Эрүүл мэндийн салбарын эрх зүйн шинэчлэл, хүүхэд хамгаалал, сургуулийн эрүүл, аюулгүй орчин, эмнэлгийн тусламжийн чанар, эрүүл мэндийн ажилтны мэргэжлийн баталгааг бэхжүүлэх чиглэлд төвлөрөн ажиллав. Сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцүүлж, Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлж, Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг ахлан ажиллав.
ХУУЛЬ ТОГТООХ ҮЙЛ АЖИЛЛАГАА

Сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай анхдагч хуулийн төсөл
УИХ-ын гишүүн М. Мандхай, Л.Энх-Амгалан нарын хамт санаачлан боловсруулсан хуулийн төслийг 2025 оны 12 дугаар сарын 31-нд өргөн мэдүүлсэн. 2026 оны хаврын чуулганаар Байнгын хороо төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж, хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Төсөл нь суралцагч, багш, ажилтны эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэх, урьдчилан сэргийлэх үзлэг, эрт илрүүлэг, яаралтай тусламжийн бэлэн байдал, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, сэтгэл зүйн дэмжлэг, орчны эрүүл ахуй, хариуцлагын зохицуулалтыг нэг тогтолцоонд оруулахад чиглэж байна.
Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл
УИХ-ын даргад 2026 оны 07 дугаар сарын 01-нд өргөн мэдүүлэв. Төсөлд эмнэлгийн мэргэжилтний өөрөө удирдах байгууллагын эрх зүйн байдал, мэргэжлийн ёс зүй, стандарт, тасралтгүй мэргэжлийн хөгжлийн тогтолцоо, сахилга, хариуцлага, өвчтөний эрх ашгийг хамгаалах болон мэргэжлийн хариуцлагын даатгалын зохицуулалтыг тусгасан. Ингэснээр эрүүл мэндийн ажилтны эрх, үүргийг тодорхой болгож, тусламж, үйлчилгээний явцад үүсэх эрсдэлийн хариуцлагыг тэнцвэртэй зохицуулах эрх зүйн үндсийг бүрдүүлэх зорилготой.
Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

Есөн бүлэг, 52 зүйлтэй хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь Монгол Улсын хүн бүрийн чанартай, аюулгүй тусламж, үйлчилгээг санхүүгийн хүндрэлгүй авах эрхийг хангах зорилготой. Төсөлд нийгмийн эрүүл мэнд, урьдчилан сэргийлэлтийг тэргүүлэх чиглэл болгож, анхан шатны тусламж, үйлчилгээг бүрэн төлбөргүй үзүүлэх, даатгуулагч эсэхээс үл хамааран найман төрлийн тусламж, үйлчилгээнд хамруулах зохицуулалт санал болгосон. Мөн эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг ДНБ-ий 5-аас доошгүй хувьд хүргэх, сонгосон бүтээгдэхүүний онцгой албан татварын 20 хувийг салбарт чиглүүлэхээр тусгажээ. Түүнчлэн хүний нөөцийн төлөвлөгөөг дөрвөн жил тутам шинэчлэх, цахим эрүүл мэндийн тогтолцоог хөгжүүлэх, иргэний мэдээллийн нууцлал болон мэдээлэлдээ хандах эрхийг зохицуулахаар тусгасан.

АЖЛЫН ХЭСЭГ
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулга
УИХ-ын гишүүн Д. Ганмаа нарын 46 гишүүний өргөн мэдүүлсэн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Байнгын хорооны ажлын хэсгийг ахлан ажиллав. Ажлын хэсэг салбарын байгууллага, мэргэжилтэн болон холбогдох талуудын саналыг нэгтгэн, төслийн талаар Байнгын хороо, чуулганы хэлэлцүүлэгт танилцуулах санал, дүгнэлт боловсруулж ажилласан.

