1. Найраглал бичигдсэн цаг үе
Ардын уран зохиолч Т.Галсан “Арвайхээр” домог туульсийн найраглалаа 1956-1957 онд бичжээ. Уул найраглалын анхны уншилтыг 1957 онд МУИС-ийн утга зохиолын дугуйлан дээр хийсэн аж.
Тухайн цаг үед МАХН-наас явуулж байсан Марксист Ленинист онол номнол газар авч, урлаг, уран зохиолыг улаан үзэл суртлынхаа зэвсэг болгосон байв. Намч уран зохиолын шахалт шаардлага газар авч, суртлын хяналт цензур улам хатуу, харгис шинжтэй болж байсан аж. Үндсэрхэх, нэг хүнийг тахин шүтэх, жижиг хөрөнгөтний болон хоцрогдсон феодалын үэзл цухалзуулах, шашны үзэл номнолд автагдах зэргийг хуульчлан хориглож тийм “хий үзэгдэл”-ийг зориудаар буй болгон “пролетарийн диктатур” гэгчээр айлган барьж байв. Тухайн үеийн нам засгаас 1950-аад он гаруут нэгдэлжих, атар эзэмших, барилга барих, төмөр зам тавих хөдөлгөөнийг улс орон даяар өрнүүлжээ. Энэ бүх үйл явцыг тусгасан, шинэ үеийн хүний амьдрал баатарлаг тэмцэл, хүсэл тэмүүллийг дүрсэлсэн, социалист реалист уран бүтээлийг зохиолчдоос шаардаж эхэлсэн байна.
МАХН-ын энэ даалгавар шаардлагын дагуу, ялангуяа яруу найрагчид туульсын томоохон хэмжээний найраглал бичих хөдөлгөөнд хошууран оржээ. Тухайн үедээ залуу яруу найрагч гэгдэж байсан Д.Пүрэвдорж “Улаан оч”, С.Дашдооров, “Галч”, Б.Явуухулан, Го.Лувсан нар “Гуталчин“, О.Базаррагчаа, Л.Нацагдорж нар “Ган урсгал”, С.Доржпалам “Хүний гэрэлт ертөнц”, Р.Чойням “Залуу нас”, ахмад яруу найрагч Д.Тарваа “Шивээ Хиагт”, “Элсэн дундуур”, “Хүний амь”, Ч.Лхамсүрэн “Хурандаа” зэрэг бэсрэг болон туульсын том найраглал туурвин уншигчдад хүргэв. Мөн яруу найрагч Ц.Гайтав “Дамдины Сүхбаатар” туульсын найралалаа дуусгаж байв.
Монголын уран зохиолын энэхүү хөгжил хөдөлгөөнтэй, яруу найрагчид ур чадвараа дайчилж байсан үед дөнгөж уран зохиолд хөл тавьж байсан оюутан залуу Т.Галсан “Арвайхээр” нэртэй домог туульсын томоохон найраглал бичиж ахмадуудын толгой дээр “цахиур” хагалсан байна.
2. Найраглалыг хүлээж авсан нь
МУИС-ийн оюутан залуу шүлэгч Т.Галсангийн энэхүү найраглал утга зохиолын дугуйлан дээр уншигдсан өдрөөсөө яруу найрагч, утга зохиол судлаач нарын анхаарлыг татаж эхэлжээ. Тухайн үед зохиолч төдийгүй эрдэмтэн, судлаач болчихоод байсан М/Ш/ Гаадамба “Т.Галсан энэ найраглалыг туурвиснаараа эхлэн бичигч, шүлэгч, залуу зохиолчийн үеийг алгасч шууд яруу найргийн өндөр зиндаад хүрчээ” гэж онцгой үнэлэн тэмдэглэсэн байна.
Мөн ахмад яруу найрагч Ц.Цэдэнжав “Т.Галсангийн “Арвайхээр”, Ч.Лхамсүрэнгийн “Хүрэн морь”-ийг гүйцэж ирлээ” хэмээн “Үнэн” сонинд дуу алдсан бичсэн бол УБДС-ийн /хуучин нэрээр/ багш утга зохиол судлаач Д.Дашдорж “Арвайхээр дүүлэнхэн Адъяа хүү гийнгоолсоор” нэртэй томоохон шүүмж бичиж, “Залуучуудын үнэн” сонинд хэвлүүлж залуу яруу найрагчид урам хайрлажээ.
