-Танайхыг Монголын хамгийн бахархмаар урлагийн гэр бүл гэлцдэг. Ийм сайхан гэр бүлд төрж өссөн талаар яриагаа эхлэх үү?
Хүн бүрт л өөрийн гэсэн бахархаж явдаг зүйл байдаг. Гэхдээ бидний хувьд урлагийн тэр дундаа үе дамжсан хөгжимчдийн гэр бүл гэдгээрээ их бахархдаг. Аав маань төрийн соёрхолт хөгжмийн зохиолч, симфони оркестрийн анхны үүсгэн байгуулагчдын нэг, ээж маань Монголын симфони найрал хөгжмийн анхны хөгжимчин, хийлч хүн. Хуучнаар яруу тунгалаг гэж нэрлэдэг байсан даа. Ер нь энэ нэр нь надад их сайхан сонсголонтой санагддаг юм. Симфони гэдэг нь дэлхий нийтийн нэр. Мөнхдорж ах маань Ардын жүжигчин боллоо, Мөнхшүр эгч Америкт амьдраад удаж байгаа ч Арлигтон хотын Бриллян театрт жил бүр өөрийн тоглолтоо хийсээр, урлагтаа зүтгэсээр л явна. Сая өнгөрсөн гурван сарын арван нэгэнд хийсэн тоглолтондоо Н.Жанцанноров багшийн хийлийн сонатыг Украйны алдарт хийлчтэй хамтарч тоглосон. Бичлэгийг нь харахад их сайхан тоглосон байна лээ. Миний төрийн шагнал хүртсэн төгөлдөр хуурын сонатыг Америкийн Эндрю Каравас гэдэг төгөлдөр хуурч тоглосон. Монголынхоо уран бүтээлчдийн бүтээлийг тоглоод тэр том орон зайд хүргэж чадаж байгаа эгчээрээ их бахараж байна. Мөнхбаяр ах “Баян монгол” чуулгад гоцлоод хөгжимдөөд, би өөрөө төрийн соёрхолт хөгжмийн зохиолч гээд ярихаар бахархахгүй яах юм. Урлагийн орчин гэдэг чинь өөрөө их сайхан зүйл ш дээ. Манайд Монголын урлагийн алдартай их олон хүн цугладаг орж гардаг байсан. Миний мэдэхээр Гончигсумлаа, Мөрдорж, Дамдинсүрэн гээд алдартай хөжмийн зохиолчид, дуучдаас Уртнасан гуай, Цоодол гуай, яруу найрагчдаас гэвэл Мөнгөний Чимэд гуайг би сайн санадаг юм. Аав маань яруу найрагчидтай тэр дундаа хүүхдийн дууны яруу найрагчидтай их хамтарч ажилладаг, хүүхдийн уран бүтээлд хайртай хүн байсан. Энд нэг зүйлийг ярихад миний аав 21 нас хүртлээ малчин байж байгаад цэрэгт явж, улмаар Халх голын анхны бүрээчин гэсэн алдрыг хүртэж явсан бахархмаар сайхан түүхтэй хүн. Хилс хэргээр шоронд орох хүртлээ аав маань цэргийн албанд 18 жил зүтгэсэн. Мэдээж ямар уран бүтээл хийж тэр нь ард түмэнд хэрхэн хүрснийг бол бүх хүн мэднэ. Миний өвөө нутаг усандаа гайхамшигт Гончиг гэгдсэн алдартай уртын дууч, ерөөлч магтаалч туульч, морин хуурч хүн байсан гэдэг. Манай монголчууд хүндэлдэг хүндээ сархад идээний дээдийг өгдөг байсан болохоор хүүгээ дагуулаад айлын найранд уригдаад дуулж хуурдаад явдаг хүн байж. Гэхдээ одоогийнх шиг замбараагүй ууж идэх биш найрын дэг жаяг, ахмадаа хүндлэх ёс гэж хатуу байсан ш дээ. Сонсоход дандаа айзам уртын дуу дуулдаг байсан юм шиг байгаа юм. Үе удам дамжин миний мэдэхээр гурав дахь үе нь би болоод байгаа болохоор бид Гайхамшигт Гончигийн ач, Бирваагийн хүү гэж овоглуулах дуртай. Тэр хүнээс улбаалж аавд улмаар ааваас бидэнд энэ урлаг гэдэг зүйл ирсэн хэрэг.
