Их аварга Түвдэндорж 1916 онд хуучнаар Түшээт хан аймгийн Ахай гүн Лувсанхайдавын хошуу буюу одоогийн Булган аймгийн Хангал сумын нутагт мэндэлжээ. Тэрбээр хувьсгалын жилүүдэд төрсөн бөхчүүдээс хамгийн их тэнхээтэй том мөртлөө гуалигхан биетэй, 120 кг орчим хүнд жинтэй бөх байсан гэлцдэг. Мөн орчин үеийн үндэсний бөхийн анхны дархан аварга, Монгол Улсын анхны гавьяат тамирчин гэдгээрээ онцлог юм. Түүний эх Сэрээнэн нь зузаан биетэй, бяр ихтэй, хайнагийн шар даахтай үгүйтэй модыг ганцаараа өргөж явдаг хүн байсан гэдэг. Түвдэндорж хар бага наснаасаа эхлэн хар бор ажилд нухлагдаж, нас биед хүрсэн ахуй цагаасаа ээж, дүү хоёроо хүний гар харуулахгүй гэж Цагаан эргийн дамжлага баазад ачигч хийх зэргээр хүнд хүчир бүхнийг өөрийн биеэр амссаны дүнд бие бялдрын болон сэтгэл санааны зөв хүмүүжил, төлөвшлийг олж авсан байна. Тэрбээр нутаг усныхаа болон ойр зэргэлдээ сумын болон овооны наадамд барилдан түрүүлээд даалимба, дугуй булантай цайгаар шагнуулаад түүнийгээ наадмын хишиг хэмээн нутгийн олондоо жижиглэн хуваагаад тараадаг байжээ. Иймээс ч нутгийнхан нь хол ойр наадамд барилдахаар явахад нь морь, эмээл, хазаар өгч тусалдаг байжээ.
1939 оньг зун цагт газар газрын эрс хуран цугларсан шинэ цэргийн хуаран дээр Булган аймгийн Сэлэнгэ бүрэн сумаас нэгэн сайхан залуу цэргийн албанд татагдан иржээ. Тэрбээр цэрэгт ирэхийнхээ жил 4 шуудай гурилыг хоёр хоёроор нь нийлүүлж тавиад чихнээс нь атгаад зөөдөг бяртай болсон байжээ. Шинэ цэргээс улсын наадамд барилдах бөх шинжиж авахаар ирсэн хүмүүс хоорондоо шивэр авир ярилцан, өвдөг дээрээ чулуу тавин нясалж суугаа өргөн мөртэй, түхгэр цээжтэй булиа хүдэр залууг хулгай нүдээр ажиж байснаа дэргэд нь очиж суугаад, мэнд усаа мэдэлцээд “За дүү минь улсын наадамд барилдах уу” гэж өвдөгийг нь алгадан асуув. “Тэгье” гэж тэр байлдагч эрсхэн хариулав. “Энэний нэрийг бичээд ав” гэж цуг яваа хүндээ нөгөө эр тушаав. Бөх шинжиж яваа хүн нь “дэгээ” хэмээх Гончиг байжээ. Наадам руу явахаар завдаж байхад нь салаан дарга нь дуудав. Даргынхаа өмнө номхон зогсож буй тэр булиа цэргийн амгалан цагаан царайд баярын совин тодорно. “Нөхөр байлдагч та барилдаж явсануу”. “Явсан” “Хаана”. “Сумандаа”. “Хэд давдаг вэ”. “Түрүүлж байсан”. “Юм өргөдөгүү”. “Өргөдөг”. “Юу өргөдөг вэ”. “Гурил” гэхэд нь яагаад ч юм цэргүүд инээлдэв. Дэслэгч бас инээмсэглэж: “Чи яаж өргөдөг юм бэ” гэхэд, “Яаж гэх вэ дээ, хоёр чихийг нь нийлүүлж бариад дөрвөн шуудай гурилыг ингээд л өргөөд явдаг” гээд салаан дарга руугаа дөхөхөд цаадах нь гэдэргээ ухарч, цэргүүд дахин хөхрөлдөв. Энэ явдал ганц байлдагчийн хувь тавилан биш монгол бөхийн босоо хийморь ивээсэн явдал байжээ. Наадмын талбайд ирээд хэд хэдэн далбаа сольж арай гэж баггсан нэгийг нь өмсөөд гарахад “Зориг бяр хоёроо тэнцүүлэхгүй бол бөх хүн бүдүүн өвсөнд” гэдэг юм шүү гэж Гончиг гуай захив.
