Паразит киноны од Чой Ү Шиг найзынхаа найдаж үлдээсэн жаахан охиныг юман чинээ бодолгүй үнсдэг найдваргүй залуугийн дүрийг сайн бүтээсэн…
Өмнөд Солонгосын жүжигчин Choi Woo Shik /Ү Шиг/ 10 настайдаа гэрийнхний хамт Канад руу цагаачилжээ. Ухаан орсон хойноо шинэ орчин, тэс өөр соёлын дунд гэнэт л яваад орохоор ямар олиг байх вэ дээ? Англи хэл мэдэхгүй, өөрөө ч бүрэгдүү хүүхэд болохоор хэсэгтээ л зүдэрч гэнэ.
Нэг өдөр будаа, кимчи, панчанаа сайхан бэлдээд авч очтол ангийнх нь хүүхдүүд “юу үнэртээд байна аа?” гээд сүйд болж. “Өө, Солонгосоос шинээр ирсэн хүүхэд байна, гэхдээ үнэр нь гэж аюултай” гээд л сүр бадруулна. Чой Ү Шиг ээждээ дахиж сургууль руу битгий кимчи өгч явуулаарай гэж хэлсэн ч өгч явуулсаар л байж.
Тэгсээр манай Ү Шигийг кимчитэй нь хүлээн зөвшөөрөх хөөрхөн найзууд гарч иржээ. Арван дөрвөн хөөрхөн ази хүүхэд. Цайны цагаар цөм “ази ширээндээ” болжмор шиг тойрч суугаад янз бүрийн үнэр, амттай хоолоо тайван гэгч нь иддэг болжээ. Ямагт нэгнээ өмөөрч, хамгаалж үнэн сэтгэлээсээ нөхөрлөсөн тэдний нэр “FF14” буюу үүрдийн найзууд 14.
Ахлах сургуулийн он жилээ олон найзтай болж, хөгжилдөж, сагс тоглож хөгжилтэй өнгөрүүлсэн Ү Шиг Саймон Фрейзерын их сургуульд найруулагчаар элсжээ. Амьдрал алга урьуулахын дайнд өөрчлөгддөг. Тухайн үед үерхэж байсан охин нь түүнд “Чинийх шиг давхраагүй нүдтэй эрчүүд Солонгост алдартай болоод байна. Рэйн, И Жүн Ги энэ тэр од болж, хүмүүсийг байлдан дагуулж байна” гэжээ.
Тэгэхэд л эхлээд жүжигчнээр сурчихад яах вэ дээ? гэх бодол зурсхийж. Найз охин нь онлайн шалгаруулалтад Ү Шигийг бүртгүүлтэл тэнцээд, үндсэн шалгаруулалт болох өдрийн үүрээр Солонгост очсон түүхтэй. Тэд 5 жил үерхжээ. Хамгийн гоё нь, салснаасаа 7 жилийн дараа Ү Шиг тэр бүсгүйн хуриманд очиж, хамт зургаа ч даруулсан байдаг. Эксийнхээ хуриманд очсон хүн амьдралд олонгүй болов уу?










Discussion about this post