Уул найраглалыг тухайн үеийн радиогийн редактор С.Цэдэв санаачлан хөөцөлдөж, үзэл сурталчид өө хайн асуудал үүсгэж магадгүй хэсгүүдийг хасаад радиогоор нэвтрүүлсэн нь сонсогчид, уншигчдын сонирхлыг гойд татсан байна.
Энэ мэтээр “Арвайхээр” хэмээх домог туульсын найраглал гарсан өдрөөсөө бүтээсэн найрагчдаа ихээхэн урам хайр, итгэл авчирч байсан ч зарим “улаан” сурталчид үг хэллэг, үйл явдлыг нь мушгин гуйвуулж, нийгэм улс төрд харш үзэл цухалзаж буй мэтээр тайлбарлаж байжээ. Тухайлбал: Уул найраглалыг МЗЭ-ийн хорооны тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэх үед зохиолч Д.Даржаа “Энэ найраглалд ноён нь харийн хатантай, тэр нь тагнуул байсан мэтээр бичсэн байна. Үүнийг юу гэж ойлгох вэ” хэмээн мушгиж “Нам төрийн удирдагч маань Орос эхнэртэй” хэмээн түүнтэй холбож шахуу үзжээ. Гэвч энэхүү гуйвуулан мушгисан шүүмжлэлийг тус хуралд оролцсон зохиолч Ч.Лодойдамба “Д.Даржаа, Чи Монгол хэлний анги төгссөн, би түүхийн анги дүүргэсэн. Манжийн үед монголын ноёд тийм л байсан шүү дээ. Ингэж гүтгэн гуйвуулж болохгүй” хэмээн няцааж, зохиолд тусгагдсан түүх, цаг үетэй нь холбож ойлгохыг чухалчилжээ. Тэрээр зохиолч Ч.Лодойдамба уул найраглалыг улсын радиод уламжилж дээрх С.Цэдэвийн редакторлож явуулсан нэвтрүүлгийг хийлгэсэн түүхтэй аж.
Гэсэн ч зохиолч Д.Даржаагийн гаргасан гуйвуулга нь яван явсаар намын үзэл суртлын том “хандгайнууд”-ын сонорт хүрсэн байна. Энэ үед МАХН-ын үзэл сурталчид нэг хүнийг тахин шүтэх үзэл хийгээд сэхээтний төөрөгдөл зэрэг улс төрийн тавцанд гаргах шинэ “жүжиг”-үүдээ бэлтгэж байв.
3.Найраглал шатаагдсан нь
Тухайн үед залуу зохиолч Т.Галсангийн “Арвайхээр” найраглал, хулгайч нарын гараар орсон хөлөг морь шиг чимээ сураггүй, далдуур явсаар МАХН-ын Төв хорооны нарийн бичгийн нэг даргын ширээн дээр тавигджээ. Найраглалтай хамт үг хэллэг, үзэл санааг нь мушгин гуйвуулж хийсэн тайлбар зэрэг нь хамт очсон нь мэдээж. Ийнхүү муу урхагтай гуйвуулга явсаар уул “Арвайхээр” найраглалыг хэвлэн нийтэлж олшруулахыг бүрэн хориглох, гарт байгаа эхүүдийг хураан авч шатаан устгах шийдвэр гаргуулж амжжээ. Залуу зохиолч Т.Галсанг ч үзэл сурталчид дээр дооргүй “үл бүтэх нөхөр” хэмээн үнэлж, яриа хөөрөө явдал суудлыг нь хяналтандаа авсан байна.
Харин уул найраглалыг уншиж, үзэл суртлын тайлбар /экспертиз/ хий гэж яруу найрагч Д.Пүрэвдоржид бүрэн эхээр нь өгчээ. Уул даалгаврыг биелүүлсэн ч ухаалаг яруу найрагч Д.Пүрэвдорж зайцуулан байж найраглалын эхийг авч үлдсэн байна.
