төрж. Ингэж бид 8 орчлонд мэндлэсэн түүхтэй гэдэг. Бид эцэг эхээсээ наймуулаа төрсөн боловч 10-уулаа гэж бүртгэлтэй байдаг нь ийм л учиртай. Өөрөөр хэлбэл би Бэгз авга ахындаа үрчлэгдэж байсан юм биш. Явуухулан ах манайд үрчлэгдэж байсан гэхээр арай ч биш, харин өссөн гэвэл арай үнэнд ойр болох байх. Явуухулан манайхаар байж байгаад сургууль соёлын мөр хөөсөн. Бид ингэж нэг гал голомтоос үүсэж гарсан хүмүүс. Явуу ахыг хотод сургууль соёлын мөр хөөж, шүлэг зохиолоо бичээд бүүр мандчихсан хойно би орчлонд мэндэлсэн хүн л дээ. Манай том ах эгч нар бол Явуу ахтай цуг хонь мал хариулж, аргал усанд явж байснаа ярьдаг, хамт амьдарч байсан учраас сайн мэддэг юм. За ийм л юм.
–Тэгэхээр Явуухулан гуай чинь танайд өссөн таны төрсөн ах болох хүн байна ш дээ.
– Бид хоёр төрсөн ах дүүсийн хүүхдүүд, бүл хүмүүс боловч Явуу ах манайд өсөж торнисон болохоор бас төрсөн ах ч гэж хэлж болохоор байгаа юм.
  -Таниас XX зууны Монголын түүхийг бүтээлцсэн тэрхүү алдар цуутай хүний талаар жаахан тодруулах гэсэн юм.
 -Явуу ах чинь намайг төрөхөөс өмнө хот руу яваад сургууль соёлын мөр хөөж, зохиол мохиолоо бичээд аль эрт нэрд гарчихсан хүн байхгүй юу. Манай Явуу ах миний ээжид л их хайртай хүн байсан юм. Манай аав нэлээд ширүүн догшин гэр бүлдээ бол ихэд дарангуй, эзэрхэг хүн байж л дээ. Тэр үед ч бүгд л тийм байсан гэдэг. Тийм учраас манай аав, ээжид жаахан дээрэнгүй байхгүй юу. Тэгээд аав ээжид жаахан ширүүн, ширүүн юм хэлээд л зандарч загнахад Явуу ах ааваас ээжийг их өмөөрдөг байсан гэдгийн билээ. Тийм болохоор миний ээж Явуу ахад амь шигээ хайртай. Явуу ах ч манай ээжид амин хайртай. Үргэлж л Өнхүү минь гэдэг байлаа. Манай ээжийг Өнхүү гэж авгайлдаг юм. Өнхүү тэгээд, Өнхүү ингээд гээд үргэлж миний муу ээжийн тухай л ярьдаг хүн байсан юм. Явуу ах Манай аавыг Жамъян гэхгүй ш дээ. Лам ах гэж авгайлан дууддаг. Аавын талаар нээх юм ярихгүй мөртөө ээжийг л байнга дурсан ярьдаг тийм их хайртай хүн байсан юм. Манай ээжийн аав Сартуулын Бүрэнтөгөө арслан гэж байсан юм гэнэ лээ. Түүний төрсөн охин ш дээ. 1967 онд Явуу ах Төрийн шагнал аваад ёслол цайллага хийхдээ ээжийг хотод урьж аваачсан юм гэсэн. Ээж минь ирээд л ярьдаг сан. Мөн сонин юм аа. Манай Явуу яг л болсон үйл явдлыг бичээд л хүн амьтны гайхшийг барж, сонирхуулчих юм гэдэг байж билээ. Ээж л тэгдэг юм ш дээ. Явуу багадаа үлгэр оньсого таалгаж барихаар юу ч мэддэггүй буруу тогтоочихсан, дандаа буруу хэлж байдаг юм. Тэгээд ингээд зохиолч болчихдаг мөн сонин шүү л гэдэг байсан. Манай ээж өөрөө бол ардын аман зохиол үлгэр, туульс, оньсого их мэддэг  Хурц дайчин үг хэллэгтэй,тун ч шооч хүн байсан юм.
  -Явуухулан гуайн Төрийн шагналын найран дээр хөдөөнөөс нэг хамаатан хөгшин ирэхэд тэнд цугласан том зохиолчид нөгөө хүнээс сэтгэгдлийн асуусан чинь:
  -Дээр үед л далан худалч л гэж нэг хүн байсан юм гэсэн. Түүн шиг ингээд үг зохиогоод байвал амьтан хүний сонирхлыг татаад, ийм том шагнал авчихдаг юм байна л даа гэсэн нэг хөөрхөн яриа байдаг юм гэсэн. Явуухулан гуайн тухай МҮОНТВ-ийг Гэгээн үдэш нэвтрүүлгээр энэ тухай бас цухас гарч байна лээ. Энэ арай танай ээж байсан биш биз.
-Мэдэхгүй. /инээв/ Магадгүй шүү. Манай ээж ч тиймэрхүү юм хэлж ч магадгүй л хүн ш дээ.
  -1989 онд Монголын зохиолчдийн 5-р онц их хурал болоод Монголын зохиолчдийн эвлэлийн дарга Д.Цэдэв үндсэн итгэл тавьсан. Тэр итгэлээр Монголын утга зохиол Социалист реализмаас татгалцаж олон ургальч үзэл буюу плюрализм-ийг тунхагласан. 70 жил хөгжсөн Монголын нийтийн уран зохиолын бүтээлүүдээс энэ нь Монголын сонгодог уран зохиол яг мөн юм аа гэж МЗЭ–ийн мэргэжлийн байгууллагын хувьд зарласан. 70 жил туурвисан тэр олон зохиол бүтээл, тэр олон зохиолчдоос дөнгөж тав зургаахан бүтээлийг Монголыг сонгодог уран зохиол гэж нэрлэсэн. Үүн дотор Б.Явуухалангийн “Тэхийн зогсоол“, ”Би хаана төрөө вэ” албан ёсоор нэрлэгдсэн байдаг. Мэдээж Д.Нацагдоржийн “Миний нутаг”, ”Учиртай гурван толгой” мэт маш цөөн хэдэн зохиолыг Монголыг сонгодог уран зохиол гэв. Түүнийг зохиосон уран бүтээлчдийг Монголын сонгодог уран зохиолчид гэж зарласан.Энэ бол албан ёсоор зарласан зүйл шүү. Түүнийг одоо хүртэл үгүйсгэсэн юм гараагүй учраас Явуухулан бол хууль ёсоор бол Монголын сонгодог уран зохиолч, ”Тэхийн зогсоол” “Би хаана төрөө вэ” бүтээлийг нь Монголын сонгодог уран зохиол гэх ёстой. Албан ёсоор Монголын сонгодог уран зохиолоор зарлагдсан Б.Явуухулангийн”Тэхийн зохиол”-д гардаг үйл явдал нь танай аавын өвөлжөө Алдархаан сумын Мандаадаа Хайрханы өвөр Хүүшийн өвөлжөөнд өрнөдөг.Та энэ тухай мэдэх зүйлээсээ яривал?
  -Хүүш ч яг манай аавын өвөлжөө биш л дээ. Манай аавын өвөлжөө түүнээс жаахан баруун талд Шовхын өвөлжөө юм. Тэр жил манайх Бэгз авгынхтай цуг Хүүшийн өвөлжөөнд л өвөлжсөн юм шиг байгаа юм. Ер бол манайхан чинь ах дүүсээрээ Тэр Мандаадаа Хайрханыг тэр чигээр эзэгнэж амьдардаг байсан юм билээ.
“Тэхийн зогсоол“ найраглалыг манай ээж яг л болсон үйл явдал гэдэг юм. Нэг жил манайхан гэдэг нь одоо манай аав Жамъян, авга ах Бэгзийнх, манай хөгшин ээж тэр Бэргэн Буурайнх тэр намар одоо энэ аймгийн дээд талын Хуримтад намаржиж байтал эрт хүйтрээд, цас хаялаад эхэлсэн гэж байгаа юм. Манай нутаг чинь Отгонтэнгэрийн хормой бэл өндөрлөг газар болохоор их эрт хүйт орно ш дээ. Тэнд намаржиж байтал гэнэт цаг яагаа ч үгүй эрт байхад цас орж хүйтэрсэн юм гэнэ лээ. Тэгэнгүүт манай тэр авга ах Бэгз – өвөлжөөлөхгүй бол болохоо байлаа гээд шууд Хүүшийн өтөг руу нүүж л дээ. Уг нь бол өвөлжөөндөө буухаасаа өмнө аймгийн төвөөс доошоо уруудаад бор шороонд бууж хэсэг байж байгаад д өвөлжөөндөө буудаг байхгүй юу. ”Тэхийн зогсоол”-д гардаг тэр Хүүшийн өвөлжөө чинь тэр үеэд ээжийн ярьснаар бол хашаа хороо ч гээд сүрхий юм байхгүй. Нэг аман дотор тал талаас нь уул хад бүрхчихсан, нээх нургисан их хөх бууцтай, явахад төвөгтэй өтөг нь хөлд лагарч, бургисан тийм л өвөлжөө байсан гэдэг байв. Өвөлжөөний хойд талаараа том том хүрэн хад асгатай тийм нэг хүнхэр амтай өвөлжөө яг л Явуугийн бичсэн шиг л гэж ярьдаг юм. Харин их сайхан дулаан өвөлжөө байсан шүү гэдэг байлаа.
