Аргил дайрын романтик улирал эхэлжээ
Орчлон ертөнцд од, гарагсын орчил тохиож, цаг улирлын аясаар өдөр болоод шөнийн үргэлжлэх хугацаа тэнцэх цаг дор аргил дайр бугын тестостерон хормоон нэн идэвхжиж, уулсаар уянгалаг бүрээн дууны хөг аялгуун найрал эхлэжээ. Энэ бол халиун буга (шинжлэх ухааны нэр: Cervus canadensis, англи түгээмэл нэр: Wapiti)-ын жил бүрийн намар цаг дор тохиодог гайхалтай романтик улирлын эхлэл. Бид Хустай БЦГ-ын зэрлэг амьтдын биологич эрхэм шавь Цогтын Батзаяатай хамт аргил дайр мөшгөв. Бугын орооны дуудлагын цаг дор шавартай тогтоол ус, горхитой ойр уулын өндөрлөг сэрүүн газрын цээжийг барин, бүдүүн бас нарийн дуугаар энд тэндээс дайр урамдах нь чихнээ уянгалаг сонсогдох ажээ. Хустай нуруу уулархаг газар орон учир, хааяагүй эрт хүүшлэнэ. Сүрлэг зургаан салаат олон аргил дайр “гэдэс татаагүй”, урамдаж буйг ажиглавал, тэдний олон согоог эвцэлд урин дуудах үйл эхлэж байгааг илтгэнэ. Биднийг нар битүү цаг дор шавартай ус руу очиж, ажиглах үес хоёр аргил зургаан салаат дайр нэг нэгээр цувран, ам нь цангасан мэт шавартай ус чиглэн, уулын хажуу руу яаран гүйж хүрлээ. Төд удалгүй нэг дайр шавартай тогтоолд орж, ус “бургилтал” шээгээд, хэвтэж уснаа булхав. Тэрээр хэдэн минут хормоон шингээсэн шээстэй шавартай усанд хэвтэж байгаад, босоход хэвлий, бөгсөн бие нь шавраар хулдаж, хар бараан зүсд хувирлаа. Ийн шавартай хүйтэн усанд хөлбөрөх нь нэг талаас, төмсөгд “хүйтэн жин тавьж”, тестостерон хормооны идэвхийг тэтгэх, нөгөө талаас хар бараан шавраар биеэ “будаж”, өрсөлдөгч дайрд сүрлэг харагдах, түүнчлэн, бэлгэ хормоон шингээсэн “сүрчигт шавар”-аар олон согооны хамарт хүргэж, өөртөө урин дуудах гайхалтай үйлдэл хийлээ. Согоо илүү хар бараан бие, зогдортой дайрыг сонгох нь түгээмэл байдаг тухайд судлаачид дурдсан нь бий. Хормооны үнэртэй шээсээр шавшиж, шавраар бүрсэн чив орчмын өтгөнагаад урт үстэй, гэдэс нь бага хэдий ч татсан аргил дайр олон согоо аль хэдий нь урин дуудаж, дагуулсан нь тохиолдов.
Аргил дайр сүрлэг тулааны эврээс гадна, өнгө зүсээр өрсөлдөгчөө сүрдүүлэхийн зэрэгцээ, химийн дохионы шавартай сүрчиг хэрэглэн, олон согоотой эвцэлдэж, өөрийн генээ үлдээх гайхалтай эволюцийн зан авирын тухай өгүүлэхэд ийм буюу.
Дүрс: олон согоо “хураасан” шавард хөлбөрсөн дайр, шавартай ус руу орж, шээж буй дайр, хормоонтой шавраар биеэ хулдаж, согоо хараахан дагуулж амжаагүй аргил дайр,
Хустай нуруу, 2026. 09. 22






Discussion about this post