Энэ үед залуу найрагч Д.Пүрэвдорж “Чингис”, “Тусгаар тогтнол” шүлгээ хаалгаж, Р.Чойням “Хүн” найраглалаараа адлагдаж, Н.Нямдорж “Дорно”, шүлгээрээ үзэл сурталчид болон Марксист Ленинист гоо зүйчдэд бут авахуулж байв. “Үл бүтэх тэрсүүд үзэлтэн”, “Үндсэрхэх үзэлтэн”, “Өнгөрсөн феодализмыг санаархагч”, “Хөрөнгөтний үзэл сурталд авагдаж мэдэх нөхөр” мэтээр адлагдаж байсан дээрх нэр бүхий зохиолчдыг 1962 оны 5-р сард хуралдсан МЗЭ-ийн 3-р их хурал болон мөн онд болсон үзэл сурталчдын зөвлөлгөөнөөр шүүмжлэлийн бай болгож дөнгөлөө. Энэ хурал зөвлөгөөний шийдвэрийг биелүүлэх нэрээр 1963 онд Ж.Нямдоржийг Өмнөговь аймаг руу нутаг зааж суулгав. 1964 онд МЗЭ-ийн бүгд хурлаар хэлэлцэж Д.Намдагийн “Хөгшин чоно ульсан нь” өгүүллэг, Р.Чойномын “Хүн” шүлэглэсэн роман, Т.Галсангийн ёгт үлгэр зэрэг бүтээлийг бүрэн хаасан байна.
Тэр дундаа удаа дараа тэрсүүд үзэл санаа бүхий зохиол бичээд байгаа нэрээр хилс хэрэг үүрүүлж залуу зохиолч Т.Галсанг Баянхонгор аймагт тэмээчнээр томилжээ. Ингэж авьяаслаг зохиолчид шинэ хэлмэгдлийн золиос болсон юм.
4. Найраглал дахин “амилсан” нь
Үнс болгосон ч үнэн гэдэг ялдаг хуулиар үзэл сурталчдын шатаасан “Арвайхээр” домог туульсын найраглалын бүрэн эх нь 30 жилийн дараа бүтээсэн эзнийхээ гар дээр ирсэн түүхтэй. Уул эхийг Хөдөлмөрийн баатар, ардын уран зохиолч, төрийн шагналт яруу найрагч Д.Пүрэвдорж үзэл сурталчдын даалгаснаар мэргэжлийн шинжээчийн дүгнэлт гаргана гэж аваад буцааж өгөлгүй,дээр өгүүлснээр мартгануулан хадгалсан аж. Д.Пүрэвдоржийн энэ хандлага нь нөхрийн бүтээсэн сайн үйлсийн төлөө ямар ч эрсдлийг үл тоон зогсож чадах жинхэнэ уран бүтээлч үнэн жудаг болон үлдсэн байна.
Харин яруу найрагч Т.Галсан домог туульсын найраглалаа үзэл сурталчдын гараар үнс болон дууссан хэмээн бодож дотроо харууслаа нуун явсаар ардчиллын он жилүүдийн босгыг алхан 1991 онтой золгоод байтал Д.Пүрэвдорж найрагч өрөөндөө урин дуудаж, найраглалыг нь авч үлдсэн товч түүхийг өгүүлээд, найраглалын бүрэн эхийг хадагтай барьжээ. Яруу найрагч Т.Галсан танихгүй мэдэхгүй газар төөрч алга болсон хүүтэйгээ гэнэт учран золгосон мэт бүрэлзэн магнай тэнийсэн гэдэг.
Ингэж Агь үйзэн гүний хошууны Адъяа хүүгийн хөлөг Арвайхээр морь дахин “амилсан” түүхтэй.
Олон “изм”-ын урсгал чиглэлд орж, сэтгэлгээний яруу найргаар амьсгалж байгаа гэгдэх өнөөдрийн өндөрлөгөөс уул найраглалыг үзэж шинжлэхэд уран сайхны хувьд чамлагдаж болно. Харин коммунист үзэл суртлын улаан “торон дотор” байсан ч ариун хүсэл тэмүүллийнхээ эрч хүчээр томоохон хэмжээний домог туульсын найраглалыг бичиж дуу дуулиан дагуулан гарч ирсэн яруу найрагч Т.Галсангийн гавьяа зүтгэлийг анзаарахгүй орхиж болохгүй.
Яруу найргийн шинэчлэлийн төлөө зоримог алхам хийхэд ямар ч үед амаргүй байдгийг яруу найрагч Т.Галсан биеэр үлгэрлэж өнөөдрийн шинэчлэлийн үндсийг өчигдөр “чөмгөө дундартал” зүтгэж бий болгосон гэж үзэж болно. Өчигдөр бол өнөөдрийн угтал байсан юм.