 -Таны сая ярьсаныг Явуухулан гуай ёстой гайхамшигтай уран гоё дүрсэлсэн ш дээ.
Тээр жилийи тэр нэгэн өвлийн Өнтэйг яана!
«Тэхийн зогсоол» гэдэг тэр оргилын Өндрийг яана!
Хүрэн уулсын буйд мухар Хүүш нэртэй
Хүрэхэд хол ч өвөлжихөд нөмөр Хөх бууцтай.
Хүрэн уулсыг халуун намраар Аав минь зорив.
«Хүүшийн» өвөлжөөнд гурван гэрээр Айл өвөлжив…гэж. За тэгээд цааш нь ингэж байна.
Өвөлжөөг хүрээлсэн уулсын оргил Бүгд өндөр.
Өндрийн дундаас «Тэхийн зогсоол Бүүр ч өндөр!
Өвөлжөөнд буугаад аав, хэсэг зуур Ан хийв.
Өвөлд бэлдээд айлууд хэсэг зуур Ажил хийв,
Өнтэй жилийн тэр нэгэн өвлийн
Дулаахныг хэлэх үү
Өвс цас тэгшхэн ууланд өвөлжихийн
Тухтайг хэлэх үү… гэж үргэлжилдэг. Тэгэхээр халуун намраар 3 айл Хүүшийн өвөлжөөнд буучихсан чинь их дулаарч өн болсон гэсэн үг үү?
  – Яг тийм. Ээжийн ярьсанаар бол тэгээд яаран сандран очоод буучихсан чинь нөгөө их орж байсан цас ч байхгүй. Нөгөө хүйтэрч байсан хүйтэн ч байхгүй. Өн болчихгүй юу. Манайхан чинь сарлаг ихтэй .Тэгээд сарлагаа өвөлжөөний хойд талын ууланд гаргачихсан чинь тэр хойд уул нь чоно ихтэй байж. Сарлаг үхрүүдийг нь идээд болохгүй болохоор нь одоо манай тэр Бэгз авга ах, манай аав болон за өөр хэн ч хэн ч байсан бүү мэд бусдыгаа уриалж ангийн отог гаргаж тэр чонуудыг алсан юм гэсэн. Өн болчихсан дулаан байсан болохоор айлууд өвлийн хүнс мүнсээ төхөөрч чадахгүй, хийх ажилгүй болохгүй. Тэгэнгүүд манай тэр эмээ Бэргэн буурай, манай ээж, Явуухулангийн ээж эд нарыг дуудаж, их оёдол хийсэн юм гэнэ лээ. Одоо тэр нь яг юу юу оёж байсан юмбэ би бол мэдэхгүй. Лав баахан юм оёсон юм гэсэн. Түүнийг нь дүрсэлж Явуу ах
Өвөлжөөнд буугаад аав, хэсэг зуур ан хийв.
Өвөлд бэлдээд айлууд хэсэг зуур ажил хийв …гэсэн байгаа юм. Анд явсан хүмүүс ч их олз омогтой ирсэн юм байлгүй. Ээжүүд ч оёдлоо дуусгаж, айлууд ч хүнсээ гаргаад жинхэнэээсээ хийх ажилгүй болохгүй юу. Гурван гэрээрээ ээлжлэн хонио хариулдаг. Бэргэн Буурайн хонины ээлжийг олон бүлтэйгээрээ манайх дааж авдаг. Тийм л байсан гэдэг юм. Сайхан өнтэй дулаахан, яахав 3-н гэрээрээ тойрч тоглоод л, их жаргалтай, тав тухтай сайхан өвөлжсөн л гэж ээж минь ярьдаг юм. Түүнийг нь Явуу ах:
Өнтэй жилийн тэр нэгэн өвлийн
Дулаахныг хэлэх үү
Өвс цас тэгшхэн ууланд өвөлжихийн
Тухтайг хэлэх үү… гэж дүрсэлсэн байгаа юм. Манай ээж л -Үгүй мөн сонин юм шүү. Манай Явуу яг л болсон юмаар ингээд зохиол шүлэг биччих юм. Багадаа их л будилуу,ой муутай хүүхэд байсан. Хүн цоорно гэж сайхан юм аа л гэж ярьдаг байсан.
-Хүүшийн өвөлжөөнд чандманалж буусан
Гурван айл!… гэдэгт ямар ямар айлууд байсан юм бол, та мэдэх үү?.
  – Энэ үйл явдал намайг төрөхөөс өмнө болсон явдал. Сүүлд миний муу л ээж л байнга ярьж байдаг юм. Тэр чандманалж буусан гурван айл гэдэг нь Явуухулангийн аав Бэгзийнх .Манай аав Жамъянгийнх. Манай эмээ тэр Бэргэн Буурайнх байсан юм гэсэн. Яг тэгж чандманалж бууж өвөлжсөн юм гэж л ээж ярьдаг ш дээ. “Тэхийн зогсоол”-н төгсгөл хэсэгт ингэж гардаг даа.
Маргааш өглөө нь гурван гэр маань
Эрт ачаалав.
Манарсан бууцнаас хүн, мал маань
Зэрэг хөдлөв… гэж
Энэ тухай ээж –Яг л одоо ингээд нүүх цаг болоод байдаг. Бэгз авга өтгөөс нүүхийг хойшлуулж, нүүхээ больчихсан чинь дулаараад л,өтөг бууц хүнддээд л, хонь мал, хүн зонгүй халуудаад л бушуухан өвөлжөөнөөсөө гарахын л түүс болж байлаа. Гэтэл нэг өглөө л Бэгз авга -за нүүнээ … гээд л гэнэтхэн л нүүхээр л болсон. Бодвол тэр амьтан нь хөөрхий одоо хальсан л юм байлгүй л дээ… гэж л ярьдаг байсан.
– Та ёстой гоё дурсамж ярилаа даа. Энэ бол Явуухулан судлалд судлагдахуун болж ч мэдэх юм. Та бас Явуухулан гуайн Морь шүлгэнд нь маш дуртай.
Уудам сайхан хорвоод эхээс анх мэндлэхэд
Уяаны зулзаган шон дээр эмээлтэй угтсан морь минь… гээд л…
 – Манайд Явуу ахын бор морь гээд бүр сэтэрлэчихсан бор морь байсан юм. Хэн ч унах эрхгүй. Тэр морь их гоё янцгаадаг. Явуу ахын бор морь шиг тэгж гоё үүрсэж янцгаадаг морийг би ёстой энэ амьд яваа насандаа үзээгүй…
-Аа тийм ч учраас Явуухулан гуай тэрхүү хайртай бор морио санаж, зүүдэлдэг. Тэгээд л энэ алдартай шүлгээ бичсэн байх нь!