Хяналт, шинжилгээ ба салбарын бодлого
-Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны хүрээнд эрүүл мэндийн салбарын эрх зүйн орчин, тусламж, үйлчилгээний хүртээмж, санхүүжилтийн үр дүн, урьдчилан сэргийлэх бодлогын асуудлыг хэлэлцүүлэгт оролцов.
-Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэгт ажиллав. Ажлын төлөвлөгөөнд эрсдэлийн үнэлгээ, эрт илрүүлэг, орчны болон хөдөлмөрийн эрүүл мэнд, сэтгэц, зан үйлийн эрүүл мэнд, хүнсний хүртээмж, эрүүл мэндийн боловсролын хэрэгжилтийг судалж, мэдээлэлд тулгуурласан санал боловсруулах чиглэл туссан.
Байнгын хорооны хэлэлцүүлгээр эрүүл мэндийн даатгалын сангийн тогтвортой байдал, гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн хяналт, эмийн хүртээмж, төр болон эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцах тусламж, үйлчилгээний заагийг тодорхой болгох асуудлыг хөндөж, салбарын бодлогын шийдвэрийг үр дүн, хариуцлагатай уялдуулахад анхаарав.
-Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийг ахлан ажиллав. Ажлын хэсэг болон мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх баг тус бүр дөрвөн удаа хуралдаж, үндсэн төсөлд 19, хамт өргөн мэдүүлсэн төслүүдэд гурван саналын томьёолол, мөн нэр томьёо, хэл найруулгыг нийцүүлэх нэг санал боловсруулав. Саналд цэцэрлэг, сургуулийн хүүхдийн хоол үйлдвэрлэлд дотоодын гаралтай бүтээгдэхүүн нийлүүлэгчдийг дэмжих, хүнсний мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх зохицуулалт тусгаж, ажлын хэсгийн санал, дүгнэлтийг 2026 оны анхны болон эцсийн хэлэлцүүлэгт танилцуулав.


Асуулга ба төсвийн санал
-УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хүрээнд эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн талаар Эрүүл мэндийн сайд болон Сангийн сайдад асуулга тавьж, албан хариу мэдээлэл авсан.
-Сурагчдыг үдийн хоолны хөтөлбөрт тэгш хамруулах асуудлаар Боловсролын сайдад асуулга тавьж, 2027 оноос 6-7 дугаар ангийн сурагчдыг хамруулах санал дэвшүүлсэн. Цаашид хөтөлбөрийн хамрах хүрээг анги тус бүрээр үе шаттай өргөжүүлж, 2030 он гэхэд ерөнхий боловсролын сургуулийн нийт суралцагчийг хамруулах бодлогын санал боловсруулав. Уг саналыг 2027 оны төсөвт тусгуулах санхүүжилтийн бодит тооцоог хийж, төсвийн хэлэлцүүлэгт зарчмын зөрүүтэй санал оруулсан.
ОЛОН НИЙТИЙН ХАРИЛЦАА
“Нээлттэй парламент” танхимд ажиллаж, иргэдтэй биечлэн уулзан, тулгамдаж буй асуудал болон хууль тогтоомжтой холбоотой санал, хүсэлтийг сонсов. Иргэдийн санал, хүсэлтийг хууль санаачлах, парламентын хэлэлцүүлэг, салбарын хяналт болон төсвийн бодлогод тусгах чиглэлээр ажиллав. Мөн эрүүл мэнд, хүүхдийн аюулгүй орчинтой холбоотой асуудлыг бодлогын түвшинд хөндөж, холбогдох шийдвэр, хэлэлцүүлэгтэй уялдуулахад анхаарав.

Хүүхдийн эрүүл мэнд, сургуулийн орчинд анхаарч байна
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн шүд, нүүр амны эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний үндэсний хэмжээний зураглалыг боловсруулах зорилгоор мэргэжлийн баг бүрдүүлж, ажлын хэсгийг ахлан ажиллав. Энэ хүрээнд тусламж, үйлчилгээний хэрэгцээ, өртөг болон шаардлагатай санхүүжилтийн урьдчилсан тооцоо, судалгааг боловсруулж, санхүүжилтийн асуудлыг Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөр хэлэлцүүлэх санал, холбогдох тооцоо, мэдээллийг албан бичгээр Эрүүл мэндийн яаманд хүргүүлэв.Сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай хуулийн төслийг бодит нөхцөлд хэрэгжүүлэх зураглал боловсруулах хүрээнд холбогдох салбарын экспертүүдийн хамт 176 дугаар сургууль болон тухайн сургууль байрлаж буй хороо, дүүрэгт газар дээр нь ажиллав. Сургуулийн орчны үнэлгээг хоёр удаа хийж, илэрсэн хэрэгцээ, асуудалд үндэслэн хэрэгжилтийн зураглал, арга хэмжээг сайжруулан боловсруулж байна.


Discussion about this post