3 САЯ МОНГОЛЧУУД 95 МЯНГАН [УРГИЙН] ОВОГТ ХУВААГДЖЭЭ
Дэлхий даяар бүх нийтээр ургийн овогтой болж эхэлсэн нь ерөнхийдөө XIX зууны үед хамаарагдана.
Манайхан бас овогтой байсан боловч дээрх овгоос арай өөр шинжтэй зүйл байсан бололтой. 1990-ээд онд эрдэмтэн А.Очир, Ж.Сэржээ нарын судалж бүртгэснээр хуучны тийм овог 1000 орчимд хүрч байжээ. Үүнийг үл өгүүлэн өгүүлэх нь:
Дэлхийн хамгийн олон хүн амтай Хятад улсад эдүгээ 4700 (эх сурвалжаасаа шалтгаалаад арай өөр тоо дурдах нь ч бий) орчим овог байдаг ажээ. Энэ бол жинхэнэ хятад (хань) үндэстэн болоод бусад бүх үндэстнийг хамруулаад хэлж байгаа хэрэг. Гэхдээ цэвэр хятад үндэстний овгийн тоо 1000 орчимд хэлбэлздэг гэж үздэг. Тэр дундаа эртний удам судартай “100 овог”-ийн хүн нийт хүн амын 85 хувийг эзэлдэг буюу 1 тэрбум 190 сая орчим хүн амтай ажээ.
Хятадын 百姓 буюу үгчилбэл “100 овог” гэдэг үг “ард түмэн” гэсэн утгыг илэрхийлдэг.
4700 овог гээд байгаагийн ихэнх нь хятадуудын хэлдгээр цөөн тоот үндэстний хүн амын овог юм. Өвөрлөгчдийн Боржигин овог товчлогдоод “Бо” болчихсон л тууж яваа.
Хятадын хамгийн олон хүнтэй Ван овог гэхэд 93 сая, түүний дараагийн Ли овог 92 сая хүн амтай байна. Энэ 2-хон овог нийлээд нийт хүн амын нь 15 шахам хувийг эзэлдэг гэнэ.
БНСУ-ын хувьд албан ёсоор 286 овогтой, 50 сая хүн амтай. Хамгийн олон хүнтэй 10 овог нь 2015 оны байдлаар Ким (10 сая 700 мянга), И (Бас Ли гэдэг. 7 сая 300 мянга), Пак (4 сая 200 мянга), Чой (2 сая 300 мянга), Чөн (2 сая 150 мянга), Кан (1 сая 180 мянга), Чо (1 сая 55 мянга), Юнъ (1 сая 20 мянга), Чан (993 мянга), Им (824 мянга) ажээ. Эдгээр 10 том овог нийт хүн амын 65 хувийг эзэлдэг.
Солонгосчууд гудамжинд гараад “Ким захирал аа!” гээд дуудахад 10 хүний 9 нь эргэж харна гэж хошигнодог нь бас л үнэний ортой.
Одоо нэг таавар таалгая. Монгол улсад хэдэн овог (ургийн овог) байдаг вэ?
Хамгийн сүүлийн үеийн судалгаагаар 95 мянган ургийн овог байна гэж гарчээ. Тэр дотор хамгийн олон хүнтэй овог нь Боржигин овог байгаа нь Монгол улсын нийт хүн амын 14 хувийг эзэлж байна. Үүн дотор худал боржигинчууд ч байгаа нь мэдээж. Ямартай ч манайхан бараг бүгдээрээ Боржигин болсон гэж ярьдаг нь худал агаад дээр дурдсан Хятад, Солонгосын том овгуудын хүн ам, 1918 оны Монгол улсын хүн амын дотор тайж нар буюу Боржигин овогтны эзэлж байсан хувиас харахад бас ч гэж байж болох тоо юм.
95 мянган овог гэдэг бол 3-хан сая хүнд дэндүү ахадсан тоо. Өөрөөр хэлбэл 1 овог дунджаар 35 хүнтэй гэсэн үг болж байна. 35 хүн гэдэг бол үнэндээ нэг дундаж гэр бүл шүү дээ. Эмээ өвөө нь үр хүүхэд, ач гучтайгаа нийлээд л тиймэрхүү байгаа. Гэтэл цаана нь тэрхүү овогт багтах учиртай төрсөн ах дүүс, үеэл хаяал, үенцэрүүд шал өөр овогтой болчихсон тууж явдаг. Тиймээс өнөөдөр хэрэглэж буй ургийн овог хэмээх сонгодог ойлголтод огтхон ч нийцэхгүй нь тодорхой. Энэ нь бидний хайхрамжгүй, мэдлэггүй байдлаас шалтгаалсан билээ. Ургийн овгоо сэргээхэд гарсан гажуудлыг даруй засах шаардлагатай байна.
ЦЭГМЭДИЙН ЦЭРЭНДОРЖ

![3 САЯ МОНГОЛЧУУД 95 МЯНГАН [УРГИЙН] ОВОГТ ХУВААГДЖЭЭ](https://taiz.mn/wp-content/uploads/2026/10/Tserendorj-545x375.jpg)
Discussion about this post