Үүрийн цагаан туяанаар чи минь наддаа харагдаж
Үүрсэх сайхан дуу чинь чихэнд дандаа хадах юм…
Орон хотод сууршсан анхны тэр шөнөө би
Онгон хүлэг чамайгаа зүүдэлж хоносон минь учиртай…гээд л…
   – Тэр бор морьтой нэг дурсамж ярихад: Манайх Шар Хөтөлд байсан юм уу даа. Би жаахан байсан юм даг. За тэр чинь хэзээ юм бэ дээ. Лав л зуны сар шувтарч, намар болж байсан цаг. Тэгэхэд Явуу ах хотоос нэг ирсэн юм. Явуу ах ч их ирдэггүй байсан ш дээ. Хааяа л нэг ирнэ. Тэгээд нөгөө морио барьж унаад намайг дагуулаад аймгийн төв руу явах болов. Би нэг номхон хар морь уначихсан Явуу ахыг дагаад л явлаа. Би болохоор Явуу ахын морийг харж байхаар явж байгаа юм. Тэгээд л аймгийн төвийн зээлийн эхэнд ирээд намайг морь хараад байж бай гэчихээд өөрийнхөө морио утасны модоос уяачихаад, алга болчихно. Тэр халуунд өдөржин би Явуу ахыг хүлээж чулуун дээр сууж өнждөг юм аа. Байж байж орой болохын алдад л шал согтуу хүрээд ирдэг юм байна. Бас өвөртөө хоёр шил архи хийчихсан. Тэгээд Явуу ах -За хоовон хөх өө хоёулаа харих уу? л гэж байна. Ингээд мориндоо мордох гэхээр нөгөө бор морь чинь мордуулахгүй хуйсганаж тойрч нисээд л, тэгж тэгж Явуу ах арайхийж мордоод авлаа шүү. Уг нь эхлээд их сайхан намс намс хийж алхаад л хөнгөн хөлтэй, чих нь сортолзоно ийш тийшээ харж үүрсээд явж байсан юм. Яг Богдын гол гатлаад явж байсан чинь яадгийн нөгөө согтуу хүн чинь найгаж ганхахгүй юу. Тэгэнгүүд нөгөө агталсан догшин морь чинь булгиад шидчихэв. Явуу ах ч мориныхоо хажуу тал руу гонжийгоод ус руу цүл хийгээд уначихав. Нөгөө морь ч эмээлээ гэдсэндээ аваад алга болов. Ёстой цусан цагаан тэмээ шиг болдог юм аа. Тэгээд Явуу ах босож ирээд шал нойтон хувцастай нүүрээ нэг шувтарч, үсээ хойш нь хэсэг илсэнээ эрэг өөд зүтгэж гараад суучихав. Би ч очоод мориноосоо буугаад хажууд нь суулаа. Жаахан сууж байгаад -За явах уу л гэж байна. Явуу ах чинь яг цуг байхаар үг цөөтэй хүн байсан ш дээ. Тэгээд Явуу ах эмээл дээр мордоод би араар нь сундалдаад гэртээ ирэхгүй юу! Яахав манай аав гэж догшин эзэрхэг хүн чинь Явуу ахыг ороолгоод
 -Чи дандаа ингэж энэ муухай ногоон усыг дөрвөн цагийн эргэлтэнд цусалж явах юм. Одоо бүр амиа өгөх нь уу чи … гэж уурлаад. Миний муу ээж яахав хөөрхий бас л салбаганаад Явуу ахыг өмөөрч дундуур нь гүйж орж аавд цуг ороолгуулаад, бөөн л юм болж байлаа л даа. Уг нь манай аав Явуу ахыг ирлээ гээд их сайхан шинэ эмээл төхөөрч, сайхан шинэ сураар ногт хазаар бэлдэж өгсөн юм билээ л дээ. Түүнийг нь юу ч үгүй усан норгоод хаячихгүй юу. Нөгөө бор морь ч яахав дээ. Биднээс түрүүлээд шахуу ижилдээ нийлчихсан байсан. Миний муу аавыг нас барахад Явуу ах ирээд оршуулга дээр нь гоё уран уран үг хэлж байсан. Даанч тэр үгийг нь би одоо санахгүй юм. Утга нь өөрийн аав Бэгз, манай аав Жамъян хоёр одоо яаж яаж төрөл саднаараа сайхан хамтарч амьдарч байсан тухай,  ан хийдэг байсан тухай нээх гоё гоё урнаар л хэлж байсан юм даг. Явуу ахын аав чинь ойгүй анчин хүн байсан ш дээ. Манай аав тэр хоёр өвөл болохоор чоно агнадаг. Ульж байж чоно дуудаж ирүүлэн гээд л явна. Очоод чи тэнд нь уль, би энд нь ульна, тэгж уль, ингэж уль гээд явдаг байсан гэж л ярилцдаг юм.
За ер нь бол манайхан, тэр Явуу ахын аав Бэгзийнх, Манай аавынх, Явуу ахын алдартай ногоон номыг эмхтгэж хэвлүүлсэн тэр Баатарын аав Ядамбат гээд ах дүүсээр айлсаж зундаа бол аймгийн төвөөс дээш Богдын гол өсөөд Рашаан гол, Хөөргийн ам, Цагаан бургас, Хар үзүүр, Хэрэмтийн ам, Ховил гэж зусдаг байсан. Заримдаа урд талын Шар Хөтөлд гарчихдаг. Явуу ахын зохиолд Зуу мод, Намшир гээд л гараад байгаа биз дээ. Энэ ч бас л манай зуслан. Ер нь бол Богдын гол л доо. Өвөл, намартаа бол аймгийн төвөөс доош Өгөөмөр,Аргалант багийн засвар нутгаар, одоо энэ Донойн хөндий хавьцаа л нутагладаг л байлаа. Энэ л тэр алдартай Явуухулан найрагчийн багадаа нутаглаж байсан үндсэн газар орон нь гээд л ойлгоход болно. Чи одоо надаас энэ тухай л асуугаад байгаа биз дээ.
– Тийм тийм. Энэ бас сайхан дурсамж. Баатар гэснээс Явуухулан гуайн тэрхүү алдартай ногоон номыг гэргий Адъяа эгч, Ядамбатын Баатар хоёр эмхтгэн гаргасан. Шүлгүүдэд нь их судалгаатай хандаж, бүх шүлгийн гарсан он сар, бичих болсон учир шалтгаан, анх хаана хэрхэн уншигдаж, олон түмэнд хүрсэн тухай маш нарийн судалгаа тайлбарыг оруулж өгсөнөөр хэзээ ч үнэ цэнэ ээ алдахгүй сайн бүтээл болсон. Баатар аль эрт Америк гараад явчихсан гэсэн. Тэр хүний тухай сураг ажиг байдаг уу?
– Баатар бол бас л надтай ах дүүсийн хүүхдүүд, бүл болох хүн. Явуу ахтай ч бас тийм садан төрөл. Аав Ядамбат нь манай аавын авга ах. Сая 2023 оны зургаан сард манай эхнэр Г.Батбаярын ангийнхан сургууль төгсөний 50 жилийн ойгоо хийлээ ш дээ. Тэгэхэд манай нутгийн Дийзгар ахын хүү доктор Баттогтох ирсэн юм билээ. Батбаяр, Баттогтох хоёр Сонгины бага сургуулийн нэг анги. Тэгэхэд Баттогтох хэлж байна гэж байна лээ. Баатар энэ зун Монголд ирсэн гэж. Баттогтох, Баатар хоёр их сургуулийн Монгол хэлний нэг ангийн оюутнууд гэсэн. Тэгээд мэддэг юм шиг байна лээ. Баатар чинь 1987 он билүү хэзээ билээ, нэг удаа манайд ирж хонож л байсан. Судалгаа хийгээд явж байгаа гэж байсан. Одоо Америкт л байгаа л юм шиг байна лээ. Манай Ядамбат ахынх олон хүүхэдтэй. Баатар л ах дүүс дундаасаа ганцаараа Монгол хэлний эрдэмтэн болсон байх.
– Явуухулан гуайн эхнэр Адъяа эгчийг хүн сайтай, маш сайн хүн байсан гэж та ярьдаг. Төрийн шагналт яруу найрагч С.Оюун гуай залуудаа Явуухулан гуайн хажуу өрөөнд сууж байсан юм билээ. Оюун гуай ярилцлага өгөхдөө Адъяа гуайг маш сайнаар дурсаж магтсан байсан. Олонд  дэлгэрээгүй Гэргий шүлгэнд нь та их дуртай.
Гэргий минь чамаас сайхан хүн алга.
Гэргий минь чамаас илүү сайн хүн алга …гээд Адъяа гуайн тухай та яривал юу ярих вэ?
– За ёстой манай Адъяа эгч шиг сайн хүнийг би л лав энэ орчлонд үзээгүй. Ёстой хүний мухар болсон хүн. Адъяа эгч чинь эмч хүн. Хүүхдийн эмч. Анагаахын дээдийн багш байсан хүн.
Манай ах Балжинням бид 2 цуг 1973 онд цэрэгт татагдаж Улаанбаатар хотод хуваарилагдаж албаа тэнд хаасан юм. Тэгээд би нэг удаа “невааль”-д гарчихсан байж байтал манай ангийн өмнө нэг 69 машин. Арай 69 биш юм аа. Одоо ямар ч гэмээр юмбэ дээ.”Гарын таван хуруу” киноны Шагдар нэг машаан унадаг ш дээ. Тэр шиг… 67 гэдэг машин ирээд зогслоо. Дотроос нь цагаан цувтай, дугуй хар малгайтай, хар шил зүүсэн нээх тохийсан өндөр хүн буугаад ирлээ шүү. Би Явуу ахыг ирнэ гэж санаа ч үгүй. Гэтэл ирээд манай нөгөө харуулаас асууж байна аа? “Хүү минь юм асуугаадахъя. Манай авга ахын хоёр хүүхэд энд алба хайж байгаа гэсэн. За байз би нэрийг нь сайн мэдэхгүй юм. Одоо тэр жижгийнхэн нэрийг бол сайн мэдэхгүй юм аа. Томыг нь лав Хөх гэдэг юм. Уг нь Балжинням л гэж байх ёстой. Завханаас ирсэн байх ёстой. Овгийг нь Жамъян л гэх ёстой доо…” гээд манай аавын нэрийг хэлээд байх юм. Лавшруулаад сайн харвал мөн. Явуу ах ирчихсан зогсож байна. Тэгэнгүүд би гуядчихгүй юу. Гуядаж /гүйж гэсэн утгатай. Сартуул хэллэг/ очоод л ангийн жижүүрийн ахлагчид хэллээ.
 “За ах бид хоёрыг хүн эргэж ирсэн байна. Тэгээд ах бид хоёрыг дуудаж уулзая гэнэ ээ” гэхгүй юу. Тэгсэн ангийн жижүүр ч нээх тоосон янзгүй байж байтал ангийн дарга түүгээр явж байснаа таарч над руу хараад “Чи сая юу гээд хэлчихэв” гэлээ. Би ч яахав тап гэж ёслоод л -Манай ах ирчихсан, ах бид хоёрыг уулзая гээд байна аа” гэлээ.