Удаж төдөлгүй нэг давчнхаад, хэн гэдэг, ямар цолтой бөхтэй барилдсанаа мэдэлгүй боорцог атган буцаж харайж явахдаа “Болмоор л юм шиг байна. Салаан дарга намайг түрүүл гэж тушаасан. Даргын тушаал цэрэг хүнд хууль байдаг гэсэн. Хэрэв би наадамд ирэлгүй Халх голын дайнд явсан бол мөн л ямар нэгэн тушаал хүлээн авч түүнийг биелүүлэх байсан” гэх зэргээр бодож явжээ. Улсын наадамд Түвдэндоржийн ингэж бодож явахад алдар цолтой аварга арслангууд тун олон байлаа. Тэдний хэн нь ч цолгүй Түвдэндоржийг гурвын даваанд амлан авч мэдэх байлаа. Хоёр давлаа. Гурав ч давлаа. Дөрөв даваад орхилоо. Хөвсгөлийн Чүлтэмсүрэн начин гэдэг нилээд яггүй байртай цулцгар шар бандитай тунаж үлджээ. Мушгианд үлдсэн хоёр зайдуу газар очиж харилцан ярилцаж тогтоод ирлээ. Урьд нь дөрөв давахцаа ухасхийж хав золгоод шидчихээд байсан бол шинэ танил нь тийм зөөлөн боов байсангүй. Барьцааны зааган дээр баруун солгойгүй тонгорч, товшиж өлгөөд золтой л тэрий буулгачихсангүй. Нилээд сандарч байж начин цол хүртээд буцаж ирэхэд нь Завхан аймгийн Дорлиг заан гэгч амлаад авчихсан байв. Шалмаг ширүүн барилдаантай энэ залуу зааныг түрүүлнэ гэж зарим хүмүүс ярилцаж байв. Залуу зааны олон угсраа мэхэнд шинэхэн начин асар тэвдэлгүй зургаа давлаа.
“Бяртай бол заан болог хийтэй бол хий нь гараг цаашаа” гэж соёо хар сахлаа илбэн боссон тэр том эр бол “боохой” хэмээх Данзан арслан байв. Арслан жанжин малгайгаа баруун гартаа барьж, гэлдрэн буцаж ирэхдээ “Үнэхээр тэнхээтэй хүү байна. Аргагүй л эн дутлаа даа. Бас танаггүй сийрэг юм гээч. Мөн ч их явнаа даа” хэмээн инээмсэглэн өгүүлж байжээ. Энэ наадамд Лхагва арслан, Төрбат арслан, Дамчаа арслан, Түвдэндорж дөрөв үлджээ. Төрбат арслангийн хувьд Лхагва Түвдэндорж хоёрын хэнтэй ч барилдахаас буцахгүй байлаа. Харин Дамчаагаас дотроо бэргэж байсан гэлцдэг. Цолны эрэмбээр Лхагва нь Дамчаагаа амлан авсанд Төрбат Түвдэндорж хоёр тунажээ. Тэртэй тэргүй нэрт гурван бөхийн нэгтэй нь үзэх байсан залуу Түвдэндорж юу ч бодсонгүй. Харин Төрбат арслан түрүүлэх эрэмбэтэй боллоо хэмээн баяртай байсан ажээ. Арслан шуугиж ирээд сэхээ өгөлгүй тонгоров. Залуу бөхийн гуян дээр засуулын гар тасхийн бууж “Юм хар. Шавхаж хий.” гэхэд цочин ухасхийж, арслангийн цөмөрсөн хөлийг суйлан өргөтөл тархин дээрээ гаргаад ирлээ. Тэрхүү цулмаг эрийг тийнхүү дээр гаргаж ирэхдээ сандарсандаа хааш нь хаячихсанаа сайн мэдсэнгүй.
Баруун талын асрын үүдэнд эгнэн зогссон ижил өнгийн хувцастай засуулууд араас нь ханаран ойчих зүүн талаас Лхагва арслан бүргэд мэт дэвэн дэвсээр зориг шийдэмгий угтан иржээ. Хурц догшин барилдаантай, бяр мэх тэнцүүхэнтэй хэрхэн барилдахаа давхар мэх оноож боддог тэр хэцүү бөх тогтоохын аргагүй тонгорч, Түвдэндоржийн хөл нь гозойж унахын даваан дээр Лхагва цохоороо шороодов. Хорин гурван настай Түвдэндорж ийнхүү улам нэмэх арслан цол хүртэв. Энэ бол сумын цолтой залуу бөх улсын наадамд анх удаа барилдаад түрүүлсэн дахин давтагдашгүй онцгой үйл явдал байжээ. Түүний гол мэх нь гэвэл хөнтөрч суйлдаг. Түүнийгээ их чадамгай хийх бөгөөд хаяа хөлд нь гүйж орсон хүнийг алдалгүй бариад хүчлэн дарчихдаг байжээ. Нэг удаа Түвдэндорж аварга бэлтгэл хийж байгаад гар хуруугаа гэмтээчихээд /4 хуруу нь 3 дахь үеэрээ мултран гэдрэг эргэчихсэн/ 1949 оны Улсын наадамд барилдалгүй өнжив. Тэр зун айлд айраг уухаар очоод омголон том унаганы чихийг зөвхөн эрхий хуруу алга хоёрынхоо завсарт хавчиж барихад унага нь хөдөлж чадахгүй чичирч байжээ.
