“Адмирал” киногоор Оросын алдарт жүжигчин Михаил Боярскийн охин Елизавета Боярская /бидний ярьж заншсан “цагаантны”/ адмирал Колчакийн хайрын түүхийг олон хүмүүст түгээсэн.
Магадгүй тайван цаг үед гэр бүлийнхээ өмнө үүрэг хүлээсэн хоёр хүний хайр ийм тод харагдаж чаддаггүй байх ч, Александр Колчак Анна Тимирева нарын хувьд тэдний хувь тавилан түүхэн эргүүлэгт орсон олон хүмүүсийн тод бодит жишээ болж харагддаг.
Колчак мөхөж буй эзэнт гүрний /Хаант оросын/үлдэгдлийг удирдах хүнд хэцүү даалгаврыг цэрэг хүний хувьд авч сүүлчийн боломжоо хүртэл хичээсэн ч Зөвлөлт засгийн өмнө сайн дураараа бууж өгсөн мөчөөс Аннагийн сахиусан тэнгэр мэт сэтгэл тодорч харагддаг. Түүний үнэнч байдлын гайхамшгийг харуулсан эмгэнэлт, агуу үйл явдлууд нь тэднийг Оросын түүхийн нэгэн мөчлөгийн гэрч болгосон юм.
Тэд өөрсдийгөө болон хуучин улсаа аварч чадаагүй ч сайхан хайрын түүхээ үлдээжээ.
Ийнхүү Кино энэ хайрын тухай үнэн баримтад тулгуурлан хийгдсэн ч түүн дээрх шиг Анна Тимиревагийн амьдрал 1920 онд дуусаагүй юм. Тэр цаашид өндөр насалж, богино боловч гэрэл гэгээтэй аз жаргалынхаа төлөөсийг төлсөн урт түүх хөврөх болно.
***
…Орос, Зөвлөлтийн зураач, яруу найрагч, жүжигчин. Адмирал Александр Колчакийн “эхнэр” гэгдэх
АННА САФОНОВ 1893 онд Кисловодск хотод төржээ.
Сафоновын гэр бүл Терек казакуудаас гаралтай.
Аав – Василий Ильич Сафонов (1852- 1918) төгөлдөр хуурч, багш, Москвагийн П.И.Чайковскийн консерваторийн ректор, Оросын соёлын томоохон төлөөлөгчдийн нэг, нэр хүндтэй хүн байв.
Анна Сафонова хоёр дүү, хоёр эгчтэй. Охид маш сайн боловсрол эзэмшсэн. Тэд уран зурагт онцгой авьяаслаг.
Тэднийх 1906 онд гэр бүлээрээ Петербургрт нүүж ирсэн бөгөөд Тэнд Анна, гүнж Оболенскаягийн биеийн тамирын сургуульд сурч, мөн С.М.Сейденбергийн хувийн урланд уран зургийн чиглэлээр суралцсан байдаг. Тэрээр Франц, Герман хэлээр чөлөөтэй ярьдаг.
Түүний анхны нөхөр – СЕРГЕЙ НИКОЛАЕВИЧ ТИМИРЕВ (1875-1932)
Орос-Японы дайн, Дэлхийн нэгдүгээр дайн, Оросын иргэний дайн, Альбион ажиллагаанд оролцож байсан. Тэнгисийн цэргийн адмерал, Алс Дорнод дахь Цагаан хөдөлгөөний тэнгисийн цэргийн командлагч хүн.
Тимиревтэй Анна түүнтэй 1911 онд гэрлэжээ. 1914 онд тэдний хүү Владимир Сергеевич Тимирев мэндэлсэн. Хожим нь тэр мөн зураач болсон байдаг.
Анна Колчактай уулзахаас өмнө тэдний гэрлэлт аз жаргалтай, тэр өөрөө нөхөртөө маш их хайртай байсан тухайгаа өдрийн тэмдэглэлдээ бичсэн байдаг.
Аннагийн нөхөр Тимирев, Колчак хоёр цэргийн сургуулиасаа л сайн танил найзууд байв. Тэд сургуулийнхаа сүүлийн жилд хоёулаа нэг газарт: Колчак – түрүүч, Тимирев – комиссар байв. Порт Артурыг хамгаалах үеэр хоёулаа байлдааны хөлөг онгоцонд алба хааж, Цайзыг бууж өгөх үеэр хоёулаа шархдан эмнэлэгт хэвтэж, олзлогдсон… Ер нь л сайн танил нөхөд байжээ.
Анна Тимирева Хельсингфорс руу нөхрөө үдэж байхдаа өртөөн дээр Колчакийг анх харснаа дурссан байдаг. Тэр үед нөхөр нь хажуугаар шаламгай өнгөрч явсан Колчак руу дохиж;
-Энэ бол Колчак-Полярный. Тэр саяхан хойд экспедицээс буцаж ирсэн…. гэж эчнээ танилцуулж байжээ.