 -“Ахын нь чинь нэрийг хэн гэдэг юм бэ” гэж байна, ангийн дарга. Тэгэхээр нь би Явуухулан л гэлээ. Тэгсэн ангийн дарга над руу нэг том харсан аа. “Арай зохиолч Явуухулан гэж чи буудах гэж байгаа биш биз” гэж байна. -“Яг тийм” л гээд аваад хаячихав. Тэгсэн ангийн дарга гадаа гарч харсанаа “Нээрэн Яруу найрагч Явуухулан гуай зогсож байна. Түргэн оруул” тушаалаа. Ингээд ангийн хашаанд Явуу ах ороод ирлээ. Явуу ах бид хоёртой уулзаад “За та хоёр наанаа зогсож бай. Ах нь чөлөө аваадахъя” гээд орчихлаа.
  Удсангүй ч үгүй 24 цагийн чөлөө авчихсан. “За та хоёр одоо манайд очно оо” гээд нөгөө машиндаа суулгаад аваад явав. Явуу ахынх тэгэхэд Улсын их дэлгүүрийн өмнөх урагшаа харсан П үсэг шиг байранд байсан юм. Тэнд ирлээ. Тэгээд ах бид хоёр Явуу ахынд хонох болов. Бид хоёр гэж, хоёр муухай хөдөөний юу ч мэдэхгүй, шинэ цэргүүд л байхгүй юу! Тэгэхэд Адъяа эгч янз янзын сайхан хоол хийж өгөөд л, бид хоёрын хувцас хунарыг угааж өгөөд л. Явахад захын даавууг минь өөрийн гараараа хадаж өгөөд л, хувцасуудыг бүгдийг индүүдэж, хармаанд маань нэлээн хэдэн төгрөг хийж өгч байлаа. Тийм л сайхан ааштай, сайн хүн байсан юм. Явуу ахын шүлэг, зохиолоо бичдэг өрөө гэж тусдаа нэг өрөөтэй. Түүн лүү нь орвол архины шилнүүд гэж дэлгүүрийн лангуу шиг өрөөтэй. Ёроолд нь дөрвөн хуруу, хоёр хуруу орчим архи үлдээчихсэн, тийм л байсан юм. Явуухулан ах чинь шүлгийг тэгж бүтнээр нь нэг доор бичдэггүй ш дээ. Тэр зохиол бичдэг өрөө руугаа орж нэг хоёр мөр биччихээд л гараад ирнэ. Тэгэхдээ бага зэрэг халамцуу болчихсан. Тэгж л бичдэг хүн байсан юм. Өрөө руу нь орохоор уурлаж уцаарлана гэж огт байхгүй. Бичиж байгаа байгаа байдлыг нь харахаар нээх сонин таталзсан хорхой шиг бичигтэй. Бас сонин бичигтэй хүн байсан ш дээ. Явуу ах ч тэр, Адъяа эгч ч тэр ер уур унтуу байхгүй сайхан хүмүүс байсан юм. Ахыг согтуу байхад Адъяа зүгээр л инээд алдаад сууж байдаг тийм амгалан тайван хүн байсан. Сүүлд манай дунд хүү Энхтөр Адъяа эгчийнд байж сургуульдаа сурсан. Тэгэхэд тэр байрандаа л байсан гэсэн.
– Тэр байр бол их дэлгүүрийн өмнөх 62-р байрын 2-р орц 4-н давхар-ын 4 өрөө. Морь шүлгэндээ ч бичсэн байдаг.
Донойн хөндий шиг зайтай Дөрвөн өрөө байрандаа
Дотны сайхан хань минь үр хүүхдүүдтэй бужигнаад… гэж. Сүүлд тэр байраа зараад 25-р эмийн сангийн тэнд байранд орчихсан их л ядруухан байна гэсэн нэг мэдээлэл сонин хэвлэлээр гараад л байсан. Тухайлбал 2008-5-2-нд Гого.мн дээр Батцэцэг гэдэг сурвалжлагч их том сурвалжлага гаргасан. Та энэ тухай мэдэх үү?
– Би хол байсан болохоор сайн мэдэхгүй. Лав л Амараа нь юм уу, Энхээ ч юм уу, архичин болсон юм гэнэ лээ л гэж сонссон.
-Амараа л байх. Энхээ бол UBS ТВ-д бүх насаараа ажилласан. Д.Оюунтүлхүүрийн дуулдаг ”Хирошимагийн цаасан шувуу”, УГЖ Дашням гуайн дуулдаг ”Бөмбөг дэлбэрвэл аюултай” гэх мэт олон дуу бичсэн мундаг хүн байсан. Сүүлд харваад бараг ээжээсээ өмнө өнгөрсөн дуулдсан. Явуухулан гуай чинь Амараадаа их хайртай “Африкаас авсан алаг бөмбөг аваачиж өгөх хүн нь аавын хайртай Амар” гэх шүлэг хүртэл бий.
-Тэгвэл Амараа л юм байна л даа. Манай Энхтөрийг тэднийд байхад Адъяа эгчид янз бүрийн газраас, янз бүрийн арга хэмжээний урилга байнга ирдэг. Тэгээд заримдаа Адъяа эгч Энхтөрийг дагуулаад явдаг байсан гэсэн. Тэгэхэд нэг архичин хүүхэд нь бүр гудманд гарчихсан, гэртээ ирээд ээжийгээ алчих гээд байсан тухай манай хүү ярьдаг байсан. Томчуудаас Самбуу даргын нэг хүүхэд, манай Явуу ахын нэг хүүхэд, тийм хоёр хүүхэд гудамжны архичин болсон юм гэнэ л гэж бүгд ярилцдаг даа. Явуу ахын ач нараас одоо ер байдаг юм уу мэдэхгүй байна. Бидэнтэй л холбоо байхгүй. Энхээгийн эхнэр Америк гарчихсан. Амараагийн авгай Чех гарчихсан л юм гэсэн. Чухам одоо ирсэн юм уу бүү мэд. Энхээ гурван хүүхэдтэй, Амараа хоёр хүүхэдтэй л байх ёстой. Сүүлд нь бас зарим нэг нь нас барсан л дуулдсан. Адъяа эгчийн нас барахад манай хотод байгаа ах Балжинням, дүү Шижээ нар очсон, оршуулга энэ тэрд нь оролцсон л гэсэн. Намайг чи хол байгаа юм чинь наанаа л сайн буян хий л гэсэн. Би энд буян номыг нь хийгээд л өнгөрсөн. Адъяа эгч чинь өнгөрөөд одоо бас олон жил болж байна аа.
– Өөрөөс чинь сайхан хүн алга
Өрөөлтэй жишихийн ч хэрэг алга
Өөрийг чинь олсон би азтай…мэтээр Явуухулан гуай Гэргий шүлгэндээ бичсэн байдаг. Үнэхээр Их найрагчийн төлөө, тэр амьдралыг авч явсан хүн байж дээ. Та тэгээд цэрэгт байхдаа Явуу ахындаа нэг л очсон юм уу?