-Гэхдээ аавыг тань шоронд ороод гарч ирэхэд тэр сайхан авьяасыг нь үнэлээд урлагт оруулж байсан гэдэг юм билээ. Тэр талаар…?
-Аав маань хилсээр шоронд орсон ш дээ. Гончигийн Цэрэндорж аав хоёрыг Цэргийн хөгжмийн дээд сургуульд сургахаар явуулсан байгаа юм. Гэтэл аав уушгины өвчнөөр өвдөөд буцаад ирсэн. Тэгээд 1951 оны үед Жанжин штабын даргын тушаалаар \одоогийн БХЯ\ үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийг үүсгэн бий болгож даргаар нь хоёр жил ажиллаад шоронд орсон байгаа юм. Үнэндээ “Коммунизм гэдэг чинь Америкт байдаг юм” гэж хэлснээсээ болоод тэгж аавын хаалга татсан гэдэг. Бид л болсон хойно тэгэхэд “Таныг матсан хүн ямар хүн байсан юм вэ?” гэж асуухад “хүний мууд дурлаад үйлс чинь бүтэхгүй шүү, хүүхдүүд минь” гэж байсан. Тэгээд л би дахиж тэр тухай асуухаа больсон. Хожим нэг халамцуухан байхдаа “Миний дотны найз маань намайг матсан байсан” гэж хэлж байсныг би санадаг юм. Тэр үеийн хүмүүс ямар сайхан ноён нуруутай, гүндүүгүй байсан юм бэ. Одоо бол элдэв юм санаад хачин болно шүү. Гэхдээ хүний хувь заяа гэж их сонин юм. Аавыг долоон жилийн ял эдлээд гарч ирэхэд их зохиолч Ч.Лодойдамба гуай дуудан Хүүхэлдэйн театрт хөгжмийн багшаар ажилд оруулж байсан гэдэг. Хүүхэлдэйн театрын хөгжмийн багшаас улсын яруу тунгалаг симфони найрал хөгжмийн удирдаачаар, 1957-1984 хүртэл Хөгжмийн зохиолчдын холбооны Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан хүн шүү дээ. Тэгээд ямар ч авьяас юунд ч дарагддаггүй юм гэдгйг л сайн ойлгосон. Хүний амьдралд нэг тийм үе таардаг ш дээ.
-Гэхдээ урлагийн орчноос гадна аав ээжийн тэр сайхан хөгжмийн авьяас өвлөгдсөн болоод л таныг өнөөдөр төрийн соёрхол хүртсэн сайхан бүтээлтэй хөгжмийн зохиолч болж чадсан гэж хүмүүс үнэлдэг?