1950-иад оны дундуур Угтаал цайдам сумын иргэн Цэрэндорж, Цэнджав нар Улаанбаатар хотод үхэр тэргээр ноос ноолуур авчирч тушаагаад будаж яваад Халиугчны голын баруун биед байдаг даваан дээр гартал давааны араас морин тэрэг явган хөтөлж, адуу туусан хүн өгсөж явжээ. Тэр хүн даваан дээр гарч ирмэгцээ л тэргэн дээрээ сандайлан суутал арлын өрөөсөн гуя хугарч, морь нь ч үргээд давааны өвөр лүү тонгочоод давхихад жолоо цулбуураа алджээ. Нөгөө хүн буун харайнгуутаа тэргэн дээр тавьсан эмээлээ нэг гараараа шүүрч аваад, нөгөө гараараа тэрэгний арын данзнаас бариад уллаж татахад морь жаал туйлснаа эргээд зогсож гэнэ. Тэгэхэд Цэрэндорж, Цэнджав хоёр гайхаж: “Энэ ер бишийн тэнхээтэй ямар хүн байдаг байна” гэж сонирхоод зориуд очиж уулзахад Түвдэндорж аварга байжээ. Аварга төдий л тэвдсэн шинжгүй харин ажлын хар гутлынх нь хоёр өсгий нилээд ханзарчихсан байна гэнэ. Аваргын мэндийг мэдэлцсэний дараа: “Та сандрав уу. Энэ уруу газар нас гүйцсэн морь туйлахад та яаж тогтоов оо. Аргагүй их бяртай юмдаа” гэхэд, “Өө энэ морь давааны араад гарахад богшчихсон байна. Түүнээс биш яалаа гэж ингэж элэг бариулах вэ дээ” гэж даруухан хариулж байжээ.
Нэгэн удаа Сөгнөрөгийн амралтанд Түвдэндорж аваргынх үнээ сааж, сүү цагаан идээгээ өгдөг байжээ. Нэгэн удаа хэдэн бөхчүүл аваргьінд цугларч энэ тэрийг” ярьж наадаан цэнгээн болж байгаад оройтон үхэр нь ирэх цаг болсон байсныг мэдсэнгүй. Гэтэл эхнэр нь “Хашаа хороо цэвэрлээгүй. Нойтон баасан дээр хальтирч унаад хэмхрэн байлгүй би. Энэ хүн ч яахав ингээд сууж байхаараа болдог хүн” гээд үглэх маягтай болжээ. Түвдэндорж эхнэр рүүгээ нэг харснаа уцаарлах маягтай болж: “Гараад овоолоод хаячихъя” гэхэд бүгдээрээ гарч үхрийн том ширэн дээр нойтон ялгадсыг тал талаас нь овоолоод тэргэнд хөллөдөг бүдүүн хар хайнаг авчирч, олсоор оосорлон хүзүүнээс нь зүүгээд зүтгүүлжээ. Гэтэл өнөөх хайнаг нь сөхөрч унаад хөдөлж чадсангүй. Аварга энэ үед уурлаж: “Шар болохоо алдсан турсага байна” гэсээр хайнагаа гаргаад өөрөө хоёр мөрөөрөө оосорлоод явжээ. Тэрбээр огцом зүтгэхдээ нэг хальтирмаар болсоноо тэр чигээр нь чирээд зуугаад метр явж асгасан байна. Ингээд жишим ч үгүй эргээд ирэхэд нь “Хүнд байна уу” гэхэд, “Хүнд юм. Мөр тасалчихаа шахлаа, уурандаа л дийллээ” гэж хариулж байжээ.