1915 онд түүний нөхөр 1-р зэрэглэлийн ахмад Сергей Тимирев Петроградаас Хельсингфорс хотод шилжин ирсэн бөгөөд Колчак, Тимирев нарын найз, контр-адмирал Николай Подгурскийн гэрт болсон нэгэн үдэшлэгийн үеэр Анна Александр Васильевич Колчактай анх уулзсан байна.
Энэ үед Анна 22 настай, Колчак 41 настай байжээ…
АЛЕКСАНДР ВАСИЛЬЕВИЧ КОЛЧАК (1874-1920) дөрвөн далай, 20 тэнгисийн усыг судалж, судалгааны олон тооны бүтээлүүд ном гаргасан,
Дэлхийн 1-р дайн, Орос Японы дайн, Иргэний дайнуудад оролцож олон удаагийн шагнал цол хэргэм авсан. Большевикууд засгийн эрхэнд гархад, өөрт өгөгдсөн цэргийн хүний үүргийн дагуу цагаантаны армийг удирдаж байсан, Хаант Оросын Тэнгисийн цэргийн командлагч, Орос улсын Дээд захирагч байсан.
Анх танилцахдаа Колчак, Анна хоёр хоёулаа тогтсон гэр бүлтэй.
Колчакийн эхнэр Смолянка Софья Федоровна Омирова, Аннагаас хэдэн насаар эгч, Хүү Славушка нь Одие – Володя Тимиревээс арай том байв.
Зун нь тэд хөрш зэргэлдээ зуслангийн байшин түрээсэлж, Далайчдын кампанит ажил, уулзалт, үдэшлэг зугаалга тоглоом зохион байгуулж байсан аз жаргалтай цаг! …
Энд мэдээжийн хэрэг, Колчакийг анзаарахгүй байх боломжгүй. Хаана ч байсан тэр анхаарлын төвд, эргэн тойрон бүх зүйл баяр жаргалаар гэрэлтэж байсан өдрүүд…
Анна Тимирева хөгжилтэй, сэргэлэн, сэтгэл татам эмэгтэй. Колчакийн улстөрч хурц ухаан, ажил хэрэгч атлаа дөлгөөн байдал түүнийг бишрүүлж, Анна түүнд нууцлаг ичимхий дурлалаар датагдаж байв.
Тэдний харилцаа аажмаар хайр болж хувирсан юм…
Тэд хоёулаа тогтсон гэр бүлтэй байсан нь тэдний хоорондын харилцааг зогсоож чадаагүй юм. Колчакийг Хар тэнгис рүү шилжих болсон тэр үед тэд өмнө орой нь уулзалдаж, гудамжаар удтал хамт алхсан байдаг. Биесдээ хайртайгаа хэлсэн ч Анна Васильевна “За, энэ бол төгсгөл” гэж дотроо өөртөө хатуу хэлж байв.
Тэд алсаас захидалаар харьцаж, үүнийгээ ч бас зогсоох гэж хичээцгээсэн ч чадаагүй юм.
/ Тэдний захидлуудаас ердөө 53 нь үлдсэн бий/
1918 оны зун. Анна Васильевна нөхөртэйгээ хамт Владивосток руу явж байгаад Благовещенскээр дамжин өнгөрөхдөө Колчак Харбинд харьцангуй ойрхон байгааг олж мэдэв.
Тимирева Колчак тэдний харилцааг мэдэж байсан нөхөртөө “Александр Васильевичд үргэлж ойр байх болно” гэдгээ хэлж байсан ч, хүү нөхөр хоёртоо эргэж ирэхгүй гэж хэлэлгүй явсан байдаг…
Эцэст нь 1918 оны 8-р сард Владивостокийн Конгрессын тогтоолоор тэд албан ёсоор гэр бүл салжээ.
Ингээд Анна өөрийгөө Колчакийн эхнэр гэж тооцон Омск руу Колчак руу явсан байдаг.
Эхэндээ бүх зүйл маш сайн байсан. Александр Васильевич засгийн газарт дайны асуудал эрхэлсэн сайд, дараа нь Оросын Дээд захирагч болов.
Анна Омск хотын Сайд нарын Зөвлөл, Дээд захирагчийн дэргэдэх хэвлэлийн хэлтэст орчуулагчаар ажиллаж, Сүүлд даавууны оёдлын цехэд, мөн өвчтэй, шархадсан хүмүүст хоол хүнс тараах олон нийтийн ажилд идэвхитэй оролцож байлаа…
Энэхүү Аз жаргал удаан үргэлжилсэнгүй…
1920 оны 1 сард түүний эзэлсэн байсан газарт хувьсгалын нөлөөгөөр бослого гарч Александр Васильевич бүрэн эрхээсээ татгалзхад хүрсэн юм. Гэсэн ч холбоотнууд урвасны улмаас Колчакийг ЧКА Эрхүү хотод баривчиллаа.