5. Найраглалд тусгагдсан цаг үе
Уул найраглалыг яруу найрагч Т.Галсан Арвайхээр морины тухай олон түмний дунд түгэн дэлгэрсэн домгуудын нэгнээс сэдэвлэн бичсэн байна. Найраглалын үйл явдал өрнөж буй газар орон нь Сайн ноён хан аймгийн Агь үйзэн гүнгийн нутаг буюу одоогийн Өвөрхангайн Тарагт, Гучин ус, Төгрөг сумдын нутаг юм. Энэ нутгийн хоймор талд буюу одоогийн Өвөрхангай аймгийн төв байгаа газар Агь үйзэн гүнгийн хүрээ байсан бөгөөд тус хүрээний ойролцоох Пур ширээ хэмээх газарт 1709 онд Ламын гэгээний 2-р дүр Лувсанбалчинбалбар гэгээнийг тодруулан Бат-Оршил өргөх томоохон даншиг наадам хийжээ. Энэ наадамд 1000 морь уралдсанаас тус хошууны ядуу ард Гомбын хээр морь түрүүлсэн тухай түүхэн бичвэрүүдэд тэмдэглэн ирсэн байна. Гэхдээ уул хөлгийн тухай домог хууч болон түүхэн баримт олон юм.
Арвайхээр морины тухай анх түүхэн бичвэрт тэмдэглэсэн хүн бол Бурханы шашны нэрт төлөөлөгч, номч мэргэн Ц.Дамцагдорж бөгөөд “Сайн хувьтны хүслийг хангагч сайхан галбирва мод” хэмээн төвд хэлээр бичсэн судартаа тэмдэглэн үлдээсэн байна. Энэ мэдээллээс улбаалан доктор С.Ичинноров, Д.Цэрэнсодном, судлаач Д.Базаргүр, У.Загдсүрэн, М.Арслан, С.Богд-Очир зэрэг хүмүүс Арвайхээр морины тухай тал бүрээс нь судалж сонин содон бичвэр үйлдэж ном товхимол гаргасан байна. Тухайлахад, судлаач С.Богд-Очир Арвайхээр морины тухай түүх, домог, үе үеийн эрдэмтдийн бичсэн түүхэн тэмдэглэл, бичвэр зэргийг нарийвчлан судалж, нэмэлт тайлбар баяжилт хийн “Арвагар хээр ба Арвайхээр” нэртэй судалгааны томоохон хэрэглэгдэхүүн болох номыг 2009 онд хэвлүүлэн нийтийн хүртээл болгосон юм.
Судлаач энэхүү номдоо ардын уран зохиолч, яруу найрагч Т.Галсангийн энэхүү “Арвайхээр” домог туульсын найраглал болон зохиолч Д.Равдан, Ц.Түдэв нарын “Арвайхээр” найраглал, яруу найрагч Н.Даваадашийн “Арвайхээрийн домог” морин хуурт зориулсан уянгын магтаал, ерөөлч Н.Цэрэндуламын “Арвайхээрийн магтаал”, зохиолч Д.Равдангийн “Арвайхээр” жүжгийн хэсэг болон бусдад зураг урлалын бүтээлийг зургаар оруулжээ.
Эдгээр түүхэн баримт, уран зохиолын бүтээлүүдэд өгүүлснээс үзэхэд ардын уран зохиолч, яруу найрагч Т.Галсангийн “Арвайхээр” домог, туульсын найраглалд 16-р зууны сүүл, 17-р зууны эхэн үеийн Төв Халхын ард түмний амьдрал тэмцэл, ёс заншил тод томруун тусгагдсан байна. Нөгөө талаар морио дээдэлдэг ард түмний амьдралыг нэгэн хурдан хөлгийг тойруулан уран санаагаар зангидан урласнаараа зохиомжийн хувьд онцлог бүтээл юм.
Номын мэргэн ах, ардын уран зохиолч, яруу найрагч Т.Галсан таны он удаан жилийн нөр хөдөлмөр, хичээл зүтгэл, авьяас билгийг гүнээ хүндэтгэн мэхийн ёслов.
Номын цагаан буян дэлгэрэх болтугай.
МУСГЗ, яруу найрагч Н.Даваадаш
Шороон нохой жилийн өвлийн дунд сарын шинийн 7,8-ний өдрүүдэд цааснаа буулгав.
2018.12.14-15




Discussion about this post