Дэлхий дахинд Путинээс дутуугүй олны анхаарлыг татдаг хүн бол ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны дарга Дмитрий Песков. Энэ удаа ажил алба биш, хувийн амьдралыг нь тольдъё.
Дмитрий Сергеевич Песков 1967 оны 10-р сарын 17-нд Москвад Зөвлөлт, Оросын дипломатч Сергей Николаевич Песковын (Пакистан, Оман зэрэг оронд Элчин сайд байсан) хүү болж Москвад төрсөн. Дмитрийгийн эцэг Арабын орнуудад – Египет, Ливи, Арабын Нэгдсэн Эмират улсад ажиллаж байсан бөгөөд Дмитрий энэ үеэр хэд хэдэн сургууль сольж, эх орондоо болон гадаадад ээлжлэн суралцдаг байв. Москвагийн их сургуулийн дэргэдэх Ази, Африкийн орнуудын дээд сургуульд элсэн орсон. Тус сургуульд сурч байхад нь түүнийг цэргийн хугацаат албанд татсан, тэндээ уушгины хатгалгаа авч цэргийн албанаас чөлөөлөгдсөн байна. Дээд сургуульдаа эргэж ороод 3 дугаар ангиасаа эхлэн Туркийн компаниудад орчуулагчаар ажиллаж байжээ.
1989 онд Дээд сургуулиа түүхч-дорно дахины судлаач, референт-орчуулагч мэргэжлээр төгсөн, ЗХУ-ын Гадаад хэргийн яамны системд ажиллаж байсан. 1990-1994 онд Турк дахь ЗХУ, ОХУ-ын Элчин сайдын яамны жижүүрийн туслах, атташе, 1994-1996 онд ОХУ-ын ГХЯ-ны төв аппаратад ажилласан. 1996-2000 онд Турк дахь Оросын Элчин сайдын яамны хоёр, нэгдүгээр нарийн бичгийн даргаар ажилласан байна.
2000 онд Владимир Путин ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр томилогдоход болон ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа Дмитрий Песков Ерөнхийлөгчийн Тамгын газрын хэвлэлийн албаны хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн даргаар томилогдсон.
2008 оны 4-р сарын 25-нд Песков ОХУ-ын Ерөнхий сайд Владимир Путин хэвлэлийн нарийн бичгийн дарга болсон. ОХУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын орлогч дарга бөгөөд 2012 оны 5-р сараас ОХУ-ын Ерөнхийлөгч Путины хэвлэлийн төлөөлөгч. Түрк, араб, англи хэлтэй.
Албан ёсоор гурван удаа гэрлэж байсан. Анх 1989 онд Анастасия Будённая (Зөвлөлтийн алдарт цэргийн жанжин агсан Семён Будённыйгийн ач охин)-тай гэрлэсэн, 2 дахь удаа Екатерина Солоцинскаятай 1994 онд гэрлэж, 2007 онд салсан байна. Ингээд 3 жил гоонь эрийн амьдралаар амьдарсны эцэст 2010 онд уран гулгаач, дэлхийн хошой аварга Татьяана Навка-тай танилцаж 2015 онд гэрлэсэн байна. Песков нийтдээ 3 хүү, 2 охинтой.
Дмитрий Песковын эхнэр-Татья́на Алекса́ндровна На́вка
Татьяна Навка, Дмитрий Песков хоёр 2010 онд найзынхаа төрсөн өдрийн баярын үеэр анх танилцсан гэдэг.
Тухайн үед Песков уран гулгалтыг төдийлөн сонирхдоггүй байсан тул Навкаг Олимпийн аварга гэдгийг мэдээгүй гэнэ. Түүнийг үсний будгийн телевизийн сурталчилгаанд тоглодог бүсгүй гэж андуурсан гэх.
Тэдний анхны харц, уулзалтаар дурлаагүй, тэр даруй хайр дурлалын харилцаа эхлээгүй. Харин яг нэг жилийн дараа, дахиад л мөнөөх найзынхаа төрсөн өдрийн баяр дээр дахин уулзжээ. Энэ үеэс тэд илүү дотно харилцаж, хайр сэтгэлийн холбоо үүссэн байна.
Гурван жил уулзсаны дараа 2014 оны 8-р сарын 21-нд охин Надежда төрж, 2015 оны 8-р сарын 1-нд Навка, Песков хоёр Сочи хотод хуримаа хийжээ. Сочийн хамгийн үнэтэй тансаг зочид буудалд хуримаа хийсэн. Нэг хоноход л 5-6 сая төгрөгийн үнэтэй.
Дмитрий Песков хуриман дээрээ ердөө 30 ширхэг үйлдвэрлэгдсэн, 620 мянган долларын цаг зүүсэн гэж тухайн үеийн сөрөг хүчний удирдагч Александр Навальный батлан өгүүлэн билээ. Песков энэ цагаа эхнэрээ хуримын бэлэг гэж өгсөн гэж мэдэгдсэн ч хуримаасаа бүр өмнө энэ цагийг зүүж байсныг батлах зураг бий. Бал сараа Италийн Сардинийн аралд тэмдэглэсэн бөгөөд 7 хоногийн 385000 еврогийн завь түрээсэлжээ.
Татьяна Навка бол зөвхөн Дмитрий Песковын эхнэр гэдгээрээ бус, олимпийн аварга, дэлхийн болон Европын олон удаагийн аварга, мөсөн шоуны продюсер гэдгээрээ алдартай хүн.
Татьяна Навка гэж хэн бэ?
Татьяна Александровна Навка 1975 оны 4-р сарын 13-нд ЗХУ-ын Днепропетровск хотод төрсөн. Тэр 5 настайгаасаа уран гулгалтаар хичээллэж эхэлсэн. 12 настайдаа огцом өсөж, ганцаарчилсан төрөлд үсрэлтийн техник нь алдагдсан тул “Мөсөн дээрх бүжгийн төрөлд” шилжжээ.
1988 онд Москва руу нүүж, мэргэжлийн бэлтгэлээ үргэлжлүүлсэн. Түүний спортын замналд Беларусь болон ОХУ-ын шигшээ багт Олимпод оролцсон үе бий.