Тимиреваг баривчлах нь шинэ эрх баригчдын төлөвлөгөө биш байсан ч Анна Колчактай хамт байхын тулд, өөрийгөө тэдэнтэй цуг авч яваач гэж гуйжээ…
Тэр Колчакийн хажуугийн камерт байсан бөгөөд, түүнд санаа зовж гурван ч удаа уулзах хүсэлт илгээсэн байдаг.
“Адмирал Колчактай уулзахыг зөвшөөрөхийг би танаас хүсч байна. Анна Тимирева. 1920 оны нэгдүгээр сарын 16” гэж бичсэн түүний хүсэлт тэмдэглэгдэн үлджээ.
…Колчакийг шүүх ажиллагаа удаан үргэлжилсэнгүй. Ердөө хоёр долоо хоногийн дараа буюу 1920 оны хоёрдугаар сарын 6-7-нд шилжих шөнө адмирал А.В.Колчакт цаазаар авах тухай хувьсгалт хорооны ялын тогтоол уншиж, Знаменскийн хийдийн ойролцоох Ушаковка голын эрэг дээр түүнийг бууджээ.
Цаазлахаас хэдхэн цагийн өмнө Колчак Анна Васильевнад захидал бичсэн ч энэ зурвас эзэндээ очиж чадаагүй ажээ…
Цаазыг гүйцэтгэх тэр үед адмирал Колчак 45 настай байжээ.
Шоронд Тимирева өөрийнх нь нэрийг дуудах болгонд залбирал уншиж, тэнгэрт түүнтэйгээ дахин уулзахыг мөрөөддөг байсан ч тийм явдал болоогүй юм.
1920 оны 10-р сар хүртэл хоригдол Тимирева камерт сууж байв. Түүнд ямар ч буруу байхгүй, Гэхдээ түүнийг сулласангүй.
Тэр шоронд байж байсан, байж л байх ёстой юм шиг байсаар байлаа…
Тимирева “Би адмирал Колчакийн галт тэргэнд, түүнтэй хамт баригдсан. Би тэр үед 26 настай байсан. Би түүнд хайртай, ойр дотно байсан бөгөөд амьдралынх нь сүүлийн жилүүдэд түүнийг орхиж чадаагүй, түүнтэй хамт байхыг хүссэн. Энэ бол миний түүнд өгч чадах бүх зүйл юм. Би хэзээ ч улс төрийн зүтгэлтэн байгаагүй бөгөөд миний эсрэг ямар ч ял тулгаж байгаагүй” гэж өргөдөл бичсэн байдаг.
…Горькийн эхнэрийн өмгөөллийн ачаар Анна Тимирева 1920 оны 10 сард суллагдав.
Гэвч тун удалгүй 1921 оны 5 сард Колчакийн эхнэр гэж дахин хорьсон байна.
Чухамхүү энэ үеэс түүний богино /Тэдний анхны уулзалтаас сүүлчийн өдрийг хүртэл ердөө таван жил / боловч дурлаж хайралсан үнэнч сэтгэлийнхээ “шагнал” болгон олон 10 жил шорон, цөллөгөөр явсан “их хайрын төлөөс” уртын урт зовлонт амьдрал эхэлсэн юм.
1922 онд Анна дахин хоригдоход хүрсэн нь;
Хуарангаас гарсан Тимирева тухайн үед анхны нөхөр Сергей Тимирев амьдарч байсан Харбин руу явах хүсэлтээ нутгийн удирдлагуудад гаргасантай холбоотой байлаа. Дээрх хүсэлтийн хариу түүнд: “Татгалзах” гэсэн богино тогтоолтой, нэг жилийн хорих ял өгчээ.
Дөрөв дэх удаагаа “Гадаадынхан болон хуучин цагаантнуудтай холбоотой байсан” гэсэн үндэслэлээр баривчлагдаж, гурван жил Калуга хотын ойролцоо нутаг заагдав.
Энэ үедээ Анна нам тайван амьдрал эрэлхийлэн бүгдийг дахин эхлүүлэхийг оролдож 1924 онд инженер Владимир Книпертэй гэрлэжээ. Гэтэл дахиад түүнийг өмнөх амьдарлаа нууцалсан, хэмээн бас баривчилж 1935 онд дахин хориход аваачив.
Энэ удаа Анна Транс-Байгалийн хуаранд таван жил ажилласан бөгөөд, түүнийг суллагдахаас хэдхэн хоногийн өмнө ижил зүйлийн дагуу түүнд Карагандаад зургаа дахиа найман жилийн хуаранд байх ял нэмэгджээ.
