Нийслэлийн Хяналт шалгалтын газрын Барилга байгууламж, ашиглалт бүртгэлтийн хэлтсийн цахилгааны мэргэжилтэн асан М.Чингүүн нь “Согриглүн” ХХК-ийн ерөнхий инженер Г.Идэрхүүгийн Налайх дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт байрлах эрчим хүчний барилга байгууламжийг улсын комиссын байнгын ашиглалтад оруулах дүгнэлтийг хурдан шуурхай гаргуулах гэсэн ашиг сонирхлыг үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд буюу барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2024 оны 11-р сарын 25-ны өдрийн 349/2024 дугаар дүгнэлтийг хурдан шуурхай гаргуулахын тулд багын найз Т.Бат-Оргилоор дамжуулан Г.Идэрхүүгээс 1,000,000 төгрөгийн хахууль өгөхийг шаардсан, найз Т.Бат-Оргил нь нөлөөлсөн, ерөнхий инженер Г.Идэрхүү нь хахууль өгсөн хэрэгт холбогдсон. Хэргийн гол нотлох баримтын нэг нь мэргэжилтний найз Т.Бат-Оргил руу бичсэн “ydaj 1-g awn ash dee bro ha ha” гэсэн мессэж байсан. Гэхдээ тоглоомоор бичсэн гэжээ.
“ … Бат-Оргил бид хоёр багын найзууд бөгөөд тоглоом шоглоомоор тийм зүйл бичсэн. Найзтайгаа тоглож бичсэн чатаас болж гэмт хэрэгт холбогдсондоо харамсалтай байна …”
Харин Т.Бат-Оргил нь мөнгийг хувьдаа ашигласан гэжээ.
“… Тухайн үед Идэрхүү надад хандаж комисс ажиллуулсан нэг туслаач гэж гуйсан. Тэр комисст нь манай найз Чингүүн орсон байсан. Гэхдээ мөнгө нэхээгүй. Би Идэрхүүгийн гуйлтыг Чингүүнд хэлж тусламж гуйсан. Тэгээд ч Идэрхүү хоол цайны мөнгө өгчихье гээд байсан. Тухайн үед мөнгөний хэрэг гараад тэр сая төгрөгийг би аваад өөртөө зарцуулсан, цаашаа Чингүүнд өгөх бодол байгаагүй …”
Г.Идэрхүү 500 мянгыг өгөх бодолтой байжээ.
”… Улсын комиссд Чингүүн орсоныг би мэдээд Бат-Оргилоос Чингүүнээр гарын үсэг зуруулах ажилд туслаад өгөөч гэж гуйсан. Тэгээд 500 мянгыг өгчихүү гэхэд нэг сая гэсэн. Надад жаахан үнэтэй санагдсан ч хэлсэн мөнгийг нь шилжүүлсэн …”
Шүүх гэм буруугаа хүлээгээгүй М.Чингүүнд “нийтийн албанд ажиллах” эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, 1,3 жил хорих ял, шүүгдэгч Т.Бат-Оргилд “нийтийн албанд ажиллах” эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, 1,5 жил хорих ял оногдуулсан. Харин гэм буруугаа нь хүлээсэн Г.Идэрхүүд мөн “нийтийн албанд ажиллах” эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, зургаан сар хорих ял оноожээ.


Discussion about this post