-Тэр хүмүүсийн хэлээд байгаа байгалийн авьяас гэдэг чинь алтан үеийнхэнд л байсан зүйл. Түүнээс биш бидний үед бол байгалийн гэхээсээ илүү төрмөл авьяастнууд гэж гарч ирээд байгаа юм. Би ч гэсэн тэр төрмөл авьяастнуудын нэг. Яагаад гэвэл цэвэр бодлогоор явж ирсэн хүн. Бодлого гэдэг нь аав ээж зориуд хөгжмийн мэргэжлээ өвлүүлэн үлдээх гэж хөгжим бүжгийн сургуульд оруулж, хөгжимд дурлуулж татаж оруулж байсныг нь хэлээд байна. Гэхдээ надад хүсэл байсан болоод энэ замаар явсан байх. Тэр хүслийг төрүүлнэ гэдэг сонин шүү. Намайг наймдугаар ангид байхад аав Хүүхэлдэйн театрын жүжгийн захиалга их авдаг байсан үе. Тул гэдэг том загасны тухай хүүхэлдэйн жүжгийн хөгжмийг бичиж байхдаа “Миний хүү энэ хэсэг дээр нэг ая зохиогоодох” гэнэ. Намайг чадахгүй гэхэд “Оролдоод үз. Жишээ нь энэ том загас хоёр жижиг загасыг идэх гээд хөөгөөд байна гэж төсөөл дөө” гэж ирээд хийлгэх гэж үзнэ дээ. Энэ нь миний хөгжимд дурлах дуршлыг бий болгож байсан хэрэг. Бидний үед “Ну погоди”-гоос өөр хүүхэлдэйн кино байсан биш. Тэрнийг харж байгаад аавын жүжгийн заасан тэр хэсэгт нэг бяцхан аяз гаргачихсан шүү. Дараа нь аавтайгаа тэр жүжгийг үзээд сууж байхдаа би энэ хэсгийг хийсэн гэж ирээд жаахан омогших гээд байна аа. Тэр нь үнэндээ бүхэл бүтэн зохиолын жижигхэн эс төдий зүйл ш дээ. Бага гэлтгүй хүнд маш их итгэлийг өгдөг юм билээ. Тэндээсээ урамшаад л хөгжмийн зохиолч болох сууриа тавьсан юм болов уу гэж боддог юм. Аав төрийн шагналт хөгжмийн зохиолч Нацагдорж багш дээр “Миний хүүг мэргэжлийн хөгжмийн зохиолч болгох гарааг нь тавиарай” гэж хөтөлж оруулаад, жил гаруйн дараа конкурс өгч тэнцээд хойшоо сургуульд явж байсан даа.
-Тэгвэл төрмөл авьяаснаас дэлхийд хүлээн зөвшөөрөгдөхүйц хэмжээний бүтээл төрж байна гэдэг чинь таны хувьд асар их хөдөлмөрлөсөний ач юм биш үү?
-Тэр төрмөл авьяасыг тохирсон хөрсөнд тарьж байж ургуулна биз дээ. Гэхдээ би үргэлж өөрийгөө өмнөх үетэй нь харьцуулж үздэг. Аавын үеийнхэн ёстой амандаа аялаад мандолин, баян хуур эсвэл морин хуур дээр уран бүтээлээ хийдэг байсан бол одоо надад тоглоё гэвэл төгөлдөр хуур, сурья гэвэл сургууль бэлэн байна. Тэд хүнсээр бол жинхэнэ экологийн цэвэр бүтээгдэхүүн гаргадаг байсан бол бид баахан химийн хороор хордуулсан халтар хүнстэй сууж байна гэсэн үг. Би ингэж л харьцуулж өөрийгөө, бүтээлээ голдог. Тэгэхээр авьяас гэдэг чинь ийм л зүйл. Харин байгалийн цэвэр авьяас гэдэг бурхны хишиг. Тэр болгон хүнд заяагдаад байдаггүй. Мэдээж хөдөлмөр байхгүй бол авьяас ганцаарддаг. 99 хувийн хөдөлмөр, нэг хувийн авьяас гэдэгтэй би санал нийлдэггүй юм. Тэд эн тэнцүү байж л бүрэн цогц болох юм болов уу гэж. Гэхдээ хөдөлмөрийн үр шим гэдэг зүйл бас байна аа. Сайхан эцэг эхийн хөгжмийн авьяасны жаахан хэлтэрхий надад заяагдсанд би талархдаг. Гэхдээ тэрнийг зориудаар өдөж сэрэхгүй бол хэрэг болохгүй өнгөрөх тал ч бий.
-Та Монголын анхны гэж хэлж болохуйц түүхэн симфони бичсэн. Энэ нь мэргэжлийн түвшинд үнэхээр хүлээн зөвшөөрөгдсөн бүтээл гэдгийг ч онцолж байсан?