…Дайн дууссаны дараа түүнийг суллав. Одоо Аннад ойрын хүмүүс, хамаатан садангаас бараг хэн ч үлдсэнгүй;
-…Охин Анна нь Адмирал Колчактай дотно байсан нь эргэн тойронд дооглуулах тохуу болоод зогсоогүй, Зөвлөлтийн эрх баригчдын хилэнг төрүүлж, түүний эцэг Сафановыг болон гэр бүлийнхнийг нь яллан буудах гэж удаа дараа гарган зогсоож, тэгснээ цаазыг цуцалдаг байж.
Гэвч эцсийн мөчид эдгээр өдрүүдийн нэгэнд Аннагийн аав Сафанов зүрхний шигдээсээр эрт насбарсан байлаа.
– Урлагийн салбарт номын маш сайн зураач гэгдэж байсан түүний ганц хүү Владимир эхийнхээ хорих хугацааг дахин сунгах болсонтой зэрэгцэн 1938 онд “Зөвлөлтийг эсэргүүцсэн” хэргээр 24 настайдаа цаазын ял сонсон буудуулжээ.
Олон жилийн дараа (1958 онд) Анна алагдсан хүүгээ хэлмэгдсэн болохыг тогтоолгон цагаатгуулсан байдаг
-Аннагийн сүүлчийн нөхөр Всеволод Кнайпер түүнийг шоронгоос гарах болгоныг тэвчээртэй хүлээдэг байсан ч 1942 онд түүний зүрх тэссэнгүй.
– Аннагийн Дүү Ольга болон өөр нэг эгч нь, Ленинградын бүслэлтэнд өлсгөлөнгөөр өөд болцгоосон байсан юм…
Гулагын аймшигт салбар – Карлагед 25 мянга орчим хоригдлын хамт “Төв Казахстаны хөгжиж буй нүүрс, металлургийн үйлдвэрлэлд ажиллаж байгаад Суллагдсан /одоо/ Книпер-Тимиреваг Москвад амьдрахыг зөвшөөрсөнгүй.
52 настай Книпер-Тимирева
Ярославль мужийн Щербаков (одоо Рыбинск)-д орон нутгийн драмын театрт таяг хийгч болжээ.
Хоёр жилийн дараа. Үдийн цай ууж суухдаа хамт байсан хүмүүсийн дэргэд “Дайнаас болж юмны олдоц муу байна” гэж хуучилсан нь түүнийг “Зөвлөлтийн эсрэг суртал ухуулга явуулсан” давтан хэрэг гэдгээр /7 дахиа/ дахин яллагдахад хүргэсэн байдаг. 1949 оны сүүлээр Ярославлийн шоронд 10 сар хорьсны дараа Енисейск рүү шилжүүлжээ. Тэр зургаан жилийн дараа суллагдсан боловч иргэний эрх нь хязгаарлагдсан хэвээр байсан юм…
Анна Василевнаг 1960 онд л Зөвлөлт засгийн газар түүнийг сая цагаатгасан сулласан байна.
Анна Василевна 81 насалсан бөгөөд 1970 онд насан өөд болжээ.
Тэрээр хэлмэгдүүлэлтийн аймшигт бэрхшээлийн дунд хамаг бүхнээ алдаж ийн урт удаанаар амьдрахдаа өөрийнхөө нэгэн адил өөр нэгэн хуучин язгууртан гаралтай эмэгтэйтэй урт удаанаар сайхан нөхрөлсөн байдаг. Тэд биесдээ түшиг, дэм өгч явжээ
1960-70-аад оны кинонуудын Countess Kapnist-ийн дүрээс хуаранд танилцсан ч ясны намбалаг язгууртан шинж нь илрэх тэдгээр настай эмэгтэйчүүдийн дүрийг харж болно.
1960-аад оны үед нэгэн өндөр настай эмэгтэй Мосфильмд хагас цагаар жижүүр хийж байсан. Энэ хүн бол Анна Тимирева байсныг хүмүүс мэддэггүй.
Тэр, хуучин ЗХУ-ын нэрт найруулагч, жүжигчин Бондарчукын найруулсан “Дайн ба Энх” кинонд өөрөө язгууртан гаралтай түүхэн хүний хувьд язгууртнуудын биеэ авч явах байр байдалын талаар зөвлөж оролцсон бөгөөд, уг кинонд Бондарчукын хамт хэсэгчилсэн дүрд гараад өнгөрдөг.
“Аймшигт сорилттой өдрүүдэд ч хүн өөрийгөө үнэлж чадвал өөртөө итгэх итгэлээ хадгалж, тайтгарлыг олж чадна” гэж Анна Васильевна бидэнд хэлж үлдээсэн нь байх ажээ.
Жамсран Оюунцэцэг


















Discussion about this post