– Үгүй яалаа гэж. Зөндөө олон очсон. Тэгээд каринтинаас буухад манай Жаа ах /Бид Балжинням ахыгаа тэгж авгайладаг юм/ чинь шууд улираад Коссудаалийн /госпиталь / эвлэлийн үүрийн дарга болчихгүй юу. Тэгээд байнга л чөлөө аваад л Явуу ахынд очино. Сүүлдээ би өөрөө чөлөө аваад бас очно. Улсын их дэлгүүрийн өмнөх зам гараад л гүйгээд орчихдаг. Хэзээ ч орсон Явуу ах, Адъяа эгч хоёр тээршаана гэж огт байхгүй. Тэгээд ус цасанд орж байх хооронд Адъяа эгч хамаг хувцас хунарыг угааж өгөөд л, онгорхой цоорхойг нь нөхөж өгдөг. Өөрөө эмч хүн болоод ч тэр юм уу их ч цэвэрч, гоё хүн байлаа. Адъяа эгч хэзээ ч орсон мөнгө өгнө. Гоё гоё хоол хийж өгнө. Миний муу эгч ёстой мундаг хүн байлаа. Явуу ах болохоор миний муу авга ах үхчихсан юм чинь энэ хоёр хүүхдийг нь би л харж хандаж, анхаарал тавихгүй бол өөр хэн харах вэ гээд л, байж байгаад л чөлөө авах гээд өөрөө манай анги дээр хүрээд ирдэг.Тэгээд ирэхэд нь манай ангийн дарга нар хүлээн аваад дайлж цайлаад л явуулдаг. Ах ч шүлэг зохиолоо уншдаг. Ингээд явахад нь манай ангийн дарга нар зөндөө бэлэг сэлт өгдөг. Тийм л байлаа. Намайг Явуу ах “Энэ Дашбал аавтайгаа даанч адилхан аа! Толгой дээр нь ур байхгүй юм. Толгой дээр нь том ур гарчих юм бол яг Лам ах шүү” л гэдэг байсан юм. Одоо би тийм л аавтайгаа адилхан харагддаг байсан юм байлгүй. Сүүлдээ Явуу ах үглэнэ ээ. “За та хоёр ингэж хотод гадуур дотуур тэнэж мэнэж явж байгаад хэрэг төвөгт битгий орчихоорой! Энэ Балжинням улирчихлаа.Та хоёр хоёулаа улирч болохгүй шүү. Дашбал чи нутаг буцахгүй бол болохгүй шүү. Тэнд нөгөө муу Өнхүү ээж минь ганцаараа хэцүүднэ” гээд байдаг байсан. Би цэрэгт байхдаа Хандгайтад цанаар гулгадаг. Алдар нийгэмлэг, Хужирбулангийн зэвсэгийн 015-р анги хоёрын хооронд байдаг. Өвөлдөө бол байнгийн цанын бэлтгэлд гардаг. Би чинь тэнд цанын спортын дэд мастер хийгээд л, армийн уулын оргилын аварга, маварга болоод галзуурч явсан хүн байхгүй юу! Тэгээд Алдар нийгэмлэг намайг тамирчнаар авчихгүй юу. Тэгэхээр ангидаа ч очихгүй хаяа л нэг үзэгдэнэ. Гэхдээ би ангидаа бол ариун цэврийн зааварлагч гэх бас нэг сэтэртэй ээ. Тэгэхээр чинь хаяа нэг ангидаа очиж ариун цэврийн шалгалт явуулдаг лут амьтан байлаа ш дээ хэхэ. Тийм болохоор гадуур их явж Явуу ахынд байнга очдог байсан юм. Нэг удаа Хандгайтад бэлтгэлд гарчихсан байж байтал, оймс муутай хөл даараад болдоггүй. Тэгээд би Явуу ахад хэллээ. Дүүгийнх нь хөл даараад болдоггүй та тавын оймс олж өгөөч гэв! Тэр үед чинь таван төгрөгний оймс гэж нэг тийм зузаан оймс байсан юм. Түүнийг л олоод өгөөч гэж байгаа юм. Гэтэл Явуу ах “За ах нь Бүүвэй Аниатай чинь уулзаад дүүдээ нэг сайхан оймс хийгээд өг гэж хэлье. Одоо хоёулаа тийшээ очоодохъё” гэлээ. Тэгээд дагуулаад явлаа. Тэр нь бас манай л хамаатан хөгшин байсан. Тэгсэн чинь Пэрэнлэй гээд тэдний хүүхдүүд тэр үед одоо хивсний үйлдвэрт ч юм уу мэдэхгүй ээ, адяааль /одеяло/ хийдэг газар ажилладаг байсан юм шиг байна лээ. Явуу ах намайг танилцуулаад “Энэ манай Лам Ахын хүүхэд байгаа юм. Тамирчин юм л даа. Цанын тэмцээнд ороод хөл гар нь хөлдчих гээд байна. Та тэр адяаалийн өөдсөөр хоёр сайхан зузаан оймс хийгээд өг” гэлээ. Тэгээд надад бүр өвдөгнөөс дээгүүр татсан зузаан хоёр гоё оймс хийж өгөөд. Би тэрийг нь өмсөөд гулгахаар бусад тамирчид харж гайхаад л энэ хаана үйлдвэрлэсэн, ямар оймс вэ? хаана зардаг юм бэ” гэж асууна. Их гоё оймстой амьтан л гулгаад л, тэр олон тамирчдын атаархлыг төрүүлж онгирч явлаа ш дээ. Тэгээд цэргээс халагдах болсон чинь Явуу ах 14 төгрөгний үнэтэй тэр үедээ их ховор саарал даавуу аваад хадгалчихсан. “Бүүвэй Аниа дээр чинь очья чамд тэрлэг хийлгэнэ” гээд нөгөө хөгшин дээр дагуулж очдог юм аа. Тэгээд “Энэ муу хүүд та энэ даавуугаар дээл хийж өг та. Нөгөө муу Лам ах өнгөрчихсөн болохоор энэ муу хүүг биднээс өөр харж хандах хүн байх биш. Цэрэг халагдаад нутаг руу буцахад хүн болгон энгийн хувцастай буцдаг болсон цаг. Энүүнд чааваас биднээс өөр хүн байх биш. Хүнээс доор оруулчихгүй л буцаах юм сан” гэхчилэн яриад байсан. Би ч дуугүй л хараад сууж байна ш дээ. Тэгээд хэд хоноод би нөгөө Бүүвэй хөгшин дээр гуядаад очив. Тэгсэн нөгөө хөгшин дээлийг минь хийчихсэн, тэр нь надад гоё таарсан. Тэр үед юм ховор болохоор шар дурдан бүс олдохгүй. Гэтэл Явуу ах бас овоо хөөрхөн урт өргөн нээх сайхан дурдан бүс бэлдээд тавьчихаж. Би чинь цэргээс халагдахдаа үнэтэй саарал даавуун дээлтэй, том шар дурдан бүстэй. Бас Явуу ах нэг сийрсэн шляпин малгай аваад өгчихсан ганган амьтан халагдаж байлаа ш дээ. Тэгээд Ганцын давааны өмнө ирээд цэрэг хувцсаа тайлж нөгөө дээл малгайгаа чемоданаасаа гаргаж өмсөж аваад л…Тэгэхэд манай аймгийн дарга нарын хүүхдүүд Авгаансодов даргын хүү Эрдэнэхуяг, Бэгзсүрэн даргын хүү Баасанжаргал эд нар зүгээр цэрэг хувцастайгаа бууж байхад би тасархай ганган, ойгүй онгироо амьтан бууж байлаа ш дээ. Би цэрэгт байхдаа цэргүүдийн гутлыг яргалж өгдөг. Дотоод цэргийн бахиалын түрүүг нь индүүдэж тослоод, гадаад хром шиг болгодог байсан юм. Орос цэргээс орос цэргийн бахиал аваад нээх урт түрүү залгаж индүүдэж, индүүдэж яг хром шиг болгосон гуталтай ёстой тахал цэрэг аймагт буусан байхгүй юу.
– Авгаансодов дарга гэснээс Та чинь 1973 он цэрэгт яваад 1976 онд цэргээс халагдсан. Тэр үед Завхан аймгийн АДХГЗ-н даргаар Авгаансодов, Намын даргаар Бэгзсүрэн хоёр ажиллаж байсан. Тэр хоёр даргын үед юм уу? Хэзээ ч юм бэ бүү мэд! Аймгийн нэг удаагийн ойгоор Явуухулан гуайд урилга өгөөгүйд гомдож.
Миний нутагт суугаа.
Хүний нутгийн хүндэт дарга нарт… гэсэн урт шүлэг бичсэн гэж яригддаг ш дээ. Та энэ шүлгийг мэдэх уу?
—Авгаансодовыг мэдэхгүй Бэгзсүрэн дарга бол Завханы хүн байх. Тэр чинь аймгийн ойд биш Алдархаан сумын ойд уриагүйд тийм шүлэг бичсэн юм гэсэн. Тэр үеэд чинь Алдархааны сум нэгдлийн даргаар Төв аймгаас гаралтай Жанчив гэж хүн байсан юм. Халзан Жанчив л гэдэг байсан даа. Намын дарга нь Далхжав гуай байсан. Тэд л Алдархааны ойгоор урилга өгөөгүй юм уу. Урилга нь аваачиж өгөх хүн нь өгч амжаагүй юм уу! мэдэхгүй. Лав л урилга очоогүй юм гэсэн. Тэгэхэд л тийм нэг шүлэг бичсэн юм гэнэ лээ. Тэр шүлэг чинь олонд л ам дамжиж, домог шиг тархсан болохоос биш хэвлэгдэж барьсан юм байхгүй байх аа! Тийм болохоор ах нь яаж мэдэхэв. Зүгээр тэр эхний хоёр мөрийг л мэднэ.
– Их найрагчийн төрсөн газар Тасархайн бууц нь дээр яруу найргийн баяр хийгээд байх шиг байх юм. Саяхан 2019 онд 90 жилийг ойгоор нь их том баяр наадам хийлээ. Завхан аймгийн утга зохиолын нэгдлийн эрхлэгч Б.Баяржавхлан гэдэг хүүхний сонинд өгсөн ярилцлагаас харахад их л өндөр дүн бантай, төсөв мөнгөтэй баяр хийдэг бололтой юм билээ. Явуу найрагчийн ах дүү гээд та нарыг урьдаг уу? Та тэр баярт оролцож байв уу?
– Урилга энэ тэр ирж байгаагүй ээ! Намайг Явуухулангийн төрөл гэж хүн амьтан мэдэх биш.Тэр 2019 оны баярт бид гэр бүлээрээ очсон. Гэхдээ наана нь өөрийн аавын өвөлжөө Шовход л лам аваачиж ном уншуулсанаас өөрөөр тэгж баяр наадамд оролцоогүй. Тасархайн бууц, Хүүшийн өвөлжөөн дээр том баяр наадам болж хотоос баахан зохиолч, яруу найрагчид ирчихсан хүн машааны зуд болж байна л гэж манай хүүхдүүд ярьсан ш дээ. Цаашаа баярт бол манай хүргэн Чулуунзагд охин Энхмаа, манай хүү Энхтөр эд л оролцсон .
– Жаа ах гээд байгаа тэр Ж.Балжинням ах чинь шүлэг зохиол бичдэг, бүр ном хүртэл гаргасан хүн байна лээ ш дээ. Тэр хүнийг ядахдаа уриад шүлгийг нь тэр Тасархайн Бууц дээр нь уншуулчихдаггүй юм уу !