-“Галдан бошигт хаан” симфонийг бичих санааг би таван жилийн өмнө олоод судалгаагаа хоёр гурван жил хийсэн. 2009 оноос үзэглэж эхлээд жил гаруй хугацаанд бичсэн. Түүхэн гэдэг талаасаа энэ симфонийг үзэгчид тэр дундаа ойрдууд, баруун монголчууд маш их сэтгэл догдлон хүлээн авсан. Тэд чинь түүхээ маш сайн мэддэг, Галдан хаан, Ану хатнаар маш их бахархдаг цөс ихтэй, их л омголон нөхдүүд байдаг юм билээ. Би ч их бахархсан тэднээр. Гадныхны хатгаасаар хоёр Монгол хоорондоо дайтаж байгааг харуулсан эмгэнэлтэй тэр түүхийг хөгжмийн хэлээр гаргана гэдэг амаргүй байсан. Гол нь би харийнхны үгэнд их орох юм бол Монгол улс маань дуусна шүү гэсэн сэрэмжлүүлгийг өгөх, илэрхийлэх гэж оролдсон. Тиймдээ ч симфонио тайлбартайгаар бас дүрсжүүлж бүтээсэн. Санаагаа хүмүүст илүү гүн гүнзгий хүргэхийн тулд. Үүнийгээ дагаад хүртээмж нь ч гэсэн их болсон гэж бодож байна.
-Та сонгодог урлагт зориулж бүтээл туурвидаг хүн. Гэхдээ тэр бүхэн нийгмийн элит гэгддэг тодорхой хүрээнийхэнд хүрдэг болохоос ард түмэнд тийм ч хүртээмжтэй байж чаддаггүй. Ер нь сонгодог урлаг хайрцагны урлаг юм биш үү?
-Нэг талаас бол хайрцганд байдаг урлаг гэж хэлчихмээр байдаг ч энэ чинь дэлхий нийтийн урлаг шүү дээ Тэгээд ч урлаг бол дэлхий нийтийн өмч болохоос цөөнхөд зориулагдаагүй юм. Яахав сонгодог гэдэг үг нь үзэгчдийг тусгаарлаад ялгаварлаад байдаг байж болох ч энэ урлаг хүнд маш их зүйлээр өгөөжөө өгдөг. Яагаад гэвэл сонгодог уран бүтээлийг сонсож өссөн хүн маш хүмүүжилтэй хүн болно. Тэр нүдний харц, тогтуун байдал, сайхан сэтгэл энэ тэр гээд нийгэм ахуйд маш том нөлөөлөл өгч байгаа юм л даа. Бусад хөгжмийн урсгалуудыг би буруутгадаггүй. Сонсох хүн нь сонсоод явж л байг. Байх ёстой зүйл тэр жамаараа л хөгжөөд явж л байг. Нэг үеэ бодвол манайхан сонгодог урлагийг сонсдог болоод байгаа. Гэхдээ хоёр талтай сонсоод байна. Нэг хэсэг нь чин сэтгэлээсээ дурлаж сонсдог бол нөгөө хэсэг нь дүр эсгэж сонсдог. Дарга ирж байвал сонсъё гэх юм уу, эсвэл ойлгохгүй хэрнээ зиндаархах гэж хиймэл дүрээр сонсож байна гэж би дүгнэдэг. Уг нь сэтгэл зүрхээрээ үзэж, сонсож байгааг нь үнэгүй оруулах ёстой ч тийм боломж одоохондоо алга. Урлаг өөрөө бус манайхны явцуу бодол өөрсдийг нь сонгодгоос тусгаарлаад байна уу даа. Хэн ч үзэж болно ш дээ. Сүүлийн үед театрт суудал дүүрдэг болчихож. Дуурийн театр бусдаасаа арай тэргүүлж яваа болохоор өөрийн гэсэн үзэгчидтэй болсон байна лээ. Харин сүүлийн үед манай морин хуурын чуулга хуучны тэр сайхан киноны хөгжмүүдийг шинэ найруулгатайгаар үзэгчдэд хүргэх тал дээр маш сайн ажиллаж байгааг үнэлэх хэрэгтэй. Миний багад филармонид тавигдсан тоглолт концертүүд ихэвчлэн тайлбартайгаар тавигддаг байсан. Одоо чоно туулайг хөөж байна. Та нар төсөөлөөд бодоорой гэхэд хөгжмийг нь сонсоод шууд дүрслэл нь буугаад ирнэ. Ойлгоход маш хялбар. Одоо бол тайлбаргүй болохоор баргийн хүн юу өгүүлээд байгааг ойлгохгүй. Тэгэхээр тайлбар буюу лекторын хүртээл гэдэг зүйл дутагдаад байна уу гэсэн бодол төрдөг юм. Би өөрөө урлагийг хөгжүүлэх ёстой хүний нэг болохоос шүүмжлэгч биш.