Ер нь Түвдэндорж аварга өөрийнхөө үеийн бөхчүүлээс бяр чадлаараа онцгой байжээ. Тухайлбал 1952 оны улсын баяр наадмын барилдаанд Ерөнхий сургуулийн Самбуу гэгч Түвдэндорж аваргатай таарч барилдахдаа дэгээ ороогоод автал аварга хоёр хөлөө бага зэрэг салгаснаа хоёр суган дотроос нь дээш суга татаж өргөн дэгээг нь мултлан хаяж байжээ. Мөн 1940 өөд оны үед тонн хир жинтэй цементэн том хоолойг хэзрээс олж дотор нь юм хум хадгалья хэмээн олзуурхан хүнээс үхэр тэрэг гуйж аваад түүнээ хүчлэн өргөж тавитал тэрэг нь хэмхэрч өрөнд орж байсан гэдэг. ЗХУ-ын маршал Ворошиловыг манай оронд ирэх үеэр үндэсний бөхийн барилдаан болж, бөхчүүд нэгдсэн журмаар барилдах газар руугаа явж байтал автобус нь шаварт суучихаад гаргаж дийлдэггүй. Харин энэ үеэр Түвдэндорж аварга түрэлцэлгүй айлд хэвтээд босохгүй байхад нь зохион байгуулж байсан хүн нь Лхагвасүрэн жанжин тэр үед Биеийн тамирын Төв зөвлөлийн дарга байсан хэлнэ шүү гэж айлгахад год үсрэн босч ирээд автобусыг түүртэлгүй түлхэлцэн гаргасан гэдэг. Тэрбээр олон талын барилдаантай мэхтэй боловч их бяртай байснаас учраа бөхөөсөө барьж аваад өөр лүүгээ татаад буцаагаад түлхэхэд үлдсэн хөлийг нь суйлах, тахимдах зэрэг гарын үзүүрээр хийдэг мэхүүдээр хялбархан унагаадаг байжээ. Тэрбээр олон мэхийг бахтай гаргууд хийдэг байснаас хоёр талдаа хүчтэй халж суйлах, хөнтөрч суйлах, тонгорох, гуядах зэрэг бяртай чацтай хүний мэхийг хийдэг, ихэвчлэн цэрвүү барилддаг байсны дээр агаарт эргэлдэн нисэгч бүргэд шувуу шиг уужуу тайвуухан атлаа уран гоё дэвсээр гардаг бөх байжээ. Мөн хүнээс барьц олж авахдаа сайн, нэг олж авбал өөрөө л тавьж өөрчлөхгүй бол алдана гэж бараг байхгүй, сарвууны бяр ихтэй, хараа сайтай, мэхэндээ даацтай, олон талын барилдаантай гайхалтай бөх байжээ. Тэрбээр нас дээр гарсан үедээ ч их бяр тэнхээтэй байсан баримт олон. 1954 оны улсын баяр наадмын үзүүр түрүүнд Түвдэндорж аварга Бадамсэрээжид заан хоёр үлдэхэд заан аваргын хөлд өмсөх гэж ороод чадалгүй даруулчихжээ. Аварга босолгүй дарж хэвтчихээд “Болсон уу” гэж асуухад заан, “Болсоон” гэж гэнэ. Гэтэл аварга дарсан хэвээрээ дахиад л, “Болсон уу” гэж асуухад амьсгаа авах чадалгүй болтлоо даруулсан Бадамсэрээжид арслан: “Болохгүй яадгийн” гэж уурлажээ. Аварга босоод арсланг гараас нь татаж босготол түүний духанд чулуу зоогдоод наалдчихсан байсан гэдэг.
Даяар дуурсагдах далай даян дархан аварга, спортын гавьяат мастер их аварга Түвдэндорж ийнхүү 1939-1955 онд улсын баяр наадамд 11 удаа барилдахдаа долоон удаа түрүүлж, хоёр удаа үзүүрлэн, хоёр удаа шөвгөрсөн байна. Алдарт Их аварга ийнхүү олон жил сайн барилдахад нь дараах цол чимгийг олгожээ. Үүнд: Үнэн хүчит өрнөн дэлгэрэх, улс даяар дуурсах, бат нягт шалгарсан хүчит, далай даян, шалгарсан бат хүчит, улам баясуулагч, харилтгүй хүчит, олныг баясуулагч, бууршгүй хүчит, дархан аварга гэсэн цол чимгүүдийг өгч байжээ. Түүний шавь нар дотроос үндэсний бөхийн аварга 3, чөлөөт болон самбо барилдааны дэлхийн хошой аварга 2, дэлхийн аваргын болон олимпын наадмын мөнгө хүрэл медальтан арав гаруй төрсөн байна. 






Discussion about this post