– Энэ талаар сайн мэдэхгүй байна. Лав л бидэнд Явуухулангийн төрөл, хойч үе нь тэр энэ гэж урилга ирээгүй. Явуу ахын чинь тэр хайртай ээж нь болох манай ээж Б.Сүрэнхүү 2005 онд нас барсан ш дээ. Тэр үед ийм юм хийдэггүй байсан юм уу, бүү мэд ээжид лав урилга ирж байгаагүй гэдэг.
  -Явуу, Явуу л гээд тэр их хүний нэр төрийг ашиглаж шоу хийгээд байхаас биш,судалгаа огт алга. Явуухулан судлал гэж огт хөгжихгүй байна. Төрсөн ээж биш юм аа гэхэд өсгөж гарын ганзаганд, хөлийн дөрөөнд хүргэсэн эрхэм хүн нь, хорвоод хамгийн хайртай Өнхүү ээж минь гэж суу билигт Явуу өөрөө хайрлаж явсан хүнийг нь огт мэддэггүй. Манай Завханы ч дээ…!
Эжий минь би маргааш явлаа… гэдэг шүлэг бол зохиогдсон цаг хугацаа, хэлж буй өгүүлэмж, дүрслэл энэ тэр нь бол яг өсгөсөн ээж Өнхүүдээ зориулсан нь харагддаг.
Маргааш явлаа
Эжий минь
Маргааш явлаа
Манхан талын
Тэртээ руу
Магад таны хүрээгүй
Холын холд
Хүү нь явлаа…энэ бол яг өссөн гэрээсээ Явуухулан найрагч хот руу сургууль соёлын мөр хөөхөөр мордож буй үеийг дүрсэлсэн шүлэг. Тэгэхээр Өнхүү ээж нь л тэгж бүртийн зогсож байж таараа…
  – Явуу ахыг хот руу сургуульд явахад өөрийн аав ээж хоёр нь хоёулаа бурхан болчихсан байсан. Явуу ах манай аавыг Лам ах гэж дууддаг мөртөө манай ээжийг болохоор Өнхүү ээж гэнэ, ихэнх тохиолдолд зүгээр эжий л гэдэг байлаа. Ер нь бол урьд чинь одоо Явуу ахыг Монголын радио, телевизээр л ярьдаг байсан болохоос биш орон нутаг аймагт ингэж их ярьдаггүй л байсан ш дээ. Одоо л Б.Явуухулан, П.Адарсүрэн гэх хоёр хүнийг яриад, аймгийн төвийн орон сууцны хананд зураг, хөргийг нь зурж тавиад л Завханы брэнд гэдэг болж.
– За танд их баярлалаа. Ах эгчдээ сайн сайхныг ерөөе! Цагтаа ёстой сайхан залуус явсаныг би мэднэ. Хүн амьтны нүдийг хужирлаж явсан сайхан хос байлаа та хоёр минь. Сумын урлаг, уран сайханд явдаг, дуулж хуурддаг, биеийн тамирын тэмцээнд олон ч удаа Сонгино сумыг төлөөлөн оролцож явсан гал цогтой залуус байв. Манай Дашбал ах юм юманд авъяастай, шаламгай дайчин, хурдан түргэн гартай, таныг сумын бой мал нядалгаанд ямар ч хүн гүйцдэггүй сэн. Мөн ч олон жил уралдаанд түрүүлж, Сээгий малгай, бор эсгийгээр шагнуулж явсан даа. Одоо л хөгширч олны нүднээс хол, даруухан амьдрах болсон болохоос биш. Урт удаан наслахыг ерөөж,аз жаргал хүсье.
-За баярлалаа.Бүгдэнд нь аз жаргал, сайн сайхныг хүсэн ерөөе.
Ийнхүү бид олон цаг ярилцсан юм. Энэхүү хөөрөлдөөнд орлуулж чадаагүй их яриа цаана нь үлдлээ. Дахин ч ярилцлага болгон тавьж болмооор. Гэхдээ энэ удаа үүгээр өндөрлөе.
Нэмэлт болгон төгсгөлд нь хэдэн зүйл хэлэхэд
Энэ ярилцлаганд багтаагүй нэг сэдэв бол Явуухулан гуайн нэр юм. Явуухулан гуайг төрөхөд аав, ээж нь нэрийг нь бодоод олчихсон, бэлдчихсан байсан боловч. “Нутгийн хутагт Адарсүрэн маарамба хүүгийн заяа төөргийг зурж үзээд хожмоо том хүмүүн болно гэж айлдах ялдамд хар цагаан хэл ам, чөтгөр шулмын хорлолоос зайцуулах Монгол домын арга хэрэглэж Эвийхалаг гэсэн нэр өгчээ. Түүнчлэн таван нас хүртэл нь буруу энгэртэй тэрлэг өмсгөж, даахийг нь үргээх хүртэл охин мэт гэзэг тавьж сүлжиж байхыг зөвлөсөн байдаг. Хий насаа нэмсэн тавтай, одоогийнхоор бол дөрвөн насандаа сэвлэгээ үргээлгэснээс хойш тохиолдлоор шахуу, Улиастай хотод суурьшиж байсан орос худалдаачин айлын өрхийн тэргүүн Иван, гэрийн эзэгтэй Галина хоёрын хамтатгасан алдраар нэрлүүлэх болсон нь ярианы хэлэнд Иванкалан болон хувирчээ.
Хатанбаатар Магсаржавын цэрэгт алба хааж явсан, анчин эцэг Бэгзээрээ хуучин монгол бичиг заалган улмаар аймгийн төв – Улиастай хотын анхны шинэ үсгийн дугуйланд суралцаж, эрдэм номын анхны түлхүүрийг атгасан Иванкалан хүү 1944 онд Санхүү, эдийн засгийн техникумд суралцахаар Улаанбаатарын зүг мордлоо. Тухайн үед түүний бичсэн “Ээждээ”, “Хадлан” зэрэг анхны шүлгүүд нь төвийн хэвлэлд Иванкалан гэсэн нэрээр гарч байсан учир энэ. Тэрбээр 1954 онд Москва хотноо М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуульд суралцахаар явахдаа монгол хүн орос нэртэй байх ёсгүй гэж үзээд нэрээ өөрчилж Явуухулан болгосон намтартай” гэж Б.Ерэнтэй сэтгүүлч бичсэн нь бий.
“…Явуу минь өөрийнхөө нэрийн тухай тайлбар хийсэн байдаг л даа. Тэнд бичсэнээр бол Завхан нутгийн Адарсүрэн хувилгаан «Эвий халаг» хэмээх нэр хайрлажээ. «Эвий халаг» гэснийг орос худалдаачин «Иванкалан» гэж сонсож дуудсан юм гэдэг. Энэ нэрэнд эцэг эх нь бэлгэшээжээ. «Ээждээ», «Хадлан» зэрэг анхны бүтээлээ Иванкалан нэрээр хэвлүүлсэн байдаг. Хожим Иванкалан гэснээ Явуухулан болгож, эл нэрээр нийтэд танил болсон юм. Мөн “Скрипч хvv” шүлгээ Иванкалан нэрээр хэвлүүлж байжээ
Гэргий Ж.Адъяатай ярилцсан сурвалжлагч Л. Гомбожавын тэмдэглэлээс. “Нийслэлийн сонин бичиг-ээс” гэсэн бас нэгэн мэдээлэл байх.
Явуухулан гуайг төрөхөд аав, ээж нь нэр бэлдчихсан байсан гэсний учир бол. МЗЭ-ийн шагналт яруу найрагч Бороохойн Батхүү ах “Явуу цагаан эрдэнэ” гэсэн нарийн судалгаатай маш сайн найраглал бичсэн. Аав ээжийн бэлдсэн нэр нь Явуу+хулан тэр нэрийг нь их найрагч өөрөө мэдэж байсан учраас хожим нь нэрээ солихдоо тэр нэрээ л авсан юм гэж! Батхүү найрагч Бэгз гуайтай ойр дотно явсан нутгийн хүмүүстэй нь олон удаа уулзсан ,олон жил судалсан хүний хувьд өөрийн хийсэн судалгаан дээр үндэслэж ийн нотолсон байдаг. Явуу нэртэй хүн Завхан нутагт маш их. Явуугийн ээж жирэмсэн байхдаа аргал түүж яваад хээрээс цагаан явуу олоод ихэд билэгшээж гарах хүүхэддээ Явуу нэр өгөх тухай ярьж байж. Гэтэл аав нь бас өөрөө анч хүн учраас Баян хангайг хишгийг их хүртлээ хүү ч гарсан, охин ч төрсөн хүүхэддээ Хулан гэж нэр өгнө өө гэж байж. Гэтэл хүү ч төрж тэгээд ээж, аав хоёр нь нөгөө хоёр нэрээ нийлүүлж Явуухулан гэж нэрлэсэн юм гэсэн утгатай зүйл Яруу найрагч Б.Батхүү “Явуу цагаан эрдэнэ” найраглалдаа бичсэн байдаг. Үүнийг нь Төрийн шагналт зохиолч Зундуйн Доржоос өгсүүлээд олон хүн дэмжсэн. Дашбал ахын ээж Сүрэнхүү Өнхүү гуай болохоор Эвийхалаг, Иванкалан хоёрын яг дундуур Яваанкалан гэж өсгөсөн хүүгээ дууддаг байсан юм билээ. Ямар ч л гэсэн Адарсүрэн маарамба гэх алдартай маарамба, Завхан нутгийн нэрийн хуудас брэнд болоод байгаа Яруу найрагч Б.Явуухулан, дуучин Д.Адарсүрэн хоёрын нэрийг нь хайрлаж, хожмийн амьдралын зам зурлагийн гаргаж өгсөн нь одоо үнэн болж байна.