-Дэлхийн том том тайзан дээр таны бүтээлүүд тоглогдож байна. Гэхдээ танд мэргэжлийн түвшинд дэлхийд хүлээн зөвшрөөгдсөн уран бүтээлч болох хүсэл мэдээж байгаа?
-Тэгэлгүй яахав. Мэдээж би тэгж хүсдэг. Гэхдээ тэр хүслийнхээ төлөө юу ч хийж чадахгүй л байна. Өөрийнхөө төлөө явдаггүй муухай зан, идэвхгүй байдал маань өөрийг минь хорлоод байна. Түүнээс биш миний уран бүтээл гологдохгүй гэдэгт зуун хувь итгэлтэй байна. Сайн уран бүтээлчээс гадна сайн менежер байх хэрэгтэй юм байна. Тэгж байж тэр сайхан амьдрал мөнгийг эндээс биш тэндээс дэлхийгээс олж ирэх хэрэгтэй. Энэ тал дээр идэвх муутай байгаа нь миний том дутагдал.
–Таныг “Шар тэнгэсийн тарчлаан” жүжгээрээ “Гэгээн муза” хүртэж байхад Н.Жанцанноров гуай “Би аавынх нь шавь, хүүгийнх нь багш хүн. Аав нь ямар гайхалтай уран бүтээл хийж байсныг мэднэ. Өнөөдөр хүү нь юу хийж чаддагийг харлаа” хэмээн бахархан өгүүлж байсныг санаж байна. Тэгэхэд танд юу бодогдов?
-Их гоё юм билээ. Эцгийнхээ нэрийг дуудуулаад, багшаараа үнэлүүлээд зогсож байхад. “Шар тэнгисийн тарчлаан” жүжгийн нээлтийн үеэр Бирваагийн Мөнхдорж, Бирваагийн Мөнхболд гээд хоёул зэрэг цолоо дуудуулаад тайзан дээр зэрэгцээд зогсож байхад өөрийн эрхгүй аав маань бодогддог юм билээ. Гурвуулаа энэ тайзан дээр зэрэгцээд зогсож байсан бол гэж бодогдоод эрхгүй хоолой зангираад ирсэн. Гэхдээ амьдрал үргэлж хүссэнээр болох биш. Төрийн шагнал хүртэж байхдаа ч аавыгаа их үгүйлсэн. Энд нэг зүйлийг хэлэхэд би төгөлдөр хуурын сонат, морин хуурт зориулсан нэг концерт, ятга хөгжимд зориулсан бүтээлээрээ төрийн шагнал хүртсэн. Гэтэл хүмүүс Галдан бошигт симфони гэж андуураад байдаг юм билээ.
-Ааваасаа магтаал сонсож байсан үеэ эргээд нэг дурсвал?