Олимпийн аварга болсон нь: Навкагийн хамгийн том амжилт бол 2006 оны Турины өвлийн олимп. Тэр Роман Костомаровтой хослон мөсөн бүжгийн төрөлд алт авч, олимпийн аварга болсон. Тэдний чөлөөт үзүүлбэр нь Жорж Бизегийн “Кармен” зохиолоос сэдэвлэсэн бөгөөд тухайн үеийн хамгийн гялалзсан тод үзүүлбэрүүдийн нэг болсон.

Олимпийн аварга — 2006


Дэлхийн 2 удаагийн аварга — 2004, 2005

ОХУ-ын 3 удаагийн аварга
2006 оны олимпийн дараа Навка, Костомаров хоёр сонирхогчдын буюу том спортын карьераа дуусгасан юм.

Хувийн амьдрал:
Навка өмнө нь өөрийнхөө дасгалжуулагч, уран гулгагч Александр Жулинтай гэрлэж байсан. Тэдний охин Александра 2000 онд төрсөн бөгөөд хожим урлагийн салбарт ажиллаж эхэлсэн. Хосууд 2010 онд салсан байна.
Үүний дараа Навка Дмитрий Песковтой танилцан, дотно холбоо үүсгэжээ. Охин Надежда 2014 оны 8-р сарын 21-нд төрсөн. Навка хоёр охинтой бөгөөд нэр нь Александра Жулина болон Надежда Пескова.
Спортоо орхисны дараа Олимпийн аварга Навка зүгээр суусангүй. Тэр телевизийн мөсөн шоу, уран гулгалтын төсөлд оролцож, улмаар Мөсөн шоуны продюсер, найруулагч болсон.
Түүний бүтээсэн томоохон мөсөн шоунуудын дунд:
«Руслан и Людмила» — 2017
«Аленький цветочек» — 2018
«Спящая красавица» — 2019
«История любви Шахерезады» — 2022
«Вечера на хуторе» — 2023
«Щелкунчик» — 2024 ордог.
Discussion about this post