Бас нэгэн зүйл.
Явуухулан найрагчийн зохиол бүтээлийн хөндөгдөөгүй нэг өнцөг бол гүн ухаан философи, Бурханы шашны талаархи ойлголт юм. Энэ талаархи миний ойлголт бол:
Жарь далаад онуудад Монголын уран зохиол, Яруу найргийн толгойд хоёр том яруу найрагч тодрон гарч манлайлах болж. Тэр үед Завхан аймгийн төв Улиастайн 10 жилийн дунд сургуулийн монгол хэл, уран зохиол багш Самдан гэж хүн байж. Тэр багш утга зохиолын дугуйлан ажиллуулж Завхан нутгаас олон яруу найрагч зохиолчдыг төрүүлж гаргахад хувь нэмрээ оруулсан мундаг хүн байж л дээ. Самдан багш нэг удаа Дэндэвийн Пүрэвдорж бол Бөөгийн суурьтай яруу найрагч, Бэгзийн Явуухулан болон Бурхан Шашны суурьтай яруу найрагч гэж хэлээд асуудалд орж байсан гэдэг. Гэвч энэ хэллэг нь үлдэж.
Пүрэвдорж гуай хурц дайчин үгтэй учраас тэр байх л даа. Явуухулан гуай бол арай зөөлөн хэллэг ашигладаг учраас тэр биз. Явуухулан судлал огт хөгжихгүй байгаа учраас Явуу найрагчийн зохиол бүтээлийг нь нарийн задлан шинжилсэн, намтар, амьдралыг судлаж байгаа зүйл огт алга. Өнөөдөр эргээд харахад Явуухулан гуай хэдийгээр бурхан шашин тас хориотой коммунист нийгэмд амьдарч, бүтээлээ туурвиж байсан. Мөн өөрөө намын дарга коммунист мөн нийгмийг коммунизмд уриалан дуудаг хүн байсан ч монгол ахуйд өссөн, монгол ахуйг сайн мэддэг. Өөрөө бол монгол ахуйгаар сэтгэж зохиол бүтээлээ туурвидаг хүн байж. Бурханы сургааль, номлол нь монгол нүүдэлчин ахуй, соёлтой гүн гүнзгий сүлэлдэж,нягт холбогдсон учраас нүүдэлчин монгол ахуйд өссөн хүн бол бурхан сургаальтай холбогдох нь зүй юм.
“Б.Явуухулан бол яруу найргийн их хувьсгагч. Тэрээр намчсан, улстөржсөн байдлаас Монголын уран зохиолыг аварсан юм. Түүнийг дагаж монгол хайр, монгол сэтгэл, монгол дур зорго яруу найрагт орж ирсэн. Тэр бас Өрнө, Дорнын гэгээн зааг дээр төрсөн их найрагч. Чингэхдээ аль алиныг нь хохироогоогүйгээс гадна аль амттайг нь түүж чуулсан” гэж бичсэн нь бий. /зохиогчийн нь санадаггүй ээ/ Бурханы шашныг гутаах, лам нарын зүйл бүрээр доромжлон муучлах нь тухайн цагийн үеийн Монголын утга зохиолын нэн тэргүүний зорилт байсан үед Явуу найрагч нэг ч удаа бурхан шашныг болон лам нарыг муулчилсан шүлэг, найраг бичээгүй. Энэ эс үйлдлэлээрээ бурханы шашныг дэмжиж байсан нь харагддаг. Тэгээд ч зарим зохиол бүтээлдээ бурханы философиийг шигтгээ болгоод оруулчихсан байдаг. 1977 онд бичсэн алдарт “Дэлхий” найраглалд нь гардаг.
…Бүрэнхий сансрын цэнхэр нүд
Бүхий л амьтан үдлэх үд
Ирэх буцахын ээлжлэх цэг
Энэ бол манай дэлхий…. “Бүрэнхий сансрын цэнхэр нүд, Бүх л амьтан үдлэх үд” гэдэг нь яах аргагүй Бурхан Буддагийн философи л доо. Үүнийг л тэр хатуу цагт улаан цайм шүлгэндээ оруулчихсан л байгаа юм. Бурханы сургаалийн бас нэгэн агуу энэрэнгүй тал нь бусдын төлөө сэтгэлээ зориулах,бусдын ач тусд үргэлж талархаж байх учиртай. Ялангуяа ээж,аавын ач тусыг ойлгож өөрийн бие сэтгэлээрээ бүрэн мэдрэх чухлыг номолдог Энэ тухай Явуухулан найрагч зохиол бүтээлдээ их бичсэн. Бидний мэдэх нэгэн алдартай дуунд.
Анх удаа аа Алхаж байгаа хүүгээ ээж нь
Ар өврөөс нь дэмжихийг үзээд
Ай хө
Ээжийг би зүйрлэнхэн санадаг даа … гэдэг дээ
Амар
Амар гэдэг нэртэй хөөрхөн хүүтэй болоод
Аргалчин ээжийнхээ ачийг эргэж нэг дурсав
Аргалчин ээжийнхээ ачийг эргэж нэг дурсахдаа
Тэртээ уулын бэлээс үүрэн ирдэг байсан.
Тэмээн тэнгийн арагт нь дарагдах шиг болов
Амар гэдэг нэртэй хөөрхөн хүүтэй болоод
Анчин аавынхаа ачийг эргэж нэг дурсав
Анчин аавынхаа ачийг эргэж нэг дурсахдаа
Хүйтэн асганы ёроолд дэвсэн хэвтдэг байсан
Хөлстэй нимгэн тохомд нь хайрагдах шиг болов… Энэ Шүлэг л гэхэд тэр чигээрээ коммунист суртал ухуулаг, пропаганда-аас огт өөр харин ч бурханы шашны номлол философийг яг баримтлан бичсэн нь төвөггүй харагдана. Ортодокс коммунист тулгалтай, моно ойлголтой нийгэмд рациональ хандлагатай байж, өөрөөр сэтгэнэ гэдэг ямар ч бололцоогүй зүйл байсныг өнөөгийн хүмүүс ойлгоход жаахан бэрхтэй л дээ. Креатив хүн хаана ч ямар ч нийгэмд бүтээлч байдгийн үлгэр жишээг Явуухулан найрагч харуулдаг. Иймэрхүү гүн ухааны зохиол бүтээл Явуухулан найрагчид зөндөө бий.
Сайхан бүсгүйн хөл
Гаслангуйн модонд хүрэхэд
Салаа мөчир бүхэн нь
Цэцэглэж жимслэн гэсэн
Эртний нэгэн шүлгийн
Гайхам нэг санаа
Энэ яваа насанд
Нэгийн надад шивнэсэн… гэсэн Явуухулангийн” Монгол шүлэг” найраглалын эдгээр мөрүүд нь Монгол Данжуурын 202 дугаар бодит байдаг юм гэсэн. Энэ бүтээл л гэхэд 1979 онд бичсэн шүлэг. 1956 онд бичсэн ”Бугын жимээр” мөн түүнчлэн ”Реквием”, ”Миний Аршин” “Найзын дурсгалд” гэх бүтээлүүд бүхэлдээ бурханы гүн ухаан философи дээр суурилсан байх.
<Төрсний эцэст үхнэ гэдэг
Амьтны ёс оо!
Төрсөн нутгаа орхино гэдэг
Амаргүй даваа!
Ан амьтанд тохиолдож буй тэрхүү эх нутгаасаа хагацан салж буй хэцүү даваа хэзээ нэгэн цагт анчин эрд ч бас тохиолдоно. Хүн болоод амьтан аль нь ч эх нутгаасаа хэзээ ч үл тасрах гүн нарийн учгаар холбогдсон байх оршихуйн гүн ухааныг төрсний эцэст үхэх ертөнцийн жам хуулиас илүү дээгүүр тавьж, эцсийн зогсоол дээрээс өнгөрүүлсэн амьдралаа нэгэнтээ эргэцүүлэн үзэж дурсаж буй янгирын тэр мөчлөг хэнд ч тохиолдох жамтайг үр хүүхэддээ өвлөн ухааруулж, сэтгэл зүйг нь бэлтгэх нүүдэлчин ухаан тасралтгүй үргэлжилэх ажаам. Жам ёс өнгөрсөн, эдүгээ, ирээдүйн гурвалжин холбоонд хэлхэгдэн үргэлжилнэ” гэж Г.Мэнд-Ооёо гуайн бичсэн нь миний энд гаргах гээд байгаа санааг бүрэн илэрхийлж байна.
Ер бусын тансаг уянгалаг болоод эрчимлэг хэмнэлтэй аялгуу нь гүн ухаан философитай найрсан, сүлжилдэн байх нь Явуухулан найрагчийн онцлог. Энэ нь Монгол хүмүүсийн сэтгэлийн чавхдасыг хөндөж, дотоод сэтгэлд минь нуугдан байдаг, хэзээ мөдгүй илэрхийлчихмээр байсан тэр л мэдрэмжийг зураглаж чадсан байнам.Үүгээрээ тэрбээр аль ч цаг үеэд үнэ цэнээ алдалгүй орших Монголын сонгодог уран зохиолч яах аргагүй мөн болой.
Монгол ахуй, соёл, зан заншлын нандин эрхэмсэг хийгээд нууцлаг чанд олон зүйлсийн цаад мөн чанар, Монгол хүний дотоод мэдрэмж, уярал, бодрол, санаашрал, уйтгар гуниг, баяр баясгаланг анх илэрхийлж чадсанаараа Дорны агуу найрагч гэсэн алдрыг зүй ёсоор хүртсэн биз ээ.
“Тавиад оны сүүлчээр Бэгзийн Явуухулан (1929-1982) өмнө зонхилж байсан толгой холбон хуурай шүлэглэдэг, ил цагаан, мэдрэмжгүй зохиомжийг эрс өөрчилсөн шинэтгэгч юм. 1950, 60-аад он бол Монголын оюун санаа болоод нийгэм эдийн засгийн сэргэн мандалтын үе учраас уран зохиолын хөгжилд шинэчлэл авчирч чаджээ. Түүний гол шинэчлэл нь шүлгийн дотоодод явагдсан гоо сайхны мэдрэмжийн хөдөлгөөнт чанар мөн. Өрнө, дорнын урансайхны сэтгэлгээг “өөрийншүүлж” яруу сайхны эмзэг, цочролт, тунгалаг өнгийг сэтгэлийн уянгат эгшигээр нээж чадсанд оршино> гэж Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч До.Цэнджав “Оpen door” сонинд бичсэн нь бий.
Орчуулагч Ж.Нэргүй Владимир Высоцкийн шүлгийг монгол хэл руу буулгахдаа Б.Явуухулан, Д.Нямсүрэнгийн шүлгийг гадаад хэл руу орчуулах шиг хэцүү байсан тухай өгүүлсэн байдаг. Явуу найрагч монгол ахуйг шүлэг зохиолдоо дүрсэлдэг болохоор, дэлхийд хаана ч байхгүй өвөрмөц нүүдэлчин ахуйн дүрслэлийг өөр хэлэнд буулгахад маш хэцүү, бараг боломжгүй зүйл юм. Үүний нэгэн жишээ бол “Тэхийн зогсоол” найраглал. Тэхийн зогсоол гэх нэрийг лав оросууд орчуулахдаа: ” Стоянка горного козла (1970” гэсэн байдгийг нь утгачлав “Уулын ямааны отог” гэж болмоор. 1983 онд ЗХУ-д гаргасан Большая энциклопед буюу Их нэвтэрхий толь бичигт Монголоос ганц Явуухулан найрагчийн намтар орсон гэхдээ нөгөө алдарт Тэхийн Зогсоолийг “Песня Янгиря” буюу янгирийн дууль гэж орчуулсан байсан. Тэгэхээр Явуухулан найрагчийн шүлэг найргийг гадаад хэл руу орчуулахад их бэрхтэй гэдгийн учир нь дээрхи хоёрхон жишээнээс харагдана. Энэчлэн олон зүйл ярьж болмоор байна аа. Явуухулан найрагчийн өссөн орчин зохиол бүтээлд нь тийм их нөлөөтэй байсан юм бол их найрагчийн багадаа амьдарч, нутаглаж байсан газар нутаг, орон дэлхийг нь яг таг мэдэх нь чухал юм. Энэнд нэмэр болгож энэхүү ярилцлагыг хийв. Мэргэжлийн хүн биш учраас олон алдаа дутагдал байгаа нь зүй биз.
Явуухуланг найрагчийг 1929 онд Завхан аймгийн Жавхлант суманд төрсөн гэж албан ёсны намтарт нь бичдэг. Одоо та ямар ч газрын зурагт Завхан аймгийн Жавхлант сум гэж олж харахгүй. Харин Улиастай хотод Жавхлан толгой гэж бий. Одоо бас нэр нь өөрчлөгдөж Хутагтуудын толгой гэх болж. Тэр үед Алдархаан сумын нутаг дэвсгэрийг ерөнхийд нь Жавхлант гэж байсан бололтой. Олон зууны түүхтэй Улиастай хотыг ч тэр үеэд бас Жавхлант гэдэг байж. Их найрагчийн аавынх ах дүүсээрээ айлсан одоогийн Улиастай хотыг тойрон амьдардаг байсан нь Дашбал ахын ярианаас ил байна. Зун намартаа бол Улиастай хотоос дээш Богдын гол дагуу нутагладаг. Өвөл хавартаа бол Улиастай хотоос доош Мандаадаа хайрхан, Донойн хөндий хавиар хаваржиж,өвөлжин амьдардаг байж. Улиастай хотоос дээш доош гэдэг нь Богдын голынхаа урсацаар нутгийн ард түмэн тэгж нэрлэдэг аж. Улиастай хотоос дээш гэдэг нь Богдын голын ай савыг өгсөөд Улиастай хотоос ертөнцийн чиг зүгээр бол зүүн талд гэсэн үг. Доош гэдэг нь Улиастай хотоос баруун гэсэн үг.
Явуухулан найрагч 1970 онд уран бүтээлчийн хувьд эр бяр нь ид жигдэрч байх үеэдээ “Тэхийн зогсоол” гэх алдарт найраглалаа бичсэн. Энэ найраглалаараа өөрийн амьдарч байсан нүүдэлчин ахуй, аж амьдралыг зураглаж,өвлийн амьдрал, өвөлжөө бууцаа дүрсэлсэн. Харин амьдралын сүүлийн жилүүддээ өөрийн гол бүтээл гэж нэрлэж байсан “Отгонтэнгэр” найраглал дээрээ ажиллаж байж. Гэвч дөнгөж эхлэж яваад дундаа ч ороогүй, дуусгаж чадаагүй суут бүтээлээ ширээн дээрээ орхиод гэв гэнэт бурхан болсон. Энэ найраглалаараа тэрбээр өөрийн зуслан, зуны ахуй, зусдаг байсан Богдын голын хавь нутгаа дүрслэх байсан болов уу! Отгонтэнгэр
… Хоёр Богдын гол
Нийлэн урсах бэлчир дээр
Хонгор зээрд адуу
Шаагин хурж үзэгдэв
Хондон ягаан цэцэгтэй
Дэвжээ шиг дэлгэр дэвсэг дээр
Хот айлын гэрүүд
Дэлгэсэн шагай шиг ярайв…
…Алаг тарлан тугалууд
Гэрийн гадуур оодогнож
Аралтай тэрэгний сүүдэрт
Хоточ ноход аахилав
Ааруул ээзгий дэлгэсэн
Айл айлын тооноор
Ацтай чавханд хаширсан
Элээний сүүдэр оров….
Отгонтэнгэр найрлаглалийн дүрслэл, зураглал бол байсан. Харин гол нь дүр,зохиомжоо олж чадаагүй байж. Сүүлд гэргий Ж.Адъяа гуай сонинд ярилцлага өгөхдөө Их найрагч маань амьдралынхаа сүүлийн жилүүдэд Отгонтэнгэр найраглалынхаа баатрын эрэлд хатаж байсан тухай өгүүлсэн байдаг. Хэрэв Их найрагч хэдэн жил амьдарсан бол Монголчууд бидэнд “Тэхийн зогсоол” шиг тийм гайхамшигтэй сонгодог яруу найрагийн бүтээл туурвиж өгөх байсан нь гарцаагүй байжээ гэж би боддог юм.
Төмөрийн Батбаатар
2023 оны 8 дугаар сар 10-нд
Улаанбаатар хот
Previous Post

ИРГЭН ТА ХУВИЙН, ЭМЗЭГ МЭДЭЭЛЛЭЭ ХАМГААЛАХ ЁСТОЙ

Next Post

Дуучин Б.Амархүү “Cool Love” дууны үг зохиогчоо 35 сая төгрөгийн хулгайд сэрдэж дарамталсан гэх ХЭРГЭЭС…

Next Post
Дуучин Б.Амархүү “Cool Love” дууны үг зохиогчоо 35 сая төгрөгийн хулгайд сэрдэж дарамталсан гэх ХЭРГЭЭС…

Дуучин Б.Амархүү “Cool Love” дууны үг зохиогчоо 35 сая төгрөгийн хулгайд сэрдэж дарамталсан гэх ХЭРГЭЭС...

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Дуучин Б.Амархүү “Cool Love” дууны үг зохиогчоо 35 сая төгрөгийн хулгайд сэрдэж дарамталсан гэх ХЭРГЭЭС…
  • Ж.Дашбал: Дорны их найрагч Бэгзийн Явуухулан бол миний төрсөн ах болох хүн
  • ИРГЭН ТА ХУВИЙН, ЭМЗЭГ МЭДЭЭЛЛЭЭ ХАМГААЛАХ ЁСТОЙ
  • Э.Насанбат 4.5 тэрбум төгрөг төслийн зориулалтыг зөрчиж, өмнөх Засаг даргатай эхнэрийнхээ “Мөнхжим өргөө” ХХК-аар гүйцэтгүүлжээ
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.