-Аав биднийг барагтай л бол магтахгүй. Би хойно сургууль төгсөөд ирсэн нэг л пээдгэр амьтан уран бүтээл хийгээд л байдаг. Харин аав ер тоодоггүй ээ. Тэгсэн хэрнээ дандаа бусдын бүтээлийг магтана. “Тэр Сансаргэрэлтэхийн бүтээл маш сайхан болж, Шаравын бүтээл мундаг юм аа” гэж ирээд магтахад дотроо их гомдоно. Одоо бодоход тэр бүхэн маш том сургамж болж байсан юм байна. Харин 1999 оны төгөлдөр хуурын сонатыг аав үзээд сайхан бүтээл болжээ гэж нэг хэлсэн Тэгээд цааш байдаггүй. Явж явж 2004 онд бүтээсэн ятгын концертыг, 2005 оны морин хуур чуулгад зориулж бүтээсэн “Дуут төвөргөөн” хоёрыг үзээд л, “Миний хүү одоо л хөгжмийн зохиолч болж дээ” гэж хэлэхэд за тэр ч миний хамгийн том шагнал байсан даа. Би аавын уран бүтээлүүдээс хамгийн ихээр бахархаж шүтэж үнэлдэг бүтээл нь “Дамдинчойжилын дором” гэдэг шашны хөгжим. Өвлийн алаг сарын шинийн 29-нд болдог шашны том цан бүжигт зориулсан, шашны жаяг дэгийг харуулсан тийм хөгжим л дээ. Өнөөдрийг хүртэл ааваас өөр тийм хөгжим бичсэн хөгжмийн зохиолч байхгүй. Үүнийг бардам хэлнэ.
-Та бодлогоор аавынхаа мэргэжлийг өвлөсөн. Харин хүүдээ яаж өвлүүлэв?.
-Би охин хүү хоёртой. Охиноо урлагийн бус мэргэжлээр явуулсан. Харин хүүгээ урлагаар явуулахаар шийдэж төгөлдөр хуурчийн мэргэжлээр суралцуулж байгаа. Хүү маань ч энэ мэргэжилдээ дуртай, сонирхолтой юм билээ. Ямар ч гэсэн үндсийг нь тавьсан хэр уран бүтээлч болох нь өөрөөс нь шалтгаална.
–Сүүлийн үед таныг дууны уран бүтээл дээр их ажиллаж байгаа гэж сонссон юм байна?
-Дуу хийж байгаа. Гэхдээ надаас дуу дунших гэж үгүй мөн их удна. Би гайхаад байдаг юм. Аавын нутгийн Ламын гэгээны тухай нэг сайхан дуу хийж байгаа. Шүлгийг нь СГЗ, Ардын уран зохиолч Т.Галсан гуай их сайхан эртний хэллэгтэй, увидастай бичсэн байна лээ. Сосорбарам ахаар дуулуулна. Энэ дууг бүтэхэд их тусалсан Мандах дээд сургуулийн захирал Өлзийбат, Универсал Автосервис компанийн захирал Онолбат, Баянхонгорын Дөвөнтийн уурхайн захирал Пүрэвгял ах нарт их талархсан гэдгээ энэ дашрамд хэлмээр байна. Энэ дууг аваад долоо хонож байтал Догмид ах “Хөвсгөл далай” гэсэн бас нэг сайхан шүлэг өгсөн. Аав ээжийн нутгаас зэрэг шахам дуу орж ирэхээр нь аав хоёр маань нэхэлтэй байгаа юм болов уу гэж бодоод их шүншиглээд байгаа. Цаанаа учиртай юм шиг санагдаад л. Сайн шүлэг тэр чигээрээ ая барьж, онгод хөтлөөд ирдэг юм байна лээ. Их сайхан дуунууд гарах байх аа. Мөн УДБЭЧ-ын тавьж байгаа “Наймдугаар богд” бүжгэн жүжгийн хөгжим дээр суух гээд судалгаа хийж байна.
-Ярилцсанд баярлалаа. Н.Энхтуяа